A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |
|
Дэлхийн эдийн засгийг 0.5 хувиар агшааж, 8 мянга гаруй хүнийг өвчлүүлж, 775 хүний амь насыг авч одсон SARS-ын коронавирус БНХАУ-д гараад 17 жил өнгөрлөө. 2003 онд дэгдсэн SARS-аас үүдсэн эдийн засгийн уналтын дараа Хятад улс дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий тоглогч болсон.
Тус улс дэлхийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, автомашины эд анги, газрын тос, зэс болон цахилгаан барааны гол ханган нийлүүлэгч орон билээ.
2003 онд Хятад улс дэлхийн ДНБ-ийг арайхийн 4 хувийг эзэлж байсан бол өдгөө 16 хувийг бүрдүүлдэг болсон юм.
Өдгөө Хятадын эх газарт гэхэд коронавирусийн халдвар авсан хүний тоо 43 мянга хол гарч, нас барсан хүний тоо мянга хэдийн давж Хятадаас гадна 30 оронд вирусийн шинж тэмдэг илэрлээ.
Автомашин болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бааз болох Ухань болон бусад үйлдвэрлэлийн түшиц хотуудад онц байдал зарлаж, хөл хорио тогтоон томоохон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосныг тодорхойгүй хугацаагаар сунгаад буй.
Глобалчлалын ачаар цахилгаан бараа, текстил, автомашины үйлдвэрлэлийн томоохон корпориациуд Хятадад үйлдвэрлэл явуулж, дэлхийн өнцөг булан бүрт салбараа нээснээр улс орнуудын эдийн засаг урд хожид байгаагүйгээр бие биенээсээ харилцан хамааралтай болов.
Тус вирусийн хөнөөл агаарын болон далайн тээвэр, зочид буудал, худалдаа үйлчигээний салбарыг үйл ажиллагааг зогсоосноор аялал жуулчлалын салбарыг хамгийн түрүүнд цочроолоо. Үүний дараагаар зэс, газрын тос, төмрийн үнийг тус бүр 10 хувиар унагав. Мөн 10 гаруй агаарын тээврийн компани БНХАУ-ын чиглэлийн нислэгээ зогсоосон юм.
Мөн коронавирусээс үүдэн автомашин үйлдвэрлэлийн зах зээлийн томоохон тоглогчид болох Volkswagen (VLKAF), Toyota (TM), Daimler (DDAIF), General Motors (GM), Renault (RNLSY), Honda (HMC) болон Hyundai (HYMTF)-ийн Хятад дахь эд ангийн үйлдвэрүүд үүдээ барьсан юм. Toyota компани гэхэд өнгөрсөн баасан гарагт үйлдвэрийн амралтаа хоёрдугаар сарын 17 хүртэл сунгалаа.
S&P Global судалгааны байгууллагын мэдээлснээр вирусийн дэгдэлт оны эхний хагас улирлын байдлаар Хятад дахь автомашин үйлдвэрлэлийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарцын 15 орчим хувиар бууруулсан байна. Түүнчлэн Солонгосын Hyundai (HYMTF) автомашины үйлдвэрт эд ангийн хомстол хэдийн үүсээд буй.
Аялал жуулчлал, автомашин, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон худалдан авагч тус улсын зах зээл саармагжиж буй нь бусад нийлүүлэгч орон Хятадын зах зээлийн хэрэглэгчдээ тодорхойгүй хугацаанд алдаж нийлүүлэлт нь буурахад үлэмж нөлөөлжээ. Тухайлбал, Британийн Burberry бренд Хятадын эх газар дахь 64 дэлгүүрийнхээ 24-ийг, Starbukcs 2 мянган салбараа, Ikea 30, H&M, Uniqlo 130 салбараа болон Pizza Hut, McDonalds, KFC зэрэг түргэн хоолны ресторан болон Аpple компанийн дэлгүүрүүд үйл ажиллагааг түр зогсоов.
