• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    173   |  
0

Сошиал медиа, мэдээллийн хэрэгслээр худал үнэн нь үл мэдэгдэх мэдээлэл, гэнэтийн үйл явдал, шийдвэр гээд бүтээмж болон анхаарлыг тань сарниулах зүйлс эргэн тойронд тань бишгүй л тохиолддог биз?

Хэрэв анхаарал тань хийж буй ажлаас амархан хөндийрч, эргэн төвлөрөхийн тулд багагүй хүндрэл учирдаг бол энэ нь анхаарал сарних эмгэг /Shiny object syndrome/ буюу SOS-ын илрэл юм. 

Эхний ажлынхаа ард бүрэн гараагүй байж, анхаарлаа дараа дараагийн ажилдаа төвлөрүүлэх, олон зүйлийг нэгэн зэрэг амжуулахаар үсчих нь бас энэ төрлийн эмгэгт тооцогдоно.

Анхаарал сарних синдромын илрэл нь:

  • Хийж буй ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй, бүтээмж муутай байх.
  • Шинэ санаа олсон ч , түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр амжилтгүй.
  • Янз бүрийн онлайн хичээл, сургалт, апп болон бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчээр бүртгүүлэх ч эцсийг нь үзэж үр дүнг нь гаргаж чаддаггүй.
  • Боломж бүрт “ЗА” гэж хэлдэг
  • Ажилчдадаа эргэлзээ төрүүлдэг. Бизнесийн үйл ажиллагаа, шийдвэрээ үе үе өөрчилж, эргэж буцдаг удирдлага ажилчдаа манан дунд төөрүүлж үл ойлголцол үүсгэдэг.
  • Бүх зүйлийг нэгэн зэрэг амжуулах гэж хичээдгээс эдгээр шинж тэмдэг энтрепренер менежер, удирдлагын түвшний албан хаагч болон бизнес эрхлэгчдэд түгээмэл тохиолдож, стрессийн шалтгаан болдог.

Анхаарал сарних эмгэгээсээ салж, бүтээмжээ нэмэгдүүлж, зорилгодоо хүрэхийг хүсвэл заавал хэрэгжүүлэх аргуудыг хуваалцаж байна.

  • Зорилгоо багасга

Анхаарал сарних эмгэгээс ангижрах хамгийн шилдэг арга бол ухаалаг цөөн зорилго тавих юм. Биелүүлж амждаггүй олон зорилготой байх нь таны анхаарлыг олон тийш нь сарниулж, эрч хүчээс хумслах гол үндэс.  

Тиймдээ ч өөртөө хэт их ачаалал авч эрч хүчээ барах эсвэл дараагийн зорилгоо биелүүлэхээс өмнө урам зориг тань сарниж оддог байна.

Харин одоо аяга халуун шоколад, зөгийн балтай сүү эсвэл амтат борголоо оочлон тэмдэглэлийн дэвтэр, хуанли дээрээ жилийн төлөвлөгөөгөө хагас жил, сар, долоо хоногуудад хуваан ямар ажлын ард гарах гэж буйгаа нарийвчлан бичээрэй. Мөн дуусгах огноо ч бүү март.

Хэрэв та 10 жижиг зорилгын оронд нэгээс гурван том зорилго тавьбал анхаарлаа цөөн зорилгодоо 100 хувь төвлөрүүлж, биелүүлэхээс нааш өөр зүйл руу үсчихгүй байх нөхцөлийг бий болгох юм.

  • Шинэ зүйл гэдэг нь үргэлж ИЛҮҮ САЙН гэсэн үг биш

Сүүлийн үеийн тренд болж буй чиг хандлага, шинэ технологи, мэдээллийг мэддэг байх хэрэгтэй ч, тэр болгоныг турших нь цагийн гарз гэдгийг өөртөө ямагт сануул. Шинэ зүйлс болгон ЦОО ШИНЭ эсвэл ИЛҮҮ САЙН байдаггүйг ойлгоорой.

Ямар ч төсөл, ажил хэрэгжүүлсэн урт, богино хугацааны зорилго тавь

Шууд л ажилдаа үсэрч орохын өмнө ажлаа эрэмбэлж хэдий хугацаанд аль ажлыг амжуулах төлөвлөгөөгөө гаргаарай. Богино хугацааны зорилго тавьснаар том ажлаа амжуулахад ажлын хооронд үүсэх завсар зайг хаахад тус болдог.

  • Сошиал медиа мацаг барих

Сошиал медиагаа нээлттэй байлгаснаар байн байн орж шалгах, энэ үед шинэ санаа төрөх эсвэл хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах, таагүй мэдээ сонсон сэтгэлээр унах, хэн нэгэнтэй чаталж цагаа үрэх гэх мэт анхаарал тэнэн одох шалтгаан бишгүй олон. Өдөрт сошиал медиагаа шалгах тогтсон цагтай болоорой эс бөгөөс бусад хүн юу хийж байгаад анхаарал тань тэнэж одоод байвал яаж урдах ажилдаа төвлөрөх билээ.

  • Ингэхийн тулд анхаарал төвлөрөхөд туслах апп ашиглах

RescueTime

Manictime  

LeechBlock  

Focus Me

Freedom

Anti-Social  

SelfControl зэрэг ухаалаг утас болон компьютерт зориулсан программын тусламжтайгаар, анхаарлаа ажилдаа боломжит урт хугацаанд төвлөрүүлж, илүү бүтээмжтэй ажиллахад тусална. Хэрэгтэй хэрэггүй spam мейл, cookie зэрэг сатааруулагч зүйлсийг хязгаарлан ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг олгоно.

  • Сайтар тунгааж, бүрэн төвлөр

Гялалзаж, чих соотойлгож буй зүйлс рүү бүү үсэрч ор. Хэрэгтэй хэрэггүй жижиг зүйлд ач холбогдол өгөхөө больсон цагт шарлаж буй бүхэн алт байдаггүйг та анзаарах болно. Олон хүмүүсийн зөвлөгөө сургаал, амжилтын замналыг дагахаас илүүтэй өөрийгөө сайн сонс, итгэж хүндэлдэг цөөн хүний зөвлөгөөг дага.

Мөн ямар нэгэн яаруу шийдвэр гаргахын өмнө бизнес, ажил, амьдралд чинь хэрхэн нөлөөлөхийг сайтар тунгаа.

Та одоо анхаарал сарниулах зүйлсээсээ ангижирсан бол ажилдаа бүтээмжтэй хийх хангалттай цагтай болсон тул бүрэн төвлөрөх хэрэгтэй. Ингэхийн тулд ширээгээ цэгцэлж, сэтгэлийг тань сэргээх үнэртэн, лаа зэргийг ашиглаж, халуун уух зүйлс бэлдээд “нам” суугаарай.

Гэхдээ эхний ажлаа гараас гаргасны дараагийн ажилдаа ороорой.

  • Ажлаа гүйцэтгэсэн бол өөрийгөө шагна

Хэрэв та томоохон төслийн ард гарч, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрсэн бол хаа нэг тийшээ аяллаар явах, хүссэн зүйлээ авах зэргээр өөрийгөө урамшуулахаа бүү мартаарай.

Эх сурвалж: Enterpreneur.com

 
TAGS
#Business