• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0
Монгол бичигтэй худгийн өвөө Б.Баярсайхан

Монгол бичигтэй худгийн өвөөг таньдаггүй сүүлчийн Монгол хүн та юм биш биз?

Сэтгүүлчийн бодрол:

Ар хустайн хоёр ангиртын тохойг 23 жил манан, “Монгол бичигтэй худаг”-аараа олон үрсэд бага ч атугай боловсрол олгож буй энэ буурлыг Б.Баярсайхан гэнэ. “Хоёр ангиртын рашаан устай, Монгол бичигтэй худаг”, “Автобусан номын сангийн өвөө" гэхчлэн тун хачирхалтай нэрийн эзэн Баяраа өвөөгийн сонирхолтой түүхийг уншигчдадаа хүргэхээр Ар хустайн зусланг зорив. Мягмар гарагт үдээс өмнө худаг ажилладаггүй мөн хүүхдүүд сургуульдаа явсан тул энэ хавь эль хуль.

"Хотын хөдөө"-гийн дэнжийн цэвэр агаараар уушги дүүртэл амьсгалж, Улаанбаатарыг бүхэлд нь тольдон байхад Ар хустайн баатар гэгдэх өнөөх өвөө хэдэн хавтас сугавчлан доголсоор ирлээ. “Золиг гэж өвөө нь од боллоо. Ойрдоо зурагтаар их гараад, хол ойроос хүн сураглаж утасдаад ичмээр юм болж байна” хэмээн аахилан автобусан номын сангаа онгойлгон бидэнд танилцуулав.

Цахилгаан халаагуур залгасан ч хүйтэнд удаан саатах бэрх тул компаниас хандивласан болон хамт олноосоо цуглуулсан номуудаа энэ бичил номын санд үлдээгээд бид Баяраа өвөөгийн гэрийг зорив.

Тэрээр 6 жилийн өмнөөс “хотын хөдөөгийн” хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх номын сан байгуулж өгөхөөр тэтгэврийн хэдээсээ илүүчлэн зураг төсөл хийлгэж, төсөл бичин төрд хэдэнтээ хандсан ч хүний урманд өвөөгийн өргөдлийг авч хэлэлцсэн эрх мэдэлтэн нэг ч үгүй. Харин өнгөрсөн есдүгээр сард “Чимгээгийн шоу”-нд оролцон Скайтел группээс 10 сая төгрөгийн хандив авч, түүгээрээ хуучин автобус худалдан авч хүүхдүүдэд ном унших, шатар даам тоглох бичил номын сан байгуулаад амжжээ. 

Түүгээр ч үл барам худгийнхаа гадаа сагсны болон бяцхан тоглоомын талбай байгуулсан байна. Түүний мөрөөдөл бол жаахан биедээ ахадсан ачаа үүрдэг “хотын хөдөөний” хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, ариун цэврийн өрөөтэй дулаан номын сан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, өрх бүрийн хашаанд таван ширхэг мод тариулах гэнэ.

Хаанаа багтаадаг юм бэ гэмээр хошин зангаараа хүүхдийнх шиг гэгэлгэн мөрөөдлөө хагас цаг гаран бидэнтэй хуваалцсны эцэст өвөө нүүрсний тортог болсон, амьдралд нухлагдсан гараараа биднийг даллан, торойн үлдээ. Ингээд өвөөгийн яриаг хачиргүйгээр хүргэе.

Нүд анихаасаа өмнө хотын хөдөөгийн хүүхдүүдэд цэцэрлэгт хүрээлэн барьж өгөх нь миний мөрөөдөл. Захын хорооллын хүүхдүүд гэхээр л өлөн зэлмүүн, шороон дээр тоглож байх албагүй шүү дээ.

Сурагчдын амралт эхэлж байна. Би нэг гацуур мод, чимэглэл сэлтхэн олж аваад, номын сангаа жаахан чимээд 25-нд хүүхдүүдээ цуглуулаад шинэ жилээ тэмдэглэнэ. Цасан хүн хийгээрэй гэсэн даалгавар өгсөн, тэд ч "заа" гэсэн. Энэ жил би хүмүүсийн хандивласан номоор хүүхдүүдэдээ бэлэг барих гэж байгаа болохоор тэд их баярлах байх даа...

