A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |
|
Өөрийгөө шинээр нээж, шинээр сорихын тулд зүгээр л аял гэдэг. Нэг л мэдэхэд завгүй амьдралын дунд материалист болсноо мэдэрсэн түүний хувьд сэтгэлийн хоосролоо дарахын тулд аяллыг сонгожээ. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн нийт 22 орноор аялсан байна. Ингэхдээ зүгээр ч нэг өөрийгөө баясгасангүй ажлаа амжуулсан аж. АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг, “Metawise Solutions” ХХК-ийн гүйцэтгэх захирал, аялагч Батсайханы Буяндэлгэрийн ярилцлагыг хүргэж байна.
ТАВ ТУХЫН БҮСЭЭС ГАРНА ГЭДЭГ ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛНЭ ГЭСЭН ҮГ!
-Анх хэзээнээс аялж эхэлсэн бэ?
-Америкт ирснийгээ аялсан гэж тооцох юм бол 2010 оноос хойш. Лос-Анжелест зургаан жил гаруй байх хугацаандаа хотын эргэн тойрны уул хад зэрэг бүхэл газраар төдийгүй ойролцоох мужуудаар аялсан. Дэлхийг тойрох аяллаа 2017 оны нэгдүгээр сараас эхэлсэн.
-Яагаад аялагч болсон юм бэ. Түүх нь сонирхолтой санагдаад асууж байна?
-Эрчүүд цаанаасаа л аливааг даван туулах, хүч сорьсон challenge-д дуртай байдаг. Нөгөөтэйгүүр тав тухын бүсээс гарна гэх ойлголт бий. Үүнээс гарахын тулд урьд өмнө нь хэзээ ч очиж байгаагүй, огт мэдэхгүй англиар "Unknown" орчинд очих шаардлага үүсдэг. Энэ нь нэг ёсондоо өөрөө өөрийгөө ялан дийлж байгаагийн илрэл юм.
Монголд байхдаа Улаанбаатар хотын эргэн тойрны уул хадаар их явдаг байв. Америк шиг томоохон гүрэнд өдөр тутмын ажилдаа түүртэж явна гэвэл тав тухын бүсээс хэзээ ч гарах боломжгүй. Тиймээс амралтын өдрүүдэд Лос-Анжелесийн хэд хэдэн өндөр ууланд алхалт хийдэг байсан. Бараг л хотын эргэн тойрны бүх уулаар аялсан гэхэд хилсдэхгүй.
ХҮН ДЭЛХИЙН ХААНААС Ч АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ. ЗААВАЛ ДӨРВӨН ХАНАН ДОТОР БАЙСНААРАА БҮТЭЭЛЧ БОЛОХГҮЙ
-Хубилай экспедицид орж аялсан талаар ярихгүй юу. Яагаад сонирхох болов?
-Миний хувьд Лос-Анжелест гурван жил бизнес хийсэн. Сардаа 15-20 мянган ам.долларын орлого олно. Мөнгөө зөвхөн өөртөө зарцуулдаг тул нэг мэдэхэд материалист болсон байсан. Хүссэн машинаа унаж, байшин худалдаж авч, тансаг ресторанд хооллоод ирэхээрээ туйлын амар тайван, сэтгэл хангалуун байдал, сэтгэлийн таашаал үгүй болчихдог юм билээ. Амьдрал хоосон утгагүй санагдаад нэг л өдөр өөрчлөхөөр шийдсэн.
Интернэт ухаж байгаад "Хубилай" экспедиц аяллын талаар олж мэдсэн. Тус экспедицийнхэн жил бүр дэлхийн түүхэнд алдаршсан нэг алдартай эрхмээр экспедицээ нэрлээд 70-100 хүний бүрэлдэхүүнтэйгээр аялдаг байсан. Анх удаа Монголын хааны нэрээр нэрлэсэн тохиолдол нь тэр байж л дээ. Тэгээд үүнийг надад хаа нэгтэйгээс өгч байгаа тэмдэг юм байна гэж бэлэгшээн явахаар шийдсэн. Тэгээд л бүх эд хогшлоо зарж аяллаа эхлүүлсэн.
Аялалдаа явахаар нисэх өдөр би бүх эд хогшлоо зарж ганцхан машинтайгаа үлдсэн. Тэр өглөө нэгэн банкны захирал эхнэртээ яг л минийх шиг машин хайж байгааг сонсоод шууд л зарж орхисон. Тэгээд нэг чемодан, үүргэвчтэйгээр аялалдаа гарсан.
