A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |
|
Археологич Г.ЦЭНГҮҮН
МУИС-ийн археологи, антропологийн ангийг төгсөөд, БНТУ-ын Истанбул хотын “Мимар Синан” их сургуульд сонгодог археологийн мэргэжлээр магистрын тэтгэлэг авч байлаа.
Эртний нүүдэлчид тэр дундаа хүрэл, чулуун зэвсгийн үеийн соёлыг судлах зорилготой ирсэн надад Грек, Ромын археологийг судлах мэргэжил зорилготой минь уялдаагүй тул томоохон шийдвэр гаргаж сургуулиа сольсон. Истанбулийн их сургуулийн түүхийн өмнөх буюу чулуун зэвсгийн үеийн археологийг судалдаг ангид ороход Туркийн засгийн газар тэтгэлгээ зогсоосон. Манайд хүрлийн үе, Хүннү, Монголын эзэнт гүрний үеийн археологи нэлээн сайн судлагдаж буй ч чулуун зэвсгийн үе хаягдсан байдаг. Энэ бол маш том, хоосон орон зай гэж би боддог учраас энэ талаар судалгаа хийх хүсэлтэй.
Манай оюутнууд яаж ийгээд тэтгэлэг аваад гадагшаа гарахыг хүсдэг. Ингэснээр өөртөө боломж нээх биш, өрөөс тань гарах хүчийг тэтгэлэг зогсоож, сэтгэлийг нь тав тухт автуулдаг. Байр, хоол, бүх зүйл нь бэлэн учраас хамгийн сайнаараа хичээхгүй байсан ч амьдрал нь зогсоно гэсэн айдасгүй.
Харин тэтгэлэггүй бидний хувьд тэтгэлэгтэй оюутныг бодвол хоёр дахин их мэрийх шаардлагатай болно. Истанбул нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын эхний 20-д багтдаг. Тиймдээ ч сургуулийнхаа төлбөр, амьдрах зардлаа олохын тулд хичээлийнхээ хажуугаар зөөгч, үйлдвэрийн туслах, орчуулга, барилгын ажил гэх зэргээр юу хийж болно, тэр бүгдийг хийдэг байв. Амьдрал дээр гараад тэтгэлэгтэй, тэтгэлэггүй сурсан хүмүүсийн хандлага, хариуцлага хүлээх чадвар нь өөр байдаг гэж би боддог. Гэхдээ би тэтгэлэгтэй оюутныг залхуу гээгүй, мундаг болоод л тэтгэлэг авч байгаа шүү дээ. Харин тэтгэлэггүй оюутнууд амьдралыг илүү их мэдэрдэг юм болов уу.
Манай залуус Монголын багш нар чадваргүй, боловсролын систем шалдаа уначихсан гэцгээнэ. Гадных л гоё санагдаж, гадагшаа гарч байж өөрсдийгөө дайчилдаг. Харин миний хувьд МУИС-ийг төгссөнөөрөө бахархдаг, Монголын томоохон сургуулиуд гадаадынхаас дутдаггүй гэж боддог.
Заримдаа би эндхийн Магистр, Докторын түвшний судлаачдаас илүү мэдлэгтэй байх тохиолдол бий.
Манайхан залхуу, өөрийгөө бүрэн дайчлахгүй байгаагаа багш, сургууль, төр лүүгээ чихдэг. Монголд боломж, амьдрах нөхцөл алга хэмээн маш олон хүн, залуу нас, эрч хүчээ харийн оронд зориулдаг. Тиймээс ч би энэ хүмүүст сэтгэл хангалуун ажиллаж амьдрах эрх зүйн орчин, нийгмийг бүтээх юмсан гэж боддог.
Бид өнгөрсөн зун малтлагын үеэр гурван ваар өрөм, нэг дүүрэн гар тос олсон
Монголын үндэсний музей Америкийн Питсбургийн их сургууль болон Австралийн Флиндерсийн их сургуультай хамтран 60 гаруй судлаачийн бүрэлдэхүүнтэй “Умард Монгол” төслийг хэрэгжүүлж буй. Бид энэ зун Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунар багийн Соёо толгой, Хоригийн ам зэрэг газруудад булш, оршуулга болон цогцолбор газруудыг аварч хамгаалалтанд авах ажлыг хийсэн.
Дархадын хотгор өндөрлөгт байрладаг, цэвдэг ихтэй тул малтлага хийхэд маш хэцүү. Доошоо 10 см ухахад л цэвдэг гарч ирнэ. Бид хонон өнжин хүлээж байж газар гэсэх үед малтлагаа үргэлжлүүлж байв.
Малтлагын явцад XIII зууны үед холбогдох гурван ваар дүүрэн шар тос, нэг ваар өрөм олсон нь манай улсыг түүхийн олдвор талаас нь дэлхийд гаргах түүхэн үйл явдал болсон.
Ийм тохиолдол дэлхийд байдаггүй. Түүгээр ч үл барам нар, сар, бурхны дүрс бүхий алтан эдлэл, алтан ээмэг, торгон баринтаг бүхий эд зүйлс, торго, яс, шир, үйсээр хийсэн олдворууд зэрэг 200-гаад үзмэрийг цуглуулан хамгаалсан. Энэ бол археологич хүний хувьд үгээр илэрхийлэмгүй том бахархал байв.
