• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    187   |  
0

Танд мөнгө хэрэгтэй юу. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болчихвол хиймээр зүйлс хэр их байна? Энэ асуудал эргэн тойрны найз нөхдийнхөө ярианаас нийтлэг санагдсан. 

Мөнгөө хуримтлуулаад гэр бүлээрээ нэг сайхан аялах юмсан. Улаанбаатарын өвлийн утаанаар, яаж ийж байгаад урьдчилгааны мөнгө цуглуулаад илүү гоё байранд орох юмсан, гадагшаа явж сурахад зориулж эхэн үедээ ашиглах хэдийг олчихвол очоод учир нь олно доо, хүүхдүүдээ хувийн сургуульд явуулах юмсан, аав ээжийгээ баярлуулах юмсан гээд тоочоод байвал нэлээн урт жагсаалт болох байх. 

Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та эдгээр зорилгодоо хүрэхэд ойртож чадаж байна уу. Зарим нь биелээд тэрнээсээ урам зориг авч чадаж байна уу?

Ихэнх тохиолдолд яг ярьдагаа яриад л яагаад хадгаламж үүсгэж чадахгүй байгаа шалтгаанууд нь улам боловсронгуй болоод байдаг. Гоё гоё шалтгаанууд гарч ирнээ, инфляц ихэссэн, авдаг бага цалин яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог, баяр наадмын сезон болно гээд л тоочвол их.

Байрнаасаа жаахан холдоод асуудлаа харвал бид санхүүгийн ойлголт муу, дээр нь санхүүгийн сахилга батгүйд асуудал оршин байдаг.

Ийм хэвээрээ байвал бид юунд хүрэх вэ?

Нэг мэдэхэд л шижигнүүлдэг нас хэвийж, том болоод болно доо гэж хоосон ирээдүйдээ найдах үе өнгөрвөл хэчнээн харамсалтай. Тэгээд насаараа дутагдаж гачигдсан, тэгсэн бол ингэсэн бол миний амьдрал өөрөөр эргэх байсан гээд харамсаж суувал ямар байх бол? 

Хөрөнгө аз жаргал хоёрын хамаарал

Тэгэхээр мөнгө бол зүгээр л мөнгө эсвэл шуналтай хүний хэрэгцээ биш байгаа биз? Мөнгө бидний аз жаргалд хэр нөлөөтэй байдаг талаар маш олон судалгаа бий. Америкт жилийн орлого нь дунджаар $75,000 хүртэлх хүмүүс мөнгөнөөс авах ханамж нь өндөр байгаад тодорхой нэг түвшнээс цааш дахиад ихийг олсон ч аз жаргалын төлөвт нь төдийлөн нөлөө үзүүлдэггүй гэнэ.

Яахав жишээгээр бол Монголын томоохон компанийн захирал сардаа 8 сая төгрөг авч байгаад цалинг нь 2 саяар нэмэхэд авах сэтгэл ханамж нь сарын 700 мянган төгрөгийн цалинтай үйлчилгээний ажилтны цалинг 1 сая болгох хоёрын сэтгэл ханамжийн зөрүү юмуу даа.

Тэгвэл хэрхэн өөрчилж болох вэ?

Хариулт нь амархан, хэсэгхэн хугацаанд хичээгээд хуримтлуулах зуршлыг өөртөө суулгах. Хуримтлал үүсгэдэг дадал бий болгох ямар аргууд байдаг вэ? 

1. Богино болоод дунд хугацааны зорилгоо илүү тодорхой болгож түүнийхээ төлөө алхам хийж эхэлнэ. 

2. Эрүүл амьдралын хэмнэл. (Баасан гараг бүр шоудах, хэрэгтэй хэрэггүй уулзалт арга хэмжээнд оролцох, гоё хөөрхөн юмнууд авах гээд зайлшгүй шаардлагатай бус шийдвэрүүдээ багасгана).

3. Нэгэнт санхүүгийн мацагийн үед бүх зүйлийг нэг линзээр хараад эхлэхээр үр ашиггүй хэрэггүй зүйлд мөнгө дэмий үрдэг өмнөх дадал бүр мөсөн алга болно.

