• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    128   |  
0
Олон жилийн өмнөх цуврал тул сурталчилгааны зураг, өндөр чанартай trailer зэрэг зүйлс олдоц муутай байдаг ажээ

Монголд интернет email-с цаашгүй, HBO гэж хэн ч мэддэггүй, Netflix бүр сураг ч үгүй “балар эртний” цагт Монголын үндэсний телевиз, Өвөрмонголын Одон телевиз хоёр олон хүнийг кино ертөнцтэй холбосон чухал гавьяатай билээ. Инха-тай “Гурван марал од” (All In, 2003), О-менежер-тэй “Зочид буудлын эзэн” (Hotelier, 2001)-ээс эхлээд Сүн Үкүн-тэй “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” (Journey to the West, 1986), төөрсөн хоёр ихэртэй“Зоригт баатрын үйл” (Ode to Gallantry, 2002) гээд багын дурсамжит олон цувралыг дурсах сайхан. 

Гэвч сэтгэл зүрхэнд үлдсэн тэдгээр бүтээл нь бага залуу насандаа үзэн таашааж байсан хуучин фэнүүддээ эргэн таалагдахаас гадна хорь гаруй жилийн дараах шинэ үеийн үзэгчдийг байлдан дагуулах хэмжээний чанартай байдаг болов уу? “Хуанжу Гэг”-ийн Сэргэлэн Сья Янзи, дөлгөөхөн Зивей, “царайлаг” Архан, 5-р аги, Манжийн хаан, муу санаат Рүүмөөмөө гээд холын хамаатнаасаа ч илүү сайн таньдаг асан эдгээр дүрүүдийн үйл явдлыг 2020 оны “өндөрлөг”-өөс үзэхэд ямар байх бол?

Киноны гол дүрүүд: (Зүүн талаас) зарц Жинсү, түшмэл Архаан, нууц охин Зивей, Манжийн хаан, сэргэлэн Сья Янзи, дээрээ дөрвөн ахтай 5-р аги

Хуанжу Гэг” нь 1700-аад оны Хятад орныг захирах Манж Чин улсад өрнөх хайр дурлал, драм, тулаант цуврал юм. Эзэн хаан мартагдан төөрсөн охиноо эргүүлэн оллоо хэмээн баярлахдаа жинхэнэ охиныхоо хэл хүргэхээр илгээсэн дотно найзыг андууран гүнж болгож, төрсөн охиноо зарц шивэгчин болгодог. Охид болон тэдний нөхөд эзэн хаанд үнэнийг хэлэхийг хүсэвч Манжийн ордны хатад дээдсийн өрсөлдөөн, хүч нөлөөний ширүүн тэмцэл тэдний хэргийг ээдрээтэй болгосноор 24 ангит уг цувралын үйл явдал өрнөдөг.

Цувралыг эхлүүлээд хамгийн түрүүнд орж ирсэн бодол гэвэл... Үйл явдал өрнөх Бээжингийн гудмуудаас эхлээд Манжийн хааны ордон өргөөнүүдийг харуулах томоохон зураг авалтууд нь бүгд түм түжигнэж, бум бужигнасах амьдралтай, хөл хөдөлгөөнтэй олны хэсэгтэй ажээ. Кинонд, тэр дундаа түүхэн кинонд тээр хол цааш хараад зогсч байгаа зурвасхан харагдаад л өнгөрөх нэр нь үл мэдэгдэх туслах дүр ч хувцас хэрэглэлээс эхлээд өдрийн хоол, хөдөлмөрийн хөлсний зардалтай байх тул Хуанжу Гэгийн хөл гишгэх зайгүй тоолж барамгүй хүнтэй хотын гудмууд, цэргүүд, зарц дагуул нь Солонгос түүхэн цувралын олны хэсгүүдийг ч зэлүүд хоосон мэт санагдуулам байв. Олны хэсэг гэдэг ямар ч киноны доторх ертөнцийг хөл хөдөлгөөнтэй, үнэмшим уур амьсгал (atmosphere)-тэй болгодог ид шидтэй юм. Тэгтэл Хуанжу Гэг-н царайлаг жүжигчдийн цаана фон болох хүн нэг бүр нь компьютер графикаар үржүүлсэн мануухай бус, амьтай голтой жинхэнэ хүмүүс гэж бодоход бүр ч сүрдэм, бас бишрэм.