Ваарууд Монголд хийгддэггүй учраас, бэлэг дурсгал эсвэл худалдааны замаар орж ирсэн байх магадлалтай. Шар тос удах тусмаа алт болдог гэж манайхан ярьдаг. Тиймдээ ч шар тос мөн эсэхийг ялгахад хэцүү байгаагүй. Нөгөө вааран дээрх дагтаршсан тоосыг арчихад хөгц ихтэй өрөм гарч ирсэн.
Харамсалтай нь тонуулчид тоносноос үүдэн олдвор бүтнээрээ байгаагүй. Үүнийг харах нь судлаач бидний хувьд маш их эмзэглэмээр санагдсан. Судлаач битгий хэл энгийн иргэн хараад ч зүрх шимширмээр. Төр засаг, иргэд маань түүхийн үнэт өвийн хулгайч, тонуулчидтай тэмцээсэй, ахиж ийм явдал бүү давтагдаасай гэж хүсдэг.
Эрт дээр үеэс хүн төрөлхтний нөгөө ертөнцийг үзэх үзэл нь маш баялаг байсныг археологийн олдвороос мэдэж болно. Хүндтэй хэн нэгэн нас барахад, нөгөө ертөнцөд саадгүй очихыг нь бэлгэдэж унаа унш, хоол хүнс, хувцас хунар, үйлчлэх хүмүүсийг нь хүртэл дагалдуулдаг ёс байсан. Үүний нэг жишээ болсон ваартай шар тос, өрмийг нөгөө ертөнцөд очоод хэрэглэнэ хэмээн хадгалсан нь биет бус соёлын өв, тухайн үеийн аж ахуйг харуулсан маш том олдворт тооцогдоно. Манай судлаачид ваартай өрөм, шар тос нь дундаа голтой байгааг сүүлд илрүүлсэн. Тэгэхээр зул болгож нөгөө ертөнцөд саадгүй очихыг бэлгэдсэн сүсэг бишрэлийн зүйл байхыг үгүйсгэхгүй. Удахгүй илүү нарийн судлагдан тайлан, товхимол хэвлэгдэх байх.
Малтлага хийх үед цаг агаар маш том сорилт болдог. Хоолтой, хоолгүй хонох ч үе бий.
Тухайлбал, зуны малтлагын үеэр өдөр бүр бороо орж, нартай ганцхан өдөр тохиож билээ. Түүхийн ганц дурсгалыг ч болов хамгаалж хойч үедээ үлдээх зорилготой судлаачид бидний хувьд ахуйн энэ мэт нөхцөлийг бэрхшээл биш. Харин малтлагаас илүүтэй олсон олдворынхоо гарал үүслийг тодорхойлох, эрдэм шинжилгээний ажил хэцүү байдаг.
Түүх соёлдоо хандах залуусын хандлага
Манай үндэсний музейд сар болгон шинэ үзэсгэлэн гардаг. Баяраар үнэгүй болгосон ч хайхарч үзэх хүн цөөн. Тэгсэн атлаа барууны киноны нээлтэд бүгд шавна. Хамгийн наад зах нь морь унаж, хонио гаргачихдаг байх хэрэгтэй гэж боддог. Энэ бол бидний үр хойчдоо өвлүүлэх биет бус соёл. Хонь гаргах нь битгий хэл шүдийг нь хараад насыг нь хэлж мэдэхгүй Чингисийн Монгол гэж цээжээ хоосон дэлдсэн миний үеийн залуус олон бий. Чингис хаан дэлхийд юу хийснийг үнэнээр ярих хэмжээний мэдлэггүй байж Чингисийн Монгол хэмээн омогшино. Гэсэн хэрнээ Солонгосын BTS гэдэг хамтлагийн тухай 10 хуруу шигээ мэддэг байх жишээтэй.
Нэг жишээ өгүүлэхэд би оюутан байхдаа хүүхдийн циркэд ундаа, попкорн зардаг цагийн ажил хийж байлаа. Үзүүлбэрийн төгсгөлд акробатчид пирамид хэлбэр үүсгэхэд орой дээр нь зогссон хоёр акробатчин энгэрээсээ Туркийн далбааг гаргаж ирэхэд 4,5 настай жаалууд орилж босоод, алга ташин тэрүүгээр нэг шаагилдаж байсныг ер мартдаггүй.
Гэтэл манай залуучууд түүх соёлоо хайхардаггүйн улмаас эх орноо гэсэн дархлаа дутмаг юм шиг санагддаг. Туркууд хүүхдүүддээ багаас нь "бид ийм баялаг түүхтэй үндэстэн" гэх дархлааг суулгадаг юм билээ. Харин манайд хүүхдээ зусланд явуулах болвол англи хэлний вакуумжуулсан сургалттай, гадаад багштай гэдгийг нь сонгодог нь ажиглагддаг. Энэ бол миний амьдарсан хоёр улсаас ажигласан маш том ялгаа.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|