• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0
#ӨндгөнТолгойтМУСК #NoSpoilers #MungunReviews

Намар болохтой зэрэгцэн “шинэ ургацын” Монгол кинонууд нээлтээ хийж эхэллээ. Энэ зун манай уран бүтээлчид ямар кино хийгээ бол? Хэдхэн сарын өмнө “Диваажинд хүрэх зам” нэртэй сайн Герман киноны базаахгүй Монгол “орчуулга” байсан гэдгээс бусад нь мартагдсан нэгэн киноны талаар сэтгэгдлээ бичиж байсан юм. “Өндгөн толгойт” киног бодоход хүргэсэн шалтгаан нь хоёр кино адилхан сошиалд эрэлттэй хүмүүсийг гол дүр болгож, адилхан хорт хавдрыг үндсэн асуудлаараа сонгож, адилхан хоёр эрийн нөхөрлөлийн талаар байсных юм. Үндсэн өгөгдөл нь хамаатнууд шиг төстэй санагдсан хоёр кино 2019 оныг хорт хавдрын жил билүү ч гэж бодогдуулав. Энэ давхцал эсвэл зүгээр л нэгэн үеэрээ Солонгосын олон ангит кинонд живснийх байх…

“Өндгөн толгойт” нь хорт хавдартай, нэгэндээ шинэ элэг шилжүүлэн суулгахаар бүтэлгүйтэж яваа хоёр найзын талаар өгүүлэх инээдмийн монгол кино юм. Амжилттай яваа жүжигчин найзууд гэнэтийн зовлонд арга мухардаж, донор болох эцсийн найдвар хөдөөний хамаатан дээрээ очсоноор үйл явдал өрнөдөг.

Сонгож үйлчлүүлсэн "Өргөө" кино театрын вэб хуудаст киноны талаар мэдээлэл тун хангалтгүй байв. Найруулагч, жүжигчид, продюсерийн нэр байх боловч дээр нь дарахад энэ хуудас л дахин гарч ирж байлаа

Шинээр гарч буй монгол киног аль болох бүгдийг үзэх зорилт тавьснаас хойш нэг найруулагчийн хоёр дахь киног үзсэн тохиолдол анх удаагаа болов. Энэ сэтгэгдлийн гол сэдэв “Өндгөн толгойт”-ын найруулагч Ц.Амартүвшин хоёрхон сарын өмнө нээлтээ хийсэн “100 жилийн эморол” киног мөн найруулж байжээ. “100 жилийн эморол”  кино нь сонирхолтой үүдэл санаатай боловч тайзны хошин шогийн явцгүй хандлагаа хэзээ ч орхиогүй бөгөөд санаанд үлдэх зүйлгүй тиймхэн кино байсан талаар бичиж байсан билээ. Өмнөх кино нь онц санагдаагүй найруулагчийн дараагийн оролдлогод шинэчлэл сайжрал ажиглагдах болов уу хэмээх битүүхэн найдвартайгаар “Өндгөн Толгойт”-ыг эхлүүлэв.

Киноны “мах”-руу орохын өмнө энд реклам, маркетингийн ажил үнэхээрийн нойл байсныг зайлшгүй дурдах хэрэгтэй. “Өндгөн толгойт” нь монгол киноны дэндүү тулгаж нээлтээ зарладаг уламжлалыг бурхны сургаал мэт сахиж, туйлын учир битүүлэг нэр, ойлгомжгүй тайлбар гэсэн угсраа дархан мэхээ тултал нь хийжээ. 

Эдгээр meme-үүдэд дэвшүүлсэн санаануудын адилаар киноны талаар хүлээлт доогуур байв. JustMongolianthingsKhalkha Meme

Энэ долоо хоногт алдарт Тарантиногийн “Once Upon a Time In Hollywood”-г үзнэ гэдгээ аль хоёр сарын өмнөөс төлөвлөөд байтал өнгөрсөн долоо хоногт л сураг нь гарсан “Өндгөн толгойт” хүсээгүй хүүхэд шиг гэнэт гараад ирэв. Гэхдээ төлөвлөгдсөн ч бай төлөвлөгдөөгүй ч бай хүүхэд хөөрхөн байдаг бол, нэр нь сонирхол татахуйц биш, зургийг нь хараад ч үзэх сэдэл оволзуулахааргүй энэ кино өөрийгөө тунхаглан зарлахыг даанч хичээсэнгүй.

