• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
Монгол улсын гавьяат багш Ванчингийн Суранхүү

“Самбарын урд зогсоож байгаад наад доодохуудыг чинь холбоод уячихна шүү” гэж эгээ л том болсон хөвгүүдийг ичээж, ангийн овгоруудтай сургуулийн коридорт таарах тоолонд  хэчнээн ч минутаар хамаагүй барилдсаар, хавирч унагаачхаад хөхрөөд яваад өгдөг ийм нэгэн дүрсгүй өвгөн багш сэтгэлд минь үүрд тодорч үлджээ. 

Хүн төрөлхтний үр удмыг соёлт хүн болгон төлөвшүүлэх хөшүүрэг бол хөдөлмөр хийгээд сайн сурган хүмүүжүүлэгч гэдгийг би лав хоёр гар, бүр хоёр хөлөө өргөөд ч хамаагүй дэмжинэ. Үүний тод үлгэр болсон нэгэн ахмад багшийн талаар өгүүлмээр санагдлаа. Баян-Өлгий аймгаас төрөн гарсан үе үеийн сэхээтнүүд, дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргаж яваа олон зуун залуусын даль жигүүрийг ургуулсан ясны эх оронч үзэлтэй тэр нэгэн багш бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Алаг Морьт овогт Ванчингийн Суранхүү билээ.  

Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын уугуул багш маань аймгийн хоёрдугаар ахлах сургуульд  гучин таван  жил багш, захирлын албыг нэр төртэйгөөр хашаад 2009 онд гавьяаныхаа амралтад гарч  Монгол-Туркийн хамтарсан сургуульд /хуучнаар/ уригдан 7 жил ажилласан.

Анх харсан хүнд бол багш маань бөх хүн юм болов уу хэмээн бодогдуулам өндөр нуруу, бахим биетэй өдгөө 70 насыг хол давсан гэхэд Алтайн салхи шигээ чийрэг, хөмсөгнийх нь хааш яаш ургасан өтгөн  үс, хуузных нь  сахал нь гил хар өнгөтэй хэвээр. Аргал хөрзөнгийн  сэтгэлд дотно үнэр шингэсэн  гонж, бидний шоолдог "чаплин" алхаа, оросын улаан мотоциклоор нь буурал багшийг хэчнээн ч бээрийн цаанаас таньж болно.

Нэрийг нь дурсахын төдийд л сэтгэлдээ бахадмаар, цус хөөрмөөр эгэл энэ өвгөнийг бид  “Су” багш хэмээн хочилно. Су багш маань туйлын эх орон ч үзэлтэй, эх хэлээрээ зөв ярьж бичихийн ухааныг олон ястны үрсэд яс заана. Заах заахдаа бүр шүлэглэнэ, дуулна, жүжиглэнэ. 

Үлдээсэн дурсамж бүр нь сэтгэл дулаацуулмаар, ганцаараа инээд алдмаар, уяран хайлмаар. Иш татсан жишээ бүр нь биднийг Монгол хүн болж төрснөөр огшоож, хааяа самсаа шархируулж заримдаа бүр нүүр хийх газаргүй болтол ичээж басхүү шар гозойлгоно. 

Эх орон ч хэмээн тодотгосны учир нь сургуулийн маань олон гадаад, казах багш нарын дундах тоотой хэдэн монгол багшийн нэг. Цаг ямагт эх орноо, эх хэлээ хайрладаг иргэдийг төлөвшүүлэх гэж бидэнтэй мөн ч их “дайтдагсан”. “Утга зохиол урлаг”, “Хүмүүн бичиг” сонинг “хүчээр” захиалуулж уншуулна. Бичсэн эссенүүдийг минь уншаад  “сайн сэтгүүлч болох ирээдүй байна” хэмээн дэвтэрт биччихсэн байж билээ. Ийн намайг сэтгүүлч гэх сонирхолтой мэргэжилд урин дуудсан ачтан. 

Миний л мэдэхийн Алтайн уулс шигээ нөмөртэй Су багш хэн бүхнийг чинь сэтгэлээсээ сонсон, сургаалаа айлдаж, таньдаггүй хүн, мэддэггүй зүйл нь гэж бараг л үгүй эрдэм, туршлагын сүн их далай, сүмбэр их уул нь билээ. Өвгөн багш маань бидэнд алаг цоогтой энэ амьдралыг даван туулах маш том хат, хүн гэгчид байвал зохих сэтгэлийн тансаг ая эгшгийг уран зохиолоор дамжуулан хөглөж.

Тэрээр байнга л “Уран зохиол та нарт зүрх сэтгэлийн боловсрол олгоно, хүн зүрх сэтгэлээрээ боловсорч байж хүн болдог. Тан нар гадаад хэлийг хэзээд сурч болно гагцхүү одоо л эх хэлээрээ зөв бичиж, монгол бичгээрээ уншиж сурахгүй бол дахиж та нарт хэн ч заахгүй шүү” гэсэн нь юутай үнэн. 

Залуу насныхан гал цог нь одоо ч унтраагүй буурал багш боксын хорхойтон байснаа “Охин булаалдах  10 дугаар ангийн хөвгүүдийн зодоонд зургаадугаар ангийн би тууж явдагсан, одоо ч Алтайн хөх саарал чоно болж өтөллөө” хэмээн хааяа нэг санааширна. 

Багш маань тамхи татаж, сархад хүртдэггүй гэхчлэн байгаа байдлаараа шавь нар, үр хүүхдүүдийнхээ “амьд домог” нь билээ. Санчиганд нь он цагийн хяруу унасан ч аанай л гал шиг насныхаа эрчээр  гялалзаж яваа. Су багшийн 40 гаруй жилийн дориун их хөдөлмөр олонд үнэлэгдэж 2012 онд “Монгол улсын гавьяат багш" болсон. Өнгөрсөн жил Монгол улсын "Хэлний бодлогын үндэсний зөвлөл"-ийн гишүүнээр сонгогдсон дуулдсан. Өдгөө багш маань бургасан ханат гэрийнхээ буйраар алтайн хоймрыг тамгалж, насны намрын жаргалаа эдэлж суугаа. Түүний зүрхнээсээ нисгэсэн шувууд нь зүг зүгтээ дүүлж явцгаана.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