Гудамжинд залилан хийж яваад гэнэтхэн гүнж болж дэвшсэн Сья Янзи охин олон хөгтэй бас хортой хэргийн эзэн болдог

Хачирхалтай нь компьютер графикийн технологитой дүйж, Монгол кино атаархам “хүнээр зодсон” гайхалтай олны хэсгүүдтэй энэ цувралын дүрүүд 20 жилийн хойно үзэхэд тийм ч сайн наслаагүй санагдав. Сэргэлэн цовоо Сья Янзи, ухаалаг даруу Зивей, эзэндээ үнэнч Жинсү зарц, хайрынхаа төлөө өөрийгөө зориулах Архаан, сайхан сэтгэлт 5-р агийг бид багадаа дэмжиж, муу санаат Их хатан, эрүүдэлт тамлалтын эмгэн-тэнгэр Рүүмөөмөөг жигшдэг байсан билээ. Дотоод гадаадын сайн муу шинэ хуучин цөөнгүй киног өнгөрсөн 20 жилийн хугацаанд шилж сонгоод үзэх болсон орчин үеийн нэгэн үзэгчийн хувьд Зивей арчаагүй дорой, зарц Жинсү киноны үйл явдалд хэрэгцээгүй илүүц, Архааны хайр сэтгэлийн илрэл нь сэтгэлзүйн хүчирхийллийн шинж тэмдгүүдтэй харагдах зэргээр эрс ялгаатай харагдав.

Тэдний дунд телевиз дотроо ороод цохиод унагаачихмаар санагдах хамгийн уур хүргэм дүр нь Хуанжу Гэг буюу Сья Янзи байлаа. Жаахан байхад зэвсгийн эрдэмтэй, өөрийнхөө болоод Зивейгийн төлөө бүхнийг хийхээр оролддог тул цувралын хамгийн дуртай байсан энэ дүр нь туйлбаргүй худалч, зогсолтгүй хэрүүлч, бас цэцэрлэгийн хүүхэд ч хажууд нь хэрсүү томоожсон байх мэт санагдах ухаан бодолгүй нэгэн байсан нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл “Ухаанд нь ухна ишиг үхсэн” ангиллын Монгол инээдмийн киноны эрүүл ухаанаар сэтгэдэггүй хашхичин орилолдох дүрүүд ч Сья Янзигийн дэргэд эрхэмлэх жанжин шугамтай, цэгц шударга бас хүнлэг санагдах болов уу.Энэ дүрийн эрч хүч үгүй бол энэ киноны үйл явдал өрнөхгүй байсан боловч Сья Янзи үгүй бол киноны үйл явдал 24 ангид бус 12 ангид хялбархан шийдэгдэх байсан мэт бодогдоно.

Киноны үндсэн сөрөг дүр болох Их хатан. Бага байхад харгис хэрцгий санагддаг байсан энэ дүрийг одоо үзэхэд сэжиг сэрэмжлэлд нь зөвтгөх зүйл цөөнгүй байх шиг санагдана

Нөгөө талд Сья Янзи, Зивей, Архаан, 5-р аги, Алтай гээд манай баатруудын алхам тутамд садаа болдог “муу санаат” Хатан хааны дүрийг балчир насандаа хэлмэгдүүлэн хилстүүлж байнаа олж харсан нь миний хувьд тун сонирхолтой нээлт байлаа. Олон жилийн өмнө үерхэж асан бүсгүйгээс нь төрсөн хүүхэд гээд эр нөхөр, цаашлаад Эзэнт гүрний их хаан дээр гэнэтхэн гараад ирсэн хүнийг хэн сэжиглэх нүдээр эс харах билээ? 

Сахилгагүй Сья Янзи, насандаа баймааргүй эрдэм хүмүүжилтэй Зивей гээд 18-тай охидын нэгийг нь охиноороо, нөгөөг нь бага хатнаараа өргөмжлөхөөр завддаг сайхан инээдтэй боловч “Сайн ах”-ын синдромтой эзэн хааны ард аливаа хорт явуулга, далд санааг хөөн мөрдөж байдаг хариуцлагатай хатуу хатан байж гэмээнэ л их гүрний эзний сэнтий тогтвортой байх болов уу. Товчхондоо Хуанжу Гэг-ийн Их Хатан нь нялх охидтой бус “Game of Thrones”-т King’s Landing хотын дээдсүүдтэй өрсөлдөх учиртай нэгэн байжээ.

Ийнхүү хайртай байсан дүрээ шинэ өнцгөөс шүүмжлэн харах, үзэн яддаг байсан нэгнийхээ цаад учрыг ойлгохоор хичээх энэ гайхамшигт үйл явц нь Хуанжу Гэг мэт хуучны дурай кино цувралаа сэргээн үзэхийн томоохон таашаал билээ. Харамсалтай нь энэ мэдрэмжийг олохоор дээр дурдсан олон жилийн өмнөх цувралыг олж үзэх завшаан даанч хомс. Өвөрмонгол сувгаар үзээд өнгөрсөн дээр үеийн Хятад киног Монгол дуу оруулгатай битгий хэл Англи текст орчуулгатай олох гэдэг үлгэрийн далай. Тиймээс Хятад хэл эзэмшээгүйгээс гар мухардсан кино сонирхогчийн хувьд Хуанжу Гэг-ийг шүлэглэн уянгалсан уран яруу орчуулгатай нь үзэх боломж олдсонд үнэхээр баяртай байна. Хэдий хэлний онцлогоос үүдэлтэй зарим хошигнол тэр чигээрээ орчуулагдаад өнгөрсөн байсан боловч тэр хэлийг мэдэхгүй хүний хувьд үүнээс ойлгох арга байхгүй болов уу.

