• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0
“Once Upon a Time in Hollywood” (2019) – #NoSpoilers - Тарантиногийн эргэцүүлэмж

Монголын түүхэн сэдвүүдийг дэлхийд тоогдсон найруулагчдад даалгавал ямар “тасарчихсан” кинонууд гарах бол гэж хааяа боддог юм. Энэхүү амаргүй сорилтыг биелүүлэх “Мөрөөдлийн баг”-ийн гишүүдийн тоонд найруулагч Квентин Тарантино зүй ёсоор багтах болов уу. 

Түүний бүтээлүүдээс илэрхий харагддаг хурц харилцан яриа, өнгөлөг дүрүүд, хэвшмэл ойлголтыг эвдсэн аймшиггүй зоригтой зохиол, амьсгал авахын аргагүй эгзэгтэй нөхцөл байдлуудыг Тэмүжин Боорчи хоёрын найман шарга морьдыг хөөх адал явдалтай эвцэлдүүлбэл... Гал дүрэлзсэн өшөө авалт, эрчүүдийн сайхан нөхөрлөлийн талаар western жанрын цахиур хагалсан ганц сайхан кино гарчихмаар санагддаг юм. Харамсалтай нь Тарантино Монголын сэдэвтэй бүтээл туурвихгүйгээс хойш түүний шинэ киног үзэв.

Once Upon a Time in Hollywood” нь 1970-аад оны Холливуудад нэр хүнд, хөрөнгө мөнгөний эрэлд яваа алдрынхаа оргилоос уруудаж буй хижээл насны телевизийн жүжигчин (Leonardo DiCaprio) болон түүний сайн найз, орлон тоглогч (Brad Pitt) нарын адал явдлын талаар өгүүлдэг.

Брэд Пит, Леонардо Дикаприо хоёрын жүжиглэлт ямарч эргэлзээгүйгээр энэ киноны хамгийн шилдэг хэсэг нь

Миний хувьд найруулагч Тарантиногийн өмнөх есөн киног бүгдийг нь үзсэн бөгөөд тэр дотроос гэмт хэрэгтнүүдийн талаар дэлгэдэг “Pulp Fiction” (1994) болон II дайны үеийн Францад өрнөх явдлыг харуулсан “Inglorious Basterds” (2009) нар хамгийн их таалагддаг билээ. Тиймээс бишрэн хүндэлдэг найруулагчийн энэхүү шинэ бүтээлд чамгүй өндөр хүлээлттэй байсан гэж хэлж болно.

Кино эхлэхэд 1969 оны Лос Анжелесын буцалсан амьдрал яг л ийм байсан болов уу гэмээр сэтгэгдэл төрөв. Хүмүүс, байшин барилгууд, машинууд гэх мэт нүдэнд шууд харагдах зүйлсээс эхлээд, хүмүүсийн биеэ авч явах байдал, хөгжим, өнгө дизайн нарийн чамин зүйлс ч яг л 70-аад оны бодит мэт бум бужигнасан дүр зураглалыг цогцлоосон байна. Ямар ч цаг үеийн амьдрал үйл явдалд үзэгчийг уусгаж чаддаг Тарантиногийн онцгой чадвар урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй болоо юу гэмээр ажээ.

1969 оны Лос Анжелес. Ямар ч цаг үеийн амьдрал үйл явдалд үзэгчийг уусгаж чаддаг Тарантиногийн онцгой чадвар урьд урьдынхаасаа ч илүү хүчтэй болоо юу гэмээр ажээ

Өөлөх зүйлгүй зураг авалт, дуу хөгжмөөс гадна энэ ертөнцийг улам ч үнэмшилтэй болгох зүйлс нь шилдэг жүжигчид байв. Леонардо Дикаприо, Брэд Пит мөн бусад алдартай жүжигчдийн дэлгэцийг эзэмдэх байдал нь хаваржин үзсэн Монгол кинонууд болон зунжин залхаасан Америк кинонуудтай харьцуулахад кино урлагийн тэс өөр түвшин байлаа. Харамсалтай тэдгээр мэргэжлийн шилдгүүдийг кинонд дутуу ашигласан мэт санагдав. Гол дүрийн хоёроос бусад нь киноны үйл явдалд төдийлөн ач холбогдолгүй ажээ. Эдгээр зүйлийг бодох зуур киноны үйл явдал үргэлжилсээр. Бүтэл муутайхан яваа Дикаприо, түүний эмзэгхэн далбаан дор өдөр хоногийг аргацааж байгаа найз/туслах/жолооч Пит нар тус тусын бартааг туулна.

Найруулагч Тарантиногийн кинонуудын хэмнэлийг галзуу хулганатай зүйрлэж болох юм. Сэтгэл догдлуулсан алгуурхан өгсөлт, адреналин ялгаруулах тэсрэлттэй их хурд, сэтгэл хөөргөх эрчилдэн сүлжилдсэн зам, тэгээд эцэст нь маш өндөр сэтгэл ханамжийг “Тарантиногийн” гэсэн кинонууд агуулдаг.

