• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    106   |  
0

 Шог зураач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн нэг С.Цогтбаяр гуайг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

-Дээрээ даргагүй, дэргэдээ цэрэггүй хүний хувьд шөнө дөл болтол сууж уран бүтээлээ туурвидаг болохоор миний өглөө их аажуу эхэлдэг. Бусад хүмүүсийн ажилдаа явах хугацаа нь минийхээр унтлагын орноосоо ажлын ширээ рүүгээ хүрэх зам гэж хэлж болно. Монголын ажилдаа хамгийн ойрхон гэртэй хүмүүсийг нэрлэсэн хошин жагсаалтад би гуравдугаарт орсон байна лээ.

Гэрээсээ ажилладаг болохоор ажлаа эхлүүлдэг тогтсон цагт гэж үгүй. Улс орныхоо амьдралд болж буй үйл явдлыг олон өнцгөөс мэдэх ёстой учраас үргэлж мэдээлэл цуглуулж, түүнд боловсруулалт хийх үйл явц тархинд явагдаж байдаг. Хоногийн 24 цагийг эрэл хайгуул хийх,  бодож, сэтгэн, тархиа ажиллуулж үе ч цөөнгүй. Ингэж байж өөрийн үзэл бодолд бүрэлдэж улмаар шог зургийн тойм гарч ирдэг.

2. Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх арга барил, цагийн ашиглалтын нөу-хау-аа хуваалцахгүй юу ?

Уран бүтээлч хүмүүсийн ажлын онцлог нь ажил хэрэгч хүмүүсийн хэмнэлээс эрс өөр. Хүмүүсийн унтаж амардаг үед ажиллаж, хийж бүтээх үед нь унтдаг, нойр нь солигдсон байх нь элбэг. Миний хувьд өдрийн цагаар сайн дурын болон ажил хэргийн уулзалт хийх, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг бусад ажлаа амжуулах болохоор шөнийн гэрийнхнийгээ унтсан хойно хөгжмөө тавиад суухаараа төвлөрч чаддаг. Залууст гэж хэлэхэд миний энэ “эрүүл бус” хэв маягийг дагахгүй, байгалийн цагийн хувиараа дагаарай гэж зөвлөе.

3. Өчигдрөөсөө та юуг суралцав. Шинээр мэдэж авсан зүйл юу байв?

-Яг өчигдөр шинээр сурсан зүйл санаанд буухгүй байна. Өнгөрсөнөө сөхвөл цаг хугацааг үр дүнтэй ашиглаж чадаагүй,  боломжийг зүгээр өнгөрөөчихсөн  үе олон тул үлдсэн цаг хугацаа тоотой учраас авьяасаа ашиглаж хүмүүст хэрэгтэй, хүртээлтэй зүйл хийчихсэн гэж боддог. Уран бүтээлч хүний хувьд нас ахихын хэрээр чамбайрч, юмсын мөн чанарыг ойлгохын хэрээр уран бүтээл нь утга учиртай, илүү нандин болж эхэлдэг. Тиймээс өчигдрөөсөө илүү байхыг л хичээдэг.

4.Өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхныг хуваалцвал?

-Хөл хорионоос үүдэн бараг хагас жилийн хугацаанд соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах боломж хязгаарлагдмал байлаа. Хэвийн горимд шилжиж эхэлсэн энэ үед урлаг соёлын үйл ажиллагаанууд өргөнөөр зохион байгуулагдаж эхэллээ. Уран зургийн гурван ч үзэсгэлэн зэрэг шахуу болж байгаа учраас зохион байгуулах ажилд төвлөрөөд тун завгүй ажиллаж байна. 

  • Хамгийн эхнийх нь энэ баасан гарагт урчуудын эвлэлд болох Монголын нэрт зураачдын хамтарсан “Харандааны хаан” уран бүтээлийн үзэсгэлэн.
  • Хоёр дахь нь реалист зураач Х.Баярын сүүлийн хоёр жилийн турш туурвисан уран бүтээл болох харандаан болон тосон будгийн зургуудын “Хос чавхдас" нэрт үзэсгэлэн энэ сарын  20-нд Театрын музейд нээгдэнэ.
  • Удаах нь ирэх баасан гараг буюу энэ сарын 25-нд нэрт уран бүтээлч С.Заяасайханы "Hidden Identity"  нэртэй үзэсгэлэн үндэсний уран зургийн галерейд гарна.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Монголчуудын хувь заяанд урьд хэзээ ч олдоогүй боломж залуус та бүхэнд олгогджээ.

Эрдэм мэдлэг эзэмших, баялаг бүтээх, ашиг орлого олох арга зам нээлттэй болсон энэ үед хүний хөгжлийн бүхий л боломжийг тултал ашиглаж уйгагүй хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна.

Азанд битгий найд, аз бол сохор зүйл. Гүш хаан Цогт тайжид хандаж "Чи хэтэрхий азтай байна гэхэд Цогт тайж "Аз гэдэг сохор юм. Тэнэг хүнээр ч дайрч мэднэ. Харин мэргэн хүн бол чадал эрдэмээн шүтдэг" гэж хариулдаг. Энэ их утга учиртай үг. Мэргэн хүн чадал, эрдэмтэй учраас байнга онодог. Аз бол нэг л удаа тохиож болно. Тийм болохоор чадал эрдэмдээ найддаг мэргэн хүн болоорой гэж ерөөе.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