Хятадаас бүтээгдэхүүнийхээ эд ангиа нийлүүлдэг технологийн компаниудын үйл ажиллагаа ч доголдож эхлэв. Тухайлбал, ухаалаг утасны санах ой үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Qualcomm (QCOM) компани үйл ажиллагаагаа түр зогсоосон нь ухаалаг утас үйлдвэрлэгчдэд эрэлт, нийлүүлэлийн тодорхойгүй байдлыг үүсгээд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ хэмжээний хямралыг удирдах боломжтой. Хэрэв коронавирусийн халдвар саарвал Хятадын үйлдвэрлэлүүд удахгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж, дэлхийн эдийн засагт учруулаад буй цоорхой нөхөгдөнө. Хэрэв тархалт энэ чигээрээ эрчимтэй үргэлжилбэл эдийн засагт учруулах цочроо улам нэмэгдэх аж.
Коронавирус эхэндээ Хубэй мужийн худалдаа, үйлдвэрлэл, хүн болон бараа таваарын шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байсан бол цаашдаа аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний франчайз байгууллага болон үйлдвэрлэлээр дамжин дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд хямрал нүүрлэх нь хаяанд байна.
Дэлхийн банкны судалгаагаар үлэмж хэмжээний тахлын дэгдэлт буюу пандемтэй дүйцэхүйц нөхцөл байдал үүсвэл дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар унаж, 3 гаруй триллион ам.долларын хохирол учруулж болзошгүй. Тухайлбал, 2009 онд дэгдсэн H1N1 вирус дэлхийн улс орнуудын ДНБ-ийн 0.5 хувийг арчин одсон юм.
Хятадын засгийн газар коронавирусаас үүдэх дотоодын эдийн засгийн царцанги байдал, хямралтай тэмцэхээр шуурхайлж байна.
Хятад ардын банк зах зээлийнхээ хөрвөх чадварыг дэмжин, банк болон иргэдэд учрах дарамтыг бууруулах зорилгоор 1.2 триллион юанийг банкуудад хуваарилсан юм. Мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр эрх баригчид иргэдэд зах зээлийн эрсдэлийг угтаж татварыг бууруулах болон бусад тусламж, үйлчилгээг үзүүлж буй.
Capital Economics-ийн шинжээчийн үзэж буйгаар вирусийн тархалт энэ хэвээр үргэлжилбэл Бээжин хот олон жилийн хичээл зүтгэлээ алдаж өрийн хэмжээ нь нэмэгдэж, эдийн засагт бэлнээр мөнгө нийлүүлэхэд хүрнэ. Тиймээс засгийн газар үүний эсрэг нэмэлт арга хэмжээ авна гэж эдийн засагчид итгэж буй.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Шри Ланк, Малайз, Тайланд, Филиппин зэрэг хөрш орнууд дахь тус улсын “Central Bank of China”-гийн зарласан хүүгийн хувь нь унаж эхлэв. Харин дараагийн бай нь БНСУ болон Тайванийн зах зээл байх өндөр магадлалтай.
Олон улсын санхүүгийн институтийн мэдээлснээр дэлхийн улс орнуудын засгийн газар, хувийн хэвшил, өрхийн өр нь дээд хэмжээндээ хүрсэн буюу дэлхий эдийн засгаа гурав дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц өрийг бий болгожээ.
Нидерландын Rabobank–ийн эдийн засагч Raphie Hayat: “Томоохон түншүүдийн гадаад худалдааны хурцадмал байдал, худалдааны өсөлт сүүлийн жилүүдэд тогтмол удааширч, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь хямралын эсрэг дэлхийн эдийн засаг маш сул дархлаатай байгааг харуулж байна” гэжээ.
Тэгвэл манай улсын уул уурхайн экспортыг дангаараа бүрдүүлдэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч урд хөршийн эдийн засаг савлах нь дэлхийгээс урьтаж манайд хамгийн түрүүнд цочроо өгөх нь дамжиггүй...
Эх сурвалж: CNN
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|