A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 105 | |
|
МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Клиник сэтгэл зүйч Х.Сайнсанаатай коронавурисийн цар тахлын үед айдаст автахгүйгээр сэтгэл зүйн дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа.
-Коронавирусийн халдвар тусчих вий гэсэн айдас иргэдийн дунд их байна. Айдас, түгшүүрт автаад буй хүмүүст хэрхэн сэтгэл зүйгээ удирдах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хэдэн өдрийн өмнө би маш гунигтай сэрсэн. Учир нь дэлхий яг энэ чигээрээ үлдчих вий гэж айснаас тэр. Ингэж төсөөлөх төдийд зүрх дэлсэж, бие минь нэг л сонин болж, элдэв бодол толгойд эргэлдсэн. Коронавирусээс үүдэн нийгмийн стресс, бухимдал, айдас түгшүүр ихэсч, бидний амьдралын хэв маягт хүртэл өөрчлөлт гарсаар байна.
Өмнө нь стрессээ тайлахын тулд иргэд караоке, саун, фитнесс клуб орох гэх мэт аргууд ашигладаг байсан нь хөл хорионы улмаас хязгаарлагдсан. Тиймээс эдгээр өөрчлөлттэй дасан зохицож, стрессээ зохицуулах шинэ арга барилд суралцах хэрэгцээ бий болж байна.
Мөн коронавирусийн цар тахалтай энэ үед иргэдийн бухимдал ихэсч, амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйтай холбоотойгоор жендерийн хүчирхийлэл ихэсдэг гэдэг зүй тогтол бий тухай Жендэрийн үндэсний хорооноос явуулсан сургалтаар сонссон.
-Сэтгэл зүйн хувьд байнгын айдас, түгшүүртэй байх нь ямар нөлөөтэй вэ?
-Айдас нь мэдрэмжийн нэг төрөл бөгөөд бидний амьдралд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг. Эерэг тал нь бодит аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлэх, амьдралын олон дадал зуршилд сургадаг. Өвдөх вий гэсэн айдсаас үүдэн бид тогтмол гараа угааж байгаа нь үүний нэг эерэг нөлөө юм. Эсрэгээрээ сөрөг тал нь логик сэтгэхүйг хязгаарладаг учраас зөв шийдвэр гаргах чадварыг бууруулдаг. Айдсын даавар аливаа зүйлд илүү хурдан арга хэмжээ авах нөхцөл бүрдүүлдэг бол үүний зэрэгцээ айснаар уур хилэнг бадраах болон түгшүүр, сэтгэл гутралыг нөхцөлдүүлдэг дааврууд зэрэг ялгардаг.
Иймээс бид айсан үедээ уурлах нь элбэг байдаг бөгөөд уурыг хоёр дахь мэдрэмж буюу уурын цаана заавал өөр нэг мэдрэмж байдаг хэмээн үздэг. Уурлаж байгаа хүн ямар нэг зүйлээс айж ичсэн, жигшиж бухимдсан хандлагатай. Үүнээс шалтгаалан одоогийн нөхцөл байдалд хүмүүс бусдаас зайлсхийх, бусадтай зүй бусаар харилцах тохиолдол ихсэж байгаа. Удаан хугацааны айдас нь сэтгэл санааны тайван бус байдал, түгшүүр, хар дарж зүүдлэх, амархан уурлах, хардах, эргэлзэх, идэвх буурах, уйланхай болох зэрэг нийтлэг шинжээр илэрч, цаашлаад сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэдэг.
Бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ үйлдлийг ажиглан, дуурайх замаар нийгэмших чадварт суралцаж, юунаас айх ёстойгоо ойлгон өдөр тутмын олон зан үйлд суралцдаг. Тиймээс айдас нь генээр дамжихгүй ч хүүхдэд хүчтэй нөлөөлж байдгийг эцэг эхчүүд ойлгох нь чухал юм. Айдас болон түгшүүр хүний биед зэрэг мэдрэгдэх нь элбэг ч өөр хоорондоо ялгаатай зүйлс. Юунаас айж буйгаа мэдэж, нэрлэж чадах үед айдсыг мэдэрдэг бол, юунаас айж байгаагаа мэдэхгүй, хэлж чадахгүй үед түгшүүрийг мэдэрдэг. Тиймээс түгшүүр нь бий болж магадгүй гэх ирээдүйн тухай төсөөллөөс үүдэж гардаг. Энэ нь стресс үүсгэдэг.
