• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    278   |  
0

Ном уншихын гайхамшгийг бид ухаан орсон цагаас л мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлсөн суутнууд болох Наполеон Бонопарт минутад 2000 үг, Максим Горький 4000 үг, АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузьвелт ямар ч зузаан номыг 1-2 цагийн дотор уншдаг "мастерууд" байжээ.

Тэгвэл хүн төрөлхтний анхаарлыг татсаар ирсэн хурдан уншилтын ур чадварыг яагаад та өөрийн болгох ёстой болон уншилтын мастер болоход энэ нийтлэл тусална.

Мэдээллээр халгисан өнөөгийн нийгэм биднийг тэрбумтан, судлаач, бизнесмен, зохиолч, номын хорхойтон, оюутан байхаас үл хамааран энэ ур чадварыг өөрийн болгохыг шаардаж байна. Хурдан уншилтын аргыг эзэмшсэнээр зөвхөн номыг хурдан “машиндаж” сурахаас гадна олон гайхалтай ур чадвар олгодогт судлаачид санал нэгдэж буй.

Хурдан уншилтын ур чадварыг эзэмшихийн ач холбогдол: 

  • Ой тогтоолтыг сайжруулна: Унших нь тархийг хөгжүүлэх хамгийн гайхалтай дасгал гэдгийг та хэдийн мэдэх биз ээ. Хурдан уншилт нь тархиа бүрэн ажиллуулж, мэдээллийг хурдан тогтоох, эргэн санахад тусалдаг.
  • Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлнэ: Бид жирийн хурдаар уншихад анхаарал хурдан сарнидаг бол түргэн уншсанаар маш сайн төвлөрдгийг судалгаагаар баталжээ.
  • Логик сэтгэлгээг хөгжүүлнэ: Хурдан уншиж сурснаар мэдээллийг ач холбогдлоор ангилан, нягтлахад туслах логик сэтгэлгээ, аливааг хурдан сурч, өөрийн болгох чадварт сургадаг.
  • Мэдлэг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ: Уншихын хэрээр ухаан тэлнэ гэж бид ярьдаг. Тэгвэл ухаан тэлж, мэдлэг хуримтлуулахын хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэх нь гарцаагүй.
  • Идэвхтэй бясалгал: Хурдан уншилт нь таны стрессийг бууруулж, сэтгэл хөдлөлөө хянахад туслах маш том хөшүүрэг. Тиймдээ ч энэ ур чадварыг суутнууд идэвхтэй бясалгалд тооцдог аж.
  • Үгийн сан, бичлэгийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

Хүн минутад 200-300 үг уншдаг бөгөөд та энэ ур чадварыг эзэмшсэнээр хурдаа хоёр дахин нэмэгдүүлэх, бүр 1000-аас ч олон үг уншиж чадна.

Гэхдээ унших материалаас хамааран унших хурд өөрчлөгддөг аж. Ярианы үг хэллэгээр бичигдсэн сонин, сэтгүүл, уран зохиолын ном зэргийг хамгийн дээд хурдаар уншдаг бол мэргэжлийн үг хэллэгтэй бүтээлийг уншихад хурд буурдаг гэнэ. Гэхдээ энэ техникийг эзэмшээгүй хүнтэй харьцуулбал хоёр дахин хурдан уншиж, ойлгож чадна.

 ТЭГВЭЛ ЭНЭ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ЭЗЭМШИХ ВЭ?

ЗӨВЛӨГӨӨ 1. ОДООГИЙН ХУРД БОЛОН УНШИХ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Уншилтын мастер болохын тулд хамгийн түрүүнд минутад хэдэн үг уншдагаа мэдсэний дараа хурдан уншидаг болсноор  минутад .... үг уншна гэсэн зорилго тавь. Мөн энэ номыг ямар зорилго, хүлээлттэйгээр уншиж буйгаа тодорхойлох хэрэгтэй.  

