A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |
|
Цагаан үс, нарны шил, босоо захтай цамц, хуруугүй бээлий: эдгээр зүйлс хэн бүхний сайн мэдэх “Chanel” брендийг 36 жил удирдсан нэрт дизайнер Карл Лагерфельдийг илтгэх зүйлс билээ. Энэ удаад та бүхэнд хувцас загварын ертөнцийн хамгийн хөдөлмөрч нэгний түүхийг хүргэе.
ЗАЛУУ КАРЛ
Карл Лагерфельд нь 1933 оны 9 сарын 10нд Хамбург хотноо бизнесмэн Отто Лагерфельд, Элизабэт Балманн нарын хүү болон төржээ. II дайны өмнөхөн тэднийх хойд Герман руу нүүсэн бөгөөд дайны үеэр Карл харьцангуй амар тайван амьдарч Поль Пауре, Жак Фат, Кристиан Диор нарын тухай уншин танилцаж хувцас загварт дурлаж эхлэжээ. Дайны дараачаар 14 хүрсэн хүү гэр бүлийнхнээсээ Парис явах зөвшөөрөл асуухад ээж нь “Герман сүйрсэн, энд хийгээд байх юм байхгүй” хэмээн дэмжин явуулжээ.
1954 онд 21 настай Карл Юбер де Живанши, Пьер Бальмен нарын томчуудыг шүүгчээр суулгасан “International Wool Secretariat” (Олон Улсын Ноосны холбооны) загварын уралдаанд оролцож пальтоны төрөлд ялагч болжээ. Тухайн жил энэхүү тэмцээнийг өөр нэгэн шагналыг 18 настай, хожим загварын ертөнцийн хамгийн алдартай дизайнеруудын нэг болсон Ив Сан-Лоран хүртэж байв. Ялагч болсон Карлын зургийн дагуу тухайн загварыг нь Пьер Бальмен амилуулж залуу хүүг өөрийн дагалдангаар ажиллуулсан байдаг.
“Balmain”-д өнгөрөөсөн үеийнхээ тухай тэрээр “Тэнд байх хугацаандаа би юуг хийхгүй байх вэ гэдгээ мэдэж авсан, учир нь тэдний арга барил миний арга барил биш байсан” гэжээ. Түүний дараа 1957 онд жилд 2 от кутюр цуглуулга бүтээх тохироотойгоор “Jean Patou ” брендийн уран бүтээл хариуцсан захирал, дизайнераар томилогдсон. “Жан Пату”д тэрээр хувцас хийх шинэ, хуучин бүхий л арга барилууд, бүхий л материал, тэдгээрийн онцлог шинж чанаруудыг суралцсан бөгөөд хожим нь түүнээс хувцас хийхтэй холбоотой техникийн шинж чанартай асуулт асуухад 3 секундын дотор хариулж чадахгүй нэг ч зүйл үгүй гэж бахархалтайгаар хэлсэн байдаг.
1960 онд тэрээр амралт авч 1962 оноос Франц, Итали, Англи, Герман улсуудаар явж “Ballantyne”, “Krizia”, “Charles Jourdan”, “Tiziani”, “Chloé” гэх мэт нэртэй загварын ордонуудтай хамтарч ажилласан. Карл анх удаа хувцас загварт “Чөлөөт уран бүтээлч” гэх ойлголтыг ийнхүү оруулж иржээ.
АЛДАР НЭРЭЭ БОСГОСОН НЬ
Италид Фэндигийн гэр бүлийн үүсгэн байгуулсан нэрт загварын ордон “Fendi”-г 1965 оноос удирдан ажиллахаар болов. Хүн бүхний сайн мэдэх “Fendi”-н хос ‘F’ үсэгтэй лого нь Карлийн шинээр нэвтрүүлсэн “fun fur” гэх консептоос үүсэлтэй. Уламжлалт үслэг эдлэлийн загвар, хэв маягийг эвдэн, сүлжсэн, нүхлэсэн, тасчсан, хурц тод өнгөөр будсан гэх мэт өмнө нь хэний ч хийж байгаагүй загвараар үслэг эдлэлийн цуглуулгууд гаргаж эхлэсэн байдаг. Тухайн үед “Фэнди” компаний удирдлагад 3 дахь үеийн Фэнди болох Силвиа Фэнди ажиллаж байсан бөгөөд тэрээр Карлын тухай: “Анх ирэхэд нь л ямар нэг онцгой зүйл болох нь гэдгийг мэдэрсэн, анхаарахгүй байхын аргагүй байсан” гэж хэлсэн байдаг.
