• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0

Ковидтой, сонгуультай, хөл хориотой 2020 оноо бид  ийн үдэх гэж байна. Эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал гэхчлэн нийгмийн томоохон цөм болсон салбаруудад чамгүй хямрал, олон хүний амь насанд аюул, бизнест нь хохирол учруулсан ч гэгээтэй тал нь үүнээс хавь их гэдэгт итгэлтэй байна.

2020 онд бидэнд шинийг сэтгэж, хэрэгжүүлж, цахим орчинд суралцаж, ажиллаэ, байгаль дэлхий зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүйг ухамсарлан, хувийн сахилга баттай байх, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, хэрэглээгээ танаж хуримтлал үүсгэх, хайртай хүмүүстээ илүү их цаг зориулж, халамжлах, бусдад туслах, хуваалцахын үнэ цэнийг ухааруулав.

Ингээд өөр өөрсдийн салбартаа хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдийг “Year in review” ярилцлагадаа оролцуулж, өнгөрсөн нэг жилийнх нь ухаарал, ололт амжилт хийгээд ирэх жил юу руу тэмүүлж буйг нь уншигч тантай хуваалцаж байна.  

 

 

"Дейл Карнеги Трейнинг" Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, багш Э.Чинзориг
 
 

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ /зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бэ/, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

-2020 оныг хувийн амьдрал болоод ажлынхаа талбарт маш үр бүтээлтэй өнгөрүүлжээ гэж дүгнэж сууна. Ажил болон хувийн амьдралынхаа хүрээнд зорьсон бүх зүйлээ 100 хувиас давуулан биелүүлжээ. Энэ жилийн хамгийн онцлох, олзуурхууштай үйл явдал гэвэл юу хүсэж мөрөөдөж байгаагаа олсон мөч байлаа. Олон жил хичээл зааж байгаа ч хамгийн дуртай зүйл бол багш бэлдэх юм байна гэдгийг мэдэрсэн. Манай Дэйл Карнеги трэйнинг маш сайн багш бэлдэх зорилгоор жилдээ 10 багш л бэлддэг, харин энэ жилийн хувьд Дэйл Карнеги Трэйнингээсээ  гадна, нийгэмдээ тустай үйл хэрэг бүтээх зорилгоор 30 сургагч багш бэлдсэн.  Хамгийн гоё нь бэлдсэн багш нараас маань 24 нь сургалтаа хэдийн заагаад эхэлчихсэн

Share
 

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

-Шинээр сурж мэдсэн зүйл гэвэл фэйсбүүк групп ажиллуулж сурч байна. Маш их арчилгаа, цаг зав шаарддаг ажил аж. Групп нээхийн өмнөх өдөр нь сургуульд явах гэж байгаа хүүхэд шиг л догдолсон. Энэ мэдрэмж бол цоо шинэ байсан. 

Сошиал орчинд  орон зайд маань нэгдсэн /CHINZO-ЧИНЗО БАГШИЙН ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ/ 5.5 мянга гаруй хүний карьер хөгжилд зориулсан зөвлөгөө, сургалтууд орж эхэлсэн.

Share
 

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ?

-Нэгдүгээрт ном бичих. Өнөөдрийг хүртэл нийтдээ 30 мянга орчим хүнд 4,800 цаг хичээл заажээ. Өнгөрсөн 6 жилийн туршлага дээрээ үндэслээд ном бичвэл хүмүүст хэрэгтэй ном болох байх гэж найдаж байна. Номынхоо сэдвээ  хараахан олоогүй, гэхдээ хувь хүний хөгжил гэхээсээ илүүтэй хүмүүсийн амьдралын хамгийн хэцүү харилцааг хөндсөн, хэрэгтэй ном, бүтээл туурвих нь эхний ажил.

Хоёрдугаарт хоёр хамтрагчтайгаа бизнесээ дөнгөж эрхлэх гэж буй залуус, старт ап, энтрепрерүүдээ дэмжих шинэ бизнесээ эхлүүлэхээр төлөвлөсөн.

Гуравдугаарт сургагч багш бэлдэх сургалтаа дараагийн түвшинд хүргэж, ахин 30 багш бэлдэхээр зорьж байна.  Багш бэлдэж байгаа учраас сургалтыг бүхэлдээ онлайнаар орох нь учир дутагдалтай байгаа тул ковид намжаасай гэж хүсэж байна.