ТЕХНИК 1: ЧИГЛҮҮЛЭГЧ АШИГЛАХ

Үзэг эсвэл ямар нэгэн чиглүүлэгчээр уншиж мөр бүрийг зааж, үүнээс хараагаа салгахгүй уншаарай. Чиглүүлэгч ашигласнаар хүүхэн хараа тань хуудсан дээр илүү хурдан гүйнэ.

ТЕХНИК 2: ХУРДАА ААЖМААР АХИУЛААРАЙ

Эхэндээ секундэд нэг мөр уншаарай. Энэ техникээ өдөр бүр давтаж мөр тус бүрт 0,5 секундээс илүү хугацааг бүү зарцуул. Аажимдаа хурдаа нэмж, секундэд нэг хуудсыг унших боломжтой.  

ТЕХНИК 3: ӨГҮҮЛБЭРИЙН ЭХНИЙ БОЛОН ТӨГСГӨЛИЙН ГУРВАН ҮГИЙГ БҮҮ УНШ

Хурдан уншилтын арга барил эзэмшээгүй хүмүүс өгүүлбэрийн эхлэлээс төгсгөл хүртэлх бүх үгийг уншсанаар номонд зориулсан хугацааныхаа 25-50 хувийг нэг санаагаа давтсан, үр ашиггүй агуулгад зориулдаг байна.

ТЕХНИК 4: ХАРААГАА ХУУДАСНЫ ТӨВ ХЭСЭГТ ТОГТООН УНШИХ

Унших нь танд залхуутай, адгамаар ажил санагддаг бол энэ залхуу техник гарцаагүй таалагдана. Та компьютерийнхоо дэлгэцний голд хараагаа төвлөрүүлсэн ч дэлгэцээ бүхэлд нь харж чаддаг л биз дээ. Яг үүний адилаар уншиж буй хуудсынхаа төв цэгт анхаарлаа төвлөрүүлээрэй. Ингэснээр уншилтын хурдаа 300 хувь хүртэл  нэмэх боломжтой хэмээн уншилтын мастерууд үздэг.

Өөрөөр хэлбэл хуудасны хоёр тал руу нүдээ гүйлгэж уншихгүй. Ингэхийн тулд дэлгэц эсвэл номын нүүрийг хол зайтай байрлуулна.

ЗӨВЛӨГӨӨ 2. ТӨВЛӨРӨХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

Агуулгыг ойлгохын зэрэгцээ хурдан уншихын тулд анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Гадаад орчноос ирэх дуу чимээ, анхаарал сарниулагч зүйлсийг аль болох багасгаарай. Хэрэв унших явцдаа оройн хоолондоо юу хийх вэ гэм мэт дэмий зүйлст анхаарал тань тэнэж одвол бол аажмаар анхаарлаа төвлөрүүл.  

Олон уншигч нэг өгүүлбэрийг давтан уншдаг нь анхаарлаа бүрэн төөрүүлдэггүйтэй холбоотой. 

“Ажлын 4 хоногтой 7 хоног” номын зохиолч Тим Феррис тухайн хуудсын агуулгын том зургаар харахад саад болдог, уншилтын хурдыг удаашруулагч энэ дадлыг “ухралт” гэжээ.

ТЕХНИК 1: ҮГСИЙГ БАГЦАЛЖ УНШИХ

Номын үг, өгүүлбэрийг багцаар нь унших нь үг бүрчлэн уншихаас илүү хэцүү. Ихэнх хүн 4,4 см-ээр тухайн мөрөн дэх үгсийг хэсэгчилэн уншдаг байна. Текстний хэмжээ, шрифтээс шалтгаалаад ихэвчлэн гурав дөрвөн үгээр гүйлгэн уншдаг гэсэн үг. Тиймээс үг нэг бүрийг уншихаас илүүтэй гурав эсвэл тав таван үгийг нэг багц болгон уншаарай. Бид харах төдийд хэдийн 8 үгийг уншчихсан байдаг аж.

ТЕХНИК 2: ЕРӨНХИЙЛЖ БОЛОН ГҮЙЛГЭЖ УНШИХ

Та уншилтын мастер болохын тулд ерөнхийлж болон гүйлгэж унших гэсэн хоёр техникийг нэн түрүүнд эзэмших ёстой.

