• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0
 

“Аав аа, бид чадлаа” гээд алга цохих төдийд л ажлын ядаргаа тайлагдчихдаг

-Би гурван хүүхэдтэй. Удахгүй эхнэр минь амаржиж бид дөрөв дэх үрээ өлгийднө.Миний амьдралаас олж авсан хамгийн гайхалтай, хамгийн сайхан, хамгийн эрхэм зүйл бол гэр бүл минь, бяцхан үрс минь.

Зарим аавууд орой ажлаа тараад гэртээ хариад хэнд ч юм ялархаад “ядарч байна” гээд үр хүүхдэдээ цааргалж харагддаг. Миний хувьд харьж очоод хүүхдүүдтэйгээ тоглож, тэдний угсрах гэж ухаанаа шавхан буй лего тоглоомыг нь хамтдаа бүтээлцэх дуртай. Хүү минь “Бид чадлаа аав аа” гээд алга цохих төдийд л ажлын ядаргаа, замын түгжрэлээс тээж ирсэн стресс тэр дор нь арилчих шиг санагддаг. Тийм болохоор би хүүхдүүдтэйгээ тоглоход цаг харамладаггүй. Морь болно, ноолуулна, ноцолдоно, байлдана, буудалцана “үхнэ”, сэхнэ /инээв.сур/. Орой манай гэрт “дайн” шиг л юм болдог. Энэ л миний амьдралаас олж авсан аз жаргал.  Анх аав болоход үгээр хэлэмгүй тийм сайхан мэдрэмж төрж байсан. Дараагийн хүүхдүүд төрлөө. Тэр бүрт анхных шиг мэдрэмж төрдөг хэвээр.

Би үр хүүхдүүдээ хүний амьдралаар биш зөвхөн өөрийн хүсч тэмүүлснээрээ амьдарч, мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсдэг. Өөрөөрөө байх чадвартай хүмүүс л болгож хүмүүжүүлэхсэн гэж зорьж явна.

 

Цалингүй ажлаас ч аз жаргал мэдэрч болдог

RE/MAX-тай 2017 оноос амьдралаа холбосон. Миний багийн найз RE/MAX INFINITY салбарт ажилладаг байсан юм. Тэдний оффис дээр гэр бүлийн өдөрлөг болоод эхнэр нь очиж амжихгүй болсон тул би гэр бүлийг нь төлөөлөөд найзтайгаа хамт өдөрлөгт оролцсон. Тухайн үед найзын маань ажилд тусламж хэрэгтэй байсан тул 2017 оны гуравдугаар сараас эхлэн ажилд нь туслах явцдаа RE/MAX-д дурлачихсан /инээв.сур/. Би 17 настайдаа Америкт очоод л үйлчилгээний байгууллагад ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд үл хөдлөхийн бизнесийг “шохоорхож” судалж байлаа. Учир нь өнөөдөр үл хөдлөх хөрөнгө бол хөрөнгө оруулалт болчхоод байна шүү дээ. Дональд Трампаас эхлээд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн ихэнх нь үл хөдлөхийн бизнестэй холбогдож амжилтад хүрсэн байдаг. Тиймээс надад ч бас боломж олдвол үл хөдлөхийн салбарт хүч үзэх зорилготой явсан. Монголд RE/MAX  орж ирснээр, найз минь тэнд ажилласнаар надад зорилгодоо хүрэх боломж олдсон гэж хэлж болно. Найзынхаа ажилд тусалж явсаар 2017 оны наймдугаар сард сургалтад хамрагдаж RE/MAX-ийн агентаар ажиллаж эхэлсэн. RE/MAX-ийн нэг онцлог нь үргэлж шинэ хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ тэлж тэр хэрээр бизнес өргөжиж байдаг. Дөнгөж л эхэлж буй агентад аль болох сургалтад хамрагдах, олон нийтийн арга хэмжээнд оролцож салбар салбарын хүмүүстэй уулзаж, тэндээс туршлага солилцсоор оройтож харих нь элбэг. Гэтэл эхнэр минь нялх хүүхэдтэйгээ гэртээ, намайг хэзээ ирэх бол гээд л хүлээж суудаг. Бас байнгын орлоготой биш. Орлого нь борлуулалтаас шалтгаалдаг учраас эргэлзээтэй санагдсан учраас анхандаа эхнэр маань RE/MAX-д ажиллаж эхлэхэд маш дурамжхан хүлээж авсан ч өнөөдөр нэг зорилгын зүг харчихсан зүтгэж явна. Агентаар ажиллаж байгаад өнгөрөгч 2018 оны 11 дүгээр сард гэргийтэйгээ нийлээд RE/MAX Green оффисоо нээсэн.  Тэр минь оффисын захирал. Харин би агент. Шинэ агентуудынхаа сурган хүмүүжлэгч, аав шиг нь л явна. Тэдэнд зөвлөнө, тусална, үлгэр дуурайлал болохыг хичээдэг.

