A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 90 | |
|
Life is ярилцлагын булангийн шинэ дугаарт хөл хориог боломж болгож өдөр болгон ууланд алхах зуршил бүтээхээр нэг ч өдөр алгасахгүй 80 өглөө ууланд алхаж буй М.Баттулга, Б.Ганболор нарын ертөнцийг онцолж байна.
Өглөө эртлэн ууланд алхаад зогсохгүй, хүмүүсийн тарьсан хогийг түүж сошиал орчинд зөв үлгэр дууриалал үзүүлж буй энэ хостой хамт ууланд гарангаа ярилцлага авсан юм.
Барилгын туслах ажилтнаас амьдралын гараагаа эхлүүлж байсан хос уналт, сэргэлт амьдралыг элдэв нугачааг хамтдаа давж өдгөө 50 гаруй хүнийг ажлын байраар хангадаг барилгын компаниа байгуулж амжжээ.
Ажил, амралтаа тэнцвэржүүлэх, эрүүл, байгальд ээлтэй амьдралын хэвшилд олон хүнийг уриалж буй хосын урам зориг, гэрэл гэгээ дүүрэн түүхийг хуваалцаж байна.
-Яагаад уулын спортыг сонгох болов?
-М.Баттулга: Ууланд алхах нь бартаа саад ихтэй, ачаалал өгч, тэвчээр, тууштай байдал шаарддаг болохоор энэ спортыг сонгосон. Коронавирусээс үүдэн фитнес, бялдаржуулах төвүүд хаасан үед жин хаяж эрүүл мэнддээ анхаарах, жин хаях ганц боломж нь ууланд алхах байв.
Хоёрдугаар сараас эхлэн 10 настай охинтойгоо алхаж эхэлсэн. -35 градусын хэмд охинтойгоо, нүүр ам цантчихаад л алхдаг байв. Сүүлдээ манай эхнэр алхах дуртай болоод охин 3 дүүгээ харж үлддэг болсон.
Ууланд 90 кг жинтэйгээр алхаж эхлээд, 80 хоногийн хугацаанд 16 кг, эхнэр маань 50 гаруй хоног алхаж 5 кг хассан.
-Өөрөөс үл хамаарах шалтгаанаар алхалтаа алгасах үе байв уу?
-М.Баттулга:Нэг ч өдөр алгасахгүй ууланд алхсан. Анх жин хаях зорилгоор алхаж эхэлсэн ч одоо бол уулын спорт бид хоёр амьдралын хэв маяг болсон. Зорилтот жиндээ (68 кг) хүрсэн ч долоо хоногт багадаа дөрвөн өдөр ууланд алхана. Бид зорилгодоо хүрэхээрээ ханачихдаг болохоор нэг л мэдэхэд нөгөө амжилтаасаа хэд дахин ухарсан байх нь элбэг. Би өмнө нь хэд хэдэн удаа жингээ хүссэн хэмжээндээ бууруулж байсан ч эрүүл амьдралын хэв маягийг дадал болгоогүй байсан болохоор ганц хоёр жилийн дараа буцаад л жин нэмж орхидог байв.
Би болчихлоо гэж бодож эхэлсэн цагаасаа хүн доройтож эхэлдэг.
Найзуудтайгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд хамрын хийд рүү явчхаад ирсэн. Уул руу өгсөж, уруудахад 7 км орчим алхдаг, харин тал газар ууланд гарсан шиг бартаа байхгүй болохоор найзуудаа уриалаад 05:00 цагаас босоод 10 км алхсан.
-Энэ дадал танай гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт авчирч байна вэ?
