• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    135   |  
0

Тэр бүсгүй гэнэт л гартаа ямар нэгэн зүйл хий атгаад газарт явган суугаад алхаж эхлэв. “Яг ингэж… Яг ингээд явсан шүү дээ” гээд инээмсэглэн ярилаа. “Аан тийм байх нь” гэж бодогдоход ярьж буй бүхэн нь нүдэнд харагдах шиг болсон юм.  Найз нь түүнийг “Заах арга барил маш сайн. Бүх юмыг сэтгэлээсээ, бүрэн гүйцэтгэлтэй хийдэг” гэж тодорхойлон хэлсэн нь үнэн байв.

Улаанбаатарыг үзэхийн тулд хичээлдээ шамдан суралцаж, мянган бээрийн цаанаас улсын олимпиадад оролцохоор ирсэн жаахан охин, Америкийг үзэхийн тулд мөн л хичээнгүйлэн суралцсаар арван мянган бээрийг туулж Калифорни мужийн Их сургуульд суралцаж, Харвардад боловсрол дээшлүүлсэн энэ бүсгүйн амьдрал, монгол мөрөөдөл биеллээ олжээ.

Монгол Улсын их сургуульд элсэн суралцаж оюутан болсон анхны жилдээ ихэнх оюутны өмнө тулгардаг асуудал болох байрны түрээс, сургалтын төлбөр, хэрэглээний мөнгөө олох шаардлагатай болж сургалтын төвд багшилж эхэлсэн байна. Арван жилдээ англи хэл шамдан сурч “TOEFL”-н шалгалт амжилттай өгсөн ч “багшилна” буюу “хүнд аливааг ойлгуулна” гэдэг хичээл зүтгэл шаардсан амаргүй ажил байсныг тэр эргэн дурссан юм. Өглөө хичээлдээ суугаад тарангуутаа сургалтын төвд очиж, орой 20, 21 цаг хүртэл тасралтгүй хичээл зааж, амралтын өдрүүдээр ч амрах завгүй ажилладаг байсан нь өнөөдрийн амжилтынх нь үндэс гэж тэр тодорхойлсон. Ингэж шаргуу хөдөлмөрлөсөөр дөнгөж 24-хөн насандаа хүн бүхний мэдэх “JET” хэмээх байгууллагын гүйцэтгэх захирал болж, хоёр ч их дээд сургуулийг амжилттай төгсөж, үүгээр зогсохгүй айлын гэргий, хоёр хөөрхөн охины ээж болсон тэр бүсгүйгээс “Түр хүлээгээрэй! Та дөнгөж 24-хөн насандаа яаж энэ бүхнийг амжуулсан юм бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдан асуусан юм.

Яг энэ яриа өрнөхийн урд өдөр их сургуулийн найз маань энэ бүсгүйн талаар надад хэлэхэд шууд л очиж танилцахыг хүссэн юм. Түүнийг 30 гарч яваа залуухан бүсгүй байгаа гэж хэлсэн ч ийм арвин түүхтэй, сонирхолтой амьдралтайг нь хэлээгүй билээ.  

Ингэж л Цогтхүүгийн Алтансор гэх энэ бүсгүйтэй танилцсан бөгөөд тэр намайг найрсгаар угтаж авч яриа дэлгэхдээ халуун дотно инээмсэглэн чин сэтгэлээсээ дурсамжаа хуваалцсан юм.

“Хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л ажилдаа орж байлаа. Тэр үед манай байгууллагынхан надад их итгэл хүлээлгэсэн байсан. Би ч тэр итгэлийг алдахгүйг их хичээсэн. “Би чамд итгэж байна” гэдэг энэ үг “тэр итгэлийг алдахгүй юм шүү” гэсэн  хүслийг хүчтэй төрүүлдэг юм шиг санагддаг. Тиймээс ч би 15 жил нэг байгууллагадаа ажилласан. Ээж минь надад итгэдэг байсан учир би хичээнгүйлэн суралцдаг байсан бол, байгууллагын үүсгэн байгуулагч маань надад итгэдэг байсан учраас чадахгүй, мэдэхгүй ажил даалгасан ч “чаднаа” гээд хичээн ажилладаг байсан” гэж хариулав. 

