A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 163 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 163 | |
|
“Күнз боловсролын төв”-ийн хятад хэлний багш Б.Үйлс өнгөрсөн жил анх удаагаа Монголд иржээ. Түүнтэй хятад хэл хэрхэн сурах, хэлээ сайжруулахад юун дээр анхаарах талаар ярилцлаа.
Б. ҮЙЛС ГЭЖ ХЭН БЭ?
Өнгөрсөн оны намар анх удаа Монголд ирсэн. Би өөрөө Дорнод аймагтай хил залгадаг Өвөрмонголын Хянган аймгийн хүн. Эрээн хотын Олон улсын дээд сургуулийг Хятад хэлний багшаар төгссөн.
Бакалаврын зэргээ гадаад хүмүүст Хятад хэл заах мэргэжлээр авсан юм. Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа Эрээн хотын Олон улсын дээд сургуульд Монгол, Казак, Орос оюутнуудад Хятад хэл заадаг байлаа. Харин одоо Монгол улсад монгол хэл сурахын зэрэгцээ хэл шинжлэлийн чиглэлээр магистрт сурч байна. Төгссөн мэргэжлээрээ Монголд ажиллахын зэрэгцээ боловсролоо дээшлүүлж байгаа гэсэн үг.
Би анхан, анхан дунд, ахисан дунд, гүнзгий гээд бүх түвшинд ханз үсэг, дүрэм, яриа заадаг. Гэхдээ ихэвчлэн "HSK-3", "HSK-4" түвшний хичээл ордог. Мөн тусгайлсан давтлага ч өгдөг.
Өвөрмонголчууд Монголд сурахыг их сонирхдог болсон. Ялангуяа энэ онд магистр, доктороор сурахаар олон хүн ирсэн. Эрдмийн зэрэг хамгаалахад Монголд арай бага хугацаа шаарддаг, дээр нь хэлний бэрхшээл бага байдаг нь энд сурах том шалтгаан болдог. Миний хувьд Монгол оюутнуудад хэл заадаг байсан нь монголчуудтай ойр болоход нөлөөлсөн. Тиймээс мэргэжил дээшлүүлэхэд хэлний ялгаа бага учир Монгол улсыг сонгосон.
Миний цалин хоёр дахин багассан (инээв). Тиймээс ажиллах нөхцөлөө тохирч цалингаа нэмүүлэх шаардлага тулгарсан. Бас Монголын өвөл маш хүйтэн. Дотуур байрны халаалт муу учир цонх цантаж хөлдөхийг анх удаа үзсэн.
Гэхдээ Монгол бол амьдрахад амар амгалан сайхан орон. Хятадын том хотуудад хүмүүс өглөөний 04.00 цагт босч, өдрийн турш олон ажил амжуулахыг хичээдэг. Тэнд хүн амарч байвал ард нь түүнийг гүйцэх гэсэн хэн нэгэн нь үргэлж өрсөлдөж байдаг нэг талаараа их стресстэй, дарамттай.
Өвөрмонгол болон хятад хүмүүстэй харьцуулахад монголчууд сэтгэхүй, үзэл бодлын хувьд их тайван хүмүүс. Улаанбаатарт замд түгжрээнээс болж өдөрт ердөө л нэг хоёрхон ажил амждаг. Ажил амжихгүй байх, хоцрох зэргийг хүмүүс тайван, ойлгож хүлээж авдаг нь таалагддаг.
Бас хөдөө явах хамгийн сайхан. Миний хувьд Тэрэлж, Хархорин, Хөвсгөл, Элсэн Тасархайд очиж үзсэн.
Монгол хоол, махны тухай хамгийн их асуудаг. Хятадад жимс ногоо хямд, мах их үнэтэй. Харин Монголд яг эсрэгээрээ байдаг нь хүмүүст сонирхолтой байдаг юм. Өвөрмонголын мал хүний өгсөн тэжээлээр л тарга тэвээргээ авдаг болохоор амт нь муу. Монголд харин эсрэгээрээ их амттай.
Монголчууд ямар хүмүүс байдаг талаар бас их асуудаг. Хятадад Монгол улсыг буурай хөгжилтэй, ард иргэд нь бүдүүлэг бурангуй гэх ойлголт хэдэн жилийн өмнө их түгээмэл байсан. Тийм ойлголттой найзууд маань намайг Монголд магистраа хамгаалж байгааг сонсоод гайхдаг. Өөрөө ирж нүдээрээ харсан хүний хувьд хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөхийг би их хичээж байгаа. Монгол бол бүх зүйл байдаг орчин үеийн улс шүү дээ.
