• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0

“Аялал” булангийнхаа шинэ дугаараар 20 настайдаа гэрээсээ 350 мянган төгрөгтэй гарч 2 жил 6 сарын хугацаанд Зүүн өмнөд азийн 14 орноор ажиллангаа аялсан, “Mak tüb” фэйсбүүкийн нэрээр танигдсан аялагч Ө.Пүрэврагчаатай цөөн хором ярилцлаа.

Сонирхуулахад “Mak tüb” гэдэг нь Пауло Коэльогийн гайхамшигт зохиол “Алхимич”-ийн гол дүр, Испани орноо, сүмийн сургуулиа орхин ертөнцийн хосгүй эрдэнэсийг олохоор аян замд гардаг хоньчин хүү Сантьягогийн хэлэх дуртай үг юм.

-Монголдоо ирээд хэр удаж байна вэ. Ойрын сонин сайхнаас хуваалцвал?

-Би сэтгэл гутрал, идэвхгүй байдлаа эвдэж, өөрийгөө, шинэ ертөнцийг таньж мэдэхээр сургуулиасаа багагүй урт хугацаанд чөлөө авч аялсан. Өнгөрсөн зургаадугаар сард эх орондоо ирсэн. Аялал намайг минималист болгосон ч суурин амьдарч эхлээд нэлээд эд хогшил цуглуулжээ. Харин сүүлийн хоёр сар минималист амьдралыг хэв маяг руу шилжиж, тамхинаас хүртэл гарсан. Одоо сургуулиа төгсөхөөр хичээлдээ шамдаж байна. Арван нэгэн сарын дундуур Шри Ланк руу сайн дурын ажил хийнгээ, дадлагажихаар төлөвлөж байна.

-Аялах хугацаандаа хэрхэн ажил олж, аяллын зардлаа босгосон бэ?

-Миний хувьд Монголд байхдаа кофены талаар багагүй судалж, кофешопт ажилласан туршлага минь их хэрэг болсон. Бангкокт очоод дөнгөж нээгдсэн зочид буудлын кафед бариста сургагч, буудлын ресепшн, customer relation буюу зочдын сэтгэл ханамжийг мэдэх, хангахад чиглэсэн ажил хийж, Тай гэр бүлдээ гадуур бүтээгдэхүүний үнэ судлах ажилд тусалж байв. Мөн хятадын Шинзэн хотод 3 сар гаруй амьдрахдаа англи хэлний ярианы багшаар ажилласан. Түүнээс гадна маш олон сайн дурын ажил хийсэн.

-Аялахад ямар ур чадварыг өөртөө суулгавал ажил олох боломжтой вэ?

-Миний хувьд заавал мундаг гадаад хэлтэй эсвэл бусад ур чадварыг эзэмшсэн гэхээс илүүтэй хүнтэй маш нээлттэй, сайхан харилцаж чаддаг хүмүүс хостелд ресепшн эсвэл зөөгч хийгээд үнэгүй байрлаад аялал, унааны мөнгөө олох боломжтой санагдсан. Дараагийн нэг чухал чадвар бол “чөлөөтэй сэтгэх”. Өөрийгөө маш нээлттэй илэрхийлж бусадтай чөлөөтэй, хөгжилтэй, сэтгэлээсээ харилцдаг байхад хүмүүс үнэлэгдэнэ гэж боддог. Мөн аливааг шүүмжлэхээ больж хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Очсон газар бүрээсээ болохгүй бүтэхгүй зүйлийг нь олж хараад жигшээд байвал хэн ч тантай харилцахыг хүсэхгүй.

-Зүүн Өмнөд Азиар аялахдаа буудал, унаагаа ямар апп түлхүү ашиглан захиалж байв?

-Буудлын захиалга хийхдээ олон сайтуудыг харьцуулж захиалбал мөнгө хэмнэх боломжтой. Жишээлбэл Booking.com-д байгаа өрөөний үнэ agoda.com-д илүү хямд байх нь бий. Учир нь 7 хоног бүр тухайн буудалд захиалгын сайтуудаас и-мэйл ирдэг. Тухайн буудлын менежерүүд тухайн долоо хоногийн хувиараа хараад, буудал нь хүн багатай үед хямдрал зарлахыг зөвшөөрдөг. Нэг ёсондоо хямдрал зарласан үед тухайн буудал захиалгын сайт, уг сайтад хандаж буй хэрэглэгчдэд сурталчилгаа маягаар хямдрал зарлаж буй буудлуудыг хамгийн түрүүнд харуулдаг. Миний хувьд Зүүн Өмнөд Азид дараах сайтуудын түгээмэл ашигласан.

