• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    121   |  
0
 

Олон олон кинонд эрсдэл хүлээгч бизнесмэн, мөс хагалагч манлайлагч байх тухай харц салгамгүй сонирхолтойгоор илэрхийлсэн байдаг. Тиймээс бизнес эхлүүлэхээр зэхэж буй хүмүүсийн эр зориг, хүслийг бадрааж мөн дутахгүй ухаарал хайрлах 10 киног санал болгож байна.

WALL STREET

Энэхүү алдартай кино нь залуу амбицлаг хувьцааны брокер Bud Fox, сэтгэл татам, өршөөлгүй хөрөнгө оруулагч Gordon Gekko нарын тухай гарна. Амжилтад хүрэхээр шунан тэмүүлэх Fox “Шунал бол сайн зүйл” гэх үзэлтэй Gekko-г үлгэрлэн дууриаж эхэлдэг. 

Удалгүй Fox санхүүгийн салбарынхны тансаг амьдралд хөл алдах ба хууль бус үйл ажиллагааны нэг хэсэг болж эхэлнэ. Энэ кинонд хүч чадалд шунах шунал хэрхэн ёс зүйгүй за аар уруудахад хүргэдэг тухай үзүүлдэг. Шударга ариун чанараа мөнгө, амбицаар хэрхэвч сольж болохгүйг сургамжилна.

GODFATHER

Кино урлагийн түүхэнд хамгийн алдартай кинонд тооцогддог “The Godfather” нь жижиг гэр бүлийн бизнес Нью-Йорк хотноо асар том, хүчирхэгжиж буй тухай өгүүлдэг.  

Энэхүү киноноос нэр нөлөө бүхий гэр бүл бизнес эрхлэх нь ямар байдгийг харж болно. Vito Corleone хүмүүсийн гуйлтыг биелүүлж, асуудлыг нь шийдвэрлэхэд тусалж буй нь хүн хоорондын харилцаа хэр чухлыг, бизнес явуулахад танилын хүрээ хэр нөлөөтэйг тодотгодог. “The Godfather” кино нь танд өрсөлдөөний стратеги, хамтрагчид, компаниудын нэгдэл болон бизнесийн солонгорлын тухай олон зүйлсийг бодуулах нь дамжиггүй.

THE PURSUIT OF HAPPYNESS

Гэр оронгүй ганц бие аавын гачлантай амьдрал туулсан Chris Gardner-ийн бодит амьдрал дээр сэдэвлэн энэхүү киног бүтээжээ.

Эхнэр нь хаяад явчихсан, орлого мөнгөгүй хүнд цаг үеийг Gardner хосгүй их хүсэл, хичээл зүтгэлийнхээ ачаар туулж гарахыг оролдсоор байх болно. Gardner гэр оронгүйн дээр эмнэлгийн сканнер зарах гэж зүдрэх бөгөөд зургаан сарын дадлагажих хөтөлбөрт хамрагдан үндсэн ажилтан болохоор шургуу зүтгэнэ. 

“The Pursuit of Happyness” нь танд хичээл зүтгэл, ажлын ёс зүй, өөртөө итгэх итгэлүүд нийлэн хэзээ ч боломжгүй мэт санагдаж байсан тэр хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрж болохыг батлан харуулна.

STEVE JOBS

Энэ кинонд Steve Jobs-ийн амжилтын хамгийн тулгуур үеийн тухай гарах бөгөөд бизнес эрхлэгчийн зан чанар, мэргэжлийн тэмцлийг харах боломжтой. Jobs-ийн ажил амьдралын тухай олон баримтат болон уран сайхны кинон байдаг ч 2015 онд бүтээсэн энэ кино хамгийн шилдэг нь гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Бизнес эрхлэгчид энэ киног үзсэнээр хүнд хэцүү сорилтуудтай тулгарсан ч алсын хараа, зорилгодоо үнэнч байх урам зоригийг авах болно.

THE SOCIAL NETWORK

Mark Zuckerberg “Facebook”-ийг дөнгөж бүтээж байх үеийг энэ кинонд үзүүлнэ. Киноны трейлер дээр “Чи дайсантай болохгүйгээр 500 сая найзтай болж чадахгүй” гэх үг гарах бөгөөд энэ нь Zuckerberg-ийн компаний өмчлөлтэй холбоотойгоор найзуудтайгаа шүүхдэх дээрээ тулж байсан түүхтэй холбоотой.

Энэхүү кинонд хэнд санаа байна гэдгээс илүү хэн түүнийг бодит болгож байгаа нь чухлыг харуулдаг. Мөн амжилтанд хүрэхийн тулд зарим хүнийг гомдоохоос өөр аргагүй болдгийг ухааруулна.

