• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

Та хэзээ нэгэн цагт өөрөөсөө зөв газар ажиллаж байна уу гэж асууж байв уу. Орлого, ур чадвар тань ахиж өгөхгүй нэг л байрандаа гацчихаад байна уу. Ажлаа солих шаардлагатай бол хэрхэх вэ? 

Эдгээр асуулт танд танил санагдаж байвал юун түрүүнд өөрийн нөхцөл байдлаа тодорхойлохоос эхлээрэй. 

Асуудал ажилд байна уу, эсвэл өөрт чинь байна уу гэдгийг сайтар эргэцүүл.

Одоогийн ажил чинь танай гэр бүлийн амьдралд ямар нэгэн байдлаар тусаа өгч буй ч хандлагад чинь асуудал байгаа мэт санагдаж байвал өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч ажлаасаа тас зуурах хэрэгтэй. 

Хэрэв ажил таны хүсэл сонирхол, хэтийн зорилготой нийцэхгүй мэт санагдаж байвал, хаана, хэнтэй ажиллахыг хүсэж буйгаа тодорхойлоорой. Сонирхож буй ажлыг чинь хийж байгаа хүмүүсийн арга барил хийгээд хэрхэн ашиг олж буй арга замыг ажигла. 

Өөртөө хамгийн сайн тохирох ажлыг олохын тулд маш их хичээл зүтгэл, тэвчээр, оролдлого шаардлагатайг сануулах нь илүүц биз ээ.

Одоогийн ажилдаа үлдэх, эсвэл солих шийдвэртээ эргэлзэж байвал эдгээр асуултыг өөрөөсөө асуугаарай.

1. Компанийн гүйцэтгэл болон соёл

-Танай хамт олон тусч, таатай уур амьсгалтай юу. Эсвэл эсрэгээрээ юу?

-Компани хэр ёс зүйтэй вэ?

-Хамтран ажиллагсад чинь ажилдаа сэтгэл хангалуун уу?

-Ажлынхан чинь өглөө цагтаа ажилдаа ирдэг үү?

-Байгууллагынхан чинь бие биендээ эерэг ханддаг уу?

-Ажилчид албан тушаал дээрээ ямар нэгэн айдасгүй, сэтгэл амгалан байдаг уу?

2. Удирдлага болон манлайлал

-Компанийн алсын хараа таныхтай нийцдэг үү?

-Удирдлага чинь хичээл зүтгэлийг чинь үнэлж, хүндэлдэг үү?

-Танай байгууллага үйл ажиллагаагаа тэлэх, компаниа томруулах талаар бодит зорилго, төлөвлөгөөтэй юу?

-Удирдлага чинь хэр зэрэг ухаалаг менежменттэй вэ?

-Танай компанийн удирдлагын арга барил шинэлэг, алсын хараатай байж чаддаг уу. Эсвэл хуучинсаг уу?

-Танай удирдлага, менежментийн баг чадварлаг, ёс зүйтэй, өрсөлдөөнтэй байж чаддаг уу?

3. Хөдөлмөрийн үнэлгээ, урамшуулал

-Таны орлого амьдралд хүрэлцэхүйц байж чаддаг уу?

-Таны хийж буй ажил, үүрч буй хариуцлагыг шударгаар үнэлдэг үү?

-Хүмүүс илүү цагаар ажиллавч бага цалинждаг гэж санагддаг уу? 

4. Боломж

-Хангалттай мөнгө олдоггүй ч бусад ур чадвар, танил талаа нэмэгдүүлж чадаж байна уу?

-Компанийн хүндхэн цаг үеийг хамт туулсны төлөө та байгууллагаасаа ямар нэг давуу байдал, ашиг тус хүртэв үү?

-Та ажлын байран дээрээ хөгжиж, туршлагажиж байна уу. Цаг хугацаа улирахын хэрээр таны cv улам баяжиж, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж байна уу? 

Хэрэв танай байгууллага жижигхэн ч удирдлага чинь ур чадвартай, ажилчдаа дэмждэг, ухаалаг менежменттэй  бол та жинхэнэ ЗӨВ газраа байгаагийн илэрхийлэл. 

Гэхдээ зөв, буруу газраа байхын хамгийн том шалтгаан нь та өөрөө юм. Заримдаа таны хандлага буруу байгаа учраас олон сайхан боломжийг анзааралгүй өнгөрүүлчихдэг.

Хэрэв та ажлаа солихоор шийдсэн бол эдгээрийг санаарай

  • Энэ ажлыг сонгосноор бусад боломжийг алгасаж байгаагаа хүлээн зөвшөөрч, шийдвэр чинь зөв эсэхийг сайтар тунгаа.
  • Ажилд орохоос өмнө энэ ажлыг яагаад хийх ёстой вэ гэсэн эерэг хандлагыг өөртөө бий болгоорой.
  • Ажил олгогчид болон хөдөлмөрийн биржтэй холбоотой байх.
  • Компани суудал бөглөсөн "явдаг cv"-г биш хөгжил, хэтийн зорилгодоо хүрэхэд дэм үзүүлдэг хүмүүсийг дэмждэгийг санах.
  • Хүний нөөцийнхөн, ажилтан шалгаруулах комиссоор бүх  зүйлс дамжин, шийдвэрлэгдэхэд бүү найд.
  • Цахим орчин, нетворкинг сайтуудын мэдээлэлд 100 хувь итгэх хэрэггүй.
  • Ажлын ярилцлагад орохдоо ярилцлага өгөх биш, өөрийгөө “зарахаар” бэлтгэгдэн оч.
  • Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажил олно гэдэгтээ итгэл дүүрэн байх.
  • Ярилцлага өгөхдөө өмнөх ажилдаа ямар алдаа гаргаснаа дурдах хэрэггүй.

Хэрэв та ажил хайж байгаа бол байгууллагын үйл ажиллагаа явуулдаг салбарт анхаарал хандуулах хэрэггүй. Харин үүний оронд илүү нээлттэй сэтгэж, хүний нөөцөд анхаарал хандуулаарай. 

  • Та ямар хүний удирдлага дор ажилламаар байна?
  • Та ямар хүнд хөдөлмөрөө "зарж", түүнээс суралцангаа хөгжмөөр байна.
  • Та тэдэнд ямар ур чадвараа зориулж чадах вэ? гэдгийг тодорхойлоорой.

 Мөн таны амьдралд томоохон нөлөө үзүүлдэг, ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө авахад гэмгүй.

Та ямар албан тушаалд, юу хийхээс үл хамааран алсдаа одоогийн нөхцөл байдлаа хэд дахин сайжруулж чадна. Иймд ур чадвар, мэдлэг, өөртөө итгэх итгэлээ нэмээд л бай. Ингэсэн цагт та хөдөлмөрийн зах зээлд  илүү үнэ цэнэтэй, өрсөлдөх чадвартай тоглогч байх болно.
Эх сурвалж: Entrepreneur.com

TAGS
#Business