Лос-Анжелесаас Малайз руу нисэх нэг талын онгоцны билет аваад ниссэн юм даг. Түүнээс хойш ч дандаа нэг талын билетээ аваад явсан. Хоёр жилийн хугацаанд 22 улсаар аялжээ.
-Санхүүгээ яаж босгов. Та IT-ийн мэргэжилтэн. Таны ажил аялахад тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-Зөвхөн аялахад ч биш аль нэг оронд амьдрахад мөнгө хэрэг болох нь мэдээж. "Old mindset" буюу хуучин сэтгэлгээний хувьд ажиллаж амьдрахын тулд нэг газартаа заавал байрлах ёстой гэх ойлголт бий. Интертнет асар хурдацтай хөгжсөн өнөө үед уг ойлголт шал өөр болсон. Хүн дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой. Заавал дөрвөн ханан дотор байснаараа бүтээлч болохгүй.
Харин ч эсрэгээр өөр газар очвол улам илүү бүтээлч байдаг. Хамгийн наад зах нь сахилга баттай болно. Цагаа барих хэрэгтэй болно. Учир нь үнэхээр гоё газар оччихоор сэтгэл хөөрөөд өөр зүйлд сатаарах ч юм уу үзмээр санагдаад ажлаа мартчих гээд байдаг. Хамт ажилладаг залуучуудаа аялалд уриалаад эхэлсэн чинь эхнээсээ аялж эхэлж байна. Тэд миний анх аялж байх үедээ гаргадаг байсан алдааг давтаад байдаг. Тухайлбал, аялж эхлэнгүүт ажлаа цалгардуулаад эхлэх жишээтэй. Өөрөөр хэлбэл санхүүгийн боломжоо алдаж эхэлж байна гэсэн үг. Миний хувьд аялахын хажуугаар ажлаа амжуулдаг байсан. Энэ маань их тус болсон.
-Би хувьдаа аялах гэдгийг зөвхөн шинийг л үзэх гэж бодож явжээ. Та харин тухайн газартаа амьдрах хэрэгтэй хэмээн миний бодлыг эвдлээ?
-Тийм ээ. Хамгийн багадаа сар, дээд тал нь 3-4 сар амьдарч үзэх хэрэгтэй.
АЯЛАНГАА АЖИЛЛАХАД САХИЛГА БАТ ХАМГААС ЧУХАЛ
-Дахин асууя. Та чухам яагаад энэ замыг сонгов?
-Надад энэ нь амар байна л даа. Би угаасаа ажил ихтэй хүн. Миний инстаграм хуудсаар зочилбол зогсоо зайгүй аялаад яваа юм шиг харагдаж магадгүй. Гэтэл бодит амьдрал дээр тийм зүйл байх боломжгүй. Яг үнэндээ би өдрийнхөө нийт цагийн 60-70 хувь нь магадгүй зарим өдрийн 80 хувьд нь ажлаа хийдэг. Аялангаа ажиллахад сахилга бат хамгаас чухал.
Өглөө босдогоороо босно. Аль ч улсад очсон бай дундын хамтын оффист очно. Урьдчилж сарын ч юм уу хоёр сарын гэрээгээ байгуулчихна. Цайныхаа цагаар цайндаа гарна. Орой нь үзэж харахаар төлөвлөсөн газруудаар явна. Амьдрал ч тэр ажил ч тэр өрнөдгөөрөө л өрнөнө. Аялал ч бас. Тэгэхээр турист байдлаар аялж болохгүй. Очоод зүгээр л нэг гоё байшингийн урд зургаа авахуулаад явах чинь дэндүү уйтгартай шүү дээ.
-Таныг аялахаас гадна тухайн аялж буй улс орноо судлах ёстой юм байна гэж ойлголоо зөв үү. Соёл руу нь илүү нэвтрэхийн тулд тухайн улс оронд нэг хэсэгтээ амьдардаг юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Тэгж байж тухайн орны соёл руу нэвтэрч чадна. Тухайлбал нэг дундын оффис дээр очиж ажиллахаар тэндхийн хүмүүстэй танилцана. Өдрийн хоолны цаг, мөн орой гадуур явж байхдаа хүмүүстэй танилцана. Local буюу нутгийн иргэдтэй уулзана. Хоолны газар ганцаараа хоол идээд сууж байгаа хүн байвал очиж танилцаад хамтдаа хоол иднэ.