Цагийн менежмент
-М.Баттулга: Одоо бодох нь ээ бид цагийг ерөөсөө зөв ашиглахгүй, сул өнгөрүүлдэг өөртөө цаг гаргах болохоор завгүй гэх шалтаг их тоочдог байжээ. Өмнө нь амралтын өдрүүдэд өглөө 09:00 хүртэл унтдаг байсан бол одоо өдөр бүр 05:00-с босож хүүхдүүдийнхээ хоол цайг бэлдээд, өөрсдөө өглөөний цайгаа уугаад гэрээсээ 05:30-аас гардаг. Бид хоёр өглөө 5:30-аас гэрээсээ гарахаар наанадаж түгжрэлд цаг хугацаа, эрч хүчээ алддаггүй. 06:00 цагаас уул руу өгсөөд 08:40 гэхэд уулнаас бууж ирээд 09:00 цагаас ажлаа эхлүүлэхэд бэлэн болдог.
Бид амралтын өдрүүдэд 08-09:00 хүртэл сэрдэггүй байсан болдог бол одоо хамаг цагаа унтаж өнгөрүүлдэг байснаа ухаарсан.
Унтах цагаасаа 3-4 цаг түрүүлж боссоноор ямар их зүйлийг амжуулж болдгийг ойлгож байна.
Тайвшрал
-Өглөө бүр ууланд гарснаар гол горхины дуу чимээ, шувуудын жиргээнээс асар их тайвшралыг мэдэрч, сэтгэл санааны хувьд маш тайван, стресс автах нь үлэмж багассан. Байгалийн энэ сонсголонт чимээг утсандаа бичиж аваад ажлын хажуугаар 5-10 минут сонсож тайвшраад суух их гоё.
Эрүүл бие
-Бие махбодын хувьд хөнгөн, чийрэг болж байна. Жин ихтэй байсан учраас эхний долоо хоногт шилбэний булчин чангараад алхаж болохгүй их өвдөнө. Эхнэр маань "ганц өдөр амар, боль" гэхэд нь тоохгүй шар тос, сүүлний тосоор массаж хийгээд гүрийгээд л алхаад байсан. Энэ бүхэн дараагийн долоо хоногоос гайхамшиг болж хөнгөн бие болж өөрчлөгдсөн. Ууланд алхахын ач холбогдлыг үгээр илэрхийлэмгүй.
Зөв дадал
Ууланд алхдаг болохоос өмнө орой гэр бүлээрээ зурагт үзэх, фэйсбүүк орох зэргээр дэмий зүйлд цаг хугацаагаа зарцуулахаа больсон.
Шөнийн 23-00:00 цагаас нааш унтдаггүй байсан бол бид 21:30-22:00 цагийн хооронд унтаж дадсанаар өглөө их сэргэг сэрдэг.
Манай хүүхдүүд ууланд алхах их дуртай, хорио цээрийн үед хүүхдүүдээ авч гарч чадахгүй байна.
Зөв хооллолт
Үүнийг дагаад манай гэр бүлийн амьдралд бий болсон бас нэг томоохон өөрчлөлт бол хоол хүнсэндээ маш их анхаарах болсон явдал.
-Нэг зуршил нөгөө зуршлаа бүтээж эхэлсэн байх нь ээ?
-Б.Ганболор: Тийм шүү. Эрт сэрж ууланд алхчхаад эргээд л нөгөө л таргалуулдаг хүнсээ хэрэглэвэл үр дүн гарахгүй. Эрүүл мэнддээ анхаараад эхлэхээр хүний биед тустай хоол хүнсийг судалж, хүнсний хэрэглээний боловсролд суралцаж байна даа ах эгч хоёр нь.
Өдрийн турш нарийн ногоотой хоол түлхүү хэрэглэнэ. Манайх долоо хоногийн таван өдөрт заримдаа бүр долоо хоногт нь шөлтэй хоол иддэг болсон.
Анх бүр хоолоо идээд босохын завдалгүй л өлссөн мэт санагддаг байлаа. Хүүхдүүддээ ч мөн эрүүл хооллолтын ач холбогдлыг ойлгуулснаар бид хоёрыг дагаад эрүүл хоолонд дурлаж эхэлсэн. Хүүхэд л юм болохоор пицца хааяа нэхнэ, тэр тоолонд гурилыг өндгөөр орлуулаад пицца хийж өгдөг.