Margot Robbie. Гайхалтай хийцийг үзүүштэй жүжигчидтэй хослуулсан боловч үйл явдал удаан, ихэнх дүрүүд "хаашаа ч явсангүй"

Харин “Once Upon a Time in Hollywood”-н хамгийн сонирхол татам хэсэг нь эхлэл нь байсан бөгөөд, хүсэж хүлээсэн эрчлээ, галзуу хурд, дахиж амтлахыг хүсэх кайф дийлэнх хэсэгт олдсонгүй. Кино дүрүүдээ мөн тэдэнд тулгараад байгаа асуудлуудыг хангалттай танилцуулсан ч үйл явдал нь хэзээ ч эрчээ аван хурдлахгүй бөгөөд хоёр цаг 40 минутын үргэлжлэх хугацаа нь сунжруу санагдав.

Мэдээж найруулагч 70-аад оны АНУ-ын нийтийн соёл, Хиппи соёл, мөн шашны гажиг урсгалыг дагагчдын бодит хэргүүдийг зүгээр ч нэг онцлоогүй нь тодорхой. Мөн утгын хувьд Холливудын соёл, жүжигчний амьдрал, үзэгч хэрэглэгчдэд ямар “үлгэр жишээ” болж байна вэ гэдэг талаар зохиолчийн өөрийн бодол эргэцүүлэл гэмээр зүйлс яригдаж буйг муухан гадарлаж байв. Гэхдээ эдгээр зүйл нь Америк соёлоос хол, супер одуудын амьдралаас ангид, 70-аад оны шашны гаж хөдөлгөөнүүдтэй цаг үеийн хувьд ч танил биш дийлэнх үзэгчид хамааралтай эсвэл сонирхолтой байсан эсэх нь эргэлзээтэй.

“Once Upon a Time in Hollywood”-ын битүү утга нь нэг талдаа киноны салбарын мэргэжилтнүүдийн л ойлгох нарийн хүрээний хошигнол шиг, нөгөө талдаа Оскарын шагнал гардуулах ёслолд жилийн жилд дэвшиж байдаг Холливудын өөрөө өөрийгөө сайшаан магтсан утга өгүүлэмж багатай кинонуудтай төстэй санагдав.

Мэдээж найруулагч Тарантино дэлхийн хаа нэгтээ байгаа монгол үзэгчийн сэтгэхүйд зориулан кино хийх албагүй. Бүх хүнд таалагдах бүтээл хийх гэж хичээх нь ч утгагүй. Уран бүтээлч хүн өөрийн ур чадварыг ашиглан ямар зүйлийг онцолж, юуг дүрслэх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал билээ. Энэ кинонд миний ойлгоогүй, ухаарах болоогүй, эсвэл оюун бодолдоо хэзээ ч харахгүй зүйлс олон байгааг үгүйсгэхгүй. Гагцхүү уг уран бүтээлчийн фэний хувьд “Once Upon a Time in Hollywood” нь түүний шилдэг бүтээлүүдийн нэгэд тооцогдохгүй болов уу хэмээн бодогдов.

TL;DR/Хураангуй хувилбар:

Style = Yes! Payoff = Meh.
Тарантиногийн киноны олон салаа асуудал эцсийн цэг дээрээ очоод бүүр нэг кайфтай тэсэрдэг дээ? Сунжирч сунжирч, дуншиж дуншиж ирсэн тайлал төгсгөл нь үүсгэсэн хүлээлтийнхээ хаана нь ч хүрсэнгүй. Charles Manson эсвэл Tate-нхны аллага /Tate Murders/ гэж сонссон уу? Хэрэв хариулт нь “Үгүй” бол энэ кино ямар ч утгагүй санагдана.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 
Муу кино байгаагүй ч театрт үзсэний хэрэг гарсан уу гэвэл эргэлзээтэй. Сонирхолтой зүйл болдоггүй учраас удаан бас сунжруу санагдав.Төгсгөл нь сэтгэлд огт хүрээгүй.

+ Яг 1970д онд очсон мэт орчин нөхцөл, уур амьсгал (Production design)
+ Брэд Пит, Леонардо Дикаприог дэлгэцээр харахад гоё хэвээр
+ Тарантино стиль маяг
+ Гоё зураг авалт

- 30-аас доош насныхан, нэн ялангуяа АНУ-с гаднах олон улсын үзэгчид ойлгож хүлээж авахад хүндрэлтэй маш явцуу сэдэв
- Утга агууламжаа хангалттай илэрхийлээгүй зохиол
- Алдартай жүжигчдийн хэргийг гаргаагүй дэмий дүрүүд
- Идэвхгүй гол дүрүүд
- Уналт өсөлтгүй, “Хаашаа ч явдаггүй” үлбэгэр үйл явдал
- Дүрүүдийн биш зохиогчийн санааг шууд хэлэх харилцан яриа
- Бараг хэрэгцээгүй туслах дүрүүд
- Утгагүй, хэтрүүлсэн хүчирхийлэл
- Энэ удаа арай л хэтэрчихсэн Тарантиногийн эмэгтэй хөлийн fetish (дэндүү олон халтар хөлнүүд!)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