• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0
 

-Элон Маскын ээж Мэй: Би хүүхдүүдээ хэзээ ч хорьж байгаагүй-

“Tesla”, “SpaceX”, “Solar City” зэрэг компаниараа дамжуулан дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдэх өрнүүн их амбицаараа бусад бизнесменээс ялгардаг Элон Маскын хүмүүжилд хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж нь.

Түүний ээж Мэй Маск хүүгээсээ дутахгүй алдартай. Тэрээр дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг, моделийн баялаг замналтай, хоолны шим тэжээл судлалын мэргэжилтэй, Торонтогийн их сургуульд судлаачаар ажилладаг хүчирхэг эмэгтэй.

Мэй “Time”, “New York”, “ELLE” сэтгүүлүүдийн хуудаснаа гарч байсан бөгөөд “Target”, “Revlon”, “CoverGirl”, “Virgin America” зэрэг компанийн сурталчилгаанд оролцон 68 насандаа “IMG Models” моделийн агентлагтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Түүний хүүхэд нас тун өвөрмөц өнгөрчээ. Амралтын өдрүүдэд Намибийн Калахарийн цөл дээгүүр аавтайгаа онгоцоор нисэж, эртний мартагдсан хотуудын эрэлд гардаг байж. Багаасаа эрх дураараа, эр зоригтой, дураараа өссөн нь түүний хувийн зан чанарт нөлөөлсөн байна.

ЭЛОН МЭНДЭЛЛЭЭ...

Хожим Мэй Элон Маскийг төрүүлснийхээ дараа хүүхдээ бусад ээж нараас өөрөөр хүмүүжүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл дийлэнх эцэг эх хүүхдээ хэт бөөцийлэх хандлагатай байсан бол  Мэй хүүхдүүдээ дураар нь өсгөсөн байна.

 
 

Түүнээс сэтгүүлчид “Та хүүхдүүдээ амьдралд хөлөө олохгүй байх вий гэж санаа зовдоггүй байсан юм уу” гэж асуухад “Үгүй ээ, надад тэр бүхэнд санаа тавих цаг байгаагүй” гэж хариулжээ. Учир нь Мэй нөхөртэйгөө гэрлээд есөн жилийн дараа салсан бөгөөд ганц бие ээжийн хувиар гурван хүүхдээ өсгөсөн аж. Чухам тэр үеэс л шим тэжээл судлалын замналаа эхлүүлсэн байдаг.

Мэй гэр бүлээ тэжээхийн тулд бизнес хийдэг байсан бөгөөд гэртээ ажилладаг байжээ.

Гурван хүүхэд нь ээжийнхээ бизнест хувь нэмрээ оруулж, утасны дуудлагад хариу өгөхөөс эхлээд амьдралын арга ухаанд суралцаж эхэлсэн байна.

Энэ тухай түүний ганц охин, өдгөө кино найруулагч болсон Тоска Маск дурсахдаа “Ээж маань гэртээ ажиллаж эхэлсэн үеэс бид бие даасан байдал, ажлын ёс зүйд суралцаж эхэлсэн” гэжээ.

Мэй хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг шалгаж, өдөр тутмын амьдралыг нь төлөвлөдөг байсангүй, тийм сэдвээр ярьдаг ч үгүй байж. Тиймээс бие дааж өссөн хүүхдүүд нь бүгд өөрсдийн гэсэн сонирхол, ертөнцтэй бие хүн болж төлөвшжээ.

“БИ ХҮҮХДҮҮДЭЭ АЛИВАА ЗҮЙЛ ХИЙХИЙГ НЬ ХЭЗЭЭ Ч ХОРЬЖ БАЙГААГҮЙ”

 

”Би хүүхдүүдээ аливаа зүйл хийхэд нь хэзээ ч хориглож байгаагүй” гэж тэрбээр “Форбес” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Элон 17 настайдаа Өмнөд Африк дахь гэрээ орхин Канадруу явжээ. Үүнийг нь харсан дүү охин нь ах шигээ хурдан гэрээсээ явахыг мөрөөдөх болжээ.

Гэвч нас бага учир зөвшөөрөх боломжгүй байв. Гэтэл нэг өдөр Мэйг Канадаас буцаж ирэхэд охин Тоска нь байшин болоод ихэнх эд хогшлыг нь зарахад бэлдчихсэн, ээжийнхээ гарын үсгийг хүлээгээд сууж байсан гэдэг.

Ээж нь ч зөвшөөрч, байшингаа зарж мөнгөтэй болсон Тоска охин гэрээсээ явах хүслээ биелүүлжээ.

Энэ тухай Мэй “Хүүхдүүд маань зөв гэж тэмүүлсэн зүйлээ бүтээхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авдаг. Тэдний уг чанарыг хараад би тун их бахархдаг юм” гэжээ.

 
 

ТЭРЭЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ 100 ХУВИЙН ДЭМЖИГЧ

Мэй Элон, Кимбал хөвгүүдийнхээ “Zip2” компанид хамгийн анхны 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байв.

Мөн бичиг баримт хэвлэж хувилах, гэр орных нь хүнсийг цуглуулахаас эхлээд хоёр хүүдээ байнга тусалдаг хамгийн үнэнч хамтрагч нь байсан аж. Ээжийнх нь өгсөн 10 мянган ам.доллараар эхэлж байсан бизнес нь хожмоо “Compaq”-д 307 сая ам.доллараар зарагджээ. Тэр мөнгөөр Элон Маск амжилтынхаа хамгийн чухал гараа болох “PayPal”-ийг эхлүүлж байв.

Мэйн бизнесийн тухай философи “Хэрэв хийж буйдаа сэтгэл ханамжгүй, аз жаргалгүй байвал ажлаа боль. Санхүүгийн хувьд асуудалтай байсан ч шинэ зүйлсийг эрэлхийлэхээ умартаж болохгүй” гэх үзэл аж. Энэ философи нь гарцаагүй түүний хүүхдүүдэд өвлөгдөж, бизнесийн салбарт тэдний гаргаж буй амжилтын нэгэн шалтгаан болж буй биз ээ.

 
 
TAGS
#Business