• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    113   |  
0

Токио хотын төвд орших Шимбаши буудлаас хэд алхаад Юурикамоме шугамны тав зургаан давхар байшингийн өндөртэй дүйцэх гүүрэн замаар галт тэргээр хөдлөв. 

Хотын дундуур сүлжин явсаар “Рэйнбоүв” буюу “Солонгон” гүүрийг гаталж, бүүвэйлэгдэн явсаар, Номхон далайтай холбогдох давалгаа нь намуухан их усан эрэгт орших Одайба боомт, “Фүжи” Телевизийн төвийн гоёмсог барилгыг дайрч Олон улсын усан онгоцны буудал өнгөрөөд “Аоми” буудалд буулаа. 

Хажууханд нь тэнгэрт дайвалзах алсыг харагч аажуухан эргэлдэж, тэнд суугаа хүмүүс чанх дээрээс хотыг тольдон, хөгжилдөн байгаа нь гарцаагүй болов уу. Урд зүгт нь өргөн далай мяралзан долгилж, нарны туяанд шижиртэн гялтганана. Тэртээ тэнгэрт нэгэн онгоц хүнгэнэж, нам гүмийг алгуурхан эвдэв. Удалгүй үүлэнд уусан одлоо.

Япон улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болж байгаа дэлхийн анхны бөгөөд цор ганц “Дижитал урлагийн музейг зорин очиж байгаа нь энэ билээ. Хязгааргүй, эцэс төгсгөлгүй орон зай, цаг хугацааны гүн шугуй, ойн төгөл дунд ороод ирэв үү гэлтэй. Үүдэнд нэлээн хүлээж, дугаарлан зогсож байгаад орлоо.

Дөнгөж оронгуут хав харанхуй ертөнц дундах цахим технологийн дижитал өргөн дэлгэц дүүрэн өнгө өнгийн уран зураг ээлжлэн солигдож, уянгын болон хэмнэлт аялгуу эгшиглэн ханан дахь зургууд алхам алхам, хором хормоор солигдож ер бусын нэгээхэн сонин ертөнцөд шумбан орлоо. Хав харанхуй учраас хараа муутай хүн бол бараг тэмтэрч явахаар. Өрөө болгон өөр өөрийн сэдэв, нэртэй. Үүд бүр нь хар хөшгөөр тусгаарласан байв. Эрж хай, Нээж ол, Төсөөлж урла, Бүтээн сэтгэ гэсэн уриатай учир тэр энэ лүү ор гэсэн дэс дараалал, зам заасан тайлбар байхгүй гэнэ. 

Өөрсдөө олж, нээж танин мэдэж, өөр өөрийнхөөрөө мэдрэх юм байна. Хүн гэдэг эрх дураараа хөдөлж, энэ ертөнцийг туулж, өрөөл бусадтайгаа харилцан ойлголцож, тархиараа эргэцүүлэн бодож, бусадтай санал бодлоо солилцож, бусдад нөлөөлж, нөлөөлүүлж, нийгэмд холилдон явах амьд бодьгал бөлгөө. Аливаа урлаг ч гэсэн хүрээнээсээ хальж, тэлэн, ил гарч, хүмүүнтэй адил харилцаан дунд орж, цаг хугацааны урсгалд холилдон, бусад бүтээлд нөлөөлж, нөлөөлөгдөж, хил хязгааргүй, эрх чөлөөтэй, эцэс төгсгөлгүй төсөөлөл дүүрэн ертөнцийг TEAM LAB BORDERLESS буюу “Хил хязгааргүй төсөөллийн ертөнцөд Тавтай морилно уу хэмээн танилцууллаа.

Ердөө л хүн гэдэг нь энэ бөмбөрцөг дэлхийд амьдарч байхдаа өрөөл бусадтайгаа цоо шинэ ертөнцийг бүтээж явдаг жамтай гэдгийг сануулах шиг. Өөр өөрийн оршин тогтнол өөрчлөгдөхийн завсар бүхэл нэг ертөнцийг бүтээж, бусдад уусан шингэж, холилдон явах ахуй цаг дор өөр өөрийн хил хязгаар нь өөрийн эрхгүй тэлэн өргөжиж, өөрчлөгдөн бидний ертөнцийн нэгэн нэгдмэл, цогц, цоо шинэ, хязгааргүй харилцаа үүсгэн явдаг. 

Ингээд хэдэн мянган лед гэрэл, прожектор, дижитал гэрлэн чимгийн самбар түмэн өнгөөр цацарч урьд өмнө нь огт харж байгаагүй ер бусын төсөөллийн ертөнцөд аялсан юм. Ихэнх өрөөнүүд нь толин шалтай. 

Дэлгэцэн ханаар гоёмсог зургууд зогсолтгүй урсаж, гараа хүргэвэл зургууд нь бутарч алга болно. Тиймээс хаашаа л харвал тэр төсөөллийн ертөнцөд уусан орно гэлтэй. “Эрвээхий” өрөөнд ороход хэд хэдэн тасалгаагаар өнгө өнгийн цэцэгс найгаж, эрвээхийнүүд алаглан нисэж байгаа зурагнууд чөлөө завсаргүй урсаж, дунд нь хүн төөрөөд байгаа гэлтэй. 

Болрын өрөөнд ороход таазнаасаа өлгөсөн дүүрэн лед гэрлийн унжуурганууд толин шалаа шүргэм байлаа. Хөгжмийн аясаар өнгө өнгөөр хувирч, ер бусын болор тунгалагших, уянгын халил ч багадам, үгээр хэлшгүй сонин мэдрэмж төрж байв. 

Энэ том байгууламжийн өчүүхэн хэсгээс нь дурдахад л ийм байна. Тус төслийн баг нь 2001 онд анх үүсэн байгуулагдаж, урлаг, шинжлэх ухаан, технологи, дизайн, биологийн шинжлэх ухааныг хослуулж, асар олон урлаг судлаач, урлаач, программист, инженер, Си Жи аниматор, математикч, архитектурчийн нэгдсэн томоохон бүрэлдэхүүнт багийг бий болгожээ. 

Энэ баг нь хүн байгалийн хоорондох цоо шинэ харилцаа, урлагаар дамжин ертөнцтэй холбогдох, дижитал технологийг ашигласнаар урлагийг бодит байдлаас цаг хугацаа, орон зайнаас чөлөөлж, хил хязгааргүй, эцэс төгсгөлгүй болгохыг зорьж байгаа юм. Зорин зорин ирэх жуулчид, залуучуудын хөл тасрахгүй, Токио хотын нэгэн анхаарал татсан халуун цэг аль хэдийн болжээ. 

Ирээдүй рүү тэмүүлэх нэгэн ер бусын ертөнцөд та ч гэсэн зочлон очоорой. 

Нийтлэлч, орчуулагч Х.Эрдэнэцэцэг

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