• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0
 

"Формула 1" бол дэлхийн хамгийн нэр хүндтэй, чамин тансаг авто спорт. "Формула 1"-ийн уралдаан зохиогдох газар бүрт тэндхийн хамгийн нэр хүндтэй, баян чинээлэг эрхмүүд чуулдаг. Тэд зөвхөн уралдаан үзэж сонирхох биш танилын хүрээгээ тэлэх, бизнесийн яриа өрнүүлэх зорилго давхар тээдэг нь тэр.

Уг спортын тамирчдыг “нисгэгч” гэж нэрлэх бөгөөд зам дээр 372.6 км/цаг хүртэл хурдалсан тохиолдол бүртгэгдэж байсан нь үүний тайлбар болох биз. "Формула 1"-ийн домог болох л юм бол Леброн Жеймс, Кристиано Роналдо, Рожер Федерер, Тайгер Вүүдс нарын эгнээнд нэгдлээ гэж ойлгож болно.  

Өнөө цагийн нисгэгчдээс хамгийн алдартай нь Британи нисгэгч Льюис Хамилтон. Тэрээр хамгийн анхны өнгөт арьстан нисгэгч бөгөөд "Формула 1"-ийн дэлхийн таван удаагийн аварга. Одоо түүнд долоон удаагийн аварга домогт Михаэль Шумахерийг л гүйцэх үлдээд байгаа юм.

Авто спортын тамирчид урлагийнхан шиг бүүр багаасаа хичээллэж эхэлдэг. Мөн харьцангуй өндөр зардалтай спорт учир хүүхдээ хичээллүүлэх нь эцэг эхчүүдээс чамгүй хичээл зүтгэл, хөрөнгө шаарддаг. Льюис Хамилтоныг "Формула 1"-ийн таван удаагийн дэлхийн аварга болж, Их Британий хамгийн чинээлэг тамирчин болоход хэн нөлөөлөв? 

 
 

Льюис Хамилтон нь 1985 онд Энтони Хамилтоны ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь Льюисийг хоёр настай байхад салсан бөгөөд ээжтэйгээ хамт 12 нас хүртлээ хамт амьдарчээ. Дараа нь эцэг, хойд эхтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна.  

Түүний амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол түүний эцэг Энтони. Анх Льюсийг зургаан настайд удирдлагатай машин авч өгтөл ердөө жилийн дараа насанд хүрэгчидтэй өрсөлдөн улсын аваргын хоёрдугаар байранд орж байж. Энэ нь Энтонид хүү маань автоспортод амжилт гаргах авьяастай нэгэн бололтой гэсэн бодлыг төрүүлсэн гэдэг. Улмаар хүүгээ найман нас хүрэхэд карт буюу жижиг мотортой машин авч өгч авто спортын гарааг нь эхлүүлжээ. Гэтэл хоёр жилийн дараа Льюис Британийн Картингийн аварга болж 13 настайдаа Формула 1-ийн “McLaren” багтай гэрээ байгуулсан түүхтэй. Льюис гарцаагүй үеийнхэн дундаа гоц, суут гэгдэх хүү байв.  

 
 

Льюис Хамилтон "Хэрэв эцэг минь байгаагүй бол би одоогийн өөрийгөө, энэ амжилт бүтээлээ мөрөөдөж ч чадахгүй байсан. Эргэн тойронд маань өөр жишээнүүд цөөнгүй харагддаг байлаа. Найзуудын маань аав ээж сална. Ихэнх тохиолдолд аав нар нь хаяад л яваад өгдөг байв. Гэтэл миний аав хариуцлагатай байж хүүгийнхээ төлөө амьдралаа зориулсан жинхэнэ эр хүн юм” гэж дурсдаг.  

Дээр дурдсанчлан авто спорт бол хөрөнгө шаарддаг спорт. Энтони хүүгийнхээ төлөө бүтэн цагийн ажлаа хаяж дөрвөн ажил зэрэг хийн ар гэрээ авч явахын зэрэгцээ хүүгийнхээ спортын хөгжилд анхаарч байв.  

Тухайн үеийн "McLaren" багийн удирдлага Рон Дэннис Энтонид “Хэрэв чи хүүгээ дараагийн 10 жил спортоор нь тууштай хичээллүүлж сайн тамирчин болговол хүүгийн чинь ирээдүй гэрэлтэй байх болно” гэдгийг сануулж хэлж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Рон Льюисийг хариуцан авч их спортод хөтөлнө гэсэн ам мөчиг өгсөн нь тэр аж. Энэ үеэс хойш Энтони бүхий л амьдралаа хүүгээ сайн тамирчин болгоход зориулсан байна.  

Льюис найзуудтайгаа тоглох, үдэшлэгт явах эрхгүй нарийн чанд дэглэм дор хүүхэд насаа өнгөрөөжээ. Аав нь түүнд “Хүү минь чамд маш сайхан боломж байна. Сахилга бат алдан ирээдүйгээ баллахыг би огтоос зөвшөөрөхгүй шүү” гэж байнга хэлдэг байв.

Энтони 2016 онд “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Английн шигшээ баг яагаад 1966 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлээгүй гэж бодож байна? Миний бодлоор ихэнх тамирчид хүүхэд байхдаа хангалттай хичээл зүтгэл гаргадаггүй. Бусад хүүхдүүд амрахаар шийдэн гэртээ харьж байхад Льюис бид хоёр үргэлжлүүлэн бэлтгэлээ хийдэг байв. Энэ нь хүүгийн минь өнөөдрийн амжилтын түлхүүр гэж би боддог. Илүү их бэлтгэл нь урт хугацаандаа дадал зуршил болно. Цаашлаад дэлхийн аварга болоход хөтөлдөг юм" гэжээ. 

Энтонигийн амжилтын тарни:  Хичээл зүтгэл, золиос, үр дүн 

Энтони 2010 оныг хүртэл хүүгийнхээ менежерээр ажиллаж байгаад тус тусын зам мөрийг хөөжээ. Түүний хатуу чанга арга барилаас болж эцэг хүү хоёр үл ойлголцолд хүрсэн гэхэд болно. Льюис Хамилтон Британийн "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Аав маань яг л 90-ээд оны арга барилаар ажилладаг байв. Гэтэл одоо орчин үед өөр байх хэрэгтэй шүү дээ. Тэр үнэхээр чанга хүн. Түүнгүйгээр одоогийн би гэж байхгүй. Гэхдээ би түүний илүү сайжруулсан хувилбар болохыг хүсэж байна” гэж хэлжээ.  

Харин Энтони “Льюистэй хамт ажиллахад тийм ч сайхан байгаагүй. Мэдээж дэлхийн номер нэг болохын тулд сайхан, зугаатай зүйл байхгүй нь тодорхой. Нус нулимс, хүч хөдөлмөр барсан маш хүнд хөдөлмөр шүү дээ. Формула 1-ийн эхний жилүүдэд миний гол үүрэг Льюисийг дарж байх байв. Учир нь түүнийг өнөөдөр од болон гялалзаад маргааш хэн ч биш болохыг харахыг хүсэхгүй байв. Спортод тийм жишээ өчнөөн олон. Тиймээс урт хугацаанд тогтвортой амжилт гаргах нь бидний туйлын зорилго байв” гэж хэлсэн байна. 

 
 

"Намайг найман настай картингаар уралддаг байхад хамгийн хурдан нь Ники Ричардсон гэж хүү байв. Дотроо түүнээс илүү хурдан болохыг ямагт хүснэ. Аав маань миний хүслийг биелүүлэхийн тулд Никигийн тоормосолдог газраас жоохон өнгөрч зогсоод “за чи энд л тоормослох ёстой шүү" гэж зааж өгдөг байв. Өөр ямар ч аав тэгдэггүй байсан нь тодорхой. Аавын заасан газар тоормослох гээд шарваж онхолдох үе бишгүй л гарч байсан. Гэхдээ оролдсоор байгаа сурчихдаг байсан юм." гэж Льюис дурсан ярьжээ. 

Авто спортод эргэлт дээр бусдаас хожуу тоормослох нь илүү хурдан шаламгай байхын нууц. Энэ нь Льюисийн бусад нисгэгчдээс ялгарах гол чадвар бөгөөд аавынх нь хичээл зүтгэл үр дүнгээ өгсөн нь тэр аж. 

Аавыгаа баярлуулсан мөчөө дурсахдаа Льюис "Анх 2007 оны Монтреалийн Гран прид түрүүлэхэд аав маань нүүр дүүрэн инээмсэглэн бахархалтайгаар зогсож байсансан. Тэр үед л аавынхаа 10-аад жилийн хичээл зүтгэлийг үрэн таран хийгээгүйдээ баярлаж, сэтгэл санаа уужирсан. Надад тодорхой хэмжээний дарамт байсан л даа. Гэвч аав маань намайг хэнээс ч илүү сайн сайхан амьдраасай гэж хүссэн учраас хатуу чанга хандаж байсаныг нь ойлгодог. Тиймээс аавынхаа итгэлийг алдахгүй юм шүү гэж өөрөө өөртөө  ямагт сануулдаг." гэжээ.

Энтони Хамилтоны бусад эцэг эхчүүдэд  өгсөн зөвлөгөө: "Хэрэв хүүхэд чинь ямар нэг зүйлд дурлаж байгааг ажиглавал тэр зүйлийн араас хамтдаа зүтгэж цаг хугацаагаа зориул. Гэхдээ хэт хүчилж болохгүй. Багахан урам зориг өгч байхад л хангалттай. Хэт хүчлэх юм бол хүүхэд зөрүүдэлж эхэлдэг. Тэд хийж байгаа зүйлдээ дуртай байв ч өөрийн чинь шахаж шаардаж байгаа байдалд дургүй нь хүрэх болно. Хамгийн гол нь тэр зүйлд таны хүүхэд өөрөө дурлах нь чухал гэдгийг санаарай."
 

Амжилт гэдэг харьцангуй ойлголт. Чиний хувьд амжилт гэж юу ч бай түүн рүүгээ зүтгээд үзэх хэрэгтэй.

 
 
TAGS