• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    123   |  
0
#ChernobylHBO #MungunReviews #NoSpoilers

“Яруу найргийг зөв орчуулбал уран биш, уран орчуулбал зөв биш” гэдэг үг түүхэн кино жанрын “Баримтууд” чухал уу, “Өгүүлэмж” чухал уу гэдэг ярвигтай асуудлыг яг оноод хэлчихжээ. Хүний бодол сэдлийг өдөөх уран сайхны арга хэрэгслүүдээ хойш тавьж баримтаа чухалчлах уу, эсвэл уран сайхнаа чухалчилж киноныхоо “түүхэн” гэх үнэ цэнийг алдах эрсдэл гаргах уу гэдэг асуудлыг хэрхэн тэнцүүлэхээс түүхэн киноны амжилт шууд хамаардаг юм шиг санагддаг. Гоо сайхан, эсвэл үнэн зөвөө алдсан олон олон орчуулга дунд Пушкины “Алтан загасны үлгэр” хөрвүүлэг гайхамшиг байдаг шиг, түүхэн баримт болоод уран сайхны өөгүй зохицол болсон “Chernobyl” цувралыг үзэх нь гайхам сайхан байлаа.

HBO”-ийн “Chernobyl” нь XX зууны хамгийн их гарз хохиролтой цөмийн сүйрэл болох 1986 онд болсон Чернобылийн цөмийн цахилгаан станцын ослын талаар таван ангит түүхэн цуврал юм.

Гол дүрүүд болох эрдэмтэн Легасов, ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэд дарга Щербина нар. Бодит бичлэг, жинхэнэ фото зургуудыг цуврал оновчтойгоор дахин бүтээжээ

Миний хувьд Чернобылийн талаар 10 жилийн түүхийн хичээл дээр BBC-ийн баримтат кино үзэж, энэ явдлаас сэдэл авсан зөгнөлт видео тоглоом байдгийг гадарлахаас хэтрэхгүй хамгийн наад захын ойлголттой энгийн үзэгч юм.Тиймээс Зөвлөлтийн үеийн зартай томоохон хэрэг явдлын талаар илүү ихийг мэдэж авахын зэрэгцээ барууны уран бүтээлчид энэ асуудлын хэр гүнд нь орж хэрхэн тусгахыг үзэх нь тун сонирхолтой байлаа. 

Цувралаас хамгийн эхэнд анзаарагдах зүйл бол туйлын үнэмшилтэй амьдрал ахуй, уур амьсгал байв. Нэгэн хэвэнд цутгасан дүнсгэр саарал нийтийн орон сууцууд, гудамжаар явах УАЗ-469 машин, улаан бүчтэй сурагчид, намайг багад ч гэрт байсан эргэдэг дисктэй цахилгааны тоолуур гээд бүх зүйл нэг л танил санагдана. “Chernobyl”-ийг үзэж байгаа хүн 1986 оны социалист орны ердийн гэмээр тэр хотод ямар ч төвөггүй уусна. Уусах уусахдаа, тухайн үеийн жинхэнэ дуу бичлэгүүд цувралын дундуур үе үе сонсогдох төдийд дүрүүд хоорондоо оросоор биш англиар ярьж байгааг анзааран санаж байв. Уран бүтээлчид нь итгэл төрүүлмээр, үнэмшилтэй дүрийг бүтээж чаджээ.

Chernobyl” нь нэг хотын талаар бус, нэгэн хүчирхэг тогтолцооны доройтлын талаар цуврал юм

Ер нь энэ киноны уур амьсгал цувралын олон гайхалтай амжилтуудын нэг. Сүрлэг томүзэгдэл, эсвэл ахархан хором мөчүүдийг харуулсан зураглалууд, харагдах байдлаараа л баяр хөөр, аймшиг гутралын мэдрэмжийг өдөөж хүчтэй сэтгэл хөдлөл үүсгэх хэсгүүд ч цөөнгүй. Зураг авалт нь бодит бичлэг, зургуудыг зохиомждоо хадгалсан байсан нь түүх сонирхогчдод таалагдах байх.

