A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 197 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 197 | |
|
АНУ-ын Сиэтл хот дахь нэгэн картын гүйлгээ хийдэг компанийн захирал Дан Прайс ажилчдынхаа цалингийн доод хэмжээг жилийн 70 мянган доллар болгож нэмжээ. Нийт 120 ажилтантай тус компанийн эзэн дээрх шийдвэрийг гаргахдаа өөрийнхөө цалинг нэг сая ам.доллараар бууруулсан байна.
Энэ санаа Прайсд найз Валеритайгаа Каскадын уул руу гарахад нь төржээ. Найз Валери нь түүнд 200 доллараар нэмэгдсэн түрээсийн байрны төлбөр нь санхүүгийн хувьд ямар их дарамт учруулж байгаа талаар ярьжээ. 11 жил цэргийн албанд зүтгэж, Ирак руу хоёр ч удаа томилогдсон найз Валери нь амьдралаа залгуулахын тулд хоёр өөр газарт долоо хоногт нийт 50 цаг ажилладаг аж. Тэрээр жилд 40 мянган долларын орлого олдог хэдий ч Сиэтл шиг өндөр өртөгтэй хотод боломжийн байр хөлслөн амьдрахад хаана ч хүрдэггүй гэнэ.
Прайс энэ бүхнийг сонсоод цалингийн шударга бус тогтолцоонд ихэд эгдүүцэв. Гэртээ харих замдаа компанийнх нь ажилчид найз Валери шиг нь санхүүгийн асуудалтай тулгардаг байх хэмээн ихэд санаа зовнижээ. Удалгүй тэрээр өөрөө энэ асуудлыг үүсгэгч гэдгээ ойлгосон тул энэ бүгдийг өөрчлөхөөр зориг шулуудав.
Тэрээр Нобелийн шагналтан эдийн засагч Даниел Кахнеман, Ангус Диатон нарын Америкчуудын аз жаргалтай амьдралд хэчнээн их мөнгө хэрэгтэй талаарх судалгааг уншив. Уг судалгаанд жилийн 75 мянган ам.долларын цалинтай болбол Америкчууд санхүүгийн асуудалдаа санаа зовохгүй амьдарч болно гэжээ.
Иймд тэрээр өөрийн компани болох Гравитигийн цалингийн доод хэмжээг жилийн 70 мянган доллар болгохоор шийдэв. Үүний тулд өөрийн цалингаа бууруулснаас гадна хоёр ч үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, хувьцаа болон хадгаламжуудаа хүртэл шавхжээ.
Прайс энэ талаар “Өнөөдрийн нийгэм шунал хүслийг ихэд алдаршуулдаг болжээ. Үүний нэгэн тод жишээ бол Форбесийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт юм. Бил Гэйтс хөрөнгөөрөө Жефф Безосийг давлаа ч гэх шиг. Энэ яг хэнд хэрэгтэй юм бэ. Хүмүүс хэн нэгнийг Нью Йоркт алтан тавилгатай пентхаусд амьдруулахын төлөө хуруу хумсаа хуйлартал зүтгэж, хөдөлмөрөө мөлжүүлж байна.
1995 оноос өмнө АНУ-ын нийт эмзэг бүлгийнхэн хүн амын 1 хувийг эзэлдэг баячуудаас илүү их орлого олдог байсан. Харин 1995 оноос энэ үзүүлэлт өөрчлөгдөж баячууд хүн амын 50 хувийг эзэлдэг эмзэг бүлгийнхнээс илүү их мөнгө хийдэг болсон. Жил ирэх тусам энэ зөрүү улам л нэмэгдэж байна.
1965 онд АНУ-д захирлын албан тушаал эрхэлдэг хүмүүс ажилтнуудаасаа 20 дахин өндөр цалин авдаг байсан. Харин 2015 онд 300 дахин их болж өөрчлөгдсөн” хэмээн дурджээ.
Прайс тэр даруй нийт ажилчдынхаа гуравны нэгнийх нь цалинг хоёр дахин нэмжээ. Тэр цагаас хойш Гравити компанид асар их өөрчлөлт гарлаа. Ажилчдынх тоо хоёр дахин нэмэгдэж, компанийн жилийн орлого 3.8 тэрбумаас 10.2 тэрбум ам.доллар болтлоо өсжээ.
“Миний хувьд хамгийн чухал ололт бол цалин нэмэхээс өмнө манай компанид жилд ихдээ л хоёр хүүхэд мэндэлдэг байсан. Харин дөрвөн жил хагасын хугацаанд ажилчдын маань нийт хүүхдийн тоо 40 хүрсэн явдал юм.
