• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0

Монголчууд бид цаг төлөвлөлт, бүтээмжийн тухай ярихдаа германчуудаар жишээ татах нь элбэг. Үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарт дэлхийн тэргүүлэгчдийн нэг байж Европын Холбооны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон нь ч тэдний ажлын арга барил, сахилга баттай холбоотой нь гарцаагүй.

Хачирхалтай нь тэд Азийн болон зарим барууны оронтой харьцуулбал тун бага цагаар ажилладаг. Хөдөлмөрийн хууль нь ажилчдын эрх ашгийг дээдэлсэн байх бөгөөд долоо хоногт 35-40 цаг л ажиллах нөхцөлтэй. 

Гэсэн ч яаж өндөр бүтээмжтэй байж чаддаг нь сонин.


АЖЛЫН ЦАГ БОЛ АЖЛЫН Л ЦАГ 

Германы ажил хэргийн соёлд ажилтан ажлын байран дээрээ зөвхөн ажлаа л хийх ёстой. “Facebook” ухах, бусадтайгаа хов ярих, “Reddit”-ээр тэнэх зэргийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй. Жишээ нь Англид ажил дээрээ кофе уунгаа амин хувийн яриа үүсгэж тааваараа ажилладаг бол Германд “Facebook” байтугай хувийн имэйл ашиглахыг ч зөвшөөрдөггүй байна.


ШУЛУУН ШУДАРГА ХАРИЛЦААТАЙ 

Германчууд америкчууд шиг ойр ойрхон хуралдахаас илүү менежерүүдтэйгээ шууд харилцах бөгөөд хэрэв хуралдвал ямар нэг жижүүрийн найланхай үгс хэлэхгүйгээр гол асуудалдаа шууд ордог. Жишээ нь Америкчууд нэгэндээ “15.00 цаг гэхэд надад өгөхийг хичээгээрэй” гэх бол германчууд “15.00 цаг гэхэд надад өгсөн байгаарай” гэдэг.


ТЭД ЗӨВХӨН АЖЛЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮМҮҮС БИШ

Германчууд сайн ажиллана, тэр хэрээрээ сайн амарч зугаацна. Ажлын өдрүүд бүтээмжтэй байхад чиглэсэн нарийн дэг жаягтай учир амралтын өдрөө бүрэн утгаар нь өнгөрөөж чаддаг. Ажил дээрээ гүн төвлөрсөн, албаны уур амьсгалтай учир ажлын дараа хамт олонтойгоо гадуур гарах, хооллох, ууж суух гэсэн ойлголт тун хомс. Товчхондоо тэд ажил, амьдралын заагийг тун сайн тогтоодог.

Тэд ажлын бус цагаар албаны имэйл болон дуудлагыг таашаадаггүй. Тэд ажлын стрессээ тайлахын тулд гэртээ суваг сольж суухаас илүүтэйгээр сонирхлынхоо дагуух клубуудад элсэн ижил сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцдаг.

Мөн 25-30 хүртэлх хоногийн цалинтай амралт эдэлнэ. Харьцангуй урт хугацааны амралт нь гэр бүлтэйгээ ойр байж гадаад оронруу урт хугацаагаар аялах боломж олгоно.


ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ ЭРХЭМ

Германд Монголтой нэгэн адил жирэмсний болон амаржсаны тэтгэлэг өгдөг тогтолцоотой. Амралттай ээжүүдэд өгөх нийгмийн халамж гайхалтай сайн. Гэвч энэхүү тогтолцоо нь ажил олгогчид эмэгтэй хүн ажилд авахаас зайлсхийх хандлагыг өөгшүүлдэг. Үүнээс улбаалаад компанийн удирдлага, ТУЗ-д эрэгтэйчүүд ноёлох шинжтэй байдаг нь бусад хөгжингүй орнуудынхаас хавьгүй их байдаг.

Тус улсад ажилтныг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халах хориотой. Бүх ажилтан ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд нэг жил ажилласны дараагаар жирэмсний болон амаржсаны тэтгэлэг авч дээр дурдсан таатай нөхцөлүүдийг эдэлдэг. Мөн гурван жил хүртэлх хугацаанд ажлын байраа хадгалуулна. Хэрэв хүсвэл долоо хоногт 30 хүртэлх цаг ажиллах боломжтой.


ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ҮР ДҮН

Германчуудын ажлын соёлоос олон зүйлс суралцаж болно. Тэд ажил дээрээ гайхалтайгаар төвлөрч чаддаг. Мөн ажил амьдралын тэнцвэрийг олохдоо гарамгай. 

Тэд урт удаан хугацаагаар сунаж ажиллахаас илүү цагийн юмыг цагт нь эсвэл бүр бага цагт хийхийг илүүд үзэж, тэгж чадсан хүмүүсийг өндрөөр үнэлдэг. Америкт бүх зүйл цагаар хэмжигддэг, тэдний хувьд хамгийн чухал хүчин зүйл нь цаг бол германчуудад үр дүн чухал. 

Энэ нь Монголд тогтсон сэтгэлгээнээс тэс өөр учир цаашид хэн нэгнээс цагийн менежмент сайтай байхыг, бүтээмжтэй байхыг шаардахдаа германчуудын хандлагаар хандах нь илүү оновчтой ч сонголт байж мэдэх юм.

TAGS
#Business