A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
Дэлхийн хэмжээнд авьяасаа үнэлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “Мандухай” циркийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэчимэгтэй АНУ-ын Миннесота мужид уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн талаар ярилцсанаа сийрүүлье.
Х.Эрдэнэчимэг гэх энэ бүсгүй циркийн жүжигчин. Тэр дундаа жүжигчнээс асар их мэдрэмж, эр зориг, авьяас, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг дудартай акробат үзүүлбэрийн “нисдэг од”. Бид ярилцлагаа циркт анх хөл тавих болсон түүхээс нь эхлүүлсэн юм.
Амжилтын түүх 1: Циркийн сургуульд шалгуулсан нь миний амьдралын “алтан гадас” болсон
Х.Эрдэнэчимэгийг зургаахан сартай өлгийнөөсөө салаагүй байхад түүний аав, ээж Дархан хотод ажиллах томилолт өвөртөлжээ. Түүний ээж худалдааны нярав, харин аав нь цахилгаан станцад ажилд орж, тэндээ аж төрөх болжээ.
Багаасаа л хурдан, шаламгай “гялалзуур” хүүхэд байсан гэнэ. Дарханы циркт гимнастикаар хичээллэн чамлахааргүй амжилт гаргасан нь түүнийг циркийн жүжигчин болох эхлэлийг тавьсан. Тэрээр долоон хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд нь. Аав, ээж нь ажил ихтэй байсан учир дүү нараа асрах, гэрээ цэвэрлэх гээд түүнд хийх ажил мундахгүй их. Тиймээс гимнастикийн дугуйлангаа орхихоос өөр арга байсангүй. Гэсэн ч циркийн жүжигчин болох мөрөөдлөө хэзээ ч орхиогүй гэдэг.
“Дархан хотын гуравдугаар сургуульд наймдугаар ангиа төгссөн намайг Улаанбаатар руу замчилсан хүн бол миний аав байсан юм. Бид долоон цаг галт тэргээр аялж их хотод хөл тавьж билээ. Ингэж л аав намайг Раднаабазарын нэрэмжит циркийн сургуульд шалгуулсан нь миний амьдралын “алтан гадас” болсон юм” гэж тэрээр аавынхаа тухай дурсан ярив.
Амжилтын түүх 2: Америкийг зорих “алтан тийз”-ийг гартаа атгав
Дөрвөн жилийн циркийн коллежийг онц сурч, хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн “улаан диплом”-той амьдралд хөл тавьжээ. Сургуулиа төгсөөд 1984 оноос мэргэжлийн жүжигчнээр “Монголын цирк”-т ажиллаж эхэлсэн. Энэ хугацаандаа Монгол орныхоо бүх аймаг, сумдаар аялан тоглосон аж. Мөн Дан Марк, Австрали, Орос гэх мэт орноор аялан тоглолтоор явж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулсаар.
Ажлын хамт олон минь намайг аз жаргалтай бүсгүй гэж боддог байсан байх. Гэвч циркт ажиллахдаа бусдад мэдэгдэхээс айсан зүйл нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйгаа бусдад мэдэгдэх байсан. Энэ үед “хөндүүр” асуудлынхаа тухай хэн нэгэнд хэлэх нь ичгэвтэр байсан учир инээмсэглэлээрээ нуухаас өөр арга байсангүй.
1991 онд түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх аз тохиож, Америкийн алдарт “Ringling Bros and Barnum & Bailey” нүүдлийн циркийнхэн Монголд иржээ. Энэхүү цирк нь циркчин болгоны зүрхэнд оршдог “амжилтын гараа”. Тэдний нэгээхэн хэсэг болох нь жүжигчин бүрийн мөрөөдөл байв. Тэрээр амьдралаа өөрчлөхөөр шалгаруулалтад үндэсний хэв шинжийг хадгалсан дудартай акробатын үзүүлбэрээ үзүүлсэн юм. Энэ боломж л түүний хязгаар нь үл харагдах хардалт, зангидсан гараас мултрах “завшаан” нь болжээ.
