• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0

Цэвэгжавын Ишхандын мэндэлсний 100 жилийн ойд

Монгол Улсын гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Б.Дагвадорж 

Дурсан буй хүнээ бодов. Манай сургуулийнхан, тэр дундаа бид “алтан үеийнхэн” гэж ярих дуртай. Тухайн цаг үедээ энэ хүмүүс үнэлэмжээрээ алт байсан. Ийм үнэлэмжтэнгүүдээр эрдэм ном заалган багш шавийн барилдлагатай болсноороо бахархдаг.

Алтан үеийнхний ихэнх нь анагаахын анхдагчид. Анхдагчдын төлөөлөл Ц.Ишханд багшаа онцлоё. Өөрийнх нь овог Цэвэгжав, ажил мэргэжлийнх нь овог Онош зүй. Онош зүйн Ишханд гэхээр бидний үеийн эмч, багш нар бүгд танина.

Монгол ёс заншил, багш шавийн барилдлагаа бодон “Иш багш” гэж хүндлэе. Иш багш, Ардын хувьсгал хоёр нас чацуутан. Иш багш гэнгүүт хоёр дахь хүн нь харагдаад байх юм. Анх үүсгэснээрээ,  амьдрал үйлс, ахуй орчноороо энэ хоёр маань Онош зүй овогтон. Онош зүйн тэнхимийг босголцсон, бойжуулсан Рагчаа багш, Иш багш хоёр дотор  эрхтэн судлаачдын эцэг, эх мэт гавьяатнууд.

Их гавьяатын нөмөр нөөлгөнд байсан << Бага гавьяатан  >> гэж бүү бод залуус аа. Ижил нь ижлээ татдаг жамын дагуу ижилдэн нийлсэн хосууд, ихэрлэн мэргэжсэн хоёр. Түүх намтрыг нь лавлахаар тойруулаад өөр зүйл рүү шилжүүлчихнэ. Цаг үе нь тохирохоор лавлая гэсээр хугацаа алдсандаа харамсах юм.

Миний мэдэх Иш багш гэж хэн бэ? Хувь хүний түүхээс хамтын, хамтын түүхээс байгууллагын түүх бүрддэг болохоор Иш багшийн талаар мэдэх бага сага зүйлээ дурсан та нартаа үлдээе.

Намайг тэнхимийн гэр бүлдээ багтаасан тэр цаг үе хорьдугаар зууны 70-аад оны эхэн үе. Мэдлэг, чадвар, оюунлаг байдал, цаг барих үйлдлээрээ тэргүүлэгч эмэгтэйн нэг нь Иш багш байв. Багшлах дөртэй болох гэж хичээлд нь сууна, өвчтөн үзэхэд нь дагаж явна. Олон туршлагаас нь хувь хүртсэн. Хичээлээ эхлэнгүүт оюутнуудад шинжлэх ухаанд гарсан шинэ зүйлээс мэдээлнэ. Оюутнаар бэлдүүлсэн бол өөрөөр нь яриулна. Мэдээлэл таван хоромд багтана. Өдөр бүрийн 5 минутын мэдээ шинэ соргогыг сонирхох тэмүүллийг өдөөдөгөөс зарим нь шинээс бүр илүүгийн төлөө уралддагсан гэж төгссөн эмч нар нь санагалзан ярина.

Хичээлд суун товч бөгөөд тодорхой зөвлөгөөөгнө. Тухайлбал: Оюутанд цаг бол алт, хэл бол мэдлэгийн хөтөч, бусдыг хүндэлж сурвал өөрөө хүндлүүлдэг, нямбайг сурсан оюутан нямбай эмч болдог гэх мэтээр зөвлөнө. Багш нарт болохоор: Оюутныг завгүй байлгаж сурга, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ, цагт нь тохируулан онож хэлсэн үг хүмүүжүүлэх зэвсэг гэх мэтээр сургамжлана. Тойрон үзлэгт нь бид чамгүй бэлдэцгээнэ. Үзлэгийн дараа өвчний түүхээ цэгцтэй бичиж сур, оносон асуумж, зөв төлөвлөсөн шинжилгээ, эзэнд нь тохируулсан эмгэг жамын эмчилгээгээ эргээд бод, дахин танилцуулаарай гэнэ.

Иш багшийнхаа овог болсон эмнэл зүйн тэнхимээ бодлоо. Онош зүй бол дотор эрхтэн судлаачид төдийгүй эмч болох хүний цагаан толгой. Оношлох аргыг заалгаагүй эмч гэж байхгүй. Онош зүйн хичээл эмч болох хүний таван мэдрэхүйг шалгадаг, хөгжүүлдэг ухаан юм.