“Тэнгэрээс буусан Од”, “Хийморь” кинонуудыг хамгийн сайн санаж байна. Миний хувьд энэ кинонууд Монголын хөдөө, байгалийн үзэсгэлэнг үнэхээр сайхан харуулж чадсан. Бүр хөдөө явмаар, аялмаар сэдэл өөрийн эрхгүй төрсөн.
ХЯТАД, МОНГОЛ, АНГЛИ ХЭЛНЭЭС ГАДНА СОЛОНГОС ХЭЛИЙГ БИЕ ДААН СУРЧ БАЙГАА
Хятад, Монгол, Англи хэлнээс гадна Солонгос хэлийг сонирхлоороо бие даан сурсан. Одоо Япон хэл сурах бодолтой байгаа. Сайн сурвал удахгүй болох Токиогийн Олимпоор орчуулагч хийнэ. Цаашлаад Орос, Франц хэлийг сонирхож байна. Ер нь хэл сурах надад их таалагддаг.
Хамт PUBG тоглодог найзууддаа бага зэрэг Монгол хэл зааж байсан. (инээв) Хятад хүмүүс Монгол хэлийг сонсоод Солонгос, Англи эсвэл Шинжааны Уйгур хэл гэж андуурдаг.
Миний бодлоор сурч байгаа зүйлийнхээ сонирхолтой талыг нь олж харах маш чухал. Дур сонирхол бол хамгийн сайн багш гэдэг нэг Хятад үг байдаг юм. Харин сонирхол төрөхгүй бол юм сурах үнэхээр хэцүү. Шинэ хэл сурвал шинэ хүмүүс, шинэ соёлыг ойлгох чадвартай болно. Энэ нь надад эрч хүч өгдөг.
Мөн би заавал Хятад эсвэл Монгол хүнтэй гэр бүл болно гэж боддоггүй учир шинэ хэл сурвал найз залуу эсвэл ирээдүйн нөхөртэйгөө ч учрах боломж ч олдож мэднэ. (инээв)
Хятад хэл дээр зааж байгаа зүйлээ Монгол хэл дээр мэдэж авахыг хичээдэг. Бас өөрөө бие даан сурах бичигтэй ажиллаж, кириллээр шивж, гар бичлэгээ сайжруулах дасгалууд хийдэг. Бага насны хүүхдэд зориулсан сургалтын материал их хэрэг болдог.
Адил зүйлийг дүрслэхдээ бид ялгаатай үсгийг ашигладаг. Жишээ нь “алим” гэдэг үгийг бид Өвөрмонголд “алимраад” гэж ярьдаг. Дээр нь “original” гэдэг гадаад үгийг “оригнал” гэдэг шиг монголчилсон үгүүд энд их ашиглагддаг юм билээ.
Өөр нэг зүйл гэвэл Монголчууд англи үг их хольж ярьдаг. Энд ирснээс хойш миний монгол хэл их сайжирсан. Бас монголчилсон гадааг үгүүд ч таалагддаг болсон.
Төгсөөд шууд гэртээ харина гэж боддог байлаа. Гэхдээ энд хятад хэл сурах хүсэлтэй хүн их олон байна. Хэдэн жил Монголд амьдрах, сургалтын төвөө нээх талаар бодож байгаа.
ХЯТАД ХЭЛ БОЛОН ХЯТАД ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ “HSK” ШАЛГАЛТ
Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс хурдтай хөгжиж, олон улсад чиглэсэн харилцаагаа улам нэмэгдүүлж байна. Энэ их гүрний бизнес эдийн засаг, соёл урлаг, нийгэм улс төрийн харилцаа гээд бүх зүйл Хятад хэл дээр явагдаж байна. Тиймээс тус хэлийг сурах нь олон шинэ үүд хаалгыг нээх юм.
Хятадад сурах, ажиллаж амьдрахад зайлшгүй өгөх шаардлагатай хэлний шалгалт. Энэ утгаараа “HSK” нь англи хэлний “IELTS”, “TOEFL”-тэй ижил юм. Хятад хэлний багш нарын хувьд ярианы цэвэр дуудлагын өөр нэг шалгалтыг мөн өгөх хэрэгтэй байдаг.
“HSK”-ийн хамгийн дээд түвшин нь “HSK-6”. Хамгийн багадаа “HSK-4” байж сургуульд тэнцэх боломжтой болдог. Харин “HSK-5”, “HSK-6” түвшний Хятад хэлтэй хүн хүссэн сургуульдаа орж чадна.