 
 

Эхнэр бид хоёр сүүлийн нэг жилийн хугацаанд өдөр бүрийн 24 цагт хамтдаа байна. Аливаа бизнесийг амжилтад хүргэхэд гэр бүлийн туслалцаа маш чухал гэж би боддог. RE/MAX-ийн гоё нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж, өгөөд авчхаж болно. Хүүхдээ гэрт нь хүргэчихээд буцаж оффистоо ирээд орой 11-12 цаг хүртэл ажиллах боломжтой. Заримдаа долоо хоногт 100 цаг ажиллах үе байна. Амралтын өдрүүдэд ч завгүй ажиллах нь бий. RE/MAX хүнийг үргэлж сургаж байдаг. Би аливаа шинээр хэрэгжиж буй төсөл, сургалт, арга хэмжээнд алгасахгүй очдог. Үл хөдлөхийн салбарын онцлог нь хүмүүст танигдах тусам харилцагчдын тоо өсч байдаг. Жил ирэх тусам RE/MAX-ийг хүлээж авах чадвар сайжраад байгаа. Үйлчилгээ авч сураад байна. Айл бүр нэг RE/MAX-чинтай болоод байна /инээв.сур/. Өөрийн биш хэн нэгний байрыг бусдад үзүүлээд түрээслэх юм уу зарчихад амархан санах хүн байдаг. Гэвч үүний ард ёс журмын дагуу олон үйл ажиллагаа явагддаг.

Тогтмол цалингүй хэр нь ажилдаа өглөө бүр аз жаргалтайгаар инээмсэглэж ирдэг хүмүүс магадгүй RE/MAX-д л ажилладаг болов уу. Цалингүй мөртлөө сар бүр 100 орчим доллар төлнө. Тэгсэн ч ажлаасаа кайф мэдэрч чаддаг нь RE/MAX-ийн үнэ цэнэ.

Надад дансандаа сая доллартой байх чухал биш. Харин бусадтай танилцаж, тэднээс суралцах сонирхолтой. Харин гадаадаас ашигтай хөрөнгө оруулалтыг эх орондоо татан  авчирч нийслэлийг тэлж, гоё орчинд амьдрахыг хүсдэг. Өнөөдөр зөвхөн үл хөдлөх зуучлал гэх жижигхэн салбар бий ч цаашид томоохон хөрөнгө оруулалтын зах зээл, ирээдүй харагдаад байна.

Марктай л адил пүүз бүр бодит түүхтэй холбогддог учраас хорхойсдог

-Би пүүз цуглуулах хоббитой. Багаасаа сагс сонирхож, энэ спортод дурласан. АНУ-д ганцаараа амьдардаг байхдаа олсон мөнгөө пүүзний цуглуулгаа арвижуулахад зарцуулдаг байлаа. 2016 он миний хувьд сонирхолтой жил байсан. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд Чикаго Кабс баг 108 жилийн дараа World Series-д ялалт байгуулж, MLB-ийн аварга болж буй үйл явдал гардаг. Тэд дэлхийн аварга болохдоо өмссөн буйгаар кинонд дүрсэлсэн пүүз нь 2016 онд автомат үдээстэйгээр гарсан. Уг пүүз 89 ширхэг гарсны нэгийг нь азаар авч чадсан. Пүүз гарахад би монголд байсан ч Америкд байсан дүүгээрээ дамжуулан шуудангаар өөрийн хүссэн пүүзээ бичээд явуултал сугалаа маягаар 80 гаруй хүнээс сонгосны нэг нь би болсон. Пүүзээ аваад байж байтал Чикаго Кабс баг маань дэлхийн аварга болж миний хувьд давхар давхар баяр тохиож байлаа. 