-М.Баттулга: Цаг завгүй амьдралын хэв маягаас үүдэн бэлэн, нөөшилсөн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдгээ анзаарч больсон. Мөн ургамлын тосыг хүнсний хэрэглээнээсээ бүр мөсөн хассан. Хамгийн эрүүл тос болох шар тос болон хонины сүүлний тосоор тосныхоо хэрэглээг орлож байна. Шар тос нь +180 хэмд тэсвэртэй болохоор биед сөрөг нөлөөгүй.
Бууз, хуушуур, цуйван идэхгүй 70 гаруй хонож байна. Хааяа нэг идэхээр бол олон үрийн гурилаар орлуулна. Эхэндээ хүүхдүүд бууз, хуушуур идэхэд нь би өөр өрөөнд байж байгаад хооллосны дараа гарч ирдэг байсан. Одоо бол хажууд ямар ч хүн янзын гоё хоол идэж байсан ч тоохоо больсон.
-Найз нөхөдтэйгөө уулзах, ажил хэргийн уулзалт, айлд зочлох гээд хоолны дэглэм алдагдахгүй байна уу?
-Б.Ганболор: Одоогоор бид хоёрт тийм асуудал тулгараагүй байна.Гадуур хоолонд ордоггүй, найзуудтайгаа аялал зугаалгад явахаар өөрсдийнхөө хоолоо бэлдээд явдаг. Хоол бэлдэх тал дээр мэргэжилтэн шахуу болж байна.
-Та сошиал хуудсандаа эрүүл мэнд, эрүүл амьдралын хэмнэлтэй холбоотой мэдээлэл түлхүү хуваалцдаг болохоор эмч мэргэжилтэй гэж бодсон?
-М.Баттулга: Эрүүл амьдрах хүсэл гэр бүлээ гэсэн хайраас үүдэлтэй гэж би ярих дуртай. Нэгэнт гэр бүлтэй болсон бол миний амь ганцхан минийх биш манай гэр бүлийнх болж хувирч байгаа юм л даа.
Манай хоёр охин ааваа би тан шиг л хүнтэй гэрлэнэ гэж, харин манай хүү ааваа би тань шиг л аав болно гэдэг. Хайрлаж халамжлах талаас нь л тэгж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би охидын маань нөхөр нь над шиг биедээ арчаагүй, бүдүүн бүү байгаасай гэдэг үүднээс өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн.
Аав нь арчаатай, биеэ цэвэрхэн авч явдаг бол тэр гэр бүл арчаатай байна. Харин тэр үед миний хүүхдүүд аав шигээ хүнтэй сууна гэвэл би ёстой нүүр бардам байна.
Орой ажлаа тараад гэртээ ирэхээр эхнэрийн халуун хоол үнэртээд, хүүхдүүд цувж ирээд тэвэрч аваад хамт тоглоё гэхэд нь бүх стресс ор тас мартагддаг.
Олон амжилтаас илүү олон бэрхшээл, уналтыг хамт давахаар бие биеэ гэх хайр болж улам л бэхжиж байгаа юм л даа.
Намайг барилгын туслахаас компанийн захирал болтол өсгөж бойжуулсан хүн бол миний хань.
Сайн ханьгүйгээр эр хүн дангаараа юуг ч бүтээж чадахгүй. Миний туйлын зорилго их мөнгө олохдоо биш, гэр бүлдээ их цаг зориулж, дурсамж бүтээх.
-Б.Ганболор: Би энэ хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болохоор эд хөрөнгө, материаллаг зүйл харахгүйгээр унаж бүдэрч хамтдаа босгосон амьдралдаа хайртай.
Одоо Богд хан уулыг хэнээс ч илүү сайн мэдэх болсон биз?
-Б.Ганболор: Энэ талд өвс ногоо арай ч ийм өндөр ургаагүй байсан юм даа, хоёр хоног яваад ирэхэд нов ногоон болчихсон, өдий хэртэй ургачихсан байна гэж ярилцах жишээтэй. Өглөө эрт алхах их урамтай, зэрлэг гахай, ховор амьтад харах боломж тохионо.
