• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Сошиалд “Ardiin Ania Gigi” нэрээрээ залуусын дунд танигдсан Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр өдгөө АНУ-ын Сиэтл хотод амьдардаг бөгөөд Сент-Луисийн “Lindenwood University”-г бизнесийн удирдлага мэргэжлээр төгсжээ. Бидний яриа сошиал ертөнцийн талаар бус хүүхэд залуусын боловсрол хийгээд Америкт сурахад ямар боломж байдаг талаар өрнөлөө. 

ЗАЛУУСТ ТЭТГЭЛЭГ АВАХ ӨЧНӨӨН АРГА БАЙДАГ Ч ӨӨРСДИЙГӨӨ ДУТУУ ҮНЭЛДГЭЭС БОЛОМЖОО ОЛЖ ХАРЖ ЧАДДАГГҮЙ

-Анх Америкийн сургуульдаа тэтгэлэг авч байснаа дурсахгүй юу?
-Эрдэнэтийн “МонТурк” сургуулийг төгсөөд хэлний бэлтгэлд суухаар АНУ-д ирсэн. Вашингтонд есөн сар хэлний бэлтгэлд эхний гурван сарынхаа төлбөрийг хувиасаа төлөөд үлдсэнийг нь тэтгэлгээр сурсан. Учир нь би захиралтайгаа тохиролцсон юм. Өөрийнхөө дүнг нэг сарын дотор ахиулна гэж амласан бөгөөд түүнийгээ баталж чадсан. Эхлээд 70 хувь, дараа нь 100 хувийн тэтгэлэг авсан. Өөрөө л хичээвэл залууст төлбөрөө хөнгөлүүлэх, тэтгэлэг авах боломж их бий. Миний хувьд бэлтгэлээ амжилттай дуусгаад TOEFL-ийн 70 оноо авч, сургуулиа судалж эхэлсэн. Тэгээд “Lindenwood University” сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, төгссөн. Энэ сургуульд орохын тулд би элчингийн ярилцлагад гурван удаа унасан гээд боддоо. Гэсэн ч шантраагүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд их итгэдэг. Өөрийнхөө хүчээ дайчлаад тууштай явах тусам хүн ажилтанд хүрдэг гэж боддог. 

-Залууст тэтгэлэг авах ямар боломжууд байдаг вэ?
-Хэлний бэлтгэлээр сурч байх үед тэтгэлэг авах хэцүү. Учир нь TOEFL-ийн оноо байдаггүй. Голч дүн 3.5 - 4.0 буюу 90 - 100 хувь, бичсэн эсээ маш сайн байх ёстой. Ингэснээр academic scholarship авна. Эсвэл сургууль дээрээ очоод тэтгэлэг авах боломжтой. Мөн сургуулийн оюутны холбоонд нэгдээд, идэвхтэй байж чадвал тэтгэлэг авч болдог. Нөгөөтэйгүүр сургуулийн спортын баг, хөгжөөн дэмжигчдийн баг гэх мэтэд орвол тэтгэлгийн хөнгөлөлт эдэлнэ. Ерөнхийдөө маш олон арга зам байдаг. Зарим хүн айдаг, эсвэл өөрийгөө дутуу үнэлдгээс тэдгээр арга замыг олж харж чаддаггүй. 

-АНУ-д тав дахь жилдээ амьдарч байгаа гэсэн. Анх ирэхэд ямар сэтгэгдэл төрөв? 
-Жинхэнэ шоконд орсон. Би нэг Америк айлд амьдарсан. Сургуулиудтай гэрээтэй айлууд байдаг юм билээ. Тийм айлд сарын 500 доллараар амьдардаг, хоол нь нэмэгдвэл 200 доллар. Би хувьдаа сарын 700 доллар төлдөг байсан. Ер нь л анх “Ямар гоё юм бэ” гэх сэтгэгдэл төрсөн.