Уншиж буй агуулгынхаа зангилаа болох эргэлзээ, гайхшрал төрүүлсэн хэсгийг уншихдаа ч хурдаа бүү удаашруул. Энэ хоёр техник нь уран зохиол болон академик уншлагад ч хэрэгжүүлж болох хамгийн шалгарсан арга. Тухайлбал, уран зохиолын бүтээл уншихдаа дүрийн дүрслэл, хөгжүүлэлтийн хэсгийг үг бүрчлэн бус ерөнхийлж уншаад  харин харилцан яриа, зангилаа, тайллыг гүйлгэж уншаарай.

ТЕХНИК 3: ТОМ ДҮР ЗУРГААР УНШИХ

Өдгөө дэлхийн ихэнх коллежууд сурагчдыг номыг нэг бүрчлэн унших нь ёстой гэж сургах нь хоцрогдсон арга хэмээн үзэх болжээ. Мэдээж маш чухал зүйл уншиж буй тохиолдолд энэ аргыг хэрэгжүүлэх боломжгүй. Та номын хуудас руу анхааралтай харвал агуулгыг үг бүрээр уншихгүй ч ерөнхийд нь төвөггүй ойлгоно.

ТЕХНИК 4: АВИА БҮҮ ГАРГА

Бидний тархи ямар ухаантай болохыг бид тэр бүр мэддэггүй. Тархи болон нүд таны амнаас хамаагүй хурдан уншдаг гэнэ. Авиа гаргах нь бүү хэл дотроо дуудаж унших нь уншилтын хурдыг удаашруулагч хамгийн том хүчин зүйл. Ихэнх хүний хурдан уншиж чаддаггүй шалтгаан бол унших явцдаа толгой дотроо дуудаж уншдаг явдал. Тархиараа хүлээн авсан үгсийг давхар авиагаар дуудах, дотроо чимээгүй унших нь хурдыг удаашруулж, анхаарал сарних үндэс болно.

ТЕХНИК 5: НОМЫН СЭТГЭГДЭЛ ЭСВЭЛ УНШСАН АГУУЛГАА ТОВЧИЛЖ БИЧИХ

Номын сүүлчийн үгийг уншсанаар ном унших үйл явц дуусахгүй. Уншсан номоо өөрийн болгохын тулд уншиж дууссаны дараа өөрт тань юу үлдсэнийг, мөн ном уншихаас өмнө тавьсан асуултууддаа хариулж бичээрэй. Уншихыг хүссэн зүйлээ олж авсан уу, таны хүссэн мэдлэгийг олгосон уу, таны асуултад энэ ном ямар хариулт өгсөн гэдгийг тэмдэглэж үлдээх нь номоо эргэн санах хамгийн том хөшүүрэг болно. Хэрэв та зурган байдлаар мэдээллийг сайн тогтоодог бол товчлолоо "mind mapping" буюу толгой доторх зураглалаа цаасан дээр буулгаарай, хэрэв  ярианы хэлбэрээр тогтоодог бол номын агуулгыг бусдад ярьж өгөөрэй.

ЗӨВЛӨГӨӨ 3. УНШ БАС ДАХИН УНШ, ГЭХДЭЭ ХУРДТАЙГААР  

Бусад ур чадварын адил хурдан уншиж сурах нь цаг хугацаа болон тасралтгүй оролдлого шаарддаг. Мэдээж та илүү их уншихын хэрээр хурд тань сайжирна. Тиймээс өдөрт дор хаяж нэг цаг аль эсвэл долоо хоногт нэг ном дуусгах зорилт тавьснаар "зав гарсан үедээ бус зав гаргаж" ном унших боломжтой. 

ЗӨВЛӨГӨӨ 4. ӨӨРИЙН ДУРТАЙ НОМОО УНШААРАЙ

Уншилтын мастер болохыг хүсвэл уран зохиол эсвэл хувь хүний намтар, шинжлэх ухаан, судалгааны бүтээл гэх зэрэг өөрийн дуртай номоо уншиж энэ чадварыг эзэмшээрэй.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