Аялж байгаа үед хувцас угаана гэдэг асуудал байсан. Ажлаа хиймээр, аялмаар байдаг. Гэтэл хувцас угаахаар хамаг цагаа үрэх гээд байдаг. Азаар миний аялж байсан ихэнх орнуудад хувцас угаалгын үйлчилгээ харьцангуй хямд өртөгтэй болж тарсан. Хувцас угаалгын газарт очихоор тэндхийн хүмүүстэй танилцана, хөөрөлдөнө. Рестораны зөөгч эсвэл зам зуур тус хүргэсэн хүн гээд янз бүрийн нөхцөлд танилцсан найзууд маань өөрсдийнхөө найзуудтайгаа танилцуулна. Найзуудынх нь гэрээр нь зочилно гэх мэтчилэн ар араасаа хөвөрнө дөө.
ХҮМҮҮСТЭЙ ЖИНХЭНЭ ХАРИЛЦАА ҮҮСГЭЭД ИРЭХЭЭР СЭТГЭЛИЙН ХООСРОЛ ХАЙРААР ДҮҮРНЭ. ХАЙРААР ДҮҮРЭЭД ИРЭХЭЭР ЯГ ҮНЭНДЭЭ ХҮНД ТИЙМ ОЛОН ЭД ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
-Ингэхэд та хэр нийтэч хүн бэ? Таны яриаг сонсоход энэ бүгд зөвхөн нээлттэй хүний хийж чадах үйлдлүүд байна л даа. Азийнхныг ичимхий, даруухан гэдэг дээ. Таны хувьд яаж илүү нээлттэй байж чаддаг вэ?
-Хүн даруухан байх тусмаа илүү нээлттэй болдог юм байна лээ. Тэгэхгүй эсрэгээр нь би мундаг гэж өөрийгөө дөвийлгөөд ирэхээрээ хүн зожгироод эхэлдэг юм шиг ээ. Тиймээс аль болох ЭГО-гоо байнга дарж байх хэрэгтэй. Даруухан байх хэрэгтэй. Би нэг улсад очлоо гэхэд мэдээж мэдэхгүй зүйл маш олон. Би тухайн улсын хувьд хэн ч биш гэсэн үг. Ердөө л гадны нэг нөхөр. Яг ийм нөхцөл байдалд ороод ирэхээр хүн хүссэн хүсээгүй даруухан болж эхэлдэг. Даруухан болчихоор шууд хүрч очиж тусламж хүсдэг болно. Уучлаарай би танай улсад аялахаар ирсэн юм. Юуг яахаа сайн мэдэхгүй байна, надад туслаач гэж хэлнэ. Миний аялсан улс орнуудын иргэдийн бараг 99 хувь нь хүнд чин сэтгэлээсээ тусалчихъя гэсэн эерэг сэтгэлгээтэй хүмүүс байсан. Эндээс дэлхийд аж төрж буй дийлэнх хүмүүс илүү нээлттэй байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Аялахынхаа хажуугаар интернетээр ажлаа зохицуулдаг хүмүүст нэн тэргүүний хэрэгтэй зүйл бол сим карт. Серби улсад дөнгөж онгоцноосоо буугаад сим карт худалдаж авсан чинь баахан сервер зааварчилгаа гарч ирээд учраа олохгүй дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь автобусны буудалд зогсож буй хүн нүдэнд тусав. Тэр хүн дээр хүрч очиж та англиар ярьдаг уу гэж асуусан чинь бага зэрэг гэж байна. Тэгээд учир байдлаа тайлбарлаж өгсөн чинь сим картын зааварчилгааг орчуулж өгөөд зогсохгүй тэр хооронд бид хоёр танилцаж, сошиал хаягаа хүртэл солилцож амжсан гээч. Найзуудтайгаа уулзахаар явах гэж байна завтай бол хүрээд ирээч гэнэ би ч давхиад очино. Нэг улсад олон найзуудтай болчхож байгаа юм. Би өөрийгөө нээлттэй биш интроверт буюу дотогшоогоо хүн гэж боддог. Гэвч зарим тохиолдолд өөрийгөө хүчээр гадагш нь гаргаж экстроверт болгож чаддаг. Интроверт экстроверт хүний ялгаа нь интроверт нь жижиг сажиг ярианд дургүй хүмүүс. Тийм ч учраас хүмүүстэй нэг нэгээр ярьж байж л enjoy хийж чаддаг. Интроверт хүн ЭГО-гоо хаях ёстой. Олон хүнтэй харьцах шаардлагагүй. Хааяа найзуудтайгаа ярилцаж суухад нэг мэдэхэд 3-4 цаг өнгөрчихсөн байдаг. Олон хүн цугларсан янз бүрийн түс тас хийсэн дуу чимээтэй газар очихоор их тухгүй санагддаг. Тэгээд л би өөрийгөө дотогшоогоо хүн юм байна, өөрийнхөөрөө эсвэл байгальд байхдаа өөрийгөө цэнэглэж таашаал авдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэх үү дээ.
