• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    131   |  
0

Манлайлагч байж, хүмүүсийг ардаасаа дагуулж, хамт олныг удирдана гэдэг амаргүй. Таныг дундаж “дарга” биш, гайхалтай удирдагч болгох 5 түүхэн сургамжийг танилцуулья.

 

1. Сайтар ойлголцох нь хамгийн чухал!

“Зорилго мөрөөдлийг бодит болгох нь манлайлал юм” – Уаррэн Бэннис /Манлайллын ухааны судлаач, эрдэмтэн/

Ямар ч сайн удирдагч хүнд, бусдыг татах хүч, зорилго, мөрөөдөл хэрэгтэй. Харин тэр мөрөөдлийг биелүүлэх багийг цуглуулахад юу хүсэж, юу зорьж байгаагаа багийнхандаа сайтар ойлгуулах нь үндсэн чухал зүйл юм.

Ажилтнуудаа юу бодож байгаагаа ойлгуулж чадахгүй бол, тэд юу хийх ёстойгоо мэдэхгүй шүү дээ. Юу хүсэж байгаагаа зөв илэрхийлж чадахгүй бол ажлын эцсийн үр дүн нь ч буруу байх болно.

2. Зүрх сэтгэлийг нь эзэмд!

“Манлайлагч хүн итгэл найдварын их ундарга байх ёстой” – Наполеон Бонапарт /Цэрэг улс төрийн зүтгэлтэн/

Таны зорилго бүтэхээргүй том, хүрэхээргүй хол юм шиг байвч өөрийн хүмүүстээ зорилгодоо хүрэх итгэл найдварыг ямагт төрүүлж байх нь удирдагч хүний ажил юм.

Бүтэлгүйтэлд эрч хүчээ бүү төвлөрүүл. Алдааг нэгнээсээ суралцах, хийж байгаа зүйлсийнхээ оновчтой зөвийг тодорхойлох эерэг туршлага болгож хувирга.

3. Бодох, шийдвэр гаргах боломжийг олго!

“Зорилгодоо хэрэгтэй сайн хүмүүсийг сонгох мэдрэмж, сонгосон хүмүүсийнхээ ажилд хутгалдалгүй өөрийгөө захирах чадвар нь сайн удирдагчийг тодорхойлдог” – Теодор Рүзвелт /АНУ-н Ерөнхийлөгч/

Дарга нь үргэлж нуруун дээрээс нь өнгийж, ажлыг нь нэг бүрчлэн заадаг орчинд ямар ч хүн дургүй. Дийлэнх хүн асуудлын шийдлийг өөрсдөө олж, үүрэг даалгавраа бие даан гүйцэтгэх эрмэлзэлтэй байдаг.

Ажилтнуудынхаа ажилд хэт хутгалддаг дарга нар гүйцэтгэлийг удаашруулаад зогсохгүй, тухайн ажилтны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг унагааж, урам зоригийг мохоодог. Үүрэг даалгаврыг гүйцэтгэх эрх чөлөөг хүлээн авсансайн ажилчид илүү эрч хүчтэй, илүү сэтгэл ханамжтай ажиллах болно.

4. Төвлөр!

“Дагагчид асуудлыг л боддог бол, манлайлагчид шийдлийг ярилцдаг” – Брайн Трэси /хувь хүний хөгжлийн зөвлөх, илтгэгч/

Аливаа асуудал бэрхшээл тулгарахад шийдлийг эрж хайх эрч хүч, анхаарлаа төвлөрүүлэх нь сорилтыг хурдан давж, илүү ихийг сурах боломжийг олгодог.

Шийдэлд төвлөрсөн хандлага нь таныг шинэ санаануудад нээлттэй байлгаж, хүмүүсийг өөдрөг бөгөөд эрэл хайгуул хийх эрч хүчтэй байлгадаг.

5. Итгэ!

“Чамайг манлайлагчаа гэж харах шалтгааныг өдөр бүр хүмүүст өгч бай” – Майкл Жордан /домогт тамирчин/

Эцсийн дүндээ хүмүүс таныг удирдагч гэх үнэн сэтгэлийн итгэл дээр ямар ч аугаа удирдагчдын амжилт тогтдог. Таны үлгэр жишээг харж, таныг чадна, чаддаг гэж итгэж байгаа үед таны баг бүрэн хүч чадлаараа ажиллана.

Тиймээс өдөр бүр бусдад халдварлах эрч хүч, тууштай хөдөлмөрч байдал, урам зоригоо илэрхийлж байгаарай.

 

Эх сурвалж: Inc.com

TAGS
#Business