Мөн манай ажилчдын 10-аас дээш хувь нь АНУ-ын хамгийн өндөр өртөгтэй хот болох Сиатлд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах чадалтай болсон. Өмнө энэ үзүүлэлт ажилчдын маань нэг хувьд ч хүрдэггүй байсан” хэмээн Прайс дурсав.
Түүний шийдвэрийг сайшаагчид Прайст урмын захидал илгээж, сэтгүүлүүд түүнийг “Америкийн хамгийн шилдэг удирдагч” гэсэн гарчигтайгаар нүүрэндээ залж байв. Гэсэн хэдий ч Прайсийг шүүмжлэл тойрсонгүй. Гравитигийн зарим хэрэглэгчид түүний энэ үйлдлийг улс төрийн зорилготой гэж хардсан захиа илгээх боллоо. Учир нь тухайн үед Сиатл хотод цалингийн доод хэмжээг цагийн 15 доллар болгож өсгөх талаар хэлэлцэж байж. Жижиг бизнес эрхлэгчид үүнийг хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд уг шийдвэр батлагдвал дампуурлаа зарлана гэцгээж байв.
Шүүмжлэгчдийн зарим нь Гравитигийн ажилчид гэнэтийн энэ их орлогоо зөв зохистой зарцуулж чадахгүй гэцгээж байсан. Гэвч үүний эсрэг зүйл болсон. Цалин нэмсэн даруйд Гравитигийн ажилчид сайн дурын тэтгэврийн хуримтлалдаа хоёр дахин их мөнгө хийсэн төдийгүй 70 хувь нь өр зээлээ бүрэн барагдуулжээ.
Харин хэсэг хүмүүс Прайсыг “коммунист” хэмээн шүүмжилж байв. Гравитид ахлахын албан тушаал эрхэлдэг хоёр ажилчин халагдах өргөдлөө өгч, захирлынхаа шийдвэрийг эсэргүүцжээ. Тэдний үзэж буйгаар ажлын туршлагагүй шинэ ажилчдын цалинг нэг шөнийн дотор их хэмжээгээр нэмэх нь тэднийг залхуу болгоно. Энэ нь цаашид компанийн өрсөлдөх чадварт нөлөөлнө гэв. Гэвч тийм зүйл болсонгүй.
Гравитигийн борлуулалтын албаны захирал Росита Барловын хэлснээр “залуу ажилчид илүү их хичээн ажиллаж, ажлын ачааллыг хөнгөвчилж эхэлсэн. Ингэснээр ахлхуудын ажлын ачаалал буурч, тэдэнд ирдэг дарамт багассан. Тэд маань амралтаа бүтнээр нь авч, ардаа санаа зовох зүйлгүйгээр ажлаа орхин явах боломжтой болсон. Ер нь хэн бугайг ч ажлаа хийх үед санхүүгийн асуудал санааг нь зовоохгүй бол урдах ажилдаа л төвлөрч, илүү их зүйл хийх урам зориг, хүсэл эрмэлзэлтэй болдог. Цалингийн нэмэгдэл ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Өмнө нь мөнгөний төлөө ажилдаа явдаг байсан бол одоо “яаж сайн ажиллах вэ” гэдэгт илүү төвлөрдөг болсон” гэв.
Барлов бол Гравитигийн анхны ажилчдын нэг бөгөөд Прайсыг дандаа өгөөмөр нэгэн байгаагүй гэдгийг сайн мэднэ. 2008 онд нүүрлэсэн санхүүгийн хямралын үед Прайс мөнгөндөө маш ариг гамтай хандаж байв. АНУ-ын эдийн засгийн уналт Гравитигийн орлогыг 20 хувиар унахад нөлөөлжээ. Тухайн үед бизнесийн логик дүрмийн дагуу компанийнхаа нийт 35 ажилчдын 12-ийг нь халах ёстой байсан ч үүний оронд Прайс компанийнхаа зарлагыг танав. Хүнд хэцүү таван сарыг туулсны дараа Гравити эргээд ашигтай ажиллаж эхэлсэн боловч Прайс ажилчдынхаа цалинг нэмсэнгүй.
Энэ үед Росита Барлов санхүүгийн бэхршээлээ давахын тулд нууцаар МакДоналдст ажлын бус цагаараа ажиллаж байжээ. Удалгүй МакДоналдс түүнд үндсэн ажилтан болох санал тавив. Барлов тухайн үед Макдоналдсын сургалтын гарын авлагыг Гравити дахь ажлын ширээн дээрээ орхисон байсныг хэн нэгэн олоод харчихаж гэнэ.