THE BIG SHORT

АНУ-ийн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, түүнээс улбаатай дэлхийн эдийн засгийн хямралын тухай уг кинонд өгүүлнэ. Хэсэг бүлэг Уолл стритийн хөрөнгө оруулагчид улсын эдийн засаг хүндрэхийг соргогоор ажиглан их хэмжээний ашиг хийж чадаж байгаа тухай энд гарна.

Кино нь бүхэлдээ бизнес эрхлэгчдэд юунд хөрөнгө оруулж байгаагаа ойлгох, өөрөө хангалттай ойлголтгүй байж хэн нэгний гоё сайхан үгэнд бүрэн итгэж болохгүйг сургамжилна.

AVIATOR

Бүх зүйл сүйрэхээс өмнө Howard Hughes зогсошгүй амбиц, дундрашгүй мөрөөдөлтэй нэгэн байна. “Aviator” кинонд Hughes-ийн 1920-с 1940-өөд оны дунд хүртэлх амьдралыг харуулна.

OCD-тэй байснаа мэдээгүйн улмаас түүний амьдрал уруудаж сэтгэлийн эрүүл мэнд нь ноцтой доройтно.

Залуу бизнес эрхлэгчид энэхүү киноноос Hughes-ийн эрч хүч, түүний зан чанарт шингэсэн айдас хүйдсийг зурвасхан ойлгоод өнгөрч болох юм.

JERRY MAQUIRE

Энэхүү түүх нь өөрийн мэргэжлийнхэн дундаа сор нь байсан Jerry Maguire бизнесийнхээ амьгүй бүтэц, шинж чанараас болж хэрхэн итгэл үнэмшлээ алдан уруудаж буйг өгүүлнэ. Арагш нэг алхаад бүгдэд асуулт тавих тэр үед түүний хийсэн бүтээсэн бүх зүйл үгүй болно. Maguire ажлаасаа халагдахад бүх үйлчлүүлэгч нь түүнээс нүүр буруулна.

Тэрээр ажилдаа эргэн орж байр сууриа эргүүлэн авахын тулд юу шаардлагатайг хайж эхэлнэ. Эцэст нь энэхүү кинонаас зарим үед аливаад дасан зохицохоос илүүтэйгээр өөрчлөлт шинэчлэлтийг зоримог хийх нь илүү ашигтай байдгийг ойлгох болно.

GLENGARRY GLEN ROSS

Чикагогийн үл хөдлөхийн салбарт хэн худал ярьж, бусдыг залилаж, бусдаас хумсалсан нь оргилд гардаг. “Glengarry Glen Ross” нь шилдэг хоёроос бусад нь ажлаа алдах ширүүн өрсөлдөөнд хүч үзэж буй дөрвөн үл хөдлөх хөрөнгө борлуулагчийн түүхийг өгүүлнэ.

Энэ кинонд амжилт олохын тулд бусдыг хуурах дөнгөх, бусдаас урвах гэх мэт ёс бус зүйлсийн тухай дэлгэрэнгүй гарна. Борлуулалтын багийг яаж удирдаж болохгүй вэ? Дарамт ихтэй, давагдашгүй их шаардлагатай ажил эцэстээ яаж сүйрдэг вэ? Гэх мэтийг энэ киноноос ойлгож болно. Хэт өрсөлдөөнтэй, өндөр дарамттай орчин таныг болон таны эргэн тойрны хүмүүсийн хамаг муу муухайг ил болгоно.

JOY

Бизнес хийж буй хүн хэд хэдэн фронтод зэрэг тулалдах хэрэгтэй болдог. Тухайн хүнийг амжилттай ажиллахын хэрээр таныг урж тасдахыг хүсэх хүмүүсийн тоо ихэснэ. Эдгээр нь Нью-Йоркийн уугуул, 1990-ээд онд ганц бие ээжээс саятан болж чадсан Joy Mangano-ийн тухай кинонаас таны ойлгох олон зүйлсийн нэгээхэн хэсэг билээ.

Тэрээр “Miracle Mop” гэх энгийн шалны модоос хамаагүй дэвшилттэй, хөдөлмөр хөнгөвчилсөн шалны мод зохион бүтээснээр амжилтын гараа нь тавигдана. “Joy” кино нь Mangano-ийн бизнесийнхээ дунд ямар уналт босолттой учирсанг нарийвчлан үзүүлнэ. Энэхүү киног үзсэнээр өөртөө, өөрийн бүтээгдэхүүндээ, бизнестээ итгэх итгэл нь амьд гарч амжилтад хүрэх гол түлхүүр гэдгийг ойлгох болно.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