Өвөө нь энд суурьшаад 23 жил амьдарч байна. Энэ газрыг Хоёр ангиртайн тохой гэдэг юм. Ангир хавартаа ирээд, ангаахайгаа нисгэж сургаад есдүгээр сарын дундуур халуун орон руугаа буцчихдаг. Дээхэн үед рашаан ундардаг байв. Харин 2004 оноос айлууд олноор нүүж ирэн рашааны толгойд буухад татарчихсан. Худаггүй тул хүмүүс 3-4 км-ийн цаана Сэлбийн голоос усаа авна. Тиймээс өвөө нь дээгүүр доогуур хөөцөлдөж байж 2009 онд олон улсын байгууллагын санхүүжүүлтээр худгаа бариулсан.

Тиймээс худгаа “Хоёр ангиртай рашаан устай  худаг” гэж нэрлэсэн. Худгийн уснаас уусан ходоодны өвчтэй залуу сарын дараа эдгэлээ гэж надад ярьж байсан юм.  

Энэ хүүхдүүд чинь усны машин байхгүй юу. Ус авдаг хүмүүсийн 95 хувь нь хүүхдүүд.

Тиймдээ ч багачууд ус авахаар ирэхдээ босоо Монгол бичгээ нүдлээсэй гэж уйгаржин бичгийн үсэг, ахлах ангийн хүүхдүүд ЭЕШ өгөхөд хэрэг болно гэсэн үүднээс тооны томьёо бичсэн. Их сургууль төгссөн хүүхдүүдээс нийлбэрийн квадрат, цилиндрийн томьёо асуухад л мэдэхгүй байна шүү дээ. Яаж их сургуульд сурсан юм бэ гэмээр... Дэлгүүрт ороод 10 мянган төгрөг доторх мөнгөнд л тооны машин тачигнуулаад унадаг ёооё бурхан гочиг... Залуучуудын толгой илжирч байна. 

Хүүхдүүд ном маш бага уншдаг болжээ. Багш самбарын урд заах нь идэвхгүй сургалт шүү дээ. Идэвхтэй суръя гэвэл ном их унших хэрэгтэй. Би хүүхдүүдэд зуны амралтаар аав ээжээрээ нэг ном авахуулаад, түүнийхээ агуулгыг намар надад ярьж өгөөрэй гэдэг юм.  

Миний хувьд хүүхэд байхад ном унших хамгийн таатай газар бол "жорлон" байв. Бусад үед гэрийн ажилд нухлагдана. Монгол хэл дээр орчуулагдсан дэлхийн сонгодог уран зохиолын ихэнхийг нь уншсан. Оюутан байхдаа Лениний 35 ботийг бүгдийг нь уншиж дуусгасан.

Зургаан жилийн өмнөөс хүүхэд, хөгшдөд зориулан уншилгын танхим бариулах талаар бодож буй ч санхүүжилт олоогүй. Хүү маань байшин барих гээд 2.6 жилээр тэтгэврийн зээл бас авахуулчихсан байдаг. Тэтгэврийн мөнгөө цуглуулж 300 мянган төгрөгөөр 6*6 метрийн харьцаатай номын сангийн зураг төслийг хийлгэн холбогдох хүмүүст төслөө хаяглан хэд хэдэн удаа илгээсэн ч хэн ч намайг тоогоогүй.

Харин өнгөрсөн есдүгээр сард Монгол HD телевизийн "Чимгээгийн Шоу" нэвтрүүлэгт зочноор уригдан оролцоход спонсор байгууллага болох Скайтел компани 10 сая төгрөгөөр шагнахад нь баярласандаа золтой л ухаан алдаад ойччихоогүй.

Тэр мөнгөнийхөө 1.5 саяар эвдэрсэн автобус, Эрээнээс гулсуур, савлуур захиж таньдаг хүнээсээ сагсны шийд худалдан авсан. Энэ хавийн залуусаа гуйж багахан хэмжээний хөлсөөр сагсны талбайн цементийг цутгуулсан. Тэгэхгүй бол цаадуул чинь гомдоод дараа юм хийж өгөхөө байчихна.

Техникумийн, цэргийн нөхдүүд, их сургуулийн ангийнхан, хамт ажиллаж явсан улсууд утас цохиод “Чи муу од болж байх чинь, хүүхдэд хэрэгтэй юм хийж байгаа юм байна, баяр хүргэе золигоо!” гэнэ. Би ч 30, 40 настай болсон мэт л хөөрцөглөж байна гэн хошигнодог юм.

Харин 3 км-ийн цаана суугаа хорооны дарга, 8 км-ийн байгаа дүүргийн дарга мөнгөөр биш юмаа гэхэд туслахаа явуулаад сэтгэлээрээ дэмжиж болно доо.

Би оноос өмнө хотын даргатай очиж уулзаж хүүхэд, хөгшдөд зориулсан халаалттай, ариун цэврийн өрөөтэй номын сан, гадаа нь усан оргилуун, саравчтай бичил цэцэрлэг барих төслөө дахин танилцуулна.