“Энэ явдлаас тун удалгүй намайг Гравитигийн захирлууд өрөөндөө дуудсан. Ажлаас халах нь гэж бодоод би өрөөнд нь оронгуутаа л уйлчихсан. Гэвч тэд надаас Гравитид үлдэхийн тулд хэдий хэмжээний цалин авмаар байгааг асуусан. Тэгээд миний цалинг жилийн 40 мянган доллар болгож нэмсэн тухайгаа дуулгасан” гэж Барлов дурсав.
Нэгэн ярилцлагадаа Прайс ажилтнуудынхаа талаар ярьжээ. Нэг ажилтан нь ажилдаа ирэхийн тулд замдаа нэг цаг гучин минут зарцуулдаг байжээ. Өдөр бүр замд явахдаа машиных нь дугуй хагарах вий гэдгээс үхтлээ айж, стресстдэг байв. Учир нь түүнд засуулах мөнгө байгаагүй аж. Харин цалин нэмсний дараа тэр залуу ажилтайгаа ойрхон газарт амьдрахаар нүүсэн. Мөн өдөр бүр дасгал хийж, эрүүл хооллож, эрүүл мэнддээ анхаардаг болсон байна. Өөр нэг ажилтан нь 22 кг туржээ. Ер нь л ажилчид нь гэр бүлдээ цаг зарцуулдаг болсноос гадна эцэг эхийнхээ өрийг төлж барагдуулсан тухай сонстох болжээ.
Прайс “энэ мэтээр бид өдөр бүр хүмүүст санхүүгийн эрх чөлөө олгохын давуу талыг хардаг. Тиймдээ ч манай компани өмнөхөөсөө илүү их ашиг олдог” хэмээв.
Прайс энэ үйлдлээрээ АНУ-ын бизнесийн салбарт томоохон өөрчлөлт авчирна гэдэгтээ гүнээ итгэж байв. Гэвч түүний санаснаар болсонгүй. Үүнд тэрээр ихэд сэтгэл гонсойхдоо “миний буруу байсан. Би энэ тал дээр үнэхээр алдаж тооцоолсон. Миний жишээ бусдад нөлөөлж, нийгэм дэх орлогын тэгш бус байдлыг арилгаж чадна гэдэгт өөртөө их итгэлтэй байсан” хэмээжээ.
Гэхдээ хоосонгүй. Гравитигийн араас Бостон дахь PharmaLogics, Атланта дахь Rented.com компаниуд цалингийн доод хэмжээгээ жилийн 50 мянган доллар болгож өсгөсөн. Мөн Амазон компанийн цалингаа нэмэх шийдвэрт нөлөөлсөн гэж Прайс үздэг гэв.
Ямартай ч энэ явдал Прайсын хувийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Тэрээр өсвөр насандаа Гравити хэмээх компаниа үүсгэн байгуулж, 31 насандаа саятан болсон. Түүний жилийн орлого 1.1 сая ам.доллар хүрдэг байв. Прайс өмнө нь саятнуудын нэгэн адил Сиатлд тансаг байшинд амьдарч, орой бүх шахуу үнэтэй зоогийн газарт оргилуун дарс уудаг байжээ. Харин ажилчдынхаа цалинг нэмэх шийдвэр гаргахдаа тэрээр үнэтэй, тансаг бүхнээсээ татгалзсан байна.
Байшингуудаа жуулчдад түрээслэж, 12 жилийн настай Ауди машин унаж ажилдаа ирдэг болов. Өөрийн цалингаа бууруулсан хэвээр таван жилийг үджээ.
Захирлынхаа хуучин машин унадагт ихэд эмзэглэсэн хэсэг ажилчид нь Прайст Тесла загварын машин авч өгөхөөр нууцаар хуйвалджээ. Прайс ажилчдынхаа бэлэглэсэн машиныг хараад шууд л уйлж, “би Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергтэй насаар чацуу. Өмнө нь надад маш их хөрөнгөтэй болоод Форбесийн жагсаалтад түүнтэй өрсөлдөх хүсэл төрдөг байсан. Мөн туйлын баян болоод Тайм сэтгүүлийн нүүрэн дээр гарахыг ч мөрөөддөг байсан. Энэ мэт хүний шунал хүсэлд эцэс төгсгөл гэж үгүй шүү дээ.
Мэдээж тансаг амьдралаас татгалзаж, хүсэл шуналаа дарах эхэндээ тийм ч амар байгаагүй. Амьдралд өдөр бүр шалгуур бий шүү дээ. Хамгийн гол нь одоо миний амьдрал тэр үеийнхээс илүү их жаргалтай байна” гэжээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|