A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
38
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |
|
Монгол кинонд итгэл алдарсан үзэгчид миний эргэн тойронд элбэг. Би ч мөн ялгаагүй “Монгол кино үзэж юу хийх вэ дээ” хэмээх орчин үеийн хандлагыг баримтлагч байсан нь саяхан. Гэхдээ хүн өөрийн бодол баримтлалыг цаг ямагт сорьж, мэдлэг мэдээллээ шинэчлэхгүй байх нь эцсийн дүндээ харанхуй туйлшрал, хоосон хийрхэлийг үүсгэдэг болов уу. Тиймдээ ч 2019 онд шинээр гарч буй Монгол киног өөрийн нүдээр үзэхээр шийдэж, өнгөрсөн 12 сарын хугацаанд 20 кино үзсэний 18-д нь review/сэтгэгдэл бичжээ.
Түүний дундаас хувийн үнэлэлт дүгнэлтээр учир дутагдалтай боловч багагүй хичээл зүтгэлийг үзүүлсэн гурван кино болон “Монгол кино муу” хэмээх түгээмэл ойлголтыг бүрэн эвдэхгүй боловч дотоодын бусад киног манлайлан тэргүүлсэн гурван бүтээлийг тус тус онцолж байна:
МАГТУУШТАЙ ОРОЛДЛОГО
6. “Boss of Boss” (адал явдал, гэмт хэрэг)
Киноны ерөнхий үйл явдал болон дүрүүдээс нь болж энэ киног хэзээ ч үзэхгүй. Гэхдээ “Boss of Boss” кино нь “машинтай” төрлийн Францын “Taxi”, Америкийн “Fast & Furious” зэрэг дэлхийн хэмжээний “ах” нарынхаа хажууд гологдохооргүй зүйлс мэр сэр байсан нь баярлууштай.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Энэ жил Монгол кинонд үзсэн хамгийн сайн машины хөөцөлдөөнтэй хэдэн хэсэг “Boss of Boss” кинонд бий. Цөөхөн хэдэн минут үргэлжлэх тэдгээр хэсэг нь зураг авалт, монтаж, хэмнэлийн хувьд үнэхээр сайн гүйцэтгэлтэй байв.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Ухаанд нь ухна ишиг үхсэн мэт хошин шогийн явцуу дүрүүдийн эрүүл бус утгагүй шийдвэрээс хамаарах киноны үйл явдал нь үйл явдлын үнэмшил, учир зүйн хамаарал, логикийг бүрмөсөн үгүй хийдэг.
5. “Сүүн Замын Сахиул” (адал явдал, экшн)
Түүхэн зөгнөлт гэлтгүй ер нь үзүүштэй зөгнөлт жанрын бүтээл Монголд үгүй. “Сүүн замын сахиул” кино Монголын өнгөрсөн болон одоогийн түүхийг холбож, өргөн цар хүрээтэй адал явдал үзүүлэх томоохон зорилгыг өвөртөлсөн байв.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Өөрийн гэсэн үлгэр домог, ашиг сонирхлын зөрчилтэй хүчнүүд бүхий баялаг ертөнц (world-building) хийх оролдлогоос багагүй хичээл зүтгэл харагдаж байлаа. Тэдгээр зүйлсээ үзүүлэхийг зорьсон нь бүх юмаа үг яриагаар тайлбарлаж үнэмшүүлэхийг оролддог ердийн Монгол киноноос хол илүү санагдсан юм.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Киноны зөрчлийг хөдөлгөгч гол хүчин зүйлийн ач холбогдлыг сэтгэл хөдлөх хэмжээнд дүрслээгүйн дээр дүрүүд, үйл явдал, экшн, адал явдал нь холбоо хамаарал муутай, сарнисан байлаа.
4. “Огтлолцол” (триллер, аймшиг)
Монголд харьцангуй цөөн гардаг аймшгийн жанрын “Огтлолцол” кинонд шинэлэг санаа, стиль, өвөрмөц шийдэл цөөнгүй байсан боловч уг цоморлог киноны бүлгүүд нь хийц чанарын хувьд жигд бус байсны дээр үзэгчид сэтгэл хөдлөл бий болгох тал дээр хангалтгүй байв.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Уг цоморлог киноны “Бугийг Дарагч” бүлэг нь Монгол киноны ховорхон зочилдог хэлмэгдүүлэлтийн үеийг шинэ өнцгөөс харуулсан бол “Харих Зам” үнэмшилтэй хүмүүс, илүүц хэтрүүлэггүй байдлаараа “Огтлолцол” дотроо төдийгүй энэ оны бусад дотоодын кинотой өрсөлдөхүйц байсан юм.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Сонирхолтой үүдэл санаатай боловч эрэл хайгуул, бүтээлч байдал дутагдсан аманд ч үгүй, хамарт ч үгүй гаргалгаа дүгнэлттэй үйл явдал нь урам хугалмаар. Цоморлог кино хийж байгаа нь тодорхой зорилготой уран бүтээлч шийдэл гэхээсээ илүүтэй, хэдэн дутуу санааг багцалж, бүрэн хэмжээний кино болгож билет зарах оролдлого мэт.