Зорилго тодорхой байх тусам түүнийг биелүүлэх амархан

Өнөөдөр ихэнх хүний толгойн өвчин англи хэл сурах шүү дээ. Та ийм удаан багшилж, Монголдоо хоёр ч их сургууль төгсөж, Америкт магистраа хамгаалсан хүний хувьд хэл яаж хурдан сурах аргыг хуваалцаач гэхэд “Тодорхой, хэмжигдэхүйц зорилго тавих чухал. 20 жилийн өмнө би хотод ирэхийг хүссэндээ англи хэлийг шамдан сурсан. Анзаараад байхад зорилго тодорхой байх тусам түүнийг биелүүлэх амархан байдаг. Ядаж л би англи хэл сурна биш “би IELTS өгнө” гээд шалгалтдаа бүртгүүлчихвэл хүмүүс илүү нухацтайгаар хичээллэж үр дүн гаргадаг. Хэрэв Америкт очно гэж хүсэж байгаа бол хэзээ, яаж гэдгээ тодорхой болгочихвол хэлээ сурахад нь илүү тустай” гэсэн юм.  

Гэхдээ одоо тэр сайн багш төдийгүй сайн удирдагч болсон гэж тодорхойлмоор. Түүний байгуулсан “Q Education Group” дөрвөн салбартайгаар цэцэрлэг, сургалтын үйл ажиллагааг явуулж салбартаа тэргүүлж бас манлайлж байна.

“Коронавирусийн үед манайх бүр таг зогссон л доо. Энэ үед захирал маш сайн удирдагч гэдгээ харуулсан. Бид хурдан хувьсан өөрчлөгдөж нөхцөл байдалдаа дасан зохицож ажилласан. Танхимаар хичээл заадаг байсан бол онлайнаар зааж, сурах бичиг, сургалтын материалуудыг гэрээр суралцахад тохиромжтой болгон хэвлэж, тараасан. Хэлэхэд амархан боловч шинэ ур чадваруудыг шуурхай эзэмшиж түүнийгээ гүйцэтгэх шаардлага үүсч байлаа. Захирал шөнө хүртэл номоо редакторлаж, багш нарт хэрхэн онлайнаар хичээл орохыг зааж зөвлөж, номоо сурагчиддаа хүргэж, ажилтнуудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан. Ингэж бид коронавирусийн онцгой байдлын хүнд үеийг нэг ч ажилтан цомхтголгүй, цалин таналгүйгээр амжилттай даван туулсан” гэж Б.Дөлгөөн багшийг инээмсэглэн хэлэхэд өөрийн эрхгүй бахархал төрөв.  

“Нэг бороотой өдөр охидоо сургуульд нь хүргэж өгөөд, машинаас буулгахдаа “За анги руугаа хурдан гүйгээрэй” гэж хэлсэн. Тэр үед сургуулийнх нь захирал өөдөөс гүйж ирээд охины минь өмнө явган суугаад шүхрээ толгой дээр нь бариад бороонд норгохгүй гэсэндээ галуун цуваагаар явж байгаа мэт тонгос, тонгос гэж урагшилсаар сургуулийнх нь хаалгаар жаахан ч норголгүй оруулсан. “Яг ингэж… Яг ингээд явсан шүү дээ” гээд дүрслэн явган сууж дүрслэн үзүүлэхдээ “Сургуулийн захирал нь хүртэл миний хүүхдүүдийг надаас илүү халамжилж, хайрлаж тийм үйлдэл хийж байсан нь одоо ч мартагддаггүй” гэдгээ хэлэв.

Монголдоо олон жил багшилсан боловсролын байгууллага удирдаж байсан учир “Боловсролыг хэрхэн бүтээгдэхүүн болгож чанар стандартыг хангах вэ” гэсэн асуулт өвөртлөн Америкт очсон бүсгүй асуултынхаа хариуг тэр л үед олжээ. Боловсролын байгууллага дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, чанар стандарт, шинэ мэдлэгийг нэвтрүүлээд зогсохгүй хүнлэг чанар, шударга ёс, тэгш боломжийг хангасан, хүүхэд бүрт сэтгэл зүйн боловсрол олгодог байгууллага байх ёстойг тухайн үед хүчтэй мэдэрсэн байна.