-Та дэлхийн 22 орноор аялчихлаа. Аялагчид яах аргагүй минималист байдаг юм байна гэдгийг аялж эхлээд ойлгож байна л даа. Таны хувьд хэр минималист хүн бэ. Хэрэгтэй юмнуудаа яаж авсаарханаар зохицуулж байна?
-Яг үнэндээ аялахаас өмнө материалист болсон байсан. Ялангуяа хүн гадаадад амьдраад боломжийн хэмжээнд мөнгө олоод ирэхээр сэтгэлийн хоосрол их мэдэрдэг. Дийлэнх хүн сэтгэлийн хоосролоо дарахын тулд материаллаг зүйл худалдаж авч эхэлдэг. Харамсалтай нь хэзээ ч гүйцэд нөхөж чаддаггүй. Үүнийг анзаарсан учраас аялж эхэлсэн. Аяллаа нэг том чемодан хувцас, нэг том үүргэвчтэй эхлүүлж байсан бол сүүл рүүгээ хаяхыг нь хаяж явсаар байгаад жижигхэн гар чемодан үүргэвч хоёртой үлдсэн байсан.
Хүн ЭГО, дотоод сэтгэлийн хоосон байдал нь нэмэгдэх тусам эд материалыг хурааж эхэлнэ. Үүнийг л ойлгосон. Тэгвэл би сэтгэлийн хоосролоо юугаар нөхөх юм бэ гэж өөрөөсөө асууж хүнтэй харилцаж байж, хүмүүстэй жинхэнэ харилцаа үүсгэж байж нөхөж чадах юм байна гэдгээ ухаарсан. Хүнээс авах бус өгөх, туслах, сэтгэл санааг нь өргөх, урамшуулах, сэнхрүүлэх, сэтгэлийг нь сайхан болгох, онц дүн тавих үед тухайн хүн өөрөө гоё болдог. Миний хувьд бурханд итгэдэг хүн. Библид “Бусдыг тэнхрүүлэх юм бол чи өөрөө тэнхэрнэ” гэсэн үг бий. Энэхүү зарчмыг амьдралдаа баримталдаг.
Эргэн тойронд минь байгаа залуучуудыгаа дэмжиж, хөгжихөд нь тусалж явдаг. Мэдсэн сурснаа хуваалцдаг. Эргээгээд урам зориг авдаг, сэтгэл маань дүүрдэг. Амьдрал утга учиртай санагддаг. Мөнгийг хаанаас ч ямар ч аргаар олох амархан болсон цаг үе. Гол нь мөнгө чиний амьдралд утга учир, үнэ цэнэ өгч байна уу гэдэг нь чухал. Хүмүүстэй жинхэнэ харилцаа үүсгээд ирэхээр сэтгэлийн хоосрол хайраар дүүрнэ. Хайраар дүүрээд ирэхээр яг үнэндээ хүнд тийм олон эд зүйл хэрэггүй л байхгүй юу. Нүцгэн биеэ далдлах ганц хоёр хувцас, ажлаа хийхэд хэрэгтэй багаж хэрэгсэл, өл залгуулах хоол, амьдрах байшин байхад л болно. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ. Хэчнээн баян байлаа гээд гурван давхар хаус худалдаж авсан ч гурван давхарт гурвууланд нь зэрэг амьдарч чадахгүйгээс хойш. Гэрийнхээ нэг буланд алга дарам газрыг бүлээцүүлж хэвтэх нь аз жаргал. Хүнд алдхан чинээ биеэ амраах жижигхэн зай л байхад хангалттай.
АЯЛАХ ГЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДАД ХАНДАЖ ХЭЛЭХЭД ЗҮГЭЭР Л ТАВ ТУХЫН БҮСЭЭСЭЭ ГАР
-Тэгэхээр та аль хэдийн минималист болчихжээ, тийм үү?