-Хариуцлагаа хүний нутагт, ганцаараа үүрэх мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Гоё шүү дээ. Хэдий айдас байгаа ч тэр нь сайхан мэдрэмж. Би чинь “Мон Турк”-д дотуур байранд амьдарч байхдаа ихэд биеэ даасан нь надад тус болсон. Харин ч би их эрч хүчтэй, сонирхолтой байсан. Өдөр болгон нэг шинэ юм мэдэж авахдаа их баярлана. Улам л ихийг сурч, хөгжиж ухаажсан юм шиг санагдана. Миний зорилго тун тодорхой учир түүндээ хүрэхийн тулд аль хэдийн алхмууд хийгээд эхэлчихсэн байсан. Жишээ нь Монголоос АНУ-руу ирнэ гэдэг чинь маш том зориг байхгүй юу. Анх энд ирсэн хүүхдүүдтэй уулзахад тэд эхэн үедээ айсан, уйлсан талаараа надад ярьж байсан. Гэтэл надад тийм мэдрэмж төрөөгүй. Учир нь би өөрийнхөө сэтгэл санааг бэлдчихсэн болохоор тэр байх. Залуучууддаа зөвлөхөд зоригтой бай, тэгж байж үйлдэл хийж эхэлнэ. Тэгээд үйлдэл нь туршлага болж, тууштай байх тусам нэг л өдөр зорьсондоо хүрнэ шүү гэж хэлмээр байна. 

АНХ АМЕРИКТ ИРЭЭД БАГА ЗЭРЭГ АЙДАСТАЙ Ч ҮЗҮҮЛЭЭД ӨГНӨ ДӨӨ Л ГЭЖ БОДСОН

-Энд ирэхээс өмнө Америкийн тухай ямар төсөөлөлтэй байв?
-Би чинь их өөдрөг хүн. Бага зэрэг айдастай ч үзүүлээд өгнө дөө л гэж бодсон. Анх очиж байгаа хотоо New York, Chicago-оор их том гээд төсөөлчихсөн байсан. Тэгсэн бодит амьдрал дээр нягтаршил багатай, өргөн уудам газар нутагтай байсан. Монголоос ирэхээсээ өмнө хэлний бэлтгэлд сууж байсан монголчуудаас ямар байгааг асуухаар “хөдөө хөдөө” гэнэ. Тэрийг нь сонсоод өө энэ хүмүүс чинь ийм гоё газар оччихоод яахаараа ингэдэг байна гэж бодно. Миний хувьд зорилго тодорхой учир гадны хүчин зүйлст тийм ч ач холбогдлоо өгөөгүй. Ерөнхийдөө бүхнийг сайхнаар харсан. 

-Хэзээнээс орчиндоо дасаж эхэлсэн бэ?
-Би аливаад их хурдан дасдаг. Миний эргэн тойрон, нийгэм ямар байна тийшээ уусчихдаг гэсэн үг. Энэ нь сайн, муу хоёр талтай. Ер нь өвдөх үедээ гэрээ хамгийн их санагдаг юм байна. Харин хичээлтэй, энгийн өдрүүдэд бодох завгүй өнгөрнө. Миний хувьд энд ирээд англи хэлээ яаж сайжруулах вэ гэдэгт л толгойгоо гашилгасан. Гэрээ харьцангуй бага санана. Харин өвөө эмээтэйгээ ярьсны дараа их уйлдаг байсан. Өвөө эмээгээсээ урам зориг авахын тулд утсаар ярина. Ер нь бүрэн дасах гэж 2-3 сарыг зарцуулсан. Завгүй байвал тэгээд хэзээ дассанаа ч анзаардаггүй юм билээ. Бүтээлч байя гэвэл өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Залуу хүн зорилгогүй сэрэх нь гутамшиг гэж би боддог. 

-Яагаад бизнесийн удирдлагыг сонгосон бэ? 
-Мэргэжлээ сонгох гэж хамаатны ах эгч нараасаа туслалцаа авсан. Би ер нь өөрөөсөө том хүмүүстэй ярих маш дуртай. Ахаасаа мэргэжлээ хэрхэн сонгох зөвлөгөөг авсан. Гэтэл надаар нэг тест бөглүүлсэн. Тэрхүү сорилоор өөрийнхөө юунд хүсэл сонирхолтой, дуртайгаа ойлгосон. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол хүмүүстэй ярилцах, удирдан зохион байгуулах байсан учраас хүний нөөц, бизнесийн удирдлагыг чиглэлийг сонгосон. Одоо ч сонголтдоо баярладаг. 