-М.Баттулга: Ууланд алхаж байхдаа 60 настайгаасаа эхлээд өөрийгөө өөрчлөхөөр шийдэн гурван жилийн турш ууланд алхаж 135 кг жингээс 50 кг хассан ахтай танилцаж, тэр ахаас их урам авсан даа.
-Залуус шинэ он гарахтай зэрэгцэн зорилго тавьдаг атлаа түүнийгээ биелүүлэхгүй орхих нь цөөнгүй. Тэдгээр залууст хандаж юуг хэлэх вэ. Та хоёр тууштай байдлыг хэрхэн бий болгож байна вэ?
-М.Баттулга: Амжилттай байх уу, тэднээсээ наана шантрах уу гэдэг нь гагцхүү тууштай байдлаас л хамаарна.
Анх алхаж эхэлж байхад жин ихтэй байсан болохоор булчин чангарна, нуруу, өвдөг маш их өвддөг байлаа.
Харин одоо уул руу алхахгүй л бол ажил тасалсан юм шиг санагдаад.
Заримдаа 7 хоног алхаад жин буурахгүй үе байна.
Тоон дээр анхаарлаа хандуулдаг байсан бол бид 2 аль эрт шантрах байсан.
Бидний бие махбодын бодисын солилцоог сайжирч, оюун санаа сэргэг, сэтгэл тайван болж байгаа энэ үйл явцаасаа кайф авдаг, тиймдээ ч үр дүнг биш үйл явцыг чухалчилдаг. Сард нэг л кг хаслаа гээд хүүхнүүд шантардаг, хэрэв жилээр нь авч үзвэл тууштай байж чадвал 12 кг хаях боломжтой байгаа биз. Манайхан алсыг харахаас илүүтэй сард 3-4 кг хасна гэж зүтгээд амархан шантардаг болов уу.
Ихэнх хүн амьдралаас маш их зүйлийг хүсдэг атлаа түүнийхээ төлөө тууштай байх нь олонтаа.
Мөнгөтэй болмоор байна гэдэг атлаа орлогоо баруун солгойгүй цацдаг, турмаар байна гэдэг атлаа таатай нь аргагүй эрүүл бүс хүнс идэж, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй.
Би Nike-ийн Just do it буюу зүгээр л хий гэдэг уриа үг үгэнд маш дуртай. Шалтаг хэлэхгүй, хэн нэгнээс ямар нэг зүйл хүлээхгүйгээр зүгээр л зоригтойгоор даруй эхэл гэж залуустаа хэлнэ дээ.
Завгүй эсвэл их ажлын хажуугаар ядарна гэх үгээр бид шалтаг болгодог. Гэтэл миний барилгын ажил бол зуны улиралд амралтын өдөр гэж байхгүй, хамгийн ачаалалтай ажилладаг салбар. Өглөө 8:00-с орой 20:00 цаг хүртэл ажиллана, заримдаа хонож ажиллах үе ч бий. Энэ завгүй хэмнэлээс боломжийг олж харж, өөртөө цаг зориулж болох юм байна гэдгийг ах нь олж харсан.
Амралтын хоёр өдөр амардаг хүмүүсийг өөртөө цаг гаргаж чадахгүй байна гэхээр гайхдаг юм.
Одоо 5:00-с алхаад ажил дээрээ 8:40,50 гэж ороод өдөржин эрч хүчээр дүүрэн байдаг.
Ууланд гарч буух нь нийтдээ 7 км. Зөвхөн ууланд 2 цаг гаруй алхахад бид хоёр 15 мянган алхам алхаж байгаа юм.
Хичээж байгаа хүний дэргэд дэмждэг хүн байхаар их урамтай. Хань минь дэмжээд хамт алхдаг болохоор ядардаггүй. Манай эхнэр эхэндээ их дуудуулна, 30 минутыг эхнэрээ сэрээхэд зарцуулдаг байлаа шүү дээ. Одоо бол хоёулаа годхийгээд босдог болсон.
-Танай гэр бүлийн хоггүй аялж, амаръя гэсэн уриалгыг сошиал орчноос харсан. Байгаль орчноо бохирдлоос сэргийлэх, бусдын ая тухтай байдлыг хангахад яагаад сэтгэл, цагаа зориулах болов?