-Аяллын зураг, тэмдэглэлүүдээ эргүүлээд харж байна. Аяллын явцад болсон процессуудыг эргэцүүлэн тунгааж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьдралын туршлагыг шахаад конпресстоод мэдэрчихэж байгаа юм. Шууд дүгнэж болохгүй байна л даа. Ингэж өөрчлөгдсөн юм байна, өөрөөр сэтгэдэг болсон юм байна гэх мэтээр өөрийгөө таних процесс дээр л явж байна.
-Сүүлийн үед аялах хоббитой залуучууд их болж. Залуучуудад хандаж санхүүгээ хэрхэн босгох, аялалаа эхлүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч?
-Аялахад санхүү мэдээж чухал. Хамгийн гол санхүүгээ сайтар төлөвлөх хэрэгтэй. Мөнгөө цуглуулж байгаад нэг орон руу яваад ирвэл бараг жуулчин л гэсэн үг. Гэтэл аялал гэдэг чинь өөр. Нэг талын билет аваад буцах билетгүйгээр аялж зам зуур санхүүгээ зохицуулж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж сохор итгэлээр явж болохгүй. Урьдчилж тооцоолно. Аялахаар зэхэж буй залуучуудад зөвлөхөд Зүүн Өмнөд Азид ядуурлын түвшингээс доогуур цөөнгүй улс орон бий. Тэдгээр улсад олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Очихоосоо өмнө тэр байгууллагуудтай холбоо тогтоож би ийм ийм ажлуудыг хийж чадна, намайг байрлах байраар хангах эсвэл хоолны зардлыг нөхөж л байвал бага цалингаар ажилласан ч болно гэдгээ хэлбэл их зүгээр. Аялах гэж байгаа залуучуудад хүнд өгөх тодорхой ур чадвар байх шаардлагатай. Гэтэл залуучууд маань ямар нэгэн ур чадваргүй, хүнд өгөх бодитой үр өгөөжгүй байна. Тэр хүнийг “хэрэглэмээр” байгаа байхгүй юу. Сайхан сэтгэл, булчин хоёроор амьдрахгүй. Тухайлбал жижигхэн хот тосгонд очлоо гэж бодоход хамгийн наад зах нь англи хэл заах, компьютер дээр график хийх, видео монтажлах, сошиал медиа хөтлөх, программ бичих, онлайнаар сургалт явуулчихдаг хэмжээний ур чадвартай байх шаардлагатай. Санхүүгийн тооцоолол хийдэг, маркетингаар ажилладаг, төрөл бүрийн эвент зохион байгуулдаг хүмүүс дэлхийн хаана ч очсон газардахгүй. Мэдээж англи хэлтэй байна. Нэг ёсондоо мэргэжил, ур чадвараа очсон газар бүртээ англи хэлээр “борлуулна” гэсэн үг. Байрлах газар жижигхэн өрөө эсвэл өрөө биш юм аа гэхэд байшингийн дээвэр байсан ч болохгүй юм алга.
Бразилийн нэг жижиг арал дээр явж байх үеэр төөрөөд орох орон олддоггүй ээ. Буцаад явья гэхээр харанхуй шөнө ширэнгэн ой дотор явах болчихоод байдаг. Харанхуйд ширэнгэн ойгоор явна гэдэг чинь бас л эвгүй шүү дээ. Тэгэж явж байгаад тэндхийн уугуул иргэдийн христийн сүм байхыг харсан. Яваад л орсон чинь хүмүүсийн юу ярьж байгааг ойлгоогүй. Сүмийн цуглаан дуусахын алдад утастны Google Translate дээр "Би монгол хүн байгаа юм. Аялаад явж байна. Буцаад явах гэсэн чинь төөрөөд оройтчихлоо. Хонох газар байна уу. Надад туслаач" гээд англиар бичээд португали хэл рүү орчуулаад пастор дээр нь давхиж очоод уншууллаа. Харж харж байснаа дохио зангаагаар манайд хоно намайг дагаад яв гэх шиг л болсон. Маргааш өглөө нь хойд талын уулан дээрээс хүрхрээ урсдаг тэндээ шүршүүрт орчихдог тийм сайхан газар сэрсэн. Тухтай унтаж амраад, нутгийн идээгээр нь сайхан дайлуулж цайлуулаад буцсан. Иймэрхүү боломж олон бий.
