• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0
 

Такаши Мураками гэх 57 настай энэ эр өдгөө дэлхийн дүрслэх урлагийн ертөнцийн хамгийн нэртэй од, соёлын элч билээ. Дөнгөж урлагийн ертөнцөд хөл тавихад нь түүнд ямар нэгэн алдар нэр, цол гуншин байгаагүй. “Надад бусдаас илүү онцгой авьяас байгаагүй. Уйгагүй оролдлого, хичээл зүтгэл л өдий зэрэгт хүргэсэн” гэж тэрээр хэлдэг.

Залуу Такаши Мураками 

1998 онд түүний анхны бие даасан үзэсгэлэн Токиогийн “Ginza Surugadai Gallery”-д нээгдэв. Тэр үеэс эхлэн төрөлх Токиогоосоо Нью Йорк хотруу ирэн очин амьдарч эхэлжээ. Багаас нь л Муракамигийн төсөөлөлд Нью Йорк хот үргэлж урлагийн ертөнцийн амин чухал цэг шиг санагддаг байжээ. Тиймээс тэнд амьдарч авч болох бүхий л зүйлийг өөртөө шингээн авахад тэрээр бэлэн байв. Брүүклинд сарын 80 орчим ам.долларын байр түрээслэн ороход түүнд хоолны мөнгө ч үлдээгүй байсан гэдэг. Золоор 1994 онд “MoMA PS1”-ийн алдарт урлангаар хангах хөтөлбөрт багтаж чадсан байна.

Залуудаа туулсан амьдралын туршлага нь түүний онцгой содон бүтээлч сэтгэхүйг хэлбэржихэд тусалжээ. Нэг галзуу баримал, нэг галзуу зураг л түүнийг дэлхийн бренд болгож дэлхий даяар түүний манга-рхуу бүтээлүүд түгэн дэлгэрсэн юм.

Ихэнх хүмүүс Муракамигийн цэцгэн толгойтой зургууд, галзуурч солиорсон юм шиг нүдтэй дүрүүдээр нь танидаг байх. Гэвч түүнийг алдарт хүргэсэн бүтээлүүд нь илүү цочирдом өвөрмөц билээ. Жишээ нь “Hiropon (1997)” гэх цэнхэр үстэй хүүхний аварга том хөхнөөс сүү цацарч буй баримал бий. Тийм хэв маягтай бүтээлүүдийнхээ тухай Мураками “Японы “отакү” соёлд элбэг байх сексийн гаж дүр төрх дэлхийн өөр аль ч оронд үзэгдэж харагдаагүй учраас хүний биеийн хэлбэрийг ийм өөрөөр илэрхийлж болдог юм шүү гэж үзүүлэхийг зорьсон” гэж тайлбарлажээ. Тэдгээр дүр төрх, хэлбэрийг контемпорари урлагтай сүлэх гэж оролдсон нь тэр байжээ. Тэрхүү содон зорилго нь цаашид түүний нэрийн хуудас болсон урлагийн нэн шинэ төрөл зүйл болох “Superflat”-ийн суурь болсон юм. 

Hiropon

Түүний сүйхээтэй үйлдлүүд, бусад уран бүтээлч, компаниудтай хийсэн хамтын ажиллагаанууд нь олон нийтийн болон мэргэжлийнхний ч сайшаалыг хүртэж амжсан. Мураками Версалийн хааны ордноос эхлээд нэр хүндтэй галлерейнуудад үзэсгэлэнгээ гаргадаг бөгөөд “Louis Vuitton”, хамгийн моданд ороод байгаа дизайнеруудын нэг болох Virgil Abloh нартай хамтран ажиллаж байв. Тэрээр 21 удаагийн Грэммийн шагналт өнөөгийн энтертайнмэнт ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхэм Kanye West-тэй олон жил хамтарч уран бүтээл хийж байгаа. Монголчуудын хамгийн сайн мэдэх жишээ гэвэл Kanye West-ийн 2007 онд гарсан алдарт “Graduation” цомгийн нүүрийг Такаши Мураками зурсан. 

 

"Graduation" цомгийн зураг

- Та яаж урлагт дурласан бэ?
- Урлагийн сургуульд сурч байх хугацаандаа “Би хэн юм бэ?” гэх асуултын хариултыг хайдаг байжээ. Эхэндээ би аниматор болохыг хүсдэг байлаа. 8 мм хальсан дээр гараараа зурж,  хэд хэдэн богино хэмжээний анимэшн  хийчихсэн. Хамаг зүрх сэтгэлээрээ дурлаж аниматор болох зорилготой байсан учир Хаяао Мияазаки гуайг их сургууль дээрээ урьж авчран лекц хүртэл уншуулж байсан удаатай. Мөн Жорж Лукасын “The Empire Strikes Back” кино хэрхэн бүтсэн тухай видео үзэж тэдний графикийн багийг (ILM) төсөөлөн биширдэг байв. Дараа нь Michael Jackson-ий “Thriller” дууны клип гарахад 15 мянган иенээр (одоогийн ханшаар $162) худалдаж авч найзынхаа гэрт байн байн үзэж, 8 мм-ийн хальсан дээр хальт мульт дуурайлган хийж байлаа.

