A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 119 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 119 | |
|
Дэлхий дахинаа хамгийн сайн танигдсан бизнесмен гэвэл Билл Гейтсийг нэрлэж болно. Тэрээр нэгэн цаг үед цэнхэр дэлхийн тэргүүн баян байсан (өнөөдрийн байдлаар гуравдугаарх) бөгөөд мэдээллийн технологийн акул “Microsoft” компанийг үүсгэн байгуулж, өдгөө үйлдлийн системийн зах зээлийн 90-ээд хувийг дангаар эзэлдэг “Windows” үйлдлийн системийг зохиосон нэгэн юм.
Түүний нөр их амжилтад эцэг эхийнх нь нөлөө их. Эцэг Гейтс нөлөө бүхий хуульч, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдогоороо алдартай нэгэн. Ээж нь ч мөн ялгаагүй нэртэй бизнес эрхлэгч хатагтай байжээ.
1. ХҮҮХДЭЭ БИЕ ДААСАН БАЙЛГА
Билл багаасаа тун бие даасан хүүхэд байв. Эцэг эх нь ч түүнд хүссэн зүйлээ хийх хангалттай эрх чөлөө олгодог байв. Билл 13 хан наснаасаа гадуур хонодог, Вашингтоны Их Сургууль дахь тэр үедээ л дэвшилтэт технологид тооцогдох зүйлсийг шөнөжин хулгайгаар ашигладаг байсан тухай түүний эцэг “The Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагадаа дурсжээ.
Мөн Билл багын хэг ёг гэсэн харьцаатай хүүхэд байв. Суутнуудын намтар бичдэгээрээ алдаршсан нэрт зохиолч Уолтер Айзексоний ("Steve Jobs" номыг бичсэнээр нь хүмүүс сайн мэднэ) “TIME” сэтгүүлд бичсэн нийтлэлд ээж нь Биллийг хоолоо идэхийг хэдэнтээ сануулж сүүлдээ бүр “Чи юу хийгээд байгаа юм бэ?!” гэж орилоход Билл хариуд нь “Би юм бодож байна. Та ер нь юм бодож үзсэн үү?” гэж хэгжүүрхсэн гэх дурсамж бичигдэн үлджээ.
Дээрх явдлаас төд удалгүй Биллийн эцэг эх хүүгээ сэтгэл засалч дээр дагуулан очив. Хэд хэдэн оролтын дараагаар эмч эцэг эх хоёрт нь хүүгээ илүү чөлөөтэй байлгахыг зөвлөсөн байна. “Билл зарим зүйл дээр тэр тун хатуу байр суурьтай хүүхэд байсан. Түүнийг нь өөрчлөх гэж оролдох нь зүгээр л цагийн гарз байв” гэж аав нь “Showing Up For Life” дурдатгал номондоо өгүүлжээ.
Хожмоо Билл тухайн явдал өөрт нь эерэгээр нөлөөлсөн тухай “[Сэтгэл засалч] надад эцэг эхтэйгээ тэрсэлдэх нь сайн зүйл биш гэдгийг, тэрсэлдэснээр үнэндээ юу ч дээрдэхгүйг ойлгуулсан.” гэж 2016 онд радиод өгсөн ярилцлагадаа дурсжээ.
Билл төрөл бүрийн авьяастай байлаа. Гэвч эцэг эх нь яаж ийгээд Биллийн чадахгүй зүйлсийг олж хийлгэдэг байжээ. Жишээ нь усанд сэлэлт, хөлбөмбөг, америк хөлбөмбөг гэх мэт. Бүр хөгжмийн зэмсэг сургах гэж ч оролдож байсан удаатай.
Ингэж чадахгүй зүйлээр нь шахах нь өөртөө итгэх итгэлийг бууруулах эрсдэлтэй ч Гейтсийн эцэг эх уг үйлдлээ арай өөрөөр харж байв. Тэднийхээр шинэ зүйлсийг туршиж үзэх нь хүүхдийг өсөн дэвжих сэтгэхүйтэй болгож бүтэлгүйтлийг чухлыг багаас нь ойлгуулах тустай ажээ.
“Тухайн үед тэгж хүчлэх нь ямар ач холбогдолтойг ойлгодоггүй байв. Ёстой утгагүй зүйл шиг л санагддаг байлаа. Гэвч эргээд бодох нээ тэдгээр өдрүүд надад мэдэхгүй чадахгүй олон зүйлс байдгийг ойлгуулж ирээдүйн манлайлагч болоход нүдийг маань нээн бэлтгэж байсныг ойлгосон.” гэж Билл Гейтс "Fortune" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Гейтсийн эцэг эх хүүгээ тэрбумтан болно гэж санаагүй, тийм хүлээлт, дарамт шахалт огт үзүүлээгүй.
"Эхнэр бид хоёр Биллийг сургуулиа амжилттай дүүргээсэй л гэж хүсэж байв." гэж эцэг Гейтс "Wall Street Journal"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэтэл гэнэт Билл Харвардын их сургуулийг орхино гэсэн нь эцэг эх хоёрт нь хүндээр тусжээ. Гэвч эцэст нь тэд хүүгийнхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
“Тэр үед бид хоёр аль хэдийн нөлөөлж чадахаасаа өнгөрсөн байв. Билл аль хэдийн хүссэндээ хэрхэн хүрэхээ тодорхойлоод толгойдоо зураглачихсан байсан. Тэр хийж байгаа зүйлдээ тун итгэлтэй байсан” гэж эцэг Гейтс "Forbes" сэтгүүлд ярьжээ.
Тэдний хүүгийнхээ шийдвэрийг дэмжсэн нь ч зөв болж Билл сургуулиасаа гарч Сиэтл хот руу нүүн Пол Аллэнтай хамт "Microsoft"-ийг босгохоор ханцуй шамлан ажилласан түүхтэй.
Гейтсийн эцэг эх олон нийтийн ажил, хандив тусламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хүүхдүүдээ ч оролцуулдаг байв. "Гэргий Мэри маань авахын тулд эхлээд өгөх хэрэгтэй гэдэгт бат итгэдэг байсан. Тэр анхнаасаа л энэ итгэл үнэмшлээ гэр бүлийн үнэт зүйл болгон суулгасан юм" гэж эцэг Гейтс хэлжээ. Энэхүү хүмүүжил нь өдгөө Билл Гейтсийн гэргийн хамт удирдаж буй 50 гаран тэрбум ам.долларын аварга том санхүүжилттэй санг ажиллуулахад нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.
Биллийн эцэг эхээс суралцаж болох гол зүйл: Хэрэв хүүхдээ амжилттай нэгэн болгон өсгөхийг хүсвэл та өөрөө үлгэр жишээ нэгэн байх хэрэгтэй.
Эцэг Гейтсийн дурдатгалд:
Хүүхдийн эцэг, бүсгүйн хань, хуульч, хариуцлагатай иргэн, нийгмийн идэвхтэн байсан он жилүүдээ эргэн харж ойлгосон ганц зүйл маань "Энэхэн амьдралд бид бүгд хамт, бид бүгд нэг нэгэндээ хэрэгтэй"
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|