Аялах гэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд зүгээр л тав тухын бүсээсээ гар. Ингэхийн тулд жижигхэн зүйлээс эхэлж болно. Одоогоор залуучуудын дунд тав тухтай бүсээс гарах өглөө болгон хүйтэн шүршүүрт орох Challenge-ээ эхлүүлээд явж байна. Миний хувьд сүүлийн гурван сарын турш цэв хүйтэн шүршүүрт орж байна. Монголд байхад намар голын усанд ордог байсан. Иймэрхүү жижиг үйлдлийг хийхэд л хүн тав тухын бүсээс гарч чадна. Нэг ёсондоо тав тухгүй нөхцөл байдалд тав тухтай болох сэтгэлгээ гэсэн үг.
БИ ЧАДНА ГЭДГЭЭ БАТАЛЖ ХАРУУЛАХ НЬ ЧУХАЛ БУС ТУХАЙН АЖЛЫГ ХИЙСНИЙ ҮР ШИМИЙГ АМСАЖ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ АМЬДРАХ НЬ ЧУХАЛ
-Нууц биш бол та ажлынхаа талаар ярьж болох уу. IT мэргэжлийн давуу тал юу вэ?
-Америкт зөвхөн энэ жил гэхэд л дунджаар сая гаруй IT инженерийн дутагдалд орсныг хэд хоногийн өмнө Америкийн Засгийн газарт ажилладаг нэг танилаасаа сонслоо. Манай монгол залуучууд энэхүү боломжийг ашиглах хэрэгтэй. Технологийн чиглэлийн ажил бизнесийг хэл, мэргэжлийн ур чадвар, интернет гурав байхад дэлхийн хаанаас ч хийж болно. Хамгийн гол нь залуучууд маань нэг зүйлийг сайн ойлгоосой. Монгол компаниуд хоорондын илтгэлцлийн асуудал их төвөгтэй байдаг. Америкт бол танд ямар нэгэн бүтээл байна уу, байвал таны бүтээлийг хараад, та ямар үнээр хийх, хэзээ дуусахаа тодорхой хэлэнгүүт шууд ажил даалгана. Таныг огт танихгүй, бүүр гэрээ хийгээгүй байсан ч таны данс руу шууд мөнгө шилжүүлж чадна. Тиймээс бодитой ур чадвартай байх хэрэгтэй. Аливааг том зургаар нь харах нь чухал. Гэтэл хийсэн ажил бүтээлээ явуул гэхээр найзынхаа хийсэн ажлыг явуулж аргалах гээд байдаг залуучууд манайд цөөнгүй бий. Яахав чи нэг хүнийг нэг удаа хуурч болно. Гэтэл нөгөө талаар чи яг үнэн бодитоор өөрийнхөө хийсэн ажлаа үзүүлээд тухайн газраас ажил авбал магадгүй чи тухайн газартайгаа 10 жил ч хамтарч ажиллаж болно. Алсаа сайтар хар. Хийсэн болоод нэг удаадаа 2000-3000 ам.доллар аваад салах нь чухал уу, 10 жил хамтарч ажиллаж, сар болгон 10 мянган ам.доллар авах нь чухал уу. Өөрөөр хэлбэл чиний нүд хуурч авсан 1000 ам.доллар огтхон ч сонин биш. Маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш гээд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. Чамд дахиад л мөнгөний хэрэг гарна.
Залуучууд ээж аавынхаа халамжид байх үеэ сайн ашиглах ёстой. Байр хоол, тог усны мөнгө төлөхгүй. Бүх юм бэлэн байх энэ хугацаагаа л алдаж болохгүй. Энэ хугацаанд чадах чинээгээрээ өөрийгөө дайчилж суралцаж хөгжөөд болж өгвөл хоббигоо бизнес болгох ч юм уу ямар нэгэн зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Дараа нь тэгээд ур чадвараа “зарж” амьдралаа аваад явж болно шүү дээ. Алсаа сайтар хар. Зөвхөн IT-ийн салбар гэлтгүй аль ч салбар ирээдүйтэй. Миний зүгээс залуучуудыгаа технологи, IT-ийн чиглэлээр сураарай гэж уриалмаар байна. Монголд маш олон ажилгүй залуучууд байна. IT гэхээр уйтгартай компьютерийн ард суудаг нүдний шилтэй Nerd гэж бодоод байдаг. Тэр үе одоо өнгөрсөн. Өнөөдөр дэлхий даяар аялангаа ажлаа хийж буй күүл залуучууд, инстаграмын одууд бүгд IT-ийн ажил, маркетингийн ажил хийдэг. Тэд сошиал медиа маркетинг, видео влог хийж байна.