Ц.Алтансор сургуулиа төгсөөд Монголдоо ирэнгүүтээ цэцэрлэг сургалтаа байгуулсан бөгөөд өнөөдөр дөрвөн салбартайгаар, олон улсын хэд, хэдэн шилдэг хөтөлбөрийг өндөр төлбөр төлөн франчайзын эрхтэйгээр нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Жишээлбэл нэг салбар болох Nutty scientist буюу “Галзуу шинжлэх ухаанчид” олон улсын хөтөлбөр сурагчдад ерөнхий шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математикийн ухааны нарийн төвөгтэй асуудлуудыг хөгжилтэй байдлаар, туршилтын аргаар ойлгуулахад чиглэсэн бөгөөд хүүхдүүд ид шидийн гэмээр туршилтуудыг хийж түүндээ баясан хөөрч, элдэв бодисыг хольж найруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  

“Энэ хөтөлбөр XXI зууны чадвар болох шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлын шийдлийг эрж хайх, өөрөө туршиж үзэх, багаар ажиллах чадвар зэрэг уян чадварыг хөгжүүлдгээрээ ач холбогдолтой. Мөн манай нэг сурагч гэртээ очоод өөрийнхөө хичээл дээрээ хийсэн ванны хөөсөндөө хэвтээд, өөрийн хийсэн савангаар гараа угаахдаа их аз жаргалтай байсныг ээж нь надад хэлж байсан. Хуулан бичиг хийлгэх, тоо цээжлүүлэхээс илүү мэдлэгийг хэрэглээ болгох талаас нь заах нь хүүхдийн сурах хүслийг өдөөж, “би чадна” гэсэн итгэлийг төрүүлдэг” гэж Ц.Алтансор хэлсэн юм. Үүнийг сонсоод Монголын хүүхэд бүрт мэдлэгээ хэрэглээ болгон суралцах боломж бүрдээсэй гэж хүссэнээ нуух юун. Мөн түүний ярьсан бүхэн боловсролын салбартай холбогдохоос гадна гурван хүүхдийн ээж болоод ч тэр үү хүүхэд гэдэг үгийг хамгийн ихээр хэлж байв.

 
 

...Манай охин Монголд амжилттай сурч чаддаггүй байсан. Сургууль дээрээ байхдаа хөлс нь чийхрах, гэдэс нь базлах, толгой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Багшийгаа нэг асуулт асуухад л хариулж чадахгүй сандарчихдаг байсан хэрэг. Тэгээд л сургууль руу нь дуудагдаж очдог байлаа. Харин АНУ-д очсоноос хойш “ээжээ би чадаж байгаа”, “би сайн байгаа” гээд их л жаргалтай болчихсон юм. Гайхаад багштай нь очиж уулзахад “танай хүүхэд эх хэлээрээ биш хоёрдогч хэлээр сурч байгаа учир хялбаршуулсан хөтөлбөрөөр зааж байгаа” гэсэн юм. Тэр нь үнэндээ цэцэрлэгийн хөтөлбөр байсан л даа. Учир нь хичээлээр шахаад, хүчлээд байвал сургуульдаа дургүй болчихно гэж багш нь тайлбарласан. Хамгийн сонирхолтой нь төд удалгүй охин маань ангийнхныгаа гүйцэж, ижил түвшинд суралцдаг болсон. Ер нь хүүхэд бүр онц сурах ёстой юу гэдэг асуулт их сонирхолтой. Харин хүүхэд бүр аз жаргалтай, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, амар амгалан өсөж хөгжих боломжоор хангагдах нь чухал. Хүүхэд бүрийн сурах арга барил, сэтгэл зүйн онцлог өөр шүү дээ. Өнөөдөр манай боловсролын системд ололттой тал их бий ч дутагдалтай тал бас л их байна. Бид хүүхдэд тоо цээжлүүлэх, хуулан бичлэг хийлгэхээр боловсролыг томъёолчихоод хэмжих шугам татаад түүнээс дээш бол сайн, доош бол муу гэсэн “шошго” зүүж байна. Угтаа мэдлэг олгохдоо мэдлэгээ ашиглах чадвар, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах ухааныг давхар олгож түүнийгээ боловсрол гэж нэрлэмээр санагддаг. Боловсролын хөтөлбөртөө ч бид хүүхдийн “өөрийгөө таних”, “удирдах” чадвар олгох хичээлийг тусгах шаардлага үүсч байна.  