Нотолгоонд суурилсан анагаах ухааныг багаж, техник мэтээр төсөөлөн туйлширдаг болжээ. Багаж, техникийг шүтэлгүй л яахав. Гэвч түүнийг бүтээгч нь хүн. Эмчлүүлэгч чинь багажийг биш, таны мэдрэхүйг шалгадагийг ямагт бодоорой эмч нар аа! Оношлох нотолгоонд сургадаг, дадлагажуулдаг тэдний мэдрэхүйн эрхтнүүд соргог, мэдрэмжтэй байж дээ.

Ам бүл олноороо бахархдаг нь Онош зүйнхэн. Тэнхимийн жинхэнэ амар амгалан нь манай хоёр буурал. Тэднийгээ дагаад бид бас амар амгалан. Архи, тамхи гээд элдэв хортон хэрэглэхгүй.

Хоёр буурлынхаа буянаар бид чинь шинэ жил, баяр ёслолын үеэр жилдээ хэд хэдэн удаа хамтдаа дуулна, бүжиглэнэ, хөгжилдөнө. Энэ нь бие биеэ ойлгох, ханьсан хамтач байх хүмүүжлийг олгоно. Уламжлалт энэ арга одоо ч үргэлжилсээр. Хурал, цуглаан  тэнхимийн эрхлэгчийн  өрөөнд, соёл, хүмүүжлийн ажил Л.Долгор багшийн  өрөөнд явагдана .

Нэгдүгээр эмнэлгийн зөвлөхүүд нь манай хүндтэй профессор, доцент, ахлах цолтонгууд. Бид орон тооны эмч мэт ажиллан сургалтаа явуулдагаас сургууль, эмнэлэг хоёр яг л нэг хамт олон байв. Удирддаг хүмүүсийн зохицох чадварынх уу, ашиг сонирхлын зөрчил үгүйнх үү, үл ойлгоцол гэдгийг бид мэдрээгүй.

Бүгд бие биенийхээрээ зочлоно, салхинд гарна. Иш багш маань нийтийн бүжгийн хорхойтон, надтай бүжиглэх дуртай. Орох арга хэмжээ бүжиглэх хөтөлбөртэй бол гутал, хувцсаа тохируулан дэгжин хувцаслаад ирнэ. Вальс, шогшоо, задгай цагааныг хийхэд багш бид хоёрын хөл нийцтэй. Бүжгийн тэмцээн явуулсан нэг арга хэмжээн дээр багш бид хоёр вальс бүжгээрээ тэргүүн байр эзлэн шагналын шампанскийг тэнхимийнхэн буудуулсан удаатай.

Багшийнхаа гарын банш, өнгө алагласан өвөрмөц зууш, нандин хоолуудыг цагаан сарын олон золголтоор хүртсэн дээ. Агаар салхинд гарахад тохитой буудал, амралт цөөн ч Жанчивлан мэтийн сувилалаар олон удаа сувилуулсан. Тэмдэглэн хадгалсан нэг дурсамжаа толилуулъя.

Санзайд байрлах тээвэрчдийн амралтанд биднийг автын инженер найз маань хүргэж өгөв. Бидний тав тухыг бодон амралтынхан тохилог өрөө, хоол бэлджээ. Хагас сайнд очсон оройгоо дуулалдан, мөн бүжиглэлээ. Өглөө нь манайхан цана, чаргаа аваад ууланд мацахаар явахад Рагчаа багш бид хоёр өрөөндөөүлдэв.

Би:Багш аа, Ишханд багшийн талаар бага сагыг мэдэх гээд эвийг нь олж асууж чадахгүй юм.

Багш:Чи юуг нь мэдэх гэсэн юм бэ?

Би:Түүх намтар, ажил төрөл гээд хойч үеийнхэнд мэдүүлмээр юм байна шүү  дээ.

Багш:Өөрөөс нь асуухгүй яасан юм бэ?

Би: Хэд хэдэн удаа оролдсон ч өөр юм яриад  дүйвүүлчихнэ.

Багш: Намтар түүхээ хамаагүй дэлгэхээс болгоомжлох нь цаг хугацааны асуудал ч юм бил үү.

Би:Ишханд багш аль нутгийнх, хаана төрсөн юм бэ? Аав, ээж, ахан дүүс нь ямар хүмүүс байдаг юм бол?

Багш: Цаадах чинь хотын унаган хүн. Эгч, дүү дөрвүүл, тэднийхээ том эгч нь. Гурван дүү нь өндөр боловсролтой сэхээтнүүд . Эцэг нь эрдэм номтой, лут хүн байсан.

Би: Дунд сургуулиа хаана дүүргэсэн юм бэ?  Их сургуулийн хүн эмнэлгийн ангид шууд орж дээ?

