• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    120   |  
0

Өрсөлдөөн бүхнийг тодорхойлох болсон энэ цаг үед хүн бүр бусдаас ялгарч, өөрийгөө сурталчлан таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байна. Хувийн брэнд буюу өөрийн авьяас чадварыг бусдад таниулж чадсан хэн бүхний өмнө ажил амьдралын гайхалтай шинэ боломжууд нээгдэх нь бий. 

Харин эмэгтэйчүүд өөрийгөө сурталчлах, ажил хэрэгч байхад нийгмийн дарамт шахалт садаа болдог билээ. Нийтийн хэвшмэл ойлголт бүсгүйчүүдийг бусадтай нийцтэй, эелдэг, хүлцэнгүй байхыг шаарддаг. 

Тэгвэл эмэгтэйчүүд хэрхэн өөрийн брэндийг өсгөж, карьераа өсгөх? “Harvard Business Review” бүсгүйчүүдэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөмж №1. ТАНИЛЫН ХҮРЭЭГЭЭ ТЭЛ

Хэтэрхий цөөн хүн таны авьяас чадварыг мэддэг байх нь карьерийг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй. 

Цөөн хүн гэдэг нь зөвхөн тоотой холбоотой ойлголт биш юм. Зөвхөн нэг алба хэлтэс, байгууллага компани эсвэл тодорхой мэргэжлийн хүрээнд танилуудаа хязгаарлах нь таны үнэ цэнэ, хөрвөх чадварыг бууруулж, ашиглаж болох нөөц баялгийг цөөрүүлдэг байна.

Тиймээс өөрийн байгууллага, мэргэжлийн салбар төдийгүй өөртэйгээ шууд хамааралгүй талбарт ч танилын хүрээгээ нэмэгдүүлэх нь одоо үед онцгой чухал юм. Ажил гэрийн ойролцоо тогтмол таардаг хүмүүс, найзын найзууд, ижил сонирхолтой танилууд, сайн дурын байгууллага зэрэг өөр төрлийн хүмүүстэй холбоо үүсгэх нь таны боломжийг илүү өргөн хүрээнд нээх давуу талтай.

Зөвлөмж №2. ХЭВЛЭН НИЙТЭЛЖ БУЙ ЗҮЙЛСТЭЭ ХЯНАЛТТАЙ ХАНД

Таны талаар мэдээлэл ойлгомжгүй, учир битүүлэг байж болохгүй.

Орчин үед хүн бүр завгүй болсноор хүмүүс таны мэргэжлийн өсөлт хөгжил, карьерийн талаар бүрэн дүүрэн, тэнцвэртэй мэдээлэлтэй байх магадлал улам бүр буурч байна. Тиймээс өөрийн туршлага чадварыг ирээдүйн түншүүдэд үнэн зөвөөр, эерэгээр ойлгуулах нь таны хийх хэрэгтэй зүйлүүдийн нэг юм.

Таны өмнөх туршлага одоогийн ажилтай, одоогийн ажил тань ирээдүйн зорилго чиглэлтэй тань ямар холбоотой вэ? Энэ мэдээллийг түншүүд, харилцагчид, дарга, ажилчиддаа тодоор харуулах нь туйлын чухал. Цэгцтэй, учир зүйн хамааралтай мэдээлэл нь таны онцлогийг тодотгоод зогсохгүй худал мэдээлэл, буруу ташаа ойлголтыг арилгадаг.

Зөвлөмж №3. ҮЗЭЛ БОДЛОО ОЛОН НИЙТТЭЙ ХУВААЛЦ

Ажлаа чимээгүйхэн хийдэг хүн амжилтад хүрдэг үе ард хоцорчээ. Хийсэн зүйл, бүтээсэн амжилтаа хүмүүстэй хуваалцах нь гэнэтийн шинэ боломжуудыг дууддаг.

Даруухан хүнтэй хамтарч ажиллах дургүй хүн гэж үгүй. Харамсалтай таны чимээгүй хөдөлмөр дээд удирдлага болоод байгууллагын гадна хүрээлэлд ялгарч харагддаггүй байна. Олон эмэгтэйн хувьд өөрийгөө шууд сурталчлах, амжилтаа дэлгэн ярих нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл уг асуудлын орчин үеийн нэгэн шийдэл нь өөрийн амжилт бүтээлтэй уялдаатай контент бүтээх юм. 

Олны өмнө танилцуулга хийх, хэвлэл мэдээллээр гарах нь танд эвгүй байдаг бол өөрийн хүрээний хүмүүст олж мэдсэн зүйлээ хуваалцах, нийтлэл бичих зэрэг нь сэтгэлзүйн ачаалал харьцангуй багатай контент үйлдвэрлэл юм. Үнэ цэнтэй контент нь бүтээгчдээ санаандгүй олон хаалгыг нээдэг.

Эх сурвалж: Harvard Business Review

TAGS
#Business