Боловсрол бол өргөн хүрээний ойлголт. Маш том салбар. Энэ бүхнийг нэг орой суугаад бүхлээр нь яриад, шийдээд, тодорхойлох боломжгүй. Ингээд л яриад л байвал яриад л байна. 17 жилийн турш боловсролын салбарт ажиллахдаа шийдвэрлэхийг хүссэн олон асуудалтай нүүр тулсан. Мөн эх орондоо ч, хөгжингүй улсад ч энэ салбарыг академик түвшинд сонгон суралцаж, онолын судалгаа хийсэн учир өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй болсон. Харин өнөөдрийг хүртэл энэ мэдлэг, туршлагаа ойлгодог үнэлдэг цөөн хэдэн хүнд л хүргэж ажиллаа. Төрийн байгууллагуудад дэвшилтэт санааг хэрэгжүүлэх, боловсролын чанарыг сайжруулах талаар тодорхой шаардлага, хүсэлт тавьж байсан ч дорвитой хариулт авч байгаагүй. Тиймээс одооноос олон нийтэд хүргэж бодит оролцоотой ажиллахыг зорьж байгаа гэж Ц.Алтансор уулзалтын төгсгөлд хэлэв.

 
 

Мөн тэр улс төрийн намуудын боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, мөрийн хөтөлбөртэй танилцаад, “Цэцэрлэг, сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах, ашиглах бүрэн боломжтой байх стандартыг нэвтрүүлж хэвшүүлнэ”, “Хүүхдийн зүй бус, албадан хөдөлмөр, мөлжлөгийг устгах, сургууль завсардалтыг арилгана”, “Цэцэрлэг, сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах, ашиглах бүрэн боломжтой байх стандартыг нэвтрүүлж хэвшүүлнэ” зэрэг өгүүлбэрийг тусгасан ХҮН-ын мөрийн хөтөлбөрийг уншаад үүнийг хэрэгжүүлэхэд миний туслалцаа хэрэгтэй гэсэн сэтгэлээр “Надад үүнийг өөрчлөх, сайжруулах хүсэл байна” гэсээр урам зоригтойгоор  ХҮН-ын залуустай нэгджээ.  

Түүний яриаг сонсож суухдаа УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд ХҮН-ын залуусын төгссөн сургууль, боловсролын зэргийг жагсаасан хүснэгт од болж байсныг гэнэт санаад, ХҮН үнэхээр боловсролын салбарын манлайлагчдыг нэг дор цуглуулж чадсан нам мөнөөсөө мөн юм гэсэн бодол төрсөн юм.

Хөдөлмөрийн үндэсний намаас Ц.Алтансорд сонгуульд оролцох санал тавьж, Хан-Уулын дүүргийн 20 дугаар тойрогт нэр дэвших эрх олгосон учраас тэрбээр өөрийн амьдралын туршлага, итгэл үнэмшлээ даган нэр дэвшсэн зоригтой үйлдэл гэж санагдлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгууль түүний хувьд “улс төрийн шинэ алхам” хэдий ч “Хүүхдийн төлөө оруулсан өнөөдрийн хөрөнгө оруулалт маргаашийн хөгжилд гэрэл нэмнэ” гэсэн итгэл нь хэтэрхий эрт төлөвшсөн улс төрийн үзэл баримтлал гэлтэй. Ийм зөв хүмүүс Монголын улс төрд ус, агаар мэт хэрэгтэй байгааг хэн хүнгүй хэлдэг.

“Би бүхнийг чадна” гэсэн олонхын дунд “Би чаддагаа л хийнэ” гэсэн үнэн үг чихэнд наалддаггүй.