Гэхдээ ертөнцийг нь сайн бүтээжээ гээд кино өөрөө сонирхолтой дүр, үйл явдалгүй бол ямар хэрэг байхбилээ. Хямралыг зохицуулахаар томилогдсон эрдэмтэн Легасов, ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэд дарга Щербина мөн Чернобылийн ажлын хэсэгт байсан хэдэн арван мэргэжилтнүүдийн төлөөлөл болох Хомюк нар нь цувралын гол дүрүүд юм. Эхэн үед тэдний шийдвэрлэхийг чармайх үндсэн асуудал нь гамшгийн шууд үр дагаврууд байх бол, энэ нь яваандаа гамшгийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгосон тогтолцооны эсрэг тэмцэл зөрчил болон хувирна.

Цацраг идэвхжлийн хордлого нүд халтирмаар боловч харц салгахын аргагүй. Цуврал бодит байдлыг дэлгэн харуулахаас айдаггүй боловч ямар нэгэн утга санаагүй өвчин зовлонг үзүүлэхээс мэдрэмжтэйгээр зайлсхийдэг

Төвлөрсөн төлөвлөгөөт засаглалын нөр их хүн хүчийг хөдөлгөх чадамж нь хямралын эсрэг тэмцэхэд гайхан биширмээр. Гэхдээ энэ цувралд цөөн хэсэг бүлгийн эрх ашигт үйлчлэх аугаа “Төмөр нүүрт төрийн машин”-ы нэгж эрэг шурга байх ямар байдгийг Чернобылийн иргэд, цэргүүд, ажилтнуудын нүдээр харах боломжтой. Түүнчлэн оросуудад (бас монгол хүмүүст) ховор боловч хааяа анзаарагддаг “эх орон, ард түмэн” буюу их хэргийн төлөө өөрийгөө золиосолдог өвөрмөц хандлагыг ч “Chernobyl” цуврал сэтгэл шимширтэл дүрсэлжээ. 

Тогтолцооны элементүүд хоорондоо харшилдах хүмүүсийн зөрчил тэмцлийн зэрэгцээ цөмийн энерги буруугаар эргэвэл ямараймшигтай үр дагаварт хүрч болдгийг энэ цуврал зүрхэнд шар ус хуртал үзүүлж чадсан байна. Арьс нь үрэвсэн улайхаас эхлээд амьд хүний бие харлан ялзарч амьд зомби болохыг ч харна. Гэхдээ киноны уран бүтээлчдийн зүгээс эдгээр асуудалд тунг нь хэтрүүлэлгүйгээр хүндэтгэлтэй хандаж байсан нь таалагдсан. Дээр нь нэмээд цөмийн эрчим хүчийг хэрхэн гаргаж авдгаас эхлээд цацраг туяа яаж ажилладаг гэдгийг энгийн хүн үзээд сайн ойлгодоггүй юмаа гэхэд сайн гадарладаг болохоор муугүй тайлбарлажээ.

Цуврал өнгөн дээрээ социалист нийгэмд өрнөх боловч алдаа дутагдалтай дэндүү олон зүйл нь бидний одоогийн аж байдлын оновчтой тусгал байв

Хөгжим болон дуу шуумыг дурдахгүй байхын аргагүй. “Chernobyl”-ын хөгжим ашиглах хандлага нь Монгол киноны хөгжмийн хандлагын яг эсрэг нь. Орчин үеийн Монгол кинонд сэтгэл хөдлөлийг хүчээр шахаж, хөгжмөөр “зоддог” бол “Chernobyl”-д хөгжмийг бага хэмжээгээр ашиглажээ. Цөөн хэлбэлзэлтэй, жинтэй аязууд нь зураглалтайгаа хослон айж түгших, цөхрөх, гуниглах мэдрэмжийг төрүүлж чадсан байна. Харин цацраг идэвхжилт хэмжигчийн шаржигнаан, маскны цаанаас сонсогдох хүмүүсийн түргэн амьсгал, тоног төхөөрөмжүүдийн хөдөлгөөн гэх мэт элдвийн чимээ нь киноноос төрөх мэдрэмжийг улам хүчтэй болгож энэ ертөнцөд амь оруулна.