4. Өөртөө итгэх итгэлтэй болж том мөрөөдөөрэй. (мөрөөдлийнхөө төлөө би хийж чадаж байгаа юм чинь энэнээс томыг мөрөөдөж бас биелүүлж чадах юм бишүү гэсэн бодлыг өөртөө төрүүлэх).

За ингээд олныг нуршилгүй хуваалцахыг зорьсон үндсэн санаандаа оръё 

Миний санал болгох хуримтлал үүсгэх арга барил нэлээн чанга дэглэм шаардана. Би яагаад өөртөө ингэж хандах ёстой юм, одоо байгаа минь болж л байна шүү дээ гэх бодол төрнө. Энэ нь таны л сонголт гэдгийг битгий мартаарай. Би өөрөө энэ арга барилаар 2 жил хадгаламж бий болгоод хүссэн байрныхаа урьдчилгаа болох 60 сая төгрөг цуглуулж чадсан.

1. Хадгаламжийн зорилгоо тодорхойл 

Би их сургуулиа төгсөөд Монголдоо томоохон компанид 8–9 жил ажиллаж хэрэндээ албан тушаал ахиж цалин пүнлүү нэмэгдсэн атлаа яаралтай хэрэгцээ гарахад хэрэглэх хуримтлалгүй байгаагаа ухаарсан. Тэр үед амьдардаг байр маань өвөлдөө хүйтэн бас утаатай. Тиймээс тухайн үедээ хамгийн гайгүй хотхоны байрыг зорилгоо болгоод үнийг нь судлаад урьдчилгаа цуглуулна гээд шийдчихсэн. Ингээд зорилго тодорхой болоод ирэхээр бүх зүйлээ тийшээ чиглүүлээд илүү амар болсон. Энэ төлөвлөгөөнийхөө талаар найздаа хэлтэл гайхаж яг яаж тэгж чадах вэ би төсөөлж чадахгүй байна гэсэн. Надад яг яаж хүрэх нь тодорхойгүй байсан ч санаанд багтаж байсан. Ингэж л миний аялал эхэлсэн юмдаа. Таны хувьд ямар зорилго байж болох вэ? Одоо авч байгаа цалин, өдөр тутмын зардлаа бодолгүйгээр мөрөөдөөд өөрийн гэсэн дүр зурагтай болохыг хичээгээд үзээрэй. Нэгэнт зориглоод шийдсэн байхад арга нь аяндаа олдоно.

2. Энэ зорилгоо нэг төсөл мэт бод 

Төсөл бүхэн зорилго, хүрэх үр дүн, эхлэх дуусах хугацаатай байдаг шиг төслийн зорилгоо хэдий хугацааны дотор ямар хуримтлал үүсгэх вэ гэдгээ тодорхойлно. Ер нь одоогийн нөөц бололцоонд үндэслэсэн боловч аль болох амбицтай төлөвлөгөө гаргаарай. Түүний хэрээр яг одоогийнхоороо ажиллахад хангалтгүй, харин арай өөр арга барилаар яаж илүү үр дүнтэй ажиллах вэ гэдэг дээр толгой чинь ажиллаж эхэлнэ. Миний хувьд зорилтот дүнгээ сарын цалингаараа бий болгоход яагаад ч хүрэхээргүй байсан хэдий ч хамгийн сайнаараа ажилласан. Тэгээд өндөр бонус авч, улмаар сайн ажиллаж байгааг маань анзаарч албан тушаал ахиж цалингаа нэмэгдүүлэх боломжууд олдсон. Энэ үедээ цар хүрээ маш чухлыг ойлгосон. Гүйцэтгэх албан тушаалд хэчнээн сайн ажилласан ч миний үүсгэж чадах усны долгио бол хязгаартай, харин илүү үүрэг хариуцлага өөр дээрээ авч, суралцаж, удирдах түвшинд ажиллаж байж цар хүрээ томорно.