М.Баттулга: Дөрөвдүгээр сараас буюу алхалтын 35 дахь өдрөөс эхлэн уулан дахь хогийг түүж эхэлсэн. Даваа гарагийн өглөө бид хоёр ууланд гарахаар гол харлах шиг л болдог. Зарим нь ухамсартай юм уу гэхээр хогоо уутлаад үлдээгээд явчихдаг. Бодвол намайг авч бууг гэж үлдээсэн юм байлгүй.
Б.Ганболор: Бид хоёр нэг туршилт хийсэн. Ууланд хаясан хогийг түүж, уутлаад гарт багтахгүй их хог байсан болохоор өчнөөн хүн алхаж байгаа шүү дээ, аваад буучих байлгүй үлдээгээд буусан.
Гэтэл тэр олон хүн нэг ч уут хог авч буугаагүй, дээр нь нэмээд маш их хог овоолчихсон байсан.
Орчин хоггүй бол хүмүүс хогоо хаядаггүй, хогтой байгаа юм чинь гээд нэмээд хаячихдаг юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд бид хоёр цуглуулсан хогоо 3,4 хоног алхахдаа авч буусаар байж дуусгасан даа. Хог түүхэд их цаг ч орохгүй 10-15 минут хоёр уут бариад л түүгээд аваад буучихдаг.
Даваагаас баасан гараг хүртэл түүхэд уул хоггүй болчихдог. Амралтын өдрийн дараа хог маш ихээр нэмэгддэг. Эхэндээ эмзэглэдэг байсан ч өөрсдөө үлгэрлэхээр шийдсэн.
-Энэ хогийг та хоёр маань түүж барахгүй шүү дээ. Хүмүүсийн сэтгэлгээн дэх "хогийг" яаж цэвэрлэмээр юм бэ дээ?
М.Баттулга: Хүмүүсийн тарьсан хогийг түүх амархан гол нь сэтгэлгээн дэх тэр хогийг яаж арилгах вэ гэж сүүлийн үед бид хоёр бодох болсон.
Томчуудаас илүүтэй хүүхдийн үйлдвэл хүнд хүрдэг, бидний хаясан хогийг бяцхан хүүхдүүд түүж байна шүү дээ гэж хараасай гэдэг үүднээс хүүхдүүдээрээ дамжуулан хоггүй аялж, амрах уриалга гаргасан.
Энэ бүхэн бид нарт амралт болчихож байгаа юм. Бид түүхгүй юм бол дараа дараагийн хүмүүс тэр хогтой орчинд л амраад буцах байхгүй юу.
-Б.Ганболор: Зарим хүн хөл хорионы үед хүүхдээ дагуулж явж хог түүлгэлээ гээд шүүмжлүүлсэн.
Хүүхдүүд тааралдахаар хогоо битгий хаяарай дүү нараа гэж захихаар их ухамсартай, тэгнээ ахаа эгчээ санаа зоволтгүй гэж хэлэхэд нь их хөөрхөн санагддаг.
-Бүхнийг тэгээс эхэлсэн гэсэн. Компаниа байгуулахын тулд ямар замыг туулав?
М.Баттулга: Чанасан өндөг, 100-гийн ундаа зарахаас авахуулаад хүүхэд байхдаа хүний арга эвийг олж хөдөлмөрлөхөд суралцаж дээ. Айлын бага байсан учраас их үймүүлж, аавынхаа чихийг мөн ч их “халууцуулдаг” хүүхэд байлаа.
Амьдралд хөлөө олох гэж 5 ханатай гэрт амьдрах, түрээсийн байраар хэсэх зэргээр амьдрал жигдэртэл 10 жилийг хоёулаа хөдөлмөрлөж өнгөрүүлжээ.
Бид хоёр 2006 онд анх барилгын туслах хийж байхдаа танилцаж байлаа.