  1. Agoda.com: Миний хамгийн их захиалга хийдэг сайт. Утасны апп нь ч ойлгоход амар. Энэ сайтаас буудал, хостел, нислэг захиалж болдог. Сайт, буудал хоёрын хооронд хийсэн гэрээний дагуу агода компани өрөөний үнийн 20 хувийг авдаг төлбөртөө ч ихэнхи тохиолдолд 10 хувийг нь үйлчлүүлэгчдэд урамшуулал болгож өгдөг тул ихэнхи сайтаас хямд.
  2. Traveloka.com: Тайланд, Малайз, Индонез, Лаос улсад түгээмэл ашиглагддаг сайт. Ялангуяа нислэг захиалах үед кредит картандаа мөнгөгүй, бэлэн мөнгөтэй явж байгааа үед энэ сайт их тохиромжтой. Нислэг юмуу буудлаа захиалахад урьчилан төлөх шаардлагатай үед кредит картаар эсвэл 7-eleven-д бэлэн мөнгөөр төлөх боломжтой. Сайтаас захиалгын бар код ирэхэд, кодыг дурын 7-eleven дээр авч очоод захиалгын төлбөрөө бэлэн мөнгөөр төлөх боломжтой. Заримдаа өөр сайтуудад байхгүй шинэ буудал, хостелууд энэ сайтад байршсан байдаг.
  3. Booking.com: Энэ сайтыг картандаа мөнгөгүй үедээ түлхүү ашигладаг. Сайтад байршсан буудлуудын ихэнхи нь захиалга хийх үед карт шаардлагагүй, буудалдаа очоод бэлэн мөнгөөр төлөх боломжтой. Үнийн хувьд Agoda.com-с бага зэрэг үнэтэй. Гэхдээ хамгийн түгээмэл, сонголт  ихтэй сайт.
  4. Hostelworld.com: Хэдэн жилийн өмнө хостел захиалах хамгийн түгээмэл сайтуудын нэг байсан ч одоо ихэнхи захиалга нь өөр сайтуудаас ирдэг.
  5. Airbnb: Олуулаа аялж буй тохиолдолд буудлаас илүү хямд хэрнээ илүү тухтай байранд байх боломжийг энэ сайт олгодог. Мөн хостел, буудлууд ч өөрсдийн өрөөгөө энэ сайтад байршуулсан байх нь элбэг. Үнийн хувьд, тухайн өрөөний үнэ дээр, татвар, цэвэрлэгээ мөн сайтын үнэ хөлс нэмэгддэг тул үл ялиг үнэтэй байдаг.
  6. Сtrip.com: Ялангуяа Хятадад аялж яваа хүмүүст хэрэгтэй апп. Мөн орон нутгийн болон олон улсын галт тэрэг, нислэг ч захиалах боломжтой. Харин үнийн хувьд  галт тэрэг захиалах үед 20 юань, нислэг 50 юаныг захиалгын хөлсөнд нэмэлтээр төлдөг. Эдгээрээс хамгийн их ашигладаг сайт маань гэвэл“agoda”, “traveloka”.

-Газрын зургийн ямар апп ашиглаж байв?

-Хятадад бол “Apple map” ашигладаг, бусад улсад бол “google map”, “maps me” зэрэг аппликэйшнийг түлхүү ашигладаг.

-Аялах хүсэлтэй залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Хүмүүсийн олонх нь аялагчдын түүхийг сонсоод, “Гоё юмаа, аялах юмсан” гэдэг ч хүслээ биелүүлэхээр зориглодоггүй. Хэрэв тийм байгаа бол үнэхээр “суга” байна. Миний хувьд үнэхээр хүсэж буй бол элдэв шалтаг тоочилгүй, шууд зориглохыг хичээдэг. Аялсан газруудаасаа маш олон найзтай болсон. Тэд намайг урам зоригоор хөглөдөг. 

Өөрийн хүссэнээ хийж, ямар замыг сонгох нь бидний гарт буй. Та үнэхээр хүсвэл, яаж ийгээд учир нь олддог. Намайг аялж байх хугацаанд Хятад, Малайз, Тайван, Вьетнам, Лаосд байдаг Монголчууд, манай элчингийнхэн гээд олон хүмүүс гэртээ байлгаж, унааны мөнгө өгөх зэргээр дэмжсэн. Ганцаараа үүргэвчтэй аялж яваа хүмүүст зүүн өмнөд Азийн орнууд аюулгүй. Хүмүүсийн хэлсэнд, интернетийн мэдээлэлд итгэх хэрэггүй гэдгийг дахин хэлмээр байна.

TAGS