2019 ОНЫ ХАМГИЙН САЙН
3. “Хийморь” (драм)
Бид үлгэр домог, тууж роман, дуу шүлэг, туульс найраглалаар баялаг ард түмэн билээ. Чадварлаг кино баг, орчин үеийн гайхалтай хийц (production)-ээр тэрхүү баялаг өвийг дэлгэцийн бүтээл болгон “амилуулж”, Монголчууд төдийгүй дэлхийн үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулах боломжийг дэлгэсэн гялалзсан жишээ нь “Хийморь” кино байсан юм.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Ах дүү гурван адуучин шаварт шигдсэн морийг аварч гаргадаг тэр нэгэн хэсэг миний хувьд энэ жил Монгол кинонд үзсэн хамгийн сүрлэг, хамгийн сэтгэл догдлом мөч байв. Ийм жинхэнэ мэдрэмж өгч, эргээд санахад биеэр цахилгаан гүйх мэт болдог хэсэгтэй (sequence) шинэ Монгол кино өдрийн од мэт.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Зохиолын хэмнэл удаан бас нуршуу. Зарим хэсэг “явж өгдөггүй” тул бие чилээм. Ерөнхий үйл явдалд төдийлөн ач холбогдолгүй хэсэг цөөнгүй.
Жич: ”Хийморь” киноны продюсеруудтай ярилцахад олон улсын үзэгчдэд зориулан монтажийг шинэчилж, илүү зүйлсийг хасаж сайжруулсан гэсэн.
2. “Од ба Гэгээ” (драм, хөгжим)
Гадаад найзууддаа магтаад ярьчих орчин үеийн Монгол кино олох гэдэг амаргүй ажил. Гадны хүн “Од ба Гэгээ” киног үзээд орчин үеийн Монгол залуус хэнээс ч ялгаагүй амьдралын төлөө зүтгэж, хүсч мөрөөдөж, зовж жаргаж, хийж бүтээж, хүсэн эрмэлзэж байгааг олж харж, ойлгох болов уу.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Улаанбаатар хотыг амьдрал буцалсан, өөрийн гэсэн гоо сайхантай газар гэдгийг ийм сайхан харуулдаг орчин үеийн Монгол кино огт үзэж байсангүй. Монголыг хэдэн бор гэр, өмдгүй шалдан жаал, мориор давхилдсан хүмүүс гэж төсөөлдөг гадны хүмүүст заавал үзүүлмээр.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Дүрүүдийн, нэн ялангуяа гол дүрийн бодол, дотоод зөрчил, мотиваци, зорилго чиглэл нь тодорхой дүрслэгдээгүй тул түүний тэмцэл шаналал ойлгомжгүй, бага зэрэг хөндий хүйтэн санагдсан.
1. “Тэнгэрээс Буусан Од” (драм)
Амбиц амжилтад амьдралын жолоогоо умартсан залуу, халамж сэтгэлээр дутагдан гуньхрах түүний бүсгүй, хөдөөгийн буйдад сэтгэл нь хорогдсон гадаад эр, түүнтэй амьдралаа холбож амар амгаланг олохыг хүсэх сумын эгэл багш эмэгтэй гээд энэ дөрвөн дүрийн учрал огтлолцол нь энэ оны хамгийн үзүүштэй Монгол киног бий болгожээ.
Энэ жилийн бусад Монгол киноноос юугаараа илүү вэ?
Энэ киноны цэгц дараалалтай зохиол, үнэмшилтэй аж байдал, жинхэнэ хүмүүс шиг санагдах гол дүрүүд, нүд баясгам гоё зураглал гээд олон зүйл энэ жилийн бусад Монгол кинонд үлгэр жишээ болохоор. “Тэнгэрээс Буусан Од” нь сэтгэл татам мөртлөө элэг эмтлэм, хөнгөн цоглог мөртлөө хүний дотоод зөрчлийг харуулсан сайн бүтээл юм.
Энэ киног юу “унагаасан” бэ?
Төсөөллийг төдийлөн давдаггүй сөрөг дүрүүд болон хүлээлтийг хэтэрхий эвддэг инээд хүргэм “панаалтай” төгсгөл.
Харин таны хувьд энэ жил ямар Монгол кино таалагдсан бэ? Яагаад?
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
38
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|