Төгсөх дөхөхөд би зураач болж чадах эсэхдээ гэж эргэлзэж эхлэв. Гэхдээ дахин нэг удаа оролдож үзэхээр шийдэн дипломын ажилдаа ханцуй шамлан орлоо. Би япон зургийн ангийн оюутан байсан бөгөөд ваши цаасан дээр зураг зурах гэж үстэй толгойгоо зулгаадаг байсан. 

Япон зураг зурснаар авьяасаа нээнэ, хөгжүүлнэ гэдэг бүтэшгүй. Тэнд импрессионист бүтээлүүдийн ядмаг хуулбаруудыг л зурна. Нэр хүндтэй гэх хөгшин уран бүтээлчид аль хэдийн толгой дээр зайдалчихсан, нэг нэгэндээ тал засах маягаар ямар ч ач холбогдолгүй элдэв шагнал олгодог, ер нь л үхмэл салбар байсан юм. Тэнд залуу уран бүтээлчдэд цэцэглэх орон зай байгаагүй. Тийм байтал Японы эдийн засгийн хөөсрөлийн үед өнөөгийн контемпорари урлагтай ижил хэмжээнд үнэлэгддэг, уран бүтээлчид нь тэр хэмжээнд их мөнгө олдог байв. 

Тэгтэл нэг өдөр Токиогийн төвд нео экспрессионизмийн нөлөөг ихээр шингээсэн Шинро Отакэгийн бие даасан үзэсгэлэнг үзсэн юм. Би шоконд орж, ийм юм байж болдог юмуу гэж бодсон. Тэр дороо япон зургийн ангиасаа гарч контемпорари урлагт хүчин зүтгэж эхлэв. Гэвч Японд энэ урлагийг хүлээж авах болоогүй байв. Тиймээс контемпорари уран бүтээлч болно гэвэл ядуу тарчиг амьдрахтайгаа эвлэрэх шаардлагатай байлаа. Гэсэн ч би оролдоод үзсэн. Учир нь тэнд ямар нэгэн тогтсон заншил үгүй, уран бүтээлчийн алдар нэр биш уран бүтээл өөрөө үнэ цэнтэй байсан юм. 

- Танд нөлөөлсөн хэн нэгэн уран бүтээлч, ямар нэгэн урлагийн бүтээл байсан уу? 
- “Оддын дайн” хэрхэн бүтсэнг харуулсан видео, Хаяао Мияазаки гуайн хэрхэн ажилладаг тухай ном, Кацүхиро Отомогийн “Domu: A child’s dream” гэх манга, Шинро Отакэгийн 1987 оны бие даасан үзэсгэлэн, Герман уран бүтээлч Horst Janssen-ий бүтээлүүд, анх Нью Йоркод очоод “SoHo”-д үзсэн бүх бүтээл, мөн 1988 онд “MoMA”-д гарсан Anselm Kiefer-ийн үзэсгэлэн гээд дурдаад байвал олон бий.

- Анхны амжилттай оролдлогоосоо хуваалцаач.
- Их сургуулийн нэгдүгээр курсдээ зуны наадамд зориулж таван метр өндөр арслан заан хийсэн юм. Уг нь япон зургийн ангийн 25 оюутан бүгд оролцож хийх ёстой байсан ч зургаан оюутан л оролцсон. Сүүлдээ би нэг оюутантай хоёулханаа шөнөжин хийсээр дуусгаж байлаа. Азаар бидний хичээл зүтгэл талаар бололгүй шагнал авсан. 

- Уран бүтээлчийн замналаар амьдрах сэтгэл зүйн бэлтгэлтэй байв уу?
- Гол асуудал юу байсан бэ гэвэл Нью Йоркод хөлөө олохын тулд япон уран бүтээлч яах ёстой вэ? гэдгийг ойлгох байсан юм. Учир нь энэ тухай бичсэн ямар нэг ном гарын авлага байхгүй шүү дээ. Азаар хэсэг хугацаанд ажиглан хариултаа олсон. Хувийн онцлог, туршлагуудаа Нью Йоркийн урлагтай холбосноор өөрийн гэсэн оригнал бүтээлч илэрхийлэл гаргаж авч болох нь гэж ухамсарласан юм. 

Харин алдартай зураач болох гэж урлагийн сургуульд орсон уу гэвэл үгүй. Зүгээр л өөрийгөө сорих, шинэ зүйл суралцахыг хүсдэг байлаа. 

Би хэзээ ч авьяастай, сайн зурдаг байгаагүй. Яаж мэдсэн бэ гэвэл ангид ганц хоёрхон төрмөл авьяастай хүүхэд байв. Тэдний бүтээлийг багш нар ч магтана, оюутнууд ч шагшина. Харин би хэзээ ч хүмүүсээс магтаал авч байгаагүй. Би зурах дуртай юу гэвэл дуртай. Гэхдээ надад амжилттай нэгэн болоход хангалттай авьяас байхгүйг ойлгосон. Тиймээс юуны түрүүнд улам сайн зурдаг болох хэрэгтэй байв. 

- Японд байхдаа өөр ямар ямар ажил хийж байсан бэ? 
- Есөн жил урлагийн сургуулийн шалгалтад бэлддэг бэлтгэл сургуульд багшилж байв. Мөн дөрвөн жил цэцэрлэгт зургийн багш хийсэн. Ресторанд концепт дизайнер, зураач, үйл ажиллагаа зохион байгуулагч гэх мэт ажлууд ч хийж байсан. 

- Анх уран бүтээлүүдийг чинь тоодоггүй, үгүйсгэдэг хүн байв уу?
- Манга хэв шинжтэй нэлээн том зургаа үзэсгэлэнд оролцуулахаар илгээтэл надад контемпорари урлагийн тухай зааж байсан найз маань ирснээ “Мураками, чамайг контемпорари урлагийн тухай заагаач гэхэд чинь би хамаг хүчээ дайчилж байхад чиний энэ хүүхэлдэй шиг зураг одоо юу вэ ?! Чи урлагийн түүхийг дооёолохоор шийдээ юу” гэж уурлаж байсан юм. Яагаад тэгтлээ уурласан нь одоо хүртэл ойлгодоггүй. 

Тэр үед дайны дараах Японы соёлыг илэрхийлсэн урлагийн бүтээлүүд байдаггүй байв. Тиймээс тэр орон зайд гоё оригнал илэрхийлэл байж магадгүй гэж бодсон юм л даа. 

- Та 1980-аад оны сүүлээр Нью Йоркод ирсэн. Ирээд хэр сэтгэл хангалуун байсан бэ?
- Тэр үед контемпорари урлагийн төвүүд нь Лос Анжелес, Лондон, Нью Йорк хотуудад байдаг гэж ойлгодог байлаа. Тиймээс яг тэр төвд нь ирсэндээ тун баяртай байсан. Хаа сайгүй, ойр ойрхон янз бүрийн үзэсгэлэнгүүд гарна. Гэтэл Японд тэр үед интернэт ч байгаагүй. Цаг үеийн мэдээ гэдэг нь өнгөрсөн үйл явдлуудын хэдэн сарын дараах цуурай төдийхөн байв. 

- Таны менторууд ямар хүмүүс байв?
- Дотроо бодож үлгэр дуурайлал авдаг байсан хүмүүс гэвэл аниматор Ёшинори Канада, найруулагч Хаяао Мияазаки, мангака Кацүхиро Отомо, найруулагч Жорж Лукас нар юм. Харин жинхэнэ амьдрал дээр зааж сургасан хүн бол Нобүо Цүжи гэж урлагийн түүхч хүн бий. Тэрээр түүхээр дамжуулан уран бүтээлч хүний эрхэм нандин чанарын тухай надад зааж сургасан. 

- “Mr.DOB” яаж бүтсэн юм бэ?
- Сонирхлоороо дизайн хийдэг найз маань 19 настайдаа “Apple” компьютер авсан юм. Тэдний гэрт очоод компьютерээр нь зураг зурах гэж оролдож байгаад “Illustrator” гэх програмаар гоё зурж болдгийг олж мэдээд тэднийд нэлээн хэд хоног зураг зурж өнжсөн. Тэр үед л “Mr.DOB”-ийг бүтээсэн дээ. 

Тухайн үед нэг зураас татлаа гэхэд компьютер тооцоолох гэж хөөрхөн удна. Тэр хооронд бид хоёр ирээдүйнхээ тухай мөрөөдөн буу халдаг байлаа. Найз маань компьютер ашиглан зураг, кино бүтээдэг хүн болно гэдэг бол би Нью Йорк явах мөрөөдлийнхөө тухай ярьдаг байлаа. Эргээд харахад бид хоёрын мөрөөдөл биелжээ.

Mr.DOB

- Та өөрийн брэнд, компани байгуулсан шүү дээ. Яаж тийм чухал амбицтай шийдвэрийг зориглож гаргав? 
- Ахлах сургуульдаа аль хэдийн би өөрийгөө хичээл хийх дургүй учраас оффисын ажилтан болж чадахгүйгээ ухаарсан. Тиймээс ч өөрийн компаниа байгуулсан, өөр хүний компанид ажиллаж чадахгүй болохоор тэр шүү дээ. Мэдээж компани удирдах хэцүү. Гэхдээ надад өөр сонголт байгаагүй.

- Цаг хугацааг ухраагаад өөрийн залуу насанд зөвлөгөө өгөх бол юу гэх байсан вэ?
- Илүү их хөгжилдөөрэй л гэж хэлнэ дээ.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