Уг нь номын санг бариулчихвал автобусаа эрэгтэй хүүхдүүдэд дархан мужаан, охидод оёдол заадаг урлангийн танхим болгоно гэж боддог. Хашаан дотор нь 150 мод тарина.

Охин маань одонтой ээжүүдийн бүлгийнхнийгээ уриалж хавар дулаарахаар мод тарьж өгнө гэсэн. Гол нь би худаг байгаа болохоор мод ургахгүй байх вий гэсэн айдасгүй байна.

Хүүхдүүдэдээ "Аав нь ойччихвол хийх ёстой ийм ажлууд бий, нэг ч минут хоцрохгүй, цагтаа худгаа нээдэг зарчмыг минь дараагийн хүнд хэлж өгөөрэй" гэж захидаг. 

Залхуу ухамсаргүй хүн ирвэл тохижуулсан газрыг эвдээд дуусгана биз дээ. Гол нь 10 жил ажиллуулахад нэг төгрөг ч, нэг шуудай нүүрс ч төрөөс авч үзээгүй. Нэгэнт өөрөө зорьж бариулсных нүд аньтлаа өөрөө л хариуцаж, хамгаалъя гэж боддог юм.

Өдрийн усны мөнгийг цуглуулж байгаад сарын эцэст цахилгааны төлбөрөө төлнө. Надад ганц хоёр тамхины мөнгө л үлддэг юм. Өвөл болохоор зуслангийн айлууд нүүгээд 350 орчим өрх үлддэг. Хүүхдүүд өдөрт 1500 литр ус л авна, 2500-3000 төгрөгийн орлоготой.

Б.Баярсайхан өвөөгийн гэр бүлийн хөрөг

Хөгшин маань 20 гаруй жилийн өмнө бурхан болсон. Өвөө нь зүгээр сууж чаддаггүй болохоор юм юм хийчих гээд үзнэ. Хоёр жилийн өмнө хэдэн саалийн үнээтэй байсан юм. Хотын дарга С.Батболд гэж золиг хотод мал тэжээж болохгүй, хотоос гарга гэж шаардаад хоёр жил хоёр бор цайтай сууж байна. Түүнээс биш хоёр хоноод л 20 литрийн тогоо дүүрэн сүү хөөрүүлээд, хэдэн ач зээгээ таргаар бялхуулаад, энэ хавийн нялх биетэй эмэгтэйчүүдийн сүүг тасалдаггүй байв. 2010 оноос өмнө хөл зовиургүй байхад үхрээ өөрөө саадаг байв. Хөл муудсаны дараа энэ хавиасаа саальчин олж саалгана, өглөө тугалаа уяна, хэдэн үхрээ усалж, бэлчээнэ.

Худаг руугаа л очихгүй бол энэ хар гэрт өдөр өнгөрдөггүй, зурагт үзэхээр их хурлын хэдэн гишүүдийг харахаар, ингэдэггүй юм гээд хэрэлдчих гээд байдаг.

Тэнд очоод сууж байхад хүүхдүүд надаас юм асууж шалгаана, тэдэнтэй номын үйл явдлын талаар ярина. Ингэж л нийгмийн харилцаанд орно. Тэгэхгүй бол настай хүн гээд нийгмийн харилцаанаас хөндийрч болохгүй. Энэ хавийн хүүхдүүдийг бүгдийг нь таньдаг болохоор ном алга болгоно гэж байхгүй, яс авчирч өгнө.

Улс төрчид төслийн пийшин, сайжруулсан түлш энэ тэр гэж мөнгө идэж байхаар, айл бүхэнд хашаандаа таван мод тарихыг шаардвал энэ шороо тоос утааг дөрөвхөн жилийн дотор мод ургаад л өөртөө шингээчихнэ шүү дээ. 

Хятадууд сүүлийн таван жил 10.5 тэрбум мод тарьсан байна. Манайх 10.5 сая мод тарихад энэ утаа алга болно. Малыг хөөгөөд гаргачихсан юм чинь модыг нь идэхгүй тул ургах боломжтой. Хэсгийн төлөөлөгч нь очиж шалгаад, ургуулж чадаагүй бол ахиад тавыг тарих торгууль тогтоогоосой. Хятадууд нэг мод ургуулж чадаагүй бол 10 мод нэмж ургуулах шийтгэл оноодог гэнэ лээ.

Энэ бол номын сангаа бариулсны дараа миний хэрэгжүүлэхээр зорьж буй миний дараагийн төсөл.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