МОНГОЛД АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАЖ АМЬДРААД БАЙДГИЙГ ҮНЭНДЭЭ ОЙЛГОДОГГҮЙ

-Мэргэжлээ сонгож чадаагүй, 10 жилээ төгсөж буй хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? 
-Хамгийн түрүүнд өөрийнхөө юу чаддагийг жагсааж бичээрэй. Бүх хийх дуртай зүйлс, авьяас чадвараа бичээд байх тусам толгойд улам олон юм орж ирнэ. Бас интернетээр судалгаа хийх хэрэгтэй. Тоондоо сайн бол санхүүгийн мэргэжилтэн, дуу бүжигтээ чадварлаг бол шоу бизнесийн салбарт өөрийгөө сорьж болно. Дараа нь ээж аавтайгаа ярилцаад үз. Яагаад гэвэл тэд чиний сонголтод зөв зөвлөгөө өгнө. 

-Чиний оюутны нэг өдрийн амьдрал ямар байв?
-Өдөржин компьютер дээр ажиллана. F1 визагаар ирсэн оюутнууд ажиллах хориотой байдаг. Гэхдээ том сургуулиудад дотроо ажиллах боломж их. Би эхний хоёр жил сургуульдаа ажилласан. Тэгснээр зөвхөн ангийнхантайгаа бус өөр хүмүүстэй харилцах боломжтой болсон. Цагийн хөлс муж мужаараа өөр. Сиэтлд бол хамгийн багадаа 15 доллар. Манай тэнд 8 доллараас эхэлдэг. Би цагийн 9.50 доллар авдаг байсан. Ажлаа сайн хийсэн гээд менежер маань миний цалинг 10 доллараар нэмж байлаа. 

-АНУ-д сурдаг оюутнууд цагтай уралдаж амьдардаг гэж сонссон?
-Энд ажил амьдарч байгаа хүн бүрийн амьдрал нэгэн хэвийн болчихсон байдаг. Өглөө бослоо, цайгаа уулаа, хичээлдээ /ажил/ явлаа, гэртээ ирлээ, хоолоо идлээ, унтлаа... Ердөө л энэ загвараар амьдарна. Тэгэхээр өөртөө заавал цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд хичээж байгаад йогад явах, шинэ бүжиг сурах зэргээр өөртөө цаг гаргадаг байсан. 

-Завгүй амьдарснаар юу хожих вэ?
-Энд ажилгүй бол амьдралгүй гэсэн үг. Монголд ажилгүй хүмүүсийг яаж амьдраад байдгийг үнэндээ ойлгодоггүй. Энд цаг бол алт. Зуны амралтаар Монголд очоод өнөөдөр юу хийх билээ гээд сандарч өглөө босдог. Тэгээд ямар ч төлөвлөгөөгүй болонгуут гэртээ зүгээр сууж чадахгүй ямар нэг зүйл хийх ёстой юм шиг адгадаг. Энд болохоор өглөө заавал хийх ажилтай сэрдэг. Тийм болохоор би залуу хүн зорилгогүй сэрэх нь гутамшиг гэж хэлээд байгаа юм. Монголд байхад ээж аав хоёр чи сайхан амраад ав гэдэг. Харин би зүгээр суумааргүй ямар нэг зүйл хийж санаа амардаг. 

-Чиний өөрийн хүчээр бий болгосон хамгийн гоё амт хэзээ байсан бэ? 
-Есдүгээр ангид сургуулиас зохион байгуулсан дууны тэмцээнд оров оо. Тэгсэн дэд байрт шалгарчихсан. Тэгээд цааш Туркэд очиж тэмцээнд ороод тусгай байр эзлээд 500 доллараар шагнуулсан. Ээж аавдаа 500 доллартай ирж байлаа. Тэр үед хайртай хүмүүсээ жаахан ч гэсэн баярлуулчихлаа гэж бодсон. 