Дудартай акробат, агаар дээрх уран нугаралт болон шидэлтийн акробатын үзүүлбэрүүд циркийнхэнд таалагдаж хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах саналыг тавьжээ. Эдгээр үзүүлбэрийн гол амин сүнс нь Х.Эрдэнэчимэг байлаа. Циркийн жүжигчид агаарт ямар ч хамгаалалтгүй нисдэг гэхээр сэрэмж алдвал үхэлд ч ойрхон “хүнд” мэргэжил байгаа биз.
Америкийн циркийнхэнтэй хоёр жилийн гэрээ байгуулах нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх “аз жаргалын тийз” байсан ч хүүтэйгээ хамт явж болохгүй гэсэн харамсалтай мэдээг сонсжээ. Хүүг минь хамт явж болно гэж хүлээн зөвшөөрөхөөс нааш хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахгүй хэмээн Америкийн циркийнхнийг шахаанд оруулж, өөрийн хүслээ биелүүлж хүүгээ авч явав.
Амжилтын түүх 3: Эроны хайранд гэр бүлийн хүчирхийллээс үлдсэн “шарх” илааршсан
Америкт л оччихвол амьдрал сайхан болно гэж бодсон ч бүх зүйл санаснаар болохгүй. Хүүгээ өсгөхийн сацуу хоёр ч газар давхар ажиллаж байсан. Авсан цалингаасаа илүүчилж, гэр бүлийнхэндээ явуулна. Эхний нэг жил хэл мэдэхгүйн зовлон их. Хааяа эх орон, ээжийгээ санаж уйлна. Гэвч үргэлж хүүгийнхээ төлөө болно, бүтнэ, бүхнийг хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж, өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Эгэл жирийн “завгүй” амьдрал үргэлжилсээр л. Нэг өдөр Нью-Йоркт байдаг жижиг циркийн шоун дээр Эрон Вүүдс гэх хөгжимчин залуутай танилцсан нь миний амьдралаас атгасан “тэнгэрийн умдаг” байсан юм.
Тэр хүн “Эр хүний зүрх сэтгэлээс хэзээ ч хайр ундардаггүй юм байна” гэх бодлыг минь орвонгоор нь өөрчилсөн. Хүүгээ коллежид ортол би ганц ч эр хүнд итгэж чадаагүй. Амжилтад хүрэх гол түлхүүр нь “өнгөрсөнд үлдсэн” айдсаа даван туулах юм байна гэдгийг ойлгосон тэр үедээ л би амьдралаа дахин шинээр эхлэхээр шийдсэн юм. Үерхээд арван жил болсныхоо дараа би түүнийгээ хүлээн зөвшөөрч, амьдралаа холбосон юм. Надад хэр их хайртай, хэр их итгэдэг нь арван жилийн өндөр босготой шалгуурыг давснаар нь нотлогдоно. Эроны хайранд гэр бүлийн хүчирхийллээс үлдсэн “шарх” илааршсан.
Х.Эрдэнэчимэг зуны дэлгэр цагт эх орондоо ирж, хөдөө орон нутгуудад үнэ төлбөргүйгээр тоглолт хийдэг аж. Мөн өөр шиг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зөвлөгөө өгч, асуудлаа шийдэхэд нь тусалдаг. Тэрээр дарамтгүй, зорилготой амьдрал ямар сайхан гээч. АНУ бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон. Тийм ч учраас хүнийг бие, сэтгэлийн дарамтад оруулж, хүчирхийлсэн этгээдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд зарладаг. Хүчирхийллийг өмгөөлдөггүй, харин ч жигшдэг орон.
Амжилтын түүх 4: Хүчирхийллийн эсрэг тэмцэгч болсон
Бид хүчирхийлэлтэй нийгмийг хүсэхгүй байгаа учир 2010 онд “Mission Mandukhai” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвийг байгуулсан. Тус байгууллагынхаа шугамаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөгөө өгдөг утсыг 24 цагийн туршид ажиллуулах санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мэргэжилдээ хайртай бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр өдгөө тэрээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуудуулж явна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|