Мэдрэмж нь бидэнд 90-хэн секунд мэдрэгддэг ч тоохгүй өнгөрөөснөөр 90 жил хадгалагддаг
-Стресстэй нүүр тулах нь хүний биед ямар өөрчлөлт дагуулах вэ. Стресст ер нь эерэг нөлөө гэж бий юу?
-Айдас, түгшүүрийн аль аль нь стрессийн хариу үйлдэл. Гэхдээ эерэг стресс гэж байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Хүн тодорхой хэмжээний стресс мэдэрч байгаа үед ажлын бүтээмж дээшилдэг гэсэн судалгаа бий. Шалтгаан нь бидний сэтгэхүй, бүтээмжит байдал хэрэгцээ, шаардлага байхгүй тохиолдолд идэвхждэггүй аж.
Мэдээж тухайн дарамт, стрессдүүлэх хүчин зүйлс хүний хүлээж авч чадах хэмжээнээс хэтрэх үед туйлдаж, хорт зуршилд автах болон буруу шийдвэр гаргах тохиолдол ихсэх нь бий. /Стрессийн даавар буюу “кортизол” ихсэхэд цадах даавар буюу лептин ялгарах нь багасдаг учраас өлсөх мэдрэмж ихэсдэг/
Цаашлаад стрессээс үүдэн ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, нойргүйдэх, дархлаа муудаж, ханиад томуунд өртөх магадлал ихэсдэг гэсэн судалгаа бий. Тиймээс стрессийг оновчтой хэмжээнд байлгах нь чухал. 25 хүртэлх насныхан стресст илүү их өртдөг гэсэн судалгаа байдаг.
-Айдас, түгшүүрээс ангижрах ямар арга замууд байдаг вэ?
-Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлтэйгөө нүүр тул: Биднийг бага байхад уйлж, гомдож, уурлах үед “за боль, юундаа уйлсан юм” эсвэл “энийг хар даа, тэрийг хар даа” гэх мэтээр эцэг, эхчүүд сатааруулах гэж оролддог байсан. Энэ нь насанд хүрээд сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхийн оронд нуун дарж, эсвэл өөр зүйлээр сатааруулах ёстой гэсэн дадалтай болгодог.
Тиймээс өдөрт хэдэн минут ч хамаагүй яг юу мэдэрч байгаагаа анзаарч, бусдад болон өөрт хор уршиг үзүүлэхгүй байхаар мэдрэмжээ гадагшлуулахыг зөвлөж байна. Мэдрэмж нь бидэнд 90-хэн секунд мэдрэгддэг ч тоохгүй өнгөрөөснөөр 90 жил хадгалагдах магадлалтай.
Хоёрдугаарт, бусадтай ярилц: Өнөөдрийн байдлаар мэдээж урьдынх шиг хүссэн үедээ найзуудтайгаа уулзах боломж багассан ч хайртай хүмүүстэйгээ утсаар ярьж, facetime, skype гэх мэт аппликейшнуудыг ашиглан найзуудтайгаа уулзаарай.
Айж түгшсэн үедээ хумсаа мэрэх, хөлөө савчих зэрэг муу зуршлын оронд бохь зажлахыг санал болгож байна. Сонирхолтой баримтаас дурдахад бидний тархи юм идэж байх үед аюулгүй байна гэсэн дохиог мэдээлдэг бөгөөд ингэснээр сэтгэл санаа илүү тайван байдалд шилждэг.
-Энэ үед сэтгэл зүйгээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-Энгийн сонсогдож магадгүй ч зүгээр л инээмсэглэ. Бид зөвхөн баярласандаа инээдэг бус, инээмсэглэснээрээ баярлах мэдрэмжийг авдгийг судлаачид баталсан. Уурлахад үүсдэг нүүрний хувиралтыг хянан зохицуулснаар уурлах, сэтгэл гутралд автах тохиолдол хүртэл багасдаг.
-Сэтгэл зүйгээ сөрөг нөлөөнөөс ангид байлгах энгийн зөвлөгөөг өгөхгүй юу?