Дүрүүдэд үнэмшилгүй болон хэтрүүлэгтэй зүйл олон байх боловч эрс тэс ялгаатай тэдний байдал нь сонирхолтой нөхцөл байдлыг үргэлж үүсгэдэг

Хуанжу Гэг-ийн талаар төдийлөн боддоггүй боловч сэргээн үзэхэд сэтгэл татам байсан нэгэн зүйл нь түүний зураг авалт байв. Хэдий цувралын дийлэнх нь гол дүрүүд ямар нэг өрөөнд ярилцах байдлаар өрнөх боловч хөдөлгөөн, шилжилт, дүрийн хариу үйлдэлд ихээхэн ач холбогдол өгсөн нь үйл явдлыг телевизийн нэвтрүүлэг уйтгартай харагдахаас сэргийлжээ. Харин тулааны хэсгүүд хэтрүүлэгтэй дуу чимээтэй, гүнжийн хувцас өмссөн эрэгтэй орлон тоглогчийн төрх цөөнгүй харагдах зэрэг зарим алдаатай боловч тулааны үйл явцыг чичирч савчуулалгүй тогтвортой байлгаж, жүжигчдийн царайг хөдөлгөөнтэй нь ойр ойрхон холбон шилжүүлж харуулсан нь үйл явдлыг үнэмшилтэй бас үзэхэд нүд чилээх зүйлгүй болгожээ.

Дүгнэж хэлэхэд, Хуанжу Гэг-ийн нэгдүгээр бүлгийг 2020 онд үзэх шалтгаан хангалттай олон байна. Хүн хүч хайрлалгүй зарцуулсан олны хэсгүүд, хээнцэр гял цал зүйл багатай боловч үнэн бодит санагдам орчин нөхцөл, хувцас хэрэглэл нь орчин үеийн Монгол кинонд ч ховор тохиодог хийц бөгөөд эрс тэс ялгаатай дүрүүдийн зовлон зүдгүүртэй боловч хөгжил зугаатай, уйтгар гунигтай боловч баяр баясалтай, сэтгэл түгшим бас анхаарал татам адал явдлын чадварлаг найруулгыг эндээс олж харах боломжтой. Мөнхүү олон жилийн өмнө цувралыг үзсэн хүмүүс ч эргэн ирээд хуучин дүрүүдээ хорин жилийн хойдох шинэ өнцгөөс харах болов уу.

Найруулагч Sun Pei Shun-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Өөр бүтээлийг үзэж байгаагүй.

TL;DR/Хураангуй хувилбар:

1998 оных гэхэд хийц одоо ч сайнд тооцогдох болов уу. Инээдэм, зодоон, зовлон, адал явдал хурдтай ээлжлэн солигдох тул үзэхэд уйдамгүй. Зарим дүрүүд цаг үеийнхээ л бүтээл боловч өөр хоорондоо эрс ялгаатай хүмүүс гардаг нь сонирхолтой.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Үгүй. 

Хуучны дуртай цувралаа видео сангаас маш сайн орчуулга, дуу оруулалттай үзэх боломжтой болсонд баяртай байна. Өвөрмонголын Одон телевизийн хуучин цувралууд, тэр дундаа “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” кино багцад ороосой. Сармагчингийн хаан Үкүн ч Сья Янзитай төстэй их хөдөлгөөнтэй дүр байсан. Одоо үзэхэд ямар байх бол?

 

 

 

 

+ Эрс тэс ялгаатай, сонирхолтой дүрүүд
+ Үнэмшилтэй хийц чанар (production design)
+ Хайр сэтгэл, зөрчил, тулаан, драм, инээдэм гэх мэт эрс тэсуур амьсгалтай хэсгүүдийг чадварлагаар нэгтгэн найруулсан
+ Удааж залхаадаггүй зураг авалт
+ Сайн гүйцэтгэлтэй тулааны хэсгүүд (editing, stunt)
+ Олон хүнтэй олны хэсгүүд (extras)
+ Гял цал биш боловч намба сүртэй хувцас хэрэглэл

- Гол дүрүүд, тэр дундаа эмэгтэй дүрүүд уур хүргэм, дэмжиж өрөвдөхөд бэрх
- Үнэмшин зөвтгөх аргагүй дүрүүдийн шийдвэрүүд

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