• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    468   |  
98

Компани нь охин эсхүл хараат компани байгуулах замаар шинэ төсөл эхлүүлэх, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх нь элбэг бөгөөд энэ нь алдагдлаас сэргийлэх, эрсдэлийг хуваарилах нэгэн арга юм. Үүнтэй холбоотойгоор нийтлэлийн энэхүү дугаараар охин болон хараат компанийн тухай ойлголт, ялгаатай болон төсөөтэй зохицуулалтын тухай уншигч та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

Компани хоорондын ноёлох, ноёлуулах харилцааг тогтоох үндсэн шалгуур нь толгой болон охин компани, хараат компанийн харилцаа юм[1]. Хараат компани гэдэг нь компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдлыг хэлнэ[2]. Харин компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ[3]

Үүнээс харахад Компанийн тухай хууль нь охин болон хараат компанийг тодорхойлохдоо хувь эзэмшлийн байдлыг харгалзан тодорхойлсон байна.

Компанийн тухай хуулийн зохицуулалтын хувьд хараат болон охин компанийн дараах зохицуулалтууд ялгамжтай байна. Үүнд:

- Санхүүгийн тайлан гаргах:“Хараат болон охин компани аль аль нь бие даасан тайлан баланс гаргадаг тусдаа хуулийн этгээд байх бөгөөд харин толгой компани нь охин компанитай нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг[4]”.

- Хариуцлага хүлээх: Толгой компанийн тухайн охин компани дахь хувь эзэмшилтэй холбогдуулан шийдвэр гаргах давуу эрхийн хүрээнд “толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцна[5]” мөн “охин компанийн хүлээсэн алдагдал нь толгой компанийн гаргасан шийдвэрээс шалтгаалсан гэж үзвэл охин компанийн хувьцаа эзэмшигч алдагдлын улмаас охин компанид учирсан хохирлыг толгой компаниар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй[6]” хэмээн тус тус ялгамжтай байдлаар толгой компанийн охин компанийн өмнө хүлээх хариуцагыг хараат компанийн өмнө хүлээх хариуцлагаас ялгаатай зохицуулсан байна. 

Толгой болон охин компанийн харилцааны хүрээнд 100 хувийн хувьцаа эзэмшилд тулгуурлан бүрэн ноёлох, ноёлуулах харилцаа, 51-99 хувь хүртэлх хувьцаа эзэмшилд тулгуурлан бүрэн бус ноёлох, ноёлуулах харилцаа байдаг. Бүрэн бус ноёлох, ноёлуулах харилцаа бүхий толгой болон охин компанийн хүрээнд толгой компани нь өөрийн хувьцааны эрх болон төлөөллөөр дамжуулан охин компанийн хувьд хохиролтой шийдвэр гаргасан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг[7] Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дэх хэсгээр олгосон байна. 

Түүнчлэн, охин компани болон хараат компанийн хувьд дараах төсөөтэй зохицуулалтыг хуульчилсан.:

- Өр хариуцах: Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй. Үүнийг толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрхээр оролцдог, эдгээр компаниуд нь бие даасан хуулийн этгээдүүд  тул охин болон хараат компани толгой компанийн өрийг хариуцах үндэслэлгүй, харин толгой компани нь зөвхөн гэрээнд заасан тохиолдолд хараат болон охин компанийн өрийг хариуцна гэж ойлгоно[8].

- Толгой компанийн хувьцаа эзэмших: Толгой компанийн хувьцаа эзэмшлийн хувьд хараат болон охин компанид аль алинд нь толгой компанийн хувьцаа эзэмших эрхийг олгосон байна.

- Хуулийн этгээдийн бүртгэл: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувьд толгой болон охин компанийг бүртгүүлэхэд ялгаатай баримт бичиг бүрдүүлдэггүй бөгөөд хувь эзэмшлийн байдлаас шалтгаалан үүсгэн байгуулах, шийдвэр, тогтоолийн хувьд зөвхөн ялгаатай байна[9]

Уншигч та шинээр компани үүсгэн байгуулах, эсхүл компанийн, ялангуяа охин болон хараат компанийн хувьцааг худалдан авах, одоогийн компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхэж байгаа бол дээрх зохицуулалт, түүний ялгааг зэргийг уншиж танилцахыг зөвлөж байна. 

[1] Г.Давааням, Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт, 2021 он, 228 дахь тал

[2] Компанийн тухай хуулийн 6.1 дэх хэсэг, 2011 он

[3] Мөн хуулийн 6.3 дэх хэсэг

[4] Мөн хуулийн 6.2 болон 6.4 дэх заалтууд

[5] Мөн хуулийн 6.6 дэх хэсэг

[6] Мөн хуулийн 6.7 дэх хэсэг

[7] Г.Давааням, Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт, 2021 он, 234 дахь тал

[8] Монгол Улсын дээд шүүхийн 27 дугаар тогтоол, 2007 он, 6 дэх хэсэг

[9] Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, 2018 он

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