Увс аймгийн Тэс суманд орж ирсэн хүрэн баавгайг холбогдох албаныхан 20 гаруй хоног ажиллаж эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьжээ. Баавгайг 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэс сумын ойролцоо Тооромт гэх газар байршуулсан амьд баригч торонд оруулж чадсан байна. Хүрэн баавгайг унтуулан, шинжилгээ авч хэмжилт хийсэн ба Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлжээ.
Өнгөрөгч 10 дугаар сарын 22-ны өдөр Тэс сумын Ханжит багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу холбогдох албаныхан хүрэн баавгай орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн байдаг.