A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 115 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 115 | |
|
Парис хотын талаар бодоод үз дээ. Танд юу төсөөлөгдөж байна?
Эйфелийн цамхаг, түүхт уран барилгууд, Мона Лиза, уран зохиол, католик сүм хийд, романтик болзоо, улаан дарс, уран зураг, хувцас загварын аль нэг нь бодогдсон байх. Тус хотод бүтэн сар болсон ч үзэж, харах зүйлсийн жагсаалт дуусахгүй.
Хүн төрөлхтний одоо ч хүртэл шүтэн биширсээр ирсэн аугаа хүмүүс болох Клауд Моне, Александр Дюма, Леонардо Да Винчи, Жуль Верн, Фредрик Шопен, Виктор Хюго, Коко Шанелийн төрсөн, амьдарсан, уран бүтээлээ туурвисан газар гэж бодохоос цаанаа л нэг бишрэм. Ялангуяа түүх, урлаг, архитектурт дуртай хүн бол насаараа амьдарсан ч багадахаар.
Ингээд Парис хотоор гурван өдөр аялсан сонин сайхнаа хуваалцъя.
ЯЛАЛТЫН АРК=12€
Наполеон Бонапорт 1805 онд Францын армийг удирдаж Орос, Австрийн армийг ялсныхаа дараа тус аркыг санаачлан бариулжээ. Түүхэнд Аустерлицийн дайн хэмээн тэмдэглэж үлдсэн тус дайнд Франц 1300 цэргээ алдсан бол Орос, Австрийн армиас 16 мянган цэрэг амь үрэгдсэн түүхтэй.
Ром хотын Титу аркаас сэдэвлэн гурван өөр архитекторчоор дамжиж 1806-аас 1836 оны хооронд баригджээ. Тус арк нь 50 метр өндөртэй дөрвөн тулгуур баганатай. Гадна болон дотор ханан дээр нь Францын дайны томоохон ялалтууд, генералууд, цэргүүдийн нэрс болон дайны холбогдолтой баримлуудыг сийлсэн байдаг. 1921 онд дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх цэргийн булшийг аркын дор байршуулж мөнхийн гал асаажээ.
12 евро төлөөд арк дээр байрлах ажиглах тавцанд гарах боломжтой. Элиссей гэх мэт томоохон өргөн чөлөөг холбосон уулзварын тэг дунд оршдог учир Парис хот их сайхан харагдана. Эндээс та Парисыг хэчнээн эмх цэгцтэй, үзэсгэлэнтэй, төлөвлөлт сайтайг мэдрэх болно. Цэлмэг өдөр нар жаргах үеэр гараад Эйфелийн цамхаг гэрэлтэхийг үзээрэй.
Зөвлөгөө: Арканд ойртохын тулд нүхэн гарцаар гарах ёстойг анхаараарай. Мөн дээш гарах тасалбарыг цахимаар авбал урт дараалалд цаг үрэх шаардлагагүй.
ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ=10€ дээш
Инженер Густав Эйфелийн эзэмшдэг барилгын компани цамхгийн загварыг гаргаж 1887-1889 оны хооронд барьжээ. Яагаад Эйфелийн цамхаг гэж нэрлэгдсэн нь ч тодорхой. 324 метр буюу 81 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөртэй тус цамхаг нь Парис хотын хамгийн өндөр байгууламж юм. 1889 онд Парис хотод зохиогдсон шинжлэх ухаан, технологийн олон улсын үзэсгэлэнд зориулж буюу зочдод гүн сэтгэгдэл төрүүлэх зорилгоор баригдсан түүхтэй.
Цамхаг баригдах сургаар тухайн үеийн нэр нөлөө бүхий зохиолчид, уран зураачид, барималчид, архитекторууд нэгдэн хүчтэй эсэргүүцсэн гэдэг. Тэд энэхүү аварга, төмөр цамхаг Парис хотын өнгө үзэмжид нийцэхгүй, хэрэггүй зүйл гэж үзэж байжээ.
Харин инженер Густав Эйфел хариуд нь “Египетийн пирамидтай харьцуулаад үзвэл агуулгын хувьд адилхан шүү дээ. Гэхдээ миний цамхаг хүний гараар баригдсан хамгийн өндөр цамхаг болох болно” гэжээ.
Үнэндээ холоос бол энгийн л нэг төмөр цамхаг харагдана. Харин ойртоод харвал инженерийн гайхалтай шийдэл гэдгийг нь мэдэрдэг юм билээ. Эйфелийн цамхаг нь дөрвөн тулгуур хөлтэй бөгөөд гурван гол давхраас бүрддэг. Эхний хоёр давхарт ресторанууд бий. Дээш гарах тасалбарын үнэ төрлөөсөө хамаараад 10 еврогоос эхэлнэ.
Зөвлөгөө: Сена мөрний нөгөө эрэгт байрлах Jardins du Trocadéro цэцэрлэгээс Эйфелийн цамхаг их гоё харагдана. Хүмүүсийн гол зургаа авахуулдаг газар юм билээ.
ЗАВИН АЯЛАЛ=15€
Дараа нь бид Эйфелийн цамхаг доороос арван таван евро төлөөд завин аялалд суув. Задгай тавцан дээрээс сена мөрний эрэг дагуу байрлах олон алдартай барилга, гүүрийг ажиглаж явах надад үнэхээр таалагдсан. Парисын дарь эхийн сүмийн яг хажуугаар нь өнгөрнө.