Тэгвэл та ч мөн адил программчлал, компьютер, гар утасны тоглоом гээд юуг ч хийж болно. Хамгийн гол нь богино хугацаанд үр дүн гаргах, гялс амжилтад хүрэх гэж яарахаа болих хэрэгтэй. Нөгөө талаар залуучууд яагаад хурдан “томрох” хүсэл тэмүүлэлтэй байна вэ гэхээр тэдэнд санхүүгийн хэрэгцээ байна. Дээрээс нь буруу газраас үлгэр дууриалал авч байгаатай холбоотой.
Монголд тендерийн мөнгөөр эсвэл төрөл бүрийн залилангаар баяжиж нэг л том том машин унасан ах нар байдаг. Үеийнхэн залуус том том машин унаад явангуут мөрөөрөө ажлаа хийж байгаа залуус давчдаад эхэлдэг. Тэгээд л хурдан баяжихыг хүсдэг байх. Буруу аргаар баяжсан хүмүүсийг харж даган дууриах гэж үзэж тарна. Гэтэл энэ бүгд ердөө л түр зуурынх. Тэгээд ч хулгай хийж мөнгө олсон хүн удаан хол явахгүй. Яахав тухайн цаг мөчид, ганц хоёр жилдээ мундаг харагдаж магадгүй. Гэхдээ л хулгайгаар олсон мөнгө насны хоол болохгүй.
Тэгэхээр залуучууд маань өөрийнхөө зорилго, ур чадвараа харах хэрэгтэй. Би чадна гэдгээ баталж харуулах нь чухал бус тухайн ажлыг хийсний үр шимийг амсаж сэтгэл ханамжтай амьдрах нь чухал. Түүнээс биш яаж ийж байгаад мөнгө ольё гэвэл би эндээс гараад банк дээрэмдэж эсвэл эрхтнээ худалдаад ч болов мөнгө олж болно. Мөнгийг яаж олох нь сонин биш. Ямар утга учиртайгаар олсон бэ гэдэг нь чухал.
ОЙРЫН ХУГАЦААНД АЛЯСКА РУУ АЯЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Би өнгөрсөн долоо хоногт Google компанийн оффисоор зочилсон. Тэнд ажилладаг монгол залуучуудтайгаа уулзсан. Ямар нэгэн зүйлд баригдахгүй, хэн нэгэн дарга нь ирээд загнасан юм байхгүй. Нэг нэг өрөөнд суулгүйгээр ширээнийхээ ард кофе шимэнгээ аз жаргалтай ажиллаж байсан. IT-ийн салбар их сонирхолтой санагдсан шүү.
-Software их гоё ш дээ. Орон зайн хязгаарлалт байхгүй. Тэдгээр IT-ийн мэргэжилтнүүд хөндлөнгөөс харахад нэг л их аз жаргалтай назгай хүмүүс юм шиг санагдах боловч толгойд нь түмэн бодол эргэлддэг. Тухайлбал гацсан байгаа хэсэг кодыг яавал илүү амархан болгох вэ гэдгийг байнга бодож явна.
Сан-Франциско хот маш завгүй хот. Тэндхийн иргэд жинхэнэ ажлын төлөө төрсөн хүмүүс. Үүнийг заавал Америкт ирж байж мэдрэх албагүй. Монголдоо дотны хүмүүстэйгээ хамт байхдаа гэрээсээ хол гэдэг мэдрэмжийг авахгүйгээр өөрийгөө сэтгэлгээний хувьд завгүй байлгах боломжтой. Тэр нь миний бодлоор аялах. Нэг газартай гэрээ байгууллаа, ажлаа хийлээ. Эхний ээлжид аялах үеэр давхар ажлаа хийх гэж оролдож үзэх хэрэгтэй. Мэдээж амархан байхгүй. Гэхдээ энэ мэт хэцүү давааг зайлшгүй давж сурах шаардлагатай. Камбожи улсад аялангаа ажиллах үеэр Америк дахь үйлчлүүлэгчтэйгээ онлайн уулзалт хийхийн тулд цагийн зөрүүнээс болж шөнийн 03.00 цагт дундын оффис дээр очоод шөнийн 04.00 цаг хүртэл сууж, буцаад Камбожийн гудамжаар алхаж харьдаг. Хүн заавал үргэлжилсэн 8 цаг унтаад байх ч албагүй. 8 цагаа хоёр хоёроор нь ч юм уу гурав гурваар нь хувааж унтаж болно гэж ярьдаг юм байна лээ.