Хүн болгоны гараа, боломж ижил биш учраас хэзээ ч өөрийгөө бусадтай бүү харьцуул, харин өчигдрийнхөө өөртэйгөө харьцуулж бай гэж уншигчиддаа хэлмээр байна. Нэг л өдөр маш том амжилт гаргах нь ердөө чухал биш, өдөр болгон сайжраарай.

Share
 
SEATTLE ESL School үүсгэн байгуулагч, захирал Б.Гэрэлчимэг
 
 

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

-Өнгөрсөн ондоо 90 хувь буюу онц сайн дүн өгөх юм байна. Тавьсан зорилгуудаа маш сайн гүйцэтгэжээ.

Онцлох зүйлс гэвэл:

-"Мөрөөдөх эрх" ном маань Амазон дээр гарсан долоо хоногтоо шилдэг 100 борлуулалттай шинэ номын хоёрдугаар байранд бичигдэв.

-Англи хэл сурах шинэ арга барилыг багтаасан "Lisa’s Diary" номыг, вебсайтын хамт уншигчдадаа хүргэсэн.

-50 багш ажилтантай сургалтын төвийнхөө үйл ажиллагааг тасалдуулахгүй ажилчдынхаа цалинг сар бүр олгож чаджээ.

-WGU их сургуульдаа бага ангийн багшаар суралцахаар тэнцсэн.

-Ковидын үед гэр бүлээ эрүүл байлган, хүүгийнхээ хичээлийг хийлгэх, охиноо харах зэрэг гэрийн эзэгтэй ажлуудыг зэрэг амжуулсан. Олон зорилгоо биелүүлсэн ч 100 хувь оноо өгөөгүйн шалтгаан нь энэ жилийн нөхцөл байдлаас үүдэн өөртөө их бага гаргасан байна. Хүн өөрийгөө амрааж чадвал ажиллах эрч хүч илүү ордог шүү дээ.

Share
 

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

Миний хувьд өмнөх жилүүдэд боловсролын салбарт ажиллаж байсан ч бага боловсролын талаар сонирхож байсангүй. Харин одоо АНУ-ын бага боловсролын системийг судалж, олон зүйлсийг ойлгож, Монголынхоо тогтолцоотой жишин, өөрчилж шинэчлэх шаардлагатай зүйлсийг суралцаж байна. Үнэхээр онцгой, бас сэтгэл догдолсон оюутан байгаа.

Share
 

#Ирэх жил ямар гурван зорилгыг тавьж байна вэ?

-Өөрийгөө сайн амраах. Гэр бүлээрээ аялж амрах.

-Seattle ESL School Англи хэлний сургалтын төвийнхөө АНУ болоод Монгол улс дахь салбарыг холбосон онлайн сургалтын баазаа бүрэн ажиллагаанд оруулах.

-Бага боловсролын салбарын тухай илүү сайн судлан мэдэж, өөрийн сургалтын арга барилыг боловсруулан гаргах сууриа тавина.

Share
 
Дөрвөн Өлзий ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн
 
 

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

10-с 8 оноо өгнө. Гадаад хөрөнгө оруулалт болон шинэ үйлдвэрийн санхүүжилтийг амжилттай төвлөрүүлж бизнесийн хувьд томоохон алхмуудыг хийж чадлаа. Хувийн зорилгуудаа мөн 50-с дээш хувьтай биелүүлж чадлаа. Харамсалтай л нь дэлхий дахиныг хамарсан цар тахалтай холбоотой тааварлаж мэдэх боломжгүй олон саад бэрхшээлээс хамаарч төлөвлөгөөнд байсан нэлээн хэдэн ажил хойш т тул бүрэн оноо өгөх боломжгүй гэж үзлээ. 

Share
 

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж, ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байна?

Мэдээж пандемик. Гаднын хүчин зүйлийн нөлөөлөл маш ихтэй жил байлаа. Хэдийгээр цар тахлын нөлөөлөл тооцож, тооцоо төлөвлөгөө хийдэг хэдий ч энэ жилд энэхүү төлөвлөгөө хангалтгүй байлаа. Үүнээс шалтгаалсан хувийн болон бизнесийн маш том хэд хэдэн ажил хойшилж төлөвлөгөө саатсан. Цаашид ч гэсэн гаднын хүчин зүйлсийн нөлөөлөл өндөр хадгалах он жилүүд харагдаж байна. Тиймээс эрсдэлийн болон бэлэн байдлын төлөвлөгөө, судалгааг зэргийг илүү дэвшилтэт арга хэлбэрээр авч хэрэгжүүлж байх ёстойг сайтар ухаарав.