ТЭТГЭЛЭГ АВАХЫН ТУЛД ЭЛЧИНГИЙН ЯРИЛЦЛАГАД ГУРВАН УДАА УНАСАН Ч БИ ШАНТРААГҮЙ

-Ээж аав чинь чамайг яаж хүмүүжүүлсэн бэ? 
-Намайг үргэлж урмаар тэтгэсэн. Хүн чинь сэтгэлийн амьтан. Өөрийгөө ургамал гэх юм бол ээж аав маань миний хөрсийг хангалттай усалсан гэсэн үг. Нэг удаа би их сэтгэлийн дарамтад орсон юм. Сургуульд явах гээд элчингийн ярилцлагад гурван удаа ороод уначихсан. Гэхдээ шантраагүй. Гол нь ээж аав хоёр минь намайг сэтгэлээр дэмжсэн байхгүй юу. Бас эмээ өвөө хоёр минь байна. Ер нь намайг их эерэг, эрч хүчтэй, чи чаднаа гэж урмаар тэтгэсэн хүмүүс хүрээлдэг. Тэгэхээр надад няцах, шантрах, гутрах сэтгэгдэл төрдөггүй. Дөрөв дэх удаагаа орох үед аав маань миний нуруун дээр цохиод “never give up” гэж хэлж билээ. Бүр тийм бичигтэй цамц хүртэл өмсчихсөн байсан. Би ээж аавдаа их баярлаж явдаг. Элчингийн ярилцлагад унаж байхад зарим хүн “хайран мөнгө” гээд халаглаж байхад тэд минь “Зүгээр ээ, чи АНУ-д очоод боловсрол эзэмшиж л байвал аав ээж хоёрт нь хэчнээн мөнгө гарах нь хамаагүй. Чи зүгээр л очоод сур, тэгээд л боллоо” гэдэг байсан. 

-Монгол руу ирж очиход америк болоод монгол дахь залуусын сэтгэлгээний хооронд ямар ялгааг мэдэрсэн бэ? 
-Наадах чинь маш өргөн асуудал. Тодорхойлох амаргүй. Яг үнэндээ илүү мэдлэгтэй хүмүүс Монголд байдаг. Нөгөө талаас гадаадад сурсан оюутнуудын харах өнцөг өөр болчихдог.Ерөнхийдөө Монголд байгаа компаниуд энд хэчнээн сайн сурсан оюутнуудаас илүүтэйгээр гадаадаас ирсэн муу байсан ч хамаагүй хүмүүсийг компанидаа авахыг хүсдэг. Яагаад гэвэл тэдний харах өнцөг нь өөр, задгай сэтгэж чаддаг гэж хэлдэг. Ер нь ч ортой. Тэгээд амьдралд илүү суралцсан байдаг

-Гадаадад сурах гээд хэрхэн арга замаа олохгүй байгаа залуучуудад юу гэж зөвлөх вэ? 
-Судал. Зүгээр л судал. Улаанбаатарт, Эрдэнэтэд англи хэлний сургалтын газрууд, travel agency буюу зуучлалын байгууллагууд их бий. Өөртөө цаг гаргаад тийшээ очиж мэдээлэл солилцоод үз. Тэгээд өөрийнхөө зардлаар явмаар байвал хэлээ сайжруул. Би Youtube-д англи хэл яаж сурах вэ? Америк руу хэрхэн явах тухай бичлэгүүд хийсэн. 

-Залуучууд яагаад заавал гадаадад сурах хэрэгтэй вэ?
-Өндөр боловсрол, амжилтанд хүрэхийн тулд явах хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг. Тэр бол ерөнхий хариулт. Хүмүүс хил давчихвал аз жаргалтай болно гэж эндүүрдэг. Яг үнэндээ энд ирээд хөдөлмөрийн мөн чанарыг мэдэрдэг. Зөв сэтгэж чадвал зөв боломжийг олж хардаг.

TAGS
#Edu