-Хамгийн бага зардлаар аялж болох орныг нэрлээч гэвэл та аль улсыг нэрлэх вэ?
-Малайз. Үнэ өртгийн хувьд хямдхан, англиар ярьдаг хүмүүстэй хаа сайгүй л тааралдана. Интернет маш өндөр хөгжсөн. Монголтой цагийн бүс нэг. Дэд бүтэц, харилцаа холбоо сайтай. Олон янзын соёл бүхий олон үндэстэн амьдардаг тул "Open minded" буюу сэтгэлгээ нь харьцангуй тэлсэн. Тийм учраас Малайзыг дажгүй сонголт гэж бодож байна. Амьдрах байрны хувьд 300 ам.доллартай байхад сар амьдарчихна шүү.
-Сүүлийн аяллаасаа ирээд хэдий хугацаа өнгөрөв. Цаашид ямар аялал төлөвлөж байна?
-Аялалаас ирээд 8 сар болж байна. Нэг хэсэгтээ Америктаа байна. Тэр хооронд эндхийн үндэсний паркуудаар аялах хэрэгтэй. Ойрын хугацаанд Аляска руу аялахаар төлөвлөж байна. Тэнд жил бүрийн гуравдугаар сарын үед туйлын туяа үзэгддэг. Тэрхүү үзэгдлийг очиж үзэх бодолтой байгаа. Хэсэг хугацаанд амьдарч үздэг ч юм бил үү гэж бодож байна. Түүнчлэн Хойд Америкийн байгалийн цогцолборт газруудад очих бодол бий.
-Төлөвлөгөөгөө урьдчилж гаргаад, тодорхой хэмжээний төсөв босгочхоод аялдаг уу эсвэл дуртай үедээ цүнхээ үүрээд гараад явчихдаг юм уу?
-Мэдээж эхний ээлжид аюулгүй байдлаа хангах тодорхой хэмжээний мөнгө цуглуулна. Нэг газар очлоо гэж бодоход байдал бишдээд бүүр эвгүйтээд ирвэл буцаж нисэж ирэх онгоцны билетний мөнгө нэг хотоос нөгөө хотод очоод байрлах сарын хэрэглээний мөнгөтэй явна. Тодорхой хэмжээний ур чадвартай байхад ямар нэгэн ажил олж хийгээд аяллынхаа зардлыг нөхөх боломжтой.
-Залуучууд яагаад аялах ёстой вэ. Яагаад заавал гадагшаа явж сурах шаардлагатай вэ?
-Гадагшаа явж сурснаар, аялснаар сэтгэлгээ тэлнэ. Хүний сэтгэлгээ, харах өнцөг өөрчлөгдөнө гэдэг их чухал. Бид зөвхөн Монгол дотроо Чингисийн удам гээд цээжээ дэлдэхээс илүүтэйгээр дэлхий гэдэг гараг дээр маш олон янзын үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чаддаг, олон мянган хүн аж төрж байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Ингэх тусам хүн даруу болно. Яагаад гэвэл та хорвоод хосгүй хүн биш. Зүгээр л чи бусдаас өөр, дахин давтагдашгүй. Үүнийг ухаарсан залуучууд багаар ажиллах чадвартай болдог. Тэгэхгүй бол хэтэрхий өндөр ЭГО-той дээрээс нь Чингисийн монгол гэж цээжээ дэлдсэн хүн бусадтай хамтарч ажиллаад ирэхээр багийн ажил явдаггүй. Би мундаг гээд хэлчхээрээ яаж хүмүүстэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж чадах билээ дээ. Тэгснээ нэг юм эхлүүлчихдэг явцын дунд гэнэт ингэх ёсгүй би үүнийг чинь арай өөрөөр хиймээр байсан юм гэж хэлэх зэргээр бөөн хэл ам үүснэ.
Аялал, технологи, бизнес эрхлэгч. Би энэ гурвын холимог хүн. Залуучуудад дахин хандаж хэлэхэд бодитой, олон улсын түвшинд “борлуулж” чадахуйц ур чадвартай бол. Тэрхүү чадвартаа төвлөр. Хэлээ сайжруул. Тэгээд л зоригтойгоор гараад аял.
Түүний аяллын сонирхолтой зургуудыг buya.kublai инстаграм хуудаснаас үзнэ үү.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|