• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулагч, хүүхдийн их эмч О.Солонготой “Хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих, хүүхэд коронавирусийн халдварын талд тээгч мөн үү” сэдвийн хүрээнд ярилцлаа. 

-Ханиад, томуу амьсгалын замын өвчний тохиолдол хэр байгаа вэ?

-Томуу, томуу төст өвчин нь улирлын чанартай, хүйтэн, сэрүүний улиралд тархалт нь ихэсдэг. Дэгдэлтийн хувьд 12 болон нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Үүнээс хойш аажмаар буурдаг. Энэ жилийн хувьд B хүрээний вирус зонхилон тохиолдож байгаа бөгөөд А хүрээний вирус эргэлтэд байна. 

Дэлхий дахинд үүсч буй онцгой нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд эерэгээр нөлөөлж байна. Хөл хорио тогтоосон учраас хүүхдээ гадуур дагуулж явах нь багасч, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаас түр зогсоосон учраас энэ төрлийн өвчлөл багассан. 

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ үзүүлэлт 50-60 хувь буурсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохоос өмнө ЭХЭМҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар ажлын өдрүүдэд 200-250 гаруй хүүхэд үйлчлүүлдэг байсан бол 100-200 болж буурсан. 

Харин амралтын өдрүүдэд 350-450 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол мөн 200-250 болж буурсан байна. Мөн халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч буурсан. 

-Хүн бүр дархлаа гэж ярьдаг ч төдийлөн мэддэггүