• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    133   |  
0
 

Дэлхийг дугуйгаар тойрон  аялагч Грегори Грамани

Би Монголд ирээд ногоон дугуйт “Булдруу” гэх нэртэй болсон. Аяллынхаа хамгийн сорилт, бэрхшээлтэй басхүү хамгийн сайхан дурсамжийг энд бүтээлээ. 

Монгол орны 11 аймгаар хоёр сарын хугацаанд дугуйгаар тойрон аялахдаа 2.687 км зам туулж, сайхан сэтгэлтэй хүмүүстэй олон удаа таарч, нэг өдрийн дотор дөрвөн улирлыг үзэж, үндэсний хоол, соёл, монгол амьдралыг дэргэдээс нь үзлээ. Үнэхээр их таалагдлаа. 

Монголчуудын тусч, зочломтгой зан, дэмжлэг юу юунаас илүү миний аяллыг үнэ цэнэтэй болгож цаашид аяллаа үргэлжлүүлэх эрч хүч өгсөн.

Би аялалд гарснаар жинхэнэ утгаараа амьдарч эхэлсэн. Ганц өөрийнхөө биш дэлхий ертөнцийн амьдралаар...

 
 

Анх нэгдүгээр курсын оюутан байхдаа Италид докторын зэрэг хамгаалж буй ээж рүүгээ явснаар дэлхийг тойрон аялах чин хүсэлтэй болсон. Милан хотын гудамжинд өдөр бүр үүргэвчтэй аялагчтай таарч, хүмүүс хоорондоо зургаан өөр хэлээр ярих нь надад маш сонирхолтой санагдсан. 

Нутагтаа ирээд зуны амралтаараа аялмаар байгаагаа хэлтэл гэр бүлийнхэн минь “чи мөнгөгүй, англи хэл ч мэдэхгүй байж яаж аялах юм” гэж шоолж байв.

Миний төрөлх хот болох Бразилын зүүн өмнөд хэсгийн Куритибад жуулчид төдийлөн ирдэггүй тул аялахыг мөнгөтэй, завтай хүний хийдэг зүйл гэж үздэг. 

Тиймээс  би хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, хоёр жил хуримтлуулсан мөнгөөрөө гэрийнхэндээ ч хэлэлгүй тийзээ захиалаад, “ус, талхаа” цүнхлээд анхны аялалдаа гарч байлаа.

Европын 23 орныг үзэх 45 хоногийн аялал минь гайхалтай эхэлсэн ч гадаад хэл мэдэхгүйгээс хүмүүстэй ойлголцож чадаагүй нь үнэхээр харамсалтай байв. 

Тэр жил аяллаасаа буцаж ирээд англи хэл сурахаар шийдэж ээжээсээ мөнгө зээлж Америк руу ажиллангаа, аялах хөтөлбөрт хамрагдаж цанын баазад өдөрт 14 цаг ажиллав. Гурван сарын дараа ээжээсээ зээлсэн мөнгөө буцааж өгч, цаана нь аялах хэмжээний мөнгөтэй үлдсэн юм. 

 
 

Ийн би сургуулиа төгсөөд “мөнгөтэй боллоо, хэлтэй ч  боллоо, одоо аялна шүү” гэтэл ээж минь: -Үгүй! мэргэжлээрээ ажиллаж, өөрийн гэсэн амьдралаа зохиохыг минь шаардлаа. 

Гэвч би ятгасаар дундад Азиар 50 хоног аялсан минь надад цоо шинэ ертөнцийн үүд хаалгыг нээсэн. 

Энэ аяллаасаа би буцаж ирээд  13 сая хүн амтай Сан Паулу муж руу нүүж, гэр бүлийн өмгөөлөгчөөр ажиллаж эхлэв. Хүмүүсийн хувийн амьдралд хэт оролцох нь надад таалагдаагүй тул ажлаасаа гарч өөр компанид ажилд орсон юм.

Бид анх гурвуулаа л ажилладаг байсан бол жил хагасын дараа  56 ажилтантай, сарын 230 мянган ам.долларын орлоготой Бразилын томоохон харуул хамгаалалтын компани болж өргөжсөн. 

Би өдөрт 16-17 цаг ажиллаж компаниа хөл дээр нь босголцсон ч надад  хувийн амьдрал, амралтын өдөр  гэж байхгүйн дээр эрүүл бус амьдралтай, 112 кг жинтэй нэгэн болов. 

Би хангалттай мөнгө, эрх мэдэлтэй болсон ч  амьдрал минь хов хоосон байв. 

 
 

Гэтэл 2015 онд  ээж минь хорт хавдраар өвчилж, би нутаг руугаа буцсан юм. 

Түүнийг гурван сар сахихдаа бид анх удаа чин сэтгэлээсээ аяллын талаар ярилцаж билээ. 

Ээж минь “Бразилиа, мэргэжлийн салбар хоёроо л мэднэ, Италиас өөр хаашаа ч яваагүйдээ харамсаж  буй”-гаа хэлсэн юм. 

Ээж шигээ харамсахгүйн тулд дэлхий ертөнцийг өөрийн нүдээр таньж мэдэхээр тухтай бүсээ орхисон тэр мөчөөс хойш миний амьдралын нэг ч өдөр нэгэн хэвийн байгаагүй.

“Би амьдралаас зугтах гэж бус, жинхэнэ амьдрал гэж юу болохыг мэдрэх гэж аялдаг”

 
 

Антарктидаас бусад тивээр аялсан энэ хугацаанд өдөр болгон шинэ адал явдалтай таарч, Испани, Хятад хэл сурсан. 

Өмнө нь жуулчин хөлж тавиагүй газруудын байгалийн сайхныг, ард түмний амьдралыг дэргэдээс нь мэдэрснээр хүмүүсийг, дэлхий ертөнцийг, амьдралыг харах өнцөг минь эрс өөрчлөгдсөн. 

Энэ хугацаанд аялах мөрөөдөлтэй ч хэзээ ч зориглож байгаагүй эхнэртэйгээ учирч хорвоогийн адал явдлыг хамтдаа туулахаар аялалд гарсан юм. Бид өдөрт  хоёр удаа бясалган учрах саад бэрхшээлийг хялбар даван туулдаг.

 
 

Би тухтай байдлыг чухалчлахын оронд унаанд дайгдана, гудамжинд унтана, аз дайрвал айлд хонож, нутгийнхны амьдралаар амьдрахыг илүүд үзнэ. 

Хуримтлуулсан мөнгө дууссан үеэс би аялангаа мөнгө олохоор төрөлх хотынхоо сонинд долоо хоногт нэг удаа аяллын тухай нийтлэл бичдэг болов. Сарын 40 ам.доллар мэдээж аялах хэмжээнд хүрэхгүй ч бичих чадвар эзэмшсэн минь аяллаас авсан бас нэгэн том туршлага болжээ.

Өөр сонин, сэтгүүлүүдэд хандаж, нийтлэлийн булан өгөхийг хүсэхэд олон татгалзсан хариу авсны эцэст Бразилын  аяллын томоохон сэтгүүлтэй нийтлэл бичих гэрээ байгуулж, телевизийн нэвтрүүлэгт бичлэгээ илгээдэг болсон юм. 

Хүмүүсийн 95 хувь нь татгалзаж болох ч “За” гэж хэлэх таван хувь байдгийг мартаж болохгүй. 

Бразилчууд Монголын тухай төдийлөн мэддэггүй учраас би монголчуудын амьдралыг харуулсан бичлэгээ илгээснээр тэд 40 минутын телевизийн нэвтрүүлэг хийж буй.

Аялал бол тааварлашгүй зүйлсээр дүүрэн. 

Газар нутагт нь хөл тавьсны төлөө нутгийнханд /террористуудад/ амиа алдахаас наана хөөгдөнө. Хүний махаар хооллодог овгийнхонтой таарна.

 Иргэний дайны голомт гэж бодож явсан Сири болон Иранд очиход харин ч эсрэгээр маш найрсаг хандаж, тусалж байх жишээтэй.

 
 

Би аяллынхаа 106 дахь орноор Монголыг сонгон Бээжингээс Улаанбаатар хүртэл дугуй жийж ирсэн. Ядарвал замдаа тааваараа амарна, хэрэгцээтэй гэсэн зүйлээ хүссэнээрээ авч явах боломжтой учир дугуйгаар аялах нь надад маш их эрч чөлөөг өгдөг.

Хүйтэнд цасанд боогдох халуун оронд төрж өссөн надад хүндхэн сорилт байв. Хэл нэвтрэлцэхгүй ч тусч, өгөөмөр нутгийн иргэд намайг гэртээ хонуулж, цай, хоолоор дайлж, халуун дулаан сэтгэл гаргасан  нь аяллаа цааш үргэлжлүүлэх эрч хүч, урам зориг өгсөн.

Замын-Үүдийн хилээр орж ирээд Говь руу явах замдаа  төөрч, хүний бараа олж харахгүй, уух усгүй маш хэцүү гурван өдрийг туулж билээ. Азаар замаа олж, суурин орж нэг дор 3-4 литр ус уусан юм. Дэлгүүрийн худалдагч ихэд гайхаж билээ.

Хүүхдийн баяраар  сайхан сэтгэлт хүмүүстэй хамт хотын захын сургуулийн хүүхдүүдийг баярлуулж, тэдний хөл хөөрцөг болохыг харах их сайхан байсан. Энэ мэтчилэн маш адал явдалтай учирч, аялж эхэлснээр жинхэнэ утгаараа амьдарч эхэлсэн. Ганц өөрийнхөө биш дэлхий ертөнцийн амьдралаар.... 

Оршин буйнхаа утга учрыг олоход аялал надад тусалсан. Сорилт бэрхшээл, өвдөлт бол харамслын дэргэд өчүүхэн зүйл...Тиймээс би хэзээ ч бууж өгөхгүй...

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