 

Марк цуглуулдаг хүнтэй л адил пүүз бүр бодит түүхтэй холбогддог учраас би хорхойсдог. АНУ-аас ирэхдээ 50x50 хэмжээтэй 40 гаруй хайрцаг цуглуулгатай ирж байлаа. Энэ сонирхлыг минь эхнэр маань дэмждэг. Нэг удаа европын орон руу ажлаар явчихаад иртэл эхнэр минь надад пүүзний өрөө тусад нь гаргачихсан байж билээ.

Бид хүүхдийнхээ өрөөг жижигхэн болгоод өөрсдийн хувцас хунараа байршуулах хэсэг гаргана гэж ярьж байсан юм. Хүүхдийнхээ өрөөг хуваагаад гуравны нэг хэсгийг нь засварлана гэж бодож явсан. Гэтэл АНУ яваад иртэл ааваар тохижуулуулаад зөвхөн пүүзээ хийх хэсэг гаргаад бэлдчихсэн байсан нь маш гайхалтай санагдсан. Ингэж би пүүзний өрөөтэй болсон. Найз нөхөд маань гэрт ирэхээрээ пүүзний чинь өрөөнд орж сэлфи хийнэ, үзье гээл их шалгаана. Цуглуулга маань арвижсаар хүүхдийн өрөөний тал нь пүүзний өрөө болчихсон. Мөн хайртай пүүзээ өмсөөд хуримын ёслолдоо оролцож болох эсэхийг гэргийгээсээ сандран асууж байлаа.Гэтэл тэр минь эргэлзэлгүйгээр шууд л надад зөвшөөрсөн.Миний сонирхлыг минь хүндэтгэж, дэмждэг ханьдаа баярладаг.

 
 

Ер нь залуу гэр бүлийн харилцаа бат бөх байх нэг үндэс нь биенээ хүндэтгэх гэж би хувьдаа боддог. Хүндлэл хамгийн чухал. Хүндлэл байгаа газар хайр байна. Хайр байвал халуун дулаан гэр бүл оршин тогтоно. Бид хэн хэндээ худал хэлэхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс бие биедээ итгэдэг. Итгэлийг нь алдахгүйн тулд хичээдэг.

Би аливааг архивлаж үлдээх дуртай. Хааяа гадуур явж видео хийдэг. Ойрын хугацаанд үл хөдлөхийн хаана ямар гоё оффис байна. Тэр болгонд орж танилцаж, шинээр нээгдэж буй бизнесийн талаар мэдээлэл өгөхүйц влог эхлүүлэхийг зорьж байна. Мөн пүүз сонирхогчдын нэгдсэн хоёр ч фэйсбүүк хуудсыг хөтөлдөг. Зун бид хотын шинэ газруудад очиж зураг авалт хийнэ. 19-23 насны залуус шинэ пүүзээ өмсөж ирээд зураг авахуулдаг. Ингэж тухайн жилийн трэнд пүүз болоод Улаанбаатарынхаа дурсгалт газруудын зургийг нь авч архивлаж үлдээдэг.

Пүүзний холбогдолтой сошиал хуудас группуудыг маань дагадаг 80 мянга орчим хүн бий. Тэднийг ирээдүйд худалдан авагчид болно гэж найддаг. Пүүзний сонирхол минь эргээд үл хөдлөхийн бизнесийг минь дэмжих болов уу гэж харж байгаа. Учир нь үл хөдлөхийн бизнес харилцаан дээр хөгждөг.

 
 

Залуучууд монголд ажиллаж, амьдрах хэцүү байна. Гадагшаа явна гэдэг. Миний хувьд монголдоо амьдрах сонирхолтой. Өдөр бүр адал явдлаар дүүрэн амьдрал үргэлжилж байна. Надад Монголд амьдрах таалагддаг. Америк буцах бодол төрдөггүй.

Ярилцлага нийтлэлийн төгсгөлд нэгэн сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэндээ хүргэж байна.Гэр бүлийн хамтаар RE/MAX брэндэд дурлаж, ажиллаж байгаа хосууд маань шинэхэн агент болох гэж байгаа залуусаа дэмжиж тэдэнд урам зориг бэлэглэх гэж агентын сургалтад нь заавал хүргэж өгдөг гээд инээмсэглэж байсан нь маш том хүндэтгэл шиг санагдав.Тэд ийнхүү хамтдаа урагш тэмүүлж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болж байгаа тод жишээ юм.

Г.Тэгшсүрэн

 
TAGS
#Business