• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0
 

Аливаа компани шилдэг ажилчдыг авахын тулд нөр их зардал гаргадаг ч удирдлага муу бол тогтоож чаддаггүй. Иймээс сайн менежер, сайн багийн удирдагчидтай байх нь сайн хүний нөөц бүрдэх хамгийн том шалтгаан болдог.

“Google” компани 10 жилийн турш “Project Oxygen” гэх судалгааны төсөл хэрэгжүүлжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь сайн менежер гэж ямар хүнийг хэлэх, хүмүүсийг сайн менежер болгон төлөвшүүлэхэд юун дээр анхаарах вэ? гэдгийг таньж мэдэх нь чухал байлаа. Тэдний судалгаа ч үр дүнгээ өгч “Google” ажилчдынхаа дунд эерэг өөрчлөлт, сэтгэл ханамж, ажлын бүтээмж улам сайжирч буйг олж харжээ.

Сонирхолтой нь мэргэжлийн ур чадвар хэн нэгнийг сайн менежер болоход тийм ч ач холбогдолтой зүйл биш. Харин хамгийн чухал нь EQ буюу өөрийн болоод бусдын сэтгэл хөдлөлийг залах арга ухаан байсан ажээ.

Үлгэр жишээ менежерийн 10 шинж чанарыг “Google” ингэж тодорхойлов.

1. ТЭД САЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД
Сайн менежерүүд асуудлыг үтэр түргэн шийдэхээс илүү уг асуудлыг суралцах боломж болгон ашиглахыг хичээдэг. Тэд багаа чиглүүлж, шаардлагатай нарийн мэдээллүүдийг хуваалцдаг. Энэ нь багийнханд үнэтэй туршлага хуримтлуулж, өсөж хөгжих боломж олгодог.

2. ТЭД БАГАА ЗОРИГЖУУЛЖ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГАДАГ
“Менежер маань алхам тутам ажилд минь хошуу дүрэхэд би дуртай” гэж ямар ч ажилтан хэлэхгүй нь тодорхой. Тиймээс сайн менежерүүд ажилчдадаа өөрсдийн хүссэн зүйлээ судлах, хэрэгжүүлэх, бүр цаашлаад алдаа гаргах эрх чөлөөг өгдөг. Мөн тэд багийнхныгаа хэрэгцээтэй зүйлсээр нь хангаж, ажиллах уян хатан цаг, ажлын орчинг санал болгодог.

3. ТЭД БАГ ДОТРОО НЭЭЛТТЭЙ, АЮУЛГҮЙ УУР АМЬСГАЛ БҮРДҮҮЛДЭГ
Өөр нэгэн судалгаанд “Google”-ийнхэн баг сайнажиллахын гол түлхүүр нь Сэтгэлзүйн аюулгүй орчинг бүрдүүлэх гэжээ. Сэтгэлзүйн аюулгүй орчин гэдэг нь хэн нэгэн ямар нэгэн айдасгүйгээр, нууж хаалгүйгээр алдаагаа хүлээн зөвшөөрч, асуух гэснээ зоригтой асууж, санаа бодлоо нээлттэй илэрхийлж болдог орчин хэлдэг. Ийм орчинд багийн гишүүд эрсдэл үүрэх эрх зоригтой болдог байна.

4. ТЭД БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ, ҮР ДҮНД ИЛҮҮ ТӨВЛӨРДӨГ
Сайн менежерүүд зөвхөн өөрсдөө мундаг байхаас гадна багийнхныгаа тэр чинээгээрээ чадваржуулдаг.Тэд шаардлагатай бол бохир заваантай хутгалдахаас зайлсхийдэггүй. Ажилчдынхаа дунд орж ханцуй шамлан ажиллахаас цааргалахгүй.

5. ТЭД САЙН ХАРИЛЦАГЧИД - ДУУЛГАВАРТАЙ СОНСОЖ, МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦДАГ
Сайн менежерүүд сайн сонсогчид байдаг. Энэ нь багийнхаа сайн ойлгож, тэдний оронд өөрийгөө тавин асуудлыг нь хамт үүрэх нөхцлийг бүрдүүлдэг. Нэмж хэлэхэд сайн менежерүүд мэдлэгийн ач холбогдлыг ойлгосон байдаг. Тийм ч учраас мэдээллээ илэн далангүй багийнхантайгаа хуваалцдаг. Ингэснээр менежерүүд багийнхандаа “юу” гэдгийн хариултыг өгөхийн зэрэгцээ “яагаад” гэдгийг тайлбарлаж ойлгуулж чаддаг байна.

 
 

6. ТЭД АЖИЛЧДЫНХАА КАРЬЕР ХӨГЖЛИЙГ ДЭМЖДЭГ
Сайн менежерүүд ажилчдаа магтаж, урамшуулахдаа сайн. Түүний зэрэгцээ гашуун үнэнг хэлэхээсээ эмээдэггүй. Мөн тэд ажилчдаа хувийн зорилгодоо хүрэхэд нь тусалж дэмждэг. Ингэснээр баг нь илүү хичээн ажиллах урамтай болдог.

7. ТЭД БАГТАА ЗОРИУЛСАН АЛСЫН ХАРАА, СТРАТЕГИТАЙ
Сайн менежерүүдийн баг нь ямар нөхцөлд байгааг, хааш зүглэж байгааг, зорилгодоо хүрэхэд юу хэрэгтэйг мэддэг. Мөн тэд багийн гишүүн бүрт өөрсдийнх нь үүргийг ухамсарлуулж чаддаг.

8. ТЭД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР САЙТАЙ
Сайн менежерүүд ажилчдынхаа өдөр тутмын ажил тэдэнд тулгарах сорилтуудыг ойлгож, шууд тусалж чадахаар ур чадвартай, туршлагатай хүмүүс байдаг. Хэрэв менежер шинэ хэлтэст шилжвэл юун түрүүнд тухайн баг дотор ажил хэрэг хэрхэн өрнөдгийг ойлгох гэж оролдоно. Тэд ямар нэг гэнэтийн огцом шийдвэр гаргахаас өмнө багийнхныхаа итгэлийг олж авахыг хичээдэг.

9. ТЭД НЭГДМЭЛ ЭРХ АШГИЙГ ОЙЛГОДОГ
Тааруухан менежер багаа бусдаас бие даасан, тусдаа орших зүйл гэж хардаг. Улмаар компани доторх бусад багийн эсрэг ажиллаж бүр нухчин дарах гэж оролддог тохиолдол бий. Эсрэгээрээ сайн менежерүүд дүр зургийг томоор харж компанийн нэгдмэл эрх ашгийн төлөө ажиллаж, багийнхандаа ч тийм сэтгэлзүйг суулгаж чаддаг.

10. ТЭД УЛ СУУРЬТАЙН ДЭЭР ШИЙДЭМГИЙ БАЙЖ ЧАДДАГ
Сайн менежерүүд цочмог, гэнэтийн биш баримт фактуудад суурилсан нухацтай шийдвэр гаргадаг. Хэдий зарим тохиолдолд хүн бүрийн санал нэгдэхгүй байв ч менежерүүд шийдэмгий байж чаддаг. Хэрэв танай компани эдгээр 10 чанарыг менежерүүддээ суулгаж чадваас ажилчид тань урам зоригтой, сэтгэл ханамжтай ажиллана. Тэд цаашид удирдлагаа үнэлж, дуртайяа дагах болно.

 
 
TAGS
#Business