“Фэнди”-г удирдахын зэрэгцээгээр 1983 онд магадгүй дэлхийн хамгийн алдартай загварын ордон гэж хэлж болох “Chanel”-д орон загвар зохион бүтээж эхлэв. Тухайн үеийн “Chanel”-н нөхцөл байдал тун амаргүй байсан бөгөөд бараг л ердөө сүрчигнийхээ орлогоор “амь зогоож” байсан байдаг. Карл 36 жилийн турш “Chanel”-г удирдахдаа үүсгэн байгуулагч Коко Шанелын үндсэн дизайныг эвдэлгүйгээр тэдгээрийг техник технологийн хөгжил, поп соёлын нөлөөллүүдтэй чадамгай хоршуулан жилийн 10 тэрбум долларын борлуулалт хийдэг асар том загварын эзэнт гүрэн болгон өндийлгөжээ. Өнөөдөр ч “Chanel”-н хамгийн нэртэй бүтээгдэхүүнүүд Коко Шанелийн амьд ахуйд бүтээгдэж хэв маягаа олсон Шанел хослол, 2.55 гар цүнх, No.5 сүрчиг хэвээр байсаар байна.
ЗАГВАРЫН ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧЛӨВ
Нөр их түүхтэй, алдар хүндтэй хоёрын хоёр брендийг удирдангаа 1984 онд өөрийн нэрээр нэрлэсэн “КАРЛ ЛАГЕРФЕЛЬД” брендийг үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь ямар нэг загварын шоу хийдэггүй, нөгөө хоёроосоо харьцангуй хямд, залууст зориулсанд оршино.
Карлыг Нью Йорк Таймс-н критик Ванесса Фридмэн “shape-shifter” дизайнер гэж тодорхойлсон байдаг. Нэгэнт өндөр нэр хүнд бүхий, олон жилийн түүхтэй, өөрийн хэв маягийг олсон загварын ордонг үргэжлүүлэхээр сонгогдсон дизайнерууд уламжлал дээр нь тулгуурлаж, түүн дээр маш мэдрэмжтэйгээр тунг нь тааруулж шинэчлэлт хийх “shape-shifter” дизайнерууд байх тохиолдлууд ховор биш болжээ.
Анх “Chanel”-тай гэрээ үзэглэхдээ тэрээр жилд 4 коллекц: 2 от кутюр, 2 бэлэн хувцасны коллекц гаргахаар тохиролцсон боловч бодит байдал дээр жилд 8 шоу буюу нэмж 4 бэлэн хувцасны коллекц гаргаж байлаа. Энэ тухайгаа тэрээр “Энэ бол их мөнгө олох гэж хийж буй үйлдэл огт бишээ. 2 сар бүрт бэлэн хувцасны шинэ коллекциуд гарч байх ёстой, 2 сар бол юу ч өөрчлөгдөж болох урт хугацаа” гэж хэлж байсан. Түүний энэхүү хурдтайгаар, тасралтгүй ажиллах арга барил нь нөгөө талаас маш их шүүмжлэл дагуулдаг байв. Энэ их хурд, мөн түүний Кристобал Балэнсиага, Кристиан Диор, Коко Шанел нар шиг цоо шинэ силуэт, цоо шинэ хуваалтуудыг гаргаж ирээгүй гэх мэт дээр үндэслэн зарим хүмүүс Карлыг зүгээр л “стилист” гэж доош нь хийдэг байжээ. Өөр өөр ажиллах арга барил, философитой бусад алдартай дизайнерууд ч “Загвар зохион бүтээх бол бүтээлч ажил, тун их бодож сэтгэх шаардлагатай. Ийм хурдан хийх юм бол чанартай сайн загварууд гарч чадахгүйд хүрнэ” гэж Карлын анхлан зориглож тогтоосон энэхүү загварын ертөнцийн маш хурдтай, оволзсон системийг буруушаадаг билээ.