Тус аялал нь нэг цаг үргэлжлэх бөгөөд аудио тайлбартай. Миний хувьд Эйфелийн цамхагт гарснаас завин аялал нь илүү сонирхолтой санагдсан. Яг л аварга том музей дотор завьтай явж буй мэт сэтгэгдэл төрнө.
ЛУВРИЙН МУЗЕЙ=17€
Дараагийн өдрийг бид Луврийн музейд өнгөрүүлэв. Музейн барилгыг анх цайз хэлбэрээр 13-р зуунд барьж дууссан ба 1682 он хүртэл Францын хаад амьдарч байжээ. Улмаар 1793 онд олон нийтэд үүд хаалга нээсэн түүхтэй. Харин пирамид хэлбэртэй шилэн нэвтрэх хэсэг нь 1989 онд ашиглалтад орсон аж.
Бид тасалбараа цахимаар авсан тул урт дараалалд зогсоогүй. Ер нь л пирамид хаалгаас бусад нь оочергүй юм билээ. Музей рүү нэвтрэх тасалбар 17 еврогийн үнэтэй. Бид олныг дагаж явсаар алдарт Леонардо Да Винчигийн зурсан Мона Лиза байрлах өрөө рүү орчхов.
Дэлхий нийтэд алдаршсан тус зургийг ойроос ажиглах завшаан олдсонд баярласан ч ойртож очоод арван хором болохтой зэрэг хамгаалагч нар нь зургаа авахуулчихсан бол яв гэж зангаад дараагийн хүмүүсийг ойртуулдаг юм билээ. Ер нь л хүн ихтэй музейд үзмэрийг нь тайван тухтай үзэх боломжгүй.
Хаашаа л харна зураг авч, бичлэг хийж байгаа хүмүүс байдаг болохоор нэг бодлын их төвөгтэй. Дэлхийн хамгийн том урлагийн музей болох Луврт 38 мянга гаруй үзмэр бий. Нэг өдөрт үзээд дуусахгүй тул бид таван цаг болоод л гарсан.
Билет авах цахим хаяг: https://www.louvre.fr/en
МОНТМАРТ=0€
Монтмарт бол Сальвадор Дали, Макс Жэкоб, Жуан Грис, Пабло Пикассо, Эрнест Хемингуэй, Винсент Ван Гог гэх мэт олон алдартай уран бүтээлчид амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан газар. Хэрэв та Найруулагч Вүүди Аллений Midnight in Paris гэдэг киног үзсэн бол энэ газрыг төвөггүй танина. Урлаг, уран сайхан, дуу хөгжим, наргиан цэнгээн буцалж байдаг газар.
Монтмарт дахь Sacré-Coeur сүмээр ороод гарахад гэмгүй. Сүмийн урд хэсэгт суугаад Парис хотыг ажиглах боломжтой. Учир нь тус сүм хотын хамгийн өндөрлөг цэгт байрладаг тул хот тэр чигээрээ харагдана.
ВЕРСАЛЬ ОРДОН=7€+18€
Гурав дахь өдрөө бид Парис хотоос зүүн урагш 20 километр зайд байрлах Версаль ордон руу явлаа. 1682 онд 14-р Льюис хаан хааны ордныг одоогийн Лувр музейн барилгаас Версаль руу нүүлгэсэн аж. Анх хааныг ан хийхэд байрладаг газрын зориулалтаар баригджээ. Өдгөө тус ордон нь гаднах цэцэрлэгийнхээ хамтаар НҮБ-ын Дэлхийн Өвийн жагсаалтад багтсан.
Тус ордон руу ирж очих галт тэрэгний билет долоон еврогийн үнэтэй. Харин ордон руу орох тасалбар нь 18 евро. Бид дотогш орохын тул урт дараалалд зогсохоос төвөгшөөн ордны гаднах цэцэрлэгээр зугаалахаар шийдэв. Дэлхийн хамгийн том цэцэрлэгт тооцогддог бөгөөд нийт талбай нь 1.9 га. Жилд 210 мянган цэцэг, 200 мянган мод тариалдаг гэнэ лээ.
Мөн 50 усан оргилуур, 400 орчин уран баримал, нэг том хиймэл нууртай. Тэр нууранд нь мөнгө төлөөд завиар зугаалах эсвэл дугуй, скүтер түрээслээд цэцэрлэгээр зугаалсан ч болно. Мөн ресторан, кафе хүртэл бий. Хоёр өдөр хүн хөл ихтэй газраар явсан бидэнд цэвэр агаар амьсгалангаа цэцэг навч харж явах нь зугаатай байсан.
Ингээд бидний Парис дахь аялал өндөрлөв. Дээр дурдагдаагүй олон газар бий. Ер нь Парис хот өөрөө тэр чигээрээ музей л гэсэн үг. Үзэж харах юм дэндүү их. Хэрэв та аяллаа утга учиртай, үр бүтээлтэй байлгая гэвэл урьдаар сайн төлөвлөх хэрэгтэй.
НИЙТИЙН ТЭЭВЭР=1.90€
Зөвлөгөө: Нийтийн тээврийн хувьд нэг удаагийн метроны тасалбар 1.90 евро бөгөөд нэг цагийн турш хүчинтэй. Бид хотын төвд байрласан тул ихэнхдээ алхсан.
ХООЛ=25€
Гадуур нэг удаа ресторанд гурван курс хоол авч идэхэд 25 евро. Мөнгө хэмнэх бол дэлгүүрээс хоол хүнсээ аваад гадаа цэцэрлэгт идэхэд болно. Хямд зардлаар аялах зөвлөгөөг www.tripadvisor.com -с аваарай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
5
|
|
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
Daily poll
|