3. Олж байгаагаасаа хэдийг зайлшгүй зарцуулах вэ гэдгээ тодорхойл

Зайлшгүй зардал гэдэг нь сар бүрийн хэрэглээний төлбөр гээд ер нь л өөрийн чинь үзэмжээс хамаарахгүй зардлуудыг оруулна. Ерөнхийдөө байрны мөнгө, утасны хэрэглээ, эрүүл сайн хоол (эрүүл мэндээ хэзээ ч орхигдуулж болку), эмэгтэйчүүдэд арьс арчилгааны зардлууд байж болно. Энийг хараад та аан нээрээ ийм аргачлал байж болох юм гэж битгий хөнгөн уншаад өнгөрөөрэй. Нухацтайгаар зайлшгүй зардлуудаа тодорхойлоорой. Ер нь өөртэйгөө зарчмуудаа, тоглох дүрмээ тохирно гэсэн үг. 

Zero-Based budgeting is a method of budgeting in which all expenses must be justified for each new period.

4. Орлогоосоо зайлшгүй зардлаа хасаад үлдсэнийг нь хуримтлуул

 

5. Ойр дотнын хүмүүстээ зорилтот хадгаламж хийхээр зорьж байгаагаа хуваалцаж тэднээс ойлгож дэмжихийг хүс

Хуримтлал үүсгэж ядаж байхад дүү чинь ч юмуу гэнэт iPhone авах гэсэн юм туслаач гээд уйлан дуугараад байх эрсдэлээс өөрийгөө хамгаална гэсэн үг.

6. Адилхан зорилготой Saving Buddy -тай болохыг хичээ

Тэр Buddy өдөр бүр хамт ойрхон байдаг бол илүү тустай. Бид сэтгэлийн хөдөлгөөн ихтэй заримдаа тэвчээр алдаад хэрэггүй худалдан авалт хийх гэж оролдох үед чиний Buddy алт шиг асуулт асуух нь. Энэ чамд үнэхээр хэрэгтэй юу, хэдэн сар хулээж чадах вэ гэх мэт.

7. Мөнгө болоод түүнээс авч болох мэдрэмжийг үгүй болго

Бид цалин нэмэгдэх, эсвэл төлөвлөөгүй орлого олохоор шууд л толгойдоо янз бүрийн юм худалдаж аваад л тэрнээс авах сэтгэл ханамжаа бодож инээд алдан аль хэдийн зарцуулах шийдвэрээ гаргадаг. Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар ч хэмжээний мөнгө орж ирсэн зүгээр тоо гээд бодчих. Харин тэр тоо чинь онилж байгаа том тоонд хүрэхэд хэр дэм болж буйг дүгнэнэ. Иймэрхүү байдлаар хэдэн удаа бодоод ирэхээр яваандаа дасал болно.

8. Төлөвлөөгүй нэмэлт орлого олбол ямар ч маргаангүй шууд хадгаламж руу шилжүүл

За дээрх бүгд ерөнхийдөө зардал дээр хийх менежмент юм. Бид хүссэнээрээ орлогоо дуртай цагтаа нэмж чадахгүйгээс хойш зардлаа хянах нь хамгийн үр дүнтэй. Дээрх алхмууд нэлээн хатуу санагдсан байж магад, тиймээс зөөлрүүлэх, сэтгэлийн хатаа унагахгүйн тулд сардаа нэг удаа өөрийгөө хорьж цагдалгүй баярлуулаарай.

Зардлаа тооцохын зэрэгцээ орлогоо орхиж болохгүй

1. Орлогоо нэмэх хоёр үндсэн арга байж болно. Эхнийх нь яг одоогийн ажлаа сайн хийгээд цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал ахих замаар хангамжийн шатлалаа ахиулах. Харин хоёр дахь нь орлогын нэмэлт эх үүсвэр олох.

2. Хуримтлуулж эхлүүлсэн хадгаламжаа хаа нэгтээ хадгалчиж болохгүй. Үүний оронд байнга хөдөлгөөнд оруулж тасралтгүй өсгөх боломжийг байнга эрэлхийлнэ гэсэн үг. Засгийн газрын бонд, долларын хадгаламж (Улс төр, Эдийн засаг тогтворгүй байгаа одоо цагт долларын хадгаламж зүгээр), хувьцаа, найдвартай бизнест хөрөнгө оруулах гэдэг ч юмуу. Энэ явцдаа эрсдэлээ маш сайн тооцоолох хэрэгтэй.

За ингээд хуримтлал үүсгэх шинэ дадал зуршил хэвшүүлж мөрөөдөлдөө нэг алхам ойртохыг хүсье.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