Над мэт киноны хоббитой, дандаа кино үздэг “ажил”-тай биш л бол дэндүү тулж зарласан, дэндүү нууцлаг, гэнэтийн монгол кино нь Холливуудын хүлээлтээ хэдийнээ үүсгэсэн далай даян дархан аварга франчайз, найруулагч, студиудад цөм цохиулж байна. Энэ долоо хоногт ганцхан шинэ кино үзэх мөнгөтэй хүн сураггүй “Өндгөн толгойт”-ыг сонгох уу, хэдэн сарын өмнөөс зарлагдаж Брэд Питээр зургаа тахлаж мань Тарантиногоор овоглосон шинэ киног үзэх үү гэвэл хариулт тодорхой. Монгол кино хүлээлт үүсгэхгүй, нүд бүлтийлгэж чих соотойтол өөрийгөө зарлан тунхаглахгүй байна. Хүн тогтож үздэг эсэх нь эргэлзээтэй телевизийн хэдэн нэвтрүүлэгт уран бүтээлчдээ шахах нь хүртээмж муутай бас хангалтгүй болов уу.

Кино эхлэв. Киноны талаар бүрхэг харанхуй ойлголттой байснаас нэг хэсэгтээ юу үзээд, юу болоод байгааг сайн ойлгосонгүй. Ямар сайндаа энэ кино нь ижил хүйстэн хоёр залуугийн хайрын түүхийн талаар юм байна гэж эхний 10 гаруй минутанд бат үнэмшсэн байхав. Яг юу болох гээд юу болоод байгаа нь ойлгомжгүй байдал энэ киноны турш үргэлжилдэг.

Хоёр цагийн турш үргэлжлэх киноны сүүлийн хагаст үйл явдалд төдийлөн хамааралгүй, авцалдаагүй зүйлсийн тоо эрс нэмэгдэв

Дийлэнх монгол кинотой харьцуулахад “Өндгөн толгойт”-ын үйл явдал галзуу хүний өдрийн тэмдэглэлээс лотогоор сугалж гаргаж ирсэн юм шиг байх нь харьцангуй цөөн боловч, бараг хоёр цагийн турш үргэлжлэх киноны хагаст нь хүрээд үндсэн зохиол нь дууссан юм шиг санагдсан. Үлдсэн хагасыг хүчээр дүүргэх гэж оролдсон зүйлс нь толгойгоо тастуулсан тахиа хүссэн зүгтээ зугтаахыг санагдуулах бөгөөд 13+ насныханд гэж зарласан кинонд амьд адууны бэлэг эртхнээс эхлээд биеэ үнэлэгч хүүхэн хөдөөнөөс ирсэн хүнд гар утасны тоглоомын талаар тайлбар тавих зэрэг шаардлагатай байсан эсэх нь туйлын эргэлзээтэй цөөнгүй хэсэг байв.

Hangover”, “American Pie”, “Dumb and Dumber” зэрэг найзуудын талаар өгүүлэх барууны инээдмийн кинонуудад хачин сонин зүйл болдог нь дандаа үр дүнтэй байдаггүй ч тэдгээр зүйлс нь хэтэрхий сунжирдаггүйн дээр, ядаж зохиол нь ямар нэг байдлаар үйл явдалтайгаа холбоотой байдаг. “Өндгөн толгойт”-ын олон илүү ургацаг нь шинэ элэггүй бол хэзээ мөдгүй кино дуусчих гээд байгаа “яаралтай” үндсэн үйл явдлаа минут тутам нам зогсооно. Тал хэсэгтээ очоод яахаа мэдэхээ больсон киноны зохиол цагаа дүүргэхийн тулд бүх зүйлийг удаашруулж, хошин шогийн үзэгдлүүдийн цуглуулгаар нөхөх оролдлого хийсэн юм шиг мэдрэгдсэн. Бүрэн хэмжээний кино байх хэмжээнд дүрүүд болон тэдний тэмцлийг хангалттай харуулаагүй бөгөөд, хагас дутуу санаатай дутуу дулимаг гүйцэтгэлтэй хэсгүүд олон байлаа.

Тайзны хошин шогийн “Хөдөөний мангар”-ын дүр 2019 оны кинонд наалдах боломжгүй үеэ өнгөрөөсөн дүрслэл болжээ

“Өндгөн толгойт”-ыг би буруу үзээд байна. Энэ бол тархиа унтраагаад зүгээр л зугаацах ёстой стресс тайлагч “мангар” жанрын кино юмуу гэхээр хүнд өвчин, хүмүүсийн харилцааны ээдрээ, итгэлцлийн талаар хэрүүл хашхираанууд тогтмол давтамжтайгаар хачирлагдан оржээ.