Багш: Улаанбаатар хот дахь орос дунд сургуульд гарамгай суралцаад Их сургуулийн хүн эмнэлгийн ангид элссэн гэдэг. Манай ангийн толгой онц сурлагатан. Маршал Чойбалсангийн нэрэмжит стипенд авч байсан хүн шүү дээ. Унаган орос хэлтэй л гэсэн үг. Бүх хичээлдээ сайн, амархан ойлгоно. Хөнгөн атлетикаар хичээллэнэ. Их нямбай, олон таван үггүй, ном,  ялангуяа Оросын уран зохиол их уншина.

Би: Анхны арван гурвын чинь талаас илүү нь эмэгтэй байсан байх аа?

Багш: Хоёр Долгор, Нямаа, Цэдэвмаа, Дарь, Цэрэнлхам, Чучкалова гэдэг орос. Энэ хэд чинь насны хувьд зөрөөтэй. Эрэгтэй бид хэд  хувиа л борлуулна. Цэргийн сургуулиас очсон намайг ангийн ахлагчаар томилж байв.

Би: Ишханд багш  Их сургуулиа  төгсөөд хаана ажилласан юм бэ ?

Багш: Дотоод яамны эмнэлэгт дотрын эмчээр очиж, 1953 он хүртэл ажилласан. Тэнд орос эмч, эрдэмтэдтэй хамт ажиллахдаа дотроос гадна халдварт, сүрьеэ, арьс өнгө гээд эмгэгтэй бүхнийг үзэж  эмчилнэ. Нэг ёсондоо “универсал” эмч байж дээ.

Би: Яагаад Дотоод яамны эмнэлэгт очсон юм бэ?

Багш: Дотоод яамны эмнэлэг чинь голдуу томчууд, тэдний гэр бүлийнхэнд, мөн манайд суугаа гадаадынханд үйлчилдэг байсан юм.

Би: Дараа нь?

Багш:Анагаахын сургуульд багш, төв больницод давхар ажиллана.

Би: Эрдэм судлалын ажлаа дуусгаагүйн учир?

Багш: Цусны даралт ихдэх өвчний онцлогийг манай орны нөхцөлд судалсан. Шалтаг, шалтгааныг нь гаргахаар зүтгээд материалаа цэгцэлсэн мөртлөө орхичихсон. Даралтын аппаратнаас өөр нарийн багаж байхгүй. Тархварыг нь гаргах гэсэн хэрэг. Ажлыг нь үнэлсэн Андрей Леонидович /Оросын нэрт эрдэмтэн А.Л.Мясников - Б.Д./ алсаас урьсан ч амжуулаагүйн учир надад ч, хүүхдүүдэд ч байсан байх даа.

Би: Дуу цөөтэйн цаана учир байгаа байх аа?

Багш:  Дуугай явбал хэрэг төвөгт орохгүй,

Дулаан явбал даарч осгохгүй.

Удаан явбал унаж бэртэхгүй гэдгийг мэдэх үү

гээд боссон нь За болоо гэсэн дохио тул гадаалцгааж билээ.

Хальтарчих бий гэж багшийгаа сугадан алхахдаа өвөг, дээдэс, овог, аймаг гээд үүх түүх ярих нь бидэнд ч хамаатай гэсэн бодол төрж билээ. Алхсаар манайхан дээр очиход тэд дугуйран зогсоод муур, хулгана болон тоглож байсан нь сурагч үеийнх шиг. Эргэн тойрны байгалийн сайхан, тэдний хөгжилдөөн энэ өдрийн амар амгалан байсан даа.

Улсдаа бол ухаалаг нэгэн эмч,

Удамдаа бол оюунлаг нэгэн оч,

Анагаахдаа бол анхдагчийн нэгэн дөл,

Ангидаа бол Маршалын нэрэмжит цалинтан.

Хань ижлээ ээж мэт энхрийлэгч,

Хамт олноо гал мэт дулаацуулагч,

Тэнхимдээ бол хатан ижий,

Бүлдээ бол саран ижий.

Оюутныг оюунаараа бадраагч багш,

Багшийг биеэрээ үлгэрлэгч зөвлөх,

Шаналсныг сэтгэлээр анагаагч ачтан,

Өвдсөнийг мэргэжлээрээ аврагч буянтан.

Дүр нь төлөв төвшин, үг нь товч цэгцтэй,

Дуулах дуртай, бүжиглэх авъяастай,

Нагацаа төлөөлөх настан,

Ээжээ төлөөлөх эгчмэдтэн,

Онош зүйчдээ төлөөлөх багштан  Таныгаа эргэн дурсая.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