“HSK”-д амьдрал дээрх Хятад хэлний хэрэглээний мэдлэгээс илүүтэй ханзыг таних чухал байдаг. “IELTS”-тэй адил унших, сонсох, бичих хэсгүүдтэй. Харин ярианы шалгалт өгөхийг хүсвэл “HSK-K” гэдэг тусдаа шалгалт бий. Гэхдээ үүнийг зарим сургууль л шаарддаг.
Ханз хэчнээн цээжиллээ ч Хятад хэлний дүрэмгүй бол “HSK”-д ямар ч найдвар байхгүй. Хятад хэлний өгүүлбэр зүй, найруулга нь Монгол хэлнээс ялгаатай байдаг. Монгол найруулгаар Хятад өгүүлбэр бичих алдааг хүмүүс түгээмэл гаргадаг.
Мөн хүүхдүүд дуу сурж Хятад хэлээ сайжруулахыг оролддог. Гэхдээ дуу сурах нь ханзны дуудлагыг ойлгож авахаас биш ханзыг зөв сурдаггүй. Хятадад ханз заахдаа эхлээд зөв дуудлага авиаг, дараа нь дүрс заадаг юм. Ханз сурахад зөв суурь тавих нь хамгийн чухал.
Энэ бүгдийн шалтгаан нь нэг дуудлага дээр олон өөр ханз байдагтай холбоотой. Тиймээс ханзаа зөв дуудаж чадахгүй бол Хятад хэлээр ойлголцохгүй.
Хятад хэл сурахгүйгээр зөвхөн “HSK”-д бэлдэх боломжтой. Гэхдээ шалгалт давах мэдлэгтэй боллоо ч Хятад хэлийг амьдрал дээр ашиглах чадваргүй байна гэсэн үг. Хэлийг ойлгох, хэлийг ашиглахтай холбоотой олон зүйлийг “HSK”-ээр шалгадаггүй.
Хэл сурахад хүн нэг бүрийн хурд ялгаатай байдаг. Гэхдээ тууштай хичээллэхэд дунджаар дөрвөөс зургаан сарын дотор “HSK”-ийн гурав, дөрөвдүгээр түвшинд хүрэх боломжтой.
Сурагчдадаа ханз болон Хятад хэлийг амьдрал дээр яаж хэрэглэгддэг, ямар дүрс үсэг хэрхэн үүссэнийг тайлбарлах нь хүмүүсийн сэтгэлзүйд тустай байдаг.
Хэл сурахад бага насандаа эхлэх тусмаа хурдан. Гэхдээ том болсон хойноо эхэллээ гээд өөрийгөө голж болохгүй. Анги танхимд сурч байвал бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж гутраад ямар ч хэрэг байхгүй. Өөрийгөө дайчлан хичээж, адилхан сурч байгаа хүмүүстэйгээ харилцан туслалцвал сурахад илүү амар болно.
Англи хэл, Монгол хэл сайжруулах аргатай ижил. Хэлээ байнга ашиглах, хүмүүстэй ярилцах орчинд нь байх чухал.
МОНГОЛ СУРАГЧДЫН ОНЦЛОГ
Анхан шатанд нас бүрийн хүн бий. Харин “HSK-3”, “HSK-4” зэрэг ахисан түвшинд голчлон 12-20 насныхан байдаг.
Эрээнд байхад багш маань Монгол оюутнуудыг хичээлээ бие дааж сурах, ойлгохдоо их сайн гэж дандаа хэлдэг байсан. Энд багш болж ирээд тэр үг үнэн байсныг олж мэдсэн. Ангид дурдаагүй, хоцорсон эсвэл ойлголгүй үлдсэн зүйлээ Монгол сурагчид өөрөө нөхөж мэдэхдээ маш сайн байдаг юм шиг санагддаг.
Монгол сурагчдын хувьд зөв дуудлага дээр хамгийн их ажиллах хэрэгтэй. Хөг авиа, дуудлага, уншлага ажиллагаа ихтэй байдаг. Мөн Хятад үгээр Монгол найруулгатай бичих алдаа багагүй гаргадаг.
Хүүхэлдэйн кино үзэх тун тустай. Өдөржингөө “Peppa Pig” үздэг хоёр, гурван настай дүү нар маань өөрсдөө л Хятад хэлтэй болчихсон байсан. “HSK-3”, “HSK-4”-ийн түвшинд хүрсэн хүмүүст ч хүүхэлдэйн кино нь дуудлага, ярианы дадлага болдог.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|