Хувийн хүрээнд эрүүл мэнддээ анхаарч фитнесс хөдөлгөөнд орж урт хугацаанд тасралтгүй явж чадсан нь шинээр өөртөө суулгасан дадал байлаа. Хорио тавигдахаар үргэлжлүүлэн явахыг тэсэн ядан хүлээж байна.

Share
 

#Ирэх жил ямар гурван зорилго тавьж байна?

Бизнесийн хүрээнд:

1. Бүтээн босголтын ажлыг дуусгах, хөрөнгө оруулалтыг дуусгах,

2. Засаглал-г сайжруулах, хүний нөөцийг бодлогоор дэмжих,

3. Олон төрлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж экспортод бэлтгэх.

Хувийн амьдралдаа:

1. Өөрийгөө зогсолтгүй хөгжүүлэх,

2. Хуримаа хийх,

3. Олон нийтийн эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд өөрийгөө дайчлах.

Share
 

 

"Q Education Group” -ийг үүсгэн байгуулагч Ц.Алтансор
 
 

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

-Мэдээж, цар тахлаас үүдэн 2020 оны анхны төлөвлөгөө бүгд биелсэн үү гэвэл үгүй... Өмнөх жилүүдэд анхны төлөвлөгөөтэй харьцуулан өөртөө 90-95 хувь гэхчлэн оноо өгдөг байлаа. Харин энэ жил өөртөө 2 дахин өндөр оноо өгчихмөөр санагдаж байна. Ковидтой холбоотойгоор боловсролын салбарын хувьд тэг зогсолт хийсэн ч бид илүү сайн, эрч хүчтэй, инновацилаг шийдлүүд нэвтрүүлж, үүссэн нөхцөл байдал бүрт тохируулж ажиллаж,  маш их зүйл сурсан хором мөчүүд байлаа. 

Сургалт хөтөлбөрүүдээ онлайнд шилжүүлэн шинэчлэх, бага насны хүүхдүүдэд зориулсан 10 гаруй шинэ ном, бүтээл гаргах зэрэг ажлуудыг амжилттай хийжээ. Түүнчлэн үүсээд буй энэ нөхцөл боловсролын салбартаа бидэнд шинэчлэл хийх хэрэгтэй болсныг дахин дахин сануулж, боловсролыг контентоор баяжуулж цахимаар олгох дэвшилтэт сургалтын технологийг нэвтрүүлж суралцсан онцлогтой жил боллоо. 

Share
 

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

-Энэ жил миний хувьд тааж тааварлашгүй, гэнэтийн сорилтоор дүүрэн байлаа. Тухтай бүсээсээ гарч ямар ч эрсдэлтэй нүүр тулахад бэлэн байгаагаа мэдэрч, өөртөө илүү их итгэлтэй боллоо. 

Гэрээсээ онлайнаар сурах боломжоо ашиглан Харвардын Их Сургуулийн боловсролын манлайллын хөтөлбөрт хамрагдаж амжсан. 

Мөн өнөөдрийг хүртэл хийж бүтээж, суралцсан зүйлээ олон нийтдээ зориулахаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд ХҮНамаас нэр дэвшиж, сонгуулийн ажлын богино хугацаанд их зүйл сурч, өөрийгөө сорьсон нь ухаарал, дурсамж дүүрэн жил байлаа.  

Share
 

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ

-Анх EQ KiddyZ төслөө эхлүүлэхдээ 3 дахь жилдээ олон улсад гаргана гэж төлөвлөж байсан. Яг одоо эхний 5 номоо Англи хэл дээр орчуулан, Австралийн зохиолчтой хамтран эцсийн хувилбараа оноос өмнө бэлэн болгохоор ажиллаж байна. Шинэ ондоо олон улсын худалдаанд гаргах ажлыг эхлүүлнэ. 

Хоёрдахь нь “Онлайн цэцэрлэг”-ээ 2021.01.11 нээс нээхээр төлөвлөж байна. Хөл хорионы үед хүүхдүүдийн хөгжих, нийгэмших боломжийг бүрдүүлэх зорилготой, боловсролын салбарт жишиг болохоор төсөл гэж харж байгаа. 

Мэдээж, шинэ хөтөлбөр, бүтээлүүд, олон нийтийн ажил, гэр бүл, эрүүл мэнд, хувь хүнийхээ хөгжилд зориулах цаг хугацаагаа нарийвчлан төлөвлөсөн. 

Share
 
TAGS
#Business