Гэвч өнөөгийн улс төр гэж юу вэ, улс төрч гэж хэн бэ, иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ гэдгийг сонгогдож байгаа хүмүүс, сонгож байгаа иргэд ч буруу талаас нь харж иргэд нь төлөөлөгчөөсөө хариуцлага биш, амлалт нэхдэг, их хурлын гишүүд нь үндэсний хэмжээний бодлого бус зөвхөн сонгогдсон тойргийнхоо иргэдэд таалагдах амлалтаа бодсоор явдаг ийм дүр зурагтай Монголын нийгэмд “би” гэж цээжээ дэлдэлгүй “ажилласан туршлага, эзэмшсэн боловсролынхоо хэмжээнд хувь нэмрээ оруулмаар байна” гэж ямар ч популизм, худал хуурмаггүйгээр үнэнээ хэлсэн залуу хүн сонгогдох магадлал тун бага.  

Учир нь “Би бүхнийг чадна” гэсэн олонхын дунд “Би чаддагаа л хийнэ” гэсэн үнэн үг чихэнд наалддаггүй. Бидний яриа өндөрлөхөд би түүнээс “Та сонгогдохгүй бол яах вэ. Сонгуулийн тогтолцоо УИХ-тай ижил томсгосон мажиратор. Тоглоомын дүрэм эрх баригч талд үйлчилнэ шүү дээ” гэж асуусан. Харин тэр “Миний үнэт зүйл, миний зорилго өөрчлөгдөхгүй ээ. Боловсролын салбартаа ажиллаж, чанар стандартыг нэвтрүүлэхийн тулд хичээнэ. Хүмүүс үргэлж өөрчлөгдөж, сайжирч байдаг болохоор боловсрол ч дагаад өөрчлөгдөж, сайжирч байх ёстой” гэж тайван өгүүлсэн.  

Тэртээ 30 жилийн өмнө, ардчиллын төлөө нэгдэж Сүхбаатарын талбайд цугласан олон түмэн Төрийн ордон руу уулгалан тэмцэхэд төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг “Ардчиллыг дэмжиж байгаа нь явган суугаарай” гэж хэлсэн гэдэг. Тиймээс л Монголчууд оготнын хамраас ч цус гаргалгүй “шинэ нийгэм”-д хамтдаа нэгэн зэрэг хөл тавьж орсон. Гэвч үүнээс хэдхэн жилийн дараа “Ардчиллын романтизм Зоригтой хамт үхсэн” гэсэн гарчигтай ярилцлага сонины хуудаснаа хэвлэгдэж, түүнээс хойш ардчиллын талаарх хэтэрхий сайхан төсөөлөл бага, багаар замхарсан.

“Улстөрч хүн гэдэг усан онгоцыг жолоодох гэж биш тэр усан онгоцонд суух гэж байгаа хүн”

Харин өнөөдөр социализм үнэртүүлсэн дарга нар нэрээ сольсон Монгол Ардын Хувьсгалт намын 100 жилийн ойг тэмдэглэхээр Төрийн ордонд төлөвлөж суухуй дор алтан хараацайн авчирсан эрх чөлөө, чөлөөт нийгмийн хөрсөнд өлгийдүүлж өссөн залуус “Би үүнийг хийж чадна” гэсэн итгэлтэйгээр хаалгыг нь даруухан тогшино.  

Яриандаа хөгөлөгдөж “Яг ингэж… Яг ингээд” хэмээн чин сэтгэлийн дурсамжаасаа хуваалцаж, өсгийтэй гуталтайгаа газарт сууж, охиныхоо сургуулийн захирлыг дуурайн инээмсэглэх энэ бүсгүй шударга ёс цогцолсон, тэгш боломж хангагдсан, ёс зүйтэй, хүмүүнлэг Монголыг мөрөөдөж байна. Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй гэдэг. Хүссэн ч эс хүссэн ч залуучууд дуугаа дуулах л болно. Тиймээс “Улстөрч хүн гэдэг усан онгоцыг жолоодох гэж биш тэр усан онгоцонд суух гэж байгаа хүн” гэсэн Нельсон Манделлагийн үгээр бичвэрээ дуусгая.

TAGS
#Business