Нэмж дурдахад цувралыг үзэхэд сонирхолтой байлгахын зэрэгцээ, түүхэн бодит байдлыг бүтээхийн тулд хэрхэн хичээсэн, аль хэсгүүдийг ямар бодлоготойгоор оруулсан эсвэл хассан бэ гэдгийг киноны продюсер, зохиолч нь подкастаар дамжуулж илэн далангүй яриа өрнүүлсэн нь их таалагдсан. Таван цагийн турш цувралыг үзэж дуусгаад, таван цагийн подкастыг сонсоход түүхэн үйл явдлын талаар ч, кино бүтээх үйл явцын ч талаар ч нэгэн цогц мэдлэг, мэдээлэл, сонирхолтой мэдрэмжийг олж авсандаа баяртай байна.

Туслах дүрүүдийн адал явдал нь гол дүрүүдийн тив дэлхийн асуудалтай харьцуулшгүй жижиг мэт боловч тэдний бичил ялалтууд, бага гэлтгүй зовлон бэрхшээлүүд нь “Chernobyl” цувралыг хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүх болгожээ

Миний хувьд “Chernobyl”-оор социализм, эсвэл оросуудыг сөргөөр дүрслэх гэсэнгүй. Харин бүтэн тивийг сүйтгэх дөхсөн Чернобылийн их гамшгийн талаарх энэ кино нь одоо үед бүтэн гарагийг хүн амьдрах нөхцөлгүй болгож болзошгүй дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол, ундны усны хомстол гэх мэт асуудлын талаар өгүүлэх кино байлаа. Асар их баялгийг цөөхөн хүн хүртдэг үр дүнгүй засаглал, эд хөрөнгө эрх мэдлийн улам бүр өсөн нэмэгдэх тэнцвэргүй байдал,тогтвортой хөгжих боломжгүй алдаатай нийгмийн тогтолцоо зэрэг нь зөвхөн социализмын үзэгдэл биш юм гэдгийг энэ цувралыг үзсэн хүмүүс хэлж чадах байх. “Chernobyl” цуврал нь өнгөрснийг сонирхолтойгоор өгүүлэхийн зэрэгцээ бодит асуудлыг хамгийн дээд боломжоор нь үзүүлжээ. Мөн одоогийн бидний нийгэм, аж байдлыг хурцаар харуулсан нь түүх сонирхдоггүй хүмүүст ч таалагдах болов уу.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Түүхэн баримт, бодит нөхцөл байдлыг харуулахсонирхолтой дүр, ойлгоход хялбар өгүүлэмж, одоогийн нийгмийн нөхцөл байдалд туйлын хамааралтай утга санаатай уялдуулсан онц сонирхолтой цуврал.Түүхэн үйл явдлыгорчин үед хамааралтайгаар нь уран сайхны байдлаар үзүүлэх “алтан стандарт”. 

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

HBO-д бүртгэлгүй. Үзэхэд зарцуулсан хугацаандаа сэтгэл хангалуун байна. Подкастыг нь хүртэл сонсож дуусгасан.

+ Хүний мөнхийн мөн чанар, одоогийн нийгмийн асуудлын амжилттай дүрслэл (theme)
+ Бодитой, “амьдралтай” хийц (production design)
+ Жинхэнэ сэтгэл хөдлөл төрүүлсэн маш сайн өгүүлэмж (directing & storytelling)
+ Жинтэй, цөөн хөгжим ашиглалт
+ Элэг эмтэлж, шар үс босгом дуу чимээнүүд (sound design)
+ Байнгын түгшүүртэй, эгзэгтэй байдал (tension & atmosphere)
+ Сэтгэл татам дүр                  
+ Ойлгомжтой тайлбарласан шинжлэх ухаан 
+ Шаардлагатайгаасаа удаан үргэлжилдэг хэсэг байхгүй (pacing)
+ Барагтай анзаарагддаггүй компьютер график (CGI)
+ Үнэмшилтэй нүүр хувиргалт (make-up)

- Түүхийг уран сайхан руу хөрвүүлсэн зарим шийдвэртэй нь санал нийлэхгүй

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