Анх барилгын туслах, дараа нь арматурчин, мужаан, бригадын дарга гээд барилгын салбарын бүх шатны ажлыг хийж туршлага хуримтлуулсны үндсэн дээр 2013 онд “Далайн дөрвөн цамхаг” гэсэн өөрийн барилгын компаниа байгуулж байлаа.
Надад их дээд сургуулийн инженерийн диплом байхгүй ч энэ бүх мэдлэгийг практик дээрээс олж авсан.
Их сургуулийн дипломоос илүү хүний хандлага хамгийн чухал. Том биш ч гэлээ манай компани 40-50 хүнийг ажлын байраар хангаж байна.
Барилгын салбар савлагаатай, заримдаа өрөнд орох үе байна, энэ үед хүмүүсийнхээ цалинг тасалдуулчихгүй байхыг хичээдэг. Энэ жилийн хувьд хямралын үед ашиг гэхээсээ илүүтэй ажилчдаа цалинтай, байлгахад анхаарч байна даа.
Сургалтын төлбөрөө өөрсдөө хөдөлмөрлөж олоосой гээд оюутан хүүхдүүдийг сард багадаа 1,2 сая төгрөгөөр цалинжуулна. Бэлэнчлэх сэтгэлгээгүй, эцэг эхийн гар харахгүй, хүүхдүүд өөрийнхөө ирээдүйн төлөө хөлсөө урсгаж байгааг харахаар бахархууштай санагддаг.
Барилгын салбар эрсдэл ихтэй, муу захиалагчтай таарвал мөнгөө авч чадахгүй хулхидуулж хохирол амсах нь энүүхэнд.
Анх компаниа байгуулж байхдаа овоо ч захиалгатай байж, хүний доор орохгүй гэж жийп авч унаж, хэрэглээндээ их анхаардаг байлаа.
Нэг удаа ажил бүтэлгүйтэж, маш их өрөнд орж юу ч үгүй хоосрохын цагт хүнд таалагдах гэж авсан үнэтэй машин, утас эд зүйлс юунд ч хэрэггүй байсныг мэдсэн. Надтай хамт ажилладаг тэр олон залуус ч бас орлогогүй болсон.
Хүн амжилттай яваа үедээ ер нь бол ойлгохгүй шүү, өрөнд орж, зүдэрч, хүрээлж байсан хүмүүс нүүрээ буруулж, хэн ч биш болохоо мэдэрсэн цагт асар их зүйл ойлгоно.
2018 оноос өрнөөс гарч, сэргэлт аваад жинхэнэ минималист амьдралаас амьдарч байна.
-Тэр хүнд үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Б.Ганболор: Бид тэр үед жижигхэн контейнер худалдаж аваад ногоо зардаг байсан. Олсон жаахан мөнгөө үрэхгүй хадгалж байгаад 6 нэрийн дэлгүүрийнхээ талбайнхаа 100 гаран мкв болж өргөтгөсөн. Манайд чихэр, амттан ховор зардаг, түлхүү өргөн хэрэглээний хүнс жимс, ногоо зардаг.
-М.Баттулга: Бүх юм мөнх биш гэдгийг өөртөө үргэлж сануулж, цааш яах вэ гэдгийг эрж хайсан. Багадаа ээжийгээ цаг бусаар алдахад аав маань зовлонг сөрж амьдрах ухааныг өөрийн биеэр үлгэрлэсэн.
Өрөнд орсон үедээ хувь хүний хөгжил, санхүүтэй холбоотой ном их уншиж, сахилга баттай байхад суралцсан. Тэр үед бид зөвхөн хүүхдүүддээ өвлийн хувцсыг авч дийлж, өөрсдөө хоёр жилийн хугацаанд дөрвөн улиралд нэг л тамирын хувцаснаас өөр солих хувцасгүй байсан үе хүртэл бий.
Одоо манай гэр бүлийн зарчим бол ямагт орлогоосоо багыг үрэх. 10 настай охиноо хааяа дэлгүүртээ туслуулж цалинжуулна. Охин маань тэр мөнгөөрөө өөрийн хуримтлалтай болсон байх жишээтэй.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|