-Зарим өдөр зүгээр л бүх зүйлээс зугтмаар санагддаг үе бий. Сэтгэл хөдлөлөө ойлгож, тунгаан бодож, зохицуулах гэхээс илүү цагийг үр бүтээлгүй өнгөрөөхийг ч гэсэн өөртөө зөвшөөр. Бид үргэлж үр бүтээлтэй, бусдын төлөө, утга учиртай зүйлд цагийг өнгөрөөх албагүй. Өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн маш олон хүн төлөвлөсөн чухал ажлуудаа хойшлуулах шаардлагатай тулгарч байна. Үүнээс болж, хурим найр, хурал уулзалт, гадагшаа сургууль, ажилд явах гээд олон зүйлд өөрчлөлт хийх шаардлагатай болж буй. Энэ бүхнээс үүдэх харуусал, таагүй сэтгэл хөдлөлийг мэдэрч, ойлгох боломжийг өөртөө олгоорой.
Бид зөвхөн баярласандаа инээдэг бус, инээмсэглэснээрээ баярладаг
-Ийм нөхцөлд өөрийгөө тайвшруулах, сэтгэл зүйн дархлаагаа тогтвортой байлгах ямар аргууд байдаг вэ
-Иргэд хоёрдугаар сарын дундуур коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газраар явах нь багасч, хүн бүр амны хаалт зүүж байсан ч сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэн юм шиг анзаарагдсан. Гадаадад байгаа хүмүүс гэрээсээ гарч чадахгүй, өдөр бүр хэдэн мянган хүн өвчилж, олноороо үхэж, Азиудын эсрэг гэмт хэрэг ихсэж байна гэсэн мэдээллийг сонсох нь ямар их айдсыг дагуулж байгааг төсөөлөхөд ч бэрх.
Манай орон халдварын тархалт эхэлсэн үеэс зөв арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд бид түр зуур айдсыг мартаж, нөхцөл байдалтай дасан зохицож байгаа нь ирээдүйд үүсч болзошгүй бодит аюулыг ихэсгэх боломжтой юм. Тиймээс сонор сэрэмжээ алдалгүй, эмч мэргэжилтний зааварчилгааг даган мөрдөж, сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, айдсыг зөвөөр даван туулах чадварыг өөртөө бий болгох нь чухал гэдгийг хэлмээр байна. Стрессийн дааврыг багасгах гол хүчин зүйл нь дасгал хөдөлгөөн хийх. Идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг тасралтгүй 30 минутаас илүү хугацаанд хийхэд стрессийн даавар буурдаг учраас дархлаагаа ч бас дасгал, хөдөлгөөн хийж дэмжих боломжтой.
Миний асуудал уу, бусдын асуудал уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. “Ахын маань бизнес яаж байгаа бол, гадаад байгаа дүү маань ирэх болов уу” гэх мэтээр бусдын төлөө айж, сандрах тохиолдол олон. Гэхдээ бид өөрсдийгөө сэтгэл санаа болон бие махбодын хувьд эрүүл байлгасны үр дүнд бусдад тусалж чадна гэдгийг санаарай.
Иймээс сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмжийг удаан хадгалж, айдас, түгшүүрт автсан бол цаг алдалгүй мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авснаар аливаа муу үр дагавраас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг анхаараарай. "Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн", "Сэтгэл судлалын үндэсний төв", "Focus on the family" (Гэр бүл анхаарлын төв), "СЭМҮТ" зэрэг байгууллагууд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотой үнэгүй онлайн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, хэрхэн тайван байх тухай мэдээ мэдээллийг түгээж байна.
-Хүмүүс үүсээд буй нөхцөлтэй холбоотойгоор янз бүрийн хар, бараан мэдээлэл хүлээн авч бүх зүйлийг сөргөөр хүлээн авч, ургуулан бодож хямраад байх шиг. Иргэд ямар утга агуулга бүхий мэдээллийг илүү их хүлээн авч, айдаст автаж буй талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Олон нийтийн сүлжээнд хандах хугацаа болон коронавирустэй холбоотой мэдээ, мэдээлэл дамжуулах эх сурвалжийг хязгаарлах хэрэгтэй. Сөрөг мэдээллээс үүдэн иргэдийн дунд коронавирус тусчих вий гэсэн айдас их бий. Мөн коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийн улмаас үүсч буй ажлын байрны цомхтгол, зээлийн төлөлт зэрэг шууд бус хамааралтай айдас ч их байна.
Мөн хөл хорионоос үүдэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор гэрээсээ ажиллаж буй хүмүүс ихэссэн. Гэрээсээ ажиллаж буй эцэг эхчүүдийн стресс, цахим хичээл үзэж буй оюутан сурагчид болон төгсөх ангийн сурагчид энэ жил сургуулиа төгсөж чадах болов уу гэх айдас, уур бухимдал их байна.
-Ярилцсанд баярлалаа.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|