Харин гол дүрийн хоёр залуугийн жүжиглэлт хаа очиж муугүй байв. Сайнаар хэлбэл Оросын “ХБ” /Харламов и Батрутдинов/, Америкийн  “Key and Peele” киноноос үлгэр жишээ авсан, муугаар хэлбэл шууд болон шууд бусаар хусчихсан гэх зүйл цөөнгүй. Тэдний “+17  цуврал”-ын ганц хоёр хэсгийг үзээд cringy буюу ядчихсан бас өмнөөс нь ичиж зовмоор цуврал юм гэж тогтсон доогуур хүлээлттэй харьцуулахад Жижгээ болон Цогтоо, ялангуяа Цогтоогийн дүр давгүй үнэмшилтэй байлаа. Баяр наадмаар видео сангаас худалдаж авсандаа харамсдаг “Монголд нэг удаа”-гийн адилаар “+17  цуврал” нь тайзны хошин шогийн улиг болсон cringy элементүүд дагтаршин тогтсон байдаг ч, гол дүрд тоглосон хоёр жүжигчинд хэтэрхий эрт итгэл алдарч буруу бодож байснаа анзаарав. 

Киноны эмэгтэй дүрүүд "Секс-обьект", "Доог тохууны бай", эсвэл "Хэрүүл уруулын тэнгэр" гэх мэт нэг хэмжээст цөөн ангилалд хуваагдаж байв

Харамсалтай нь хамгийн том туслах дүрийн жүжигчин Алтаншагайгийн “хөдөөний мангар”-ын дүр дэндүү үеэ өнгөрөөсөн дүрслэл гэдэг нь секунд бүрт мэдрэгдэж байв. Түүгээр ч үл барам цувралын дундуурх царайг нь будлихаар олон тооны эмэгтэй дүрүүд нь секс-обьект, доог тохууны бай, эсвэл хэрүүл уруулын тэнгэр гэх мэт нэг хэмжээст “хүнэнцэр”-ийн байдлаас огт давсангүй.

Зураг авалт, дуу чимээний чанарын хувьд монгол кино хэдэн жилийн өмнө анзаарагддаг байсантай харьцуулахад давгүй сайжраад байгаа трэнд энд ч үргэлжилж байна. Онцолж хэлэхээр бүтээлч зураглал байхгүй ч олон дахин давтагдсан монтаж ховор, санаанд үлдэх аяз саундтрекгүй ч чих “хүчирхийлдэггүй” бага хөгжим, орчноосоо ялгарч тод сонсогддог ярианы чанар зэрэг нь энэхүү уйтгартай киног тэсвэрлэхэд туслалцаа үзүүлж байв. Товчхондоо, монгол киноны техникийн гүйцэтгэл нь монгол зохиолч найруулагчийн чадвараас хол давжээ.

Монгол кино маань кино шиг харагддаг, кино шиг сонсогддог болж байна. Гэхдээ хүний сэтгэлийг хөдөлгөх, бодлыг өдөөх, ухаарал хайрлах, зоримог санааг дэвшүүлэх кино урлагийн мөн чанар одоо болтол үгүйлэгдсээр. Их хотын намрын бужигнаан дунд ашгаа өгөх зуны гурван сард бүтээсэн түргэн-хоолнууд айсуй.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Маркетинг нь ямар ч сонирхол төрүүлээгүй энэ кино бодсон шиг тийм ч аймшигтай муу биш. Зураг авалт гоочлох зүйлгүй, дууны чанар боломжийн. Гэхдээ зуун задгай зохиол, сонирхолтой ч биш, инээдтэй ч биш олон хэсгүүдийг сунган сунжруулах нь хүнийг залхаана.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Тийм. Киноноос юу ч олж аваагүй.

 

+ Дууны чанар. Ярианууд цэвэр тод сонсогдож байв
+ Кинондоо ахдаагүй, бараг анзаарагддаггүй хөгжим
+ Хоёр эрэгтэй гол дүр муугүй жүжиглэсэн

- Маш муу маркетинг
- Талдаа очоод дуусчихдаг хагас дутуу зохиол
- Ямар ч нюансгүй хорт хавдрын дүрслэл
- Сонирхол татах жинхэнэ зөрчил байхгүй
- Кинонд юу ч нэмдэггүй, зорилгогүй, учир утгагүй хэсгүүд
- Авцалдаагүй, сунжруу, удаан үйл явдал
- Үеэ өнгөрөөсөн “хөдөөний мангар”-ын дүр
- Өөдтэй, хүчтэй эмэгтэй дүр нэг ч байхгүй, бараг бүгд секс-обьект
- 13+ насны гэсэн мөртлөө сургамжтай, хэрэгцээтэй өгүүлэмж огт үгүй
- Дүрүүдэд тусалдаг гэнэтийн зүйлстэй төгсгөл (deus ex machina)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