Энэхүү ажлын хэмнэл нь түүний философи, сахилга баттай зайлшгүй холбоотой бөгөөд мөн өөр нэг зүйл бий. Орчин үед загварын салбар томорч тэлэхийн хэрээр Шанел, Фэнди гэх мэт загварын ордонууд “Бүтээлч захирал” гэх орон тоотой байх болсон. Хүмүүсийн мэдэх алдартай дизайнерууд ихэвчлэн тэр албан тушаалыг хашдаг. Бүтэц бүрэлдэхүүн, хүн хүчний хувьд харьцангуй хангалттай тэдгээр брендүүдийн бүтээлч захирал хүн өөрөө хайч, утас зүү бариад ханцуй шамлан ажиллахаас илүүтэйгээр тухайн цуглуулгыг системтэйгээр бодож, зохиож, хянаж, удирдах үүрэгтэй болсон.
Яг хувцас хийх үйл ажиллагааг олон жилийн арвин туршлагатай гишүүд бүхий харъяа урлангууд хариуцан гүйцэтгэдэг. Бүтцийн ийм хэлбэр нь 80 насыг хэдийн зооглосон Карлыг энэ олон жил “Chanel”, “Fendi”, “KARL LAGERFELD” гэсэн 3 том брендийг амжилттайгаар авч явж, жилд 10 гаран загварын шоу хийх нөхцлийг бүрдүүлж байсан байж болох юм.
Карлыг бусдаас ялгадаг нэг зүйл бол түүний зохиодог загварын шоунууд байлаа. Парисын Елисейн өргөн чөлөөнд байх аварга том Гран-Палед далайн эрэг, нисэх онгоцны буудал, усан боомт, тансаг ресторан, сүрлэг хүрхрээ, дата центр, сансрын хүрээлэн, казино театр, намрын ой, Эйфелийн цамхаг хүртэл барьж босгон алдартан болгоны очиж үзэхийг хүсэх Парисын загварын 7 хоногийн хамгийн оргил шоуг зохион байгуулж чаддаг байв. Тийм том хэмжээний, тийм далайцтай шоуг хийж байсан дизайнер түүнээс өөр үгүй.
Тэрээр зөвхөн хувцас загвар биш барилга, тайзны урлаг, тоглоом, гэрэл зураг, хүнс гэх мэт олон салбарт, олон янзын бүтээгдэхүүний загвар дээр ажилласан бөгөөд хамтарч ажилласан бренд, байгууллагуудыг нь тоолж баршгүй билээ.
Хүмүүсийн тэр бүр сайн мэдээд байдаггүй өөр нэг тогтмол ажил нь шог зураг. Карл “Франкфуртын төв сонин” гэх Германы хамгийн том хэвлэлүүдийн нэгт өөрийн “Karlikatur” гэх улс төрийн сэдэвт шог зургийн булантай байв. Өөрийн булангаараа Ангела Меркель, Владимир Путин гэх мэт томчуудыг шоглоод амжжээ.
Гэрэл зураг авах, ном, сэтгүүл, тавилга цуглуулах нь түүний хобби бөгөөд цуглуулгуудаа цаг үеийн, урлагийн хөгжлийн дарааллаар эмхлэн цуглуулдгаараа алдартай. Түүний номын санд ойролцоогоор 300,000 гаруй ном байдаг гэдэг. Өөр нэг биширмээр зүйл нь түүний харааны ой тогтоолт тун сайн байсан бөгөөд тэр уул овоо шиг олон номноос хаана ямар ном байгааг утсаар зааж өгч чаддаг байсан гэдэг.
Карл өөрийн дуу хоолой, үзэл бодлыг тун зоригтойгоор, зарим тохиолдолд тун бодлогогүйгээр шууд илэрхийлдэг байв. Зарим олны танил хүмүүсийн тухай хатуу хатуу үгс хэлж, нийтийг давалгаалуулж чадсан #MeToo хөдөлгөөний тухай ч таагүй сэтгэгдлээ илэрхийлж байсан удаатай. Хувцас загвар, моделиуд, эмэгтэй хүний эрх үүргийн тухай хуучинсаг үзэл бодлоо ил болгож чамгүй асуудлуудтай орооцолдож байжээ.
Нэрт дизайнер Карл Лагерфельд 2019 оны 2 сарын 19нд Парис хотноо өвчний улмаас таалал төгсжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|