A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 85 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 85 | |
|
Амьдрал минь галзуу хулганы тойрогт гацчихсан юм биш биз. Нэг л зүйл дутуу. Нэг биш ээ, нэлээд хэд ч байж мэднэ. Гэхдээ материаллаг зүйл огтоос биш. Би юуг хайгаад байгаа билээ?
Амьдрал гэх буйдхан өрөөнийхөө салхивчийг нээлгүй жил гаруй болсон тул огиудас төрөм, илжирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Тийм ээ, салхи оруулах цаг хэдийн болжээ.
Боломжтой болохоор, хангалттай мөнгө хураасан цагт гэх шалтгаар, дотроос ундрах чин хүслээ хойш тавьж, олсон жаахан мөнгөөрөө амьдралаа энэ мэтээр хэр удаан аргацаах вэ?
Хэний ч мэдэхгүй газар луу хэсэг хугацаанд алга болж, өөрөөсөө өөр хүн шиг авирлаж үзэхсэн...
Ялих шалихгүй асуудлаас хэсэг хором ч болов ангижран, эрч хүч, шинэ санаагаар цэнэглэгдэн, залуу, халаас нимгэн байгаа дээрээ шинэ соньхон адал явдлыг эрэлхийлэх хүслээ зэврээх вий гэсэндээ зөвхөн өөртэйгөө байж болох газар луу анхны соло аялалд гарсан минь энэ.
Угтаа зүүн өмнөд Азийн орноор аялах санаа тээсэн ч ээлжийн амралтыг минь хувааж олгох болсон тул 14 хоногтоо багтаж урд хөршдөө хөндлөн аялахаар болов.
Аялалд гарахын урд шөнө аялах хотуудаа эцэслэн шийдээд өөрт буй хэдэн төгрөгөө /1.5 сая/ солиулж, хоёр ээлжийн хувцас, урт замын турш хань болох номтойгоо цүнхлээд замд гарлаа.
Дассан юм, даллаад буй юм хоёрын аль нэгийг нь сонгох болбол би лав хоёр дахийг нь сонгоно
Улаанбаатар-Замын үүд-Эрээн-Хөххот-Шиан-Жианжиажиеэ-Гүйлин-Шингпин-Пинг ан
Яарч сандран бэлтгэл дутуу гарсан тул Хан үндэстний хошуугаар тэнэхдээ өмнөх аяллуудынхаа тухай хоёр ч зөвлөгөө нийтлэл бичсэн атал шал түүхий аялагч гэдгээ ахин дахин мэдрэв.
Замын үүд: Алтай нутгийн охинд нар уулсын цаанаас биш тэгш талаас мандах нь цоо шинэ үзэгдэл байв. Хажуу купенийхэн шөнөжин хөзөрдөн шуугиж, жигтэйхэн нарийхан орноосоо унах вий гэх айдас, үүргэвч, камераа алдах вий гэсэн болгоомжлолоос тухтай унтаж чадсангүй. Энэ үед би тухлах гэж биш дотоод хийгээд гадаад ертөнцийн адал явдлын эрэлд гарсан шүү дээ гэх бодол зурсхийв.
Тэнгэр газрын зааг тодорсоор 07:10 минутад Замын Үүдэд ирж галт тэрэгнээс буутал хүйтэн жавар тэврэв. Аргагүй шүү дээ, арван нэгдүгээр сар талдаа орсон тул хүйтрэхгүй гээд яах билээ. Хаалт, хил гаргана гэсэн унаанууд улай үзсэн элээ аятай шавсан ч автобус илүү хямд гэж сонссон би хаширлаж вокзал орчмыг бүтэн тойроод автобус эс олов. Хавар намрын хальсан куртик, торон пүүзтэй гарсан өөртөө таван салаа боов өгмөөр санагдаж, даарахын эрхэнд 2000₮-ийн жижиг тэрэгт суун “Хаалт” орж тэндээс 50 юань төлж истанагаар хил гарав.
“Хаалт” гээч газар нь 4 эгнээгээр 80 орчим 69, фургон, истана эгнүүлж тавьсан л хуучин машины оршуулга гэж эндүүрэм. Хил гарах таксинд явахын тулд хоёр, гурван өдрийн өмнө жолоочид ингэж машинаа тавьж, дугаарладаг гэнэ.
Гадаа нь хашаа, сүүдрэвч, бичил цэцэрлэг, ганц ширхэг мод ч үгүй, Замын үүдийн хилийн боомтын шалдан байранд хүмүүс урд хойноо орон, дугаар булаалдан чихэлдэнэ. Байцаагчид нэг эгнээнд ор хэмээн хашхчин пасспорт шидлэх нь технологийн үсрэнгүй хөгжлийн эринд амьдарч байгаадаа эргэлзээ төрүүлэм.
Харин бидний цөөхөн Монголчуудыг “хогоор” тэжээх, эсвэл бид олсон хэдэн цаасаараа эднийг тэжээх “Эрээнэнград”-ын шил толь болсон хилийн боомтод өглөөний 8:00 цаг болоогүй байхад амьдрал буцалж байв.
Хэзээ хоёр хилийн хооронд зорчих тохилог, найдвартай, нийтийн тээврийн хэрэгсэлтэй, хэний ч өмнө нүүр улайхгүй хилийн байртай болох бол?
Нарийн төлөвлөгөөгүй бүдүүн зүрхэт
“Эрээнэнград”-аас Бээжин орохоор төлөвлөж хостелоо захиалсан хэдий ч “архаг” аялагч найзын зөвлөснөөр Хөх хотоос түүхэндээ олон удаа дундад улсын нийслэлээр сонгогдсон, торгоны замын эхлэл тавигдсан эртний түүхт Шиань хотыг зорих болов. Нарийн төлөвлөгөөгүй, бүдүүн зүрхтэй би адал явдалд ийн хөл тавив.
Эрээнэнградын ирээд Google map ашиглах гэтэл сүлжээ барихгүй тул галт тэрэгний буудал олохгүй хэсэг будлив. Соло аялагч гээд өөрийгөө өргөмжилсөн атал хил давангуутаа 500 метр алхаад төөрөн байж вокзалыг олоод очтол тасалбар дуусжээ. Хятад дугаар нэн түрүүнд хэрэгтэй тул 100 юаниар дугаар авч, хот хоорондын автобусны зогсоол руу таксидав.
12:30-аас Хөх хот руу гарах тасалбараа 95 юаниар авчхаад, хүлээн суух зуур Хөх хот бүр цаашаа Шиан руу зам нийлэх аялагч хостой танилцан, ханьтай болсондоо хөл газар хүрэхгүй дэгдэв.
Стив Шотланд, харин Жессика Америк аялагч байлаа. TEFL/TESOL зэрэгтэй, долоо хоногийн ажлын 5 өдөр аялаад, амралтын хоёр өдөрт онлайнаар англи хэл заадаг гэнэ. Миний мөрөөдөл болсон дижитал нүүдэлчний амьдралтай тэдэнд цагаахан атаархал төрөх ч шиг. Монголд нэг сар малчны хотонд амьдарсан тэдэнд дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нутаг таалагдсан нь ярианы өнгөнөөс илхэн.
Хөх хот орох замд гар утсандаа татсан VPN-үүд ажиллаагүй тул сэтгэлээр унаж эхлэв. 19:00 цагийн үед автобус Хөх хотод ирж 225 юанаар торгоны замын эхлэл тавигдсан Шиань хот орох 21:30 цагийн унтлагын гал тэрэгний тасалбар захиаллаа.
Ууртай тэнэгийн дотор ухна, ишиг…
Замын хоёр найз маань хооллох зуур би vpn-ий учрыг олохоор вокзалын ажилтнуудыг гуйн цаг гаран дээгүүр, доогуур дэгдэв. Энэ зуур Хөх хотыг өвөр Монголчуудын хот гэсэн бодол хормын төдийд хийсэн одсон юм. Эндхийн дөрвөн сая гаруй хүн амын ердөө 200-250 мянгыг өвөр Монголчууд бүрдүүлдэг аж.
Англиар бага сага ярьдаг галт тэрэгний ажилтан залуутай таарч учир байдлаа хэлтэл өнөөх маань туслахыг ихэд хичээсэн боловч vpn огт ажиллахгүйн дээр baidu, QQ зэрэг Хятадад ашиглах хайлтын хөтөч татаж чадсангүй ээ.
Шианьд буудал захиалаагүй, орчуулгын апп, газрын зураг минь оффлайн үед ажиллахгүй тул арга мухардан нулимсаа барьж ядан өнөө хоёртоо цааш аялах боломжгүйгээ хэлж гоншигнотол Шианьд очоод интернет кафе орж учраа олцгооё гэж сэтгэлийг минь сэвхийтэл өргөөдөхөв.
Галт тэргэндээ суугаад vpn-үүдээ шөнө дахин дахин оролдон явтал аз болж нэг нь ажиллаж би санаа зовнисон хүмүүсийн чатад даруй хариу өгөнгөө хятад хайлтын хөтөч, газрын зураг оффлайн үед ашиглах орчуулгын аппууд, татаж буудлаа захиалж амжив.
Уурлаж, бухимдсан үед хүн эрүүл ухаанаар тунгаах сөхөөгүй, асуудлыг улам дэвэргэдгийг би өөрөөсөө ийн анзаарав аа…
Шиань Хот- Хаана ч очсон сайн, саар хоёр адилхан угтана. Тиймээс туулах замаа салхи давлагаа хоёрт даатгаж орхилоо... (Ян Мартель “Пи-гийн амьдрал")
Улаанбаатараас гараад 2190 км зам туулж эхний хот болох түүхийн амьд ном гэж хэлж болохоор Шаанши мужийн Шиань хотод саатав. 38.64 сая хүн амтай энэ хот хоёр мянганы түүхийг шинэ цагийн түүхтэй энэ тэнцүү хадгалан түм түмэн жуулчинг хуйлруулна.
Бяцхан мэдээлэл: Торгоны замын эхлэл, эртний Хятадын долоон нийслэлийн нэг, Хятадын 6 төрт улсыг нэгтгэсэн Чин Ши Хуан-ы бунхан, 6 мянга гаруй торгон цэрэг, морьдын шавар хөшөө, хараад л уулга алдам Хуашань уулаараа алдартай энэ хот сая сая жуулчны сэтгэлийг эрхгүй л булаах аж.
Өглөө 10 цагт Шианьд ирэв. VPN ажиллахаа больсон ч додигор амьтан галт тэрэгнээсээ бууж өнөө хоёр аялагч найзтайгаа салаа замын эрхээр салах ёс хийн маргааш шөнийн нэг цагт Жианжиажиеэ орох галт тэрэгний тасалбар бичүүлэв. Вокзалаас гараад хостелдоо хүрэх учраа олохгүй, аялагч байрын хятад залуугаас хэрхэн хүрэхээ асуутал газар мэдэхгүй, Хятадаар ч ярьдаггүй намайг өрөвдсөн бололтой хүргэж өгөхөөр боллоо. 30 гаруй минут явж байж будлаа олж иртэл check in хийх болоогүй тул хамт хооллохоор ойрхон байх хоолны газар оров.
Хоолны цэс нь латин үсэг бүү хэл зурагч үгүй тул гайхшран өнөө залууг чи захиал гэтэл хоёр шөл захиалжээ. Аяганы ирмэгээс халимаар их шөлний амт нь таалагдаагүй тул шинэ танилынхаа урмыг хугалахгүй гэсэндээ талыг нь “хусчхав”.
Танихгүй залуугаар хүргүүлж хамт хооллон, дуржигнуултал ярьж, хөхрөн буй өөрийгөө өнөөдөр хүртэл интроверт хүн гэж эндүүрч явсан юм байх даа? Яадаг юм, хэн ч намайг мэдэхгүй газар, өөрөөсөө өөр хүн мэт авирлаж үзье гэсэн санаагаа ийн хэрэгжүүлж эхэлж билээ.
Хооллосны дараа талархал илэрхийлж нэрийн хуудсаа өгөөд зам замаа хөөхдөө Монголд үүргэвчтэй аялагчтай таарвал тусалж ачийг нь хариулна даа гэж өөртөө амлав.
Энэ хотод нэг бүтэн хийгээд хагас өдөр саатахдаа эхний өдөр Юань гүрний үед /1271-1368/ онд баригдсан эгч дүү Bell&Drum дуганыг 50 юанаар тасалбар авч үзэв. Хотын цаг, яаралтай зар, тунхгийг ард нийтэд эндээс сонордуулдаг байжээ.
Үүний дараа уйгаруудын гамбиран талх, зүсэн зүйлийн халуун ногоо, бэлэг дурсгал, үнэт эдлэлийн зүйлс, торго хуар, шүр сувд, чихэр сэлтэд төөрүүлэм муслим хоолны гудамжаар тэнэхдээ өөрийгөө Алхимичийн Сантьяго хүү болсон мэт л мэдрэмж төрж байв.
Үүнээс гараад 17 цагийн үед Big wild goose Pagoda буюу том галуун дуганыг үзэхээр явж байгаад Бээжинд суурьшсан Турк гэр бүлтэй таарч хөл хөөрцөг болон хэд гурван үг сольж хүрэх газраа заалгав.
Неон гэрлийн гайхамшгийн үзүүлэх гудамж, эртний сүм дуган, хиймэл гол, ший жүжиг, хэлхсэн сувд шиг үзвэр үйлчилгээний газрууд нүд эрээлжим.
Тэргэл сартай энэ үдэш хөгжмийн эгшиглэнт аянд, түмэн жуулчин, настнууд цуглан бүжиж дэрвэхийг харж явтал орой 11:00 цаг болсон тул буудал руугаа харив.
Харин өглөө галт тэрэгний буудал орж 10 юань төлж үүргэвчээ үлдээгээд Terracotta Warriors буюу шавар цэргийн бунхныг үзэхээр явлаа.
1976 онд хотоос 34 км-ийн зайд амьдардаг нэгэн тариачин эр худаг ухаж байхад 5 метрийн гүнд нэг зүйл тээглэсэн нь шавар цэргийн бунхан байжээ.
Дэлхийн найман гайхамшгийн нэгт тооцогдох энэ бунхан 20 гаруй мянган метр квадрат талбайг эзэлнэ. Хоёр мянганы тэртээд хамаарах 6000 гаруй цэрэг, морьдын хөшөө гэгдэх урлагийн эл бүтээлээс эртний Хятадын ахуй соёл, технологийн түвшин, ур ухааныг харж болмоор.
Жуулчны улирал хэдийн дууссан ч түмэн жуулчны хөлд дарагдан байлаа. Шавар цэргийн музей гэхэд л гурван том цогцолбороос бүрдэх аж. Хажуу хавирга нь битүү ой шугуйгаар бүрхэгдсэн цогцолбороос, нэг км орчмын зайд орчин үеийн худалдаа үйлчилгээний гудамж сүндэрлэнэ.
Багахан мэдээлэл: Тус улс 2018 оны байдлаар дотоодын 142 сая жуулчин, 134 сая гадаадын жуулчин хүлээн авч 5. 98 триллион юаны орлого олжээ.
Өөртөө зориулж дурсамж л бүтээ, аялсан газраа гагцхүү хөлийнхөө мөр хийгээд сайхан сэтгэгдэл л үлдээ…
“Teracotta Warriors” цогцолбороос цаг орчим явж байж 20 цагийн алдад вокзалд ирэхэд хот хэзээнийхээрээ завгүй аахилна. Вокзал руу орох гэтэл үүдний шалгагч хүчингүй тасалбар байна гээд оруулсангүй. Тасалбараа хартал надад өчигдрийн тасалбар биччихжээ, бурхан бумдарь! Өнөөдрийн унтлагын бүү хэл суудлын галт тэрэгний билет дуусжээ.
Энд ахиад нэг шөнө хоновол хостелд доод тал нь 100 юань төлж, дээрээс нь цаг алдах тул зогсож явах галт тэрэгний билет авч 18 цаг тамлагдахдаа өөртөө ахин таван салаа боов өгмөөр санагдав. Маргааш орой нь хачирхам эгц цавчим уулс хадтай, байгалийн гайхамшигт тогтцын өлгий, тэнгэрийн хаалганы орон Жианжиажиеэ-д ирлээ… (Үзэсгэлэнт Жианжиажиеэ, тэнгэрийн доорх диваажин Гүйлин хотын тэмдэглэлээр удахгүй уулзацгаая.)
Заавал татах аппууд:
Эмэгтэй хүүхэд байж ганцаараа, мөн аялах олигтой төсөв, төлөвлөгөөгүйг сонссон хүмүүс инээд, сэтгэл зовнилоо барьж ядан байсныг нуух юун.
Шинэ газар, соёлыг таньж мэдэх, танихгүй хүмүүстэй уулзахаас илүүтэй би хэн ч биш, миний асуудал юу ч биш, юуг ч мэдэхгүйгээ мэдэрч сэргэлт аван амьдралдаа улам бүр шунан дурлах л жаргал мэт санагддаг.
Ажилла, хуримтлуул, аял, хөгж энэ бүхнийг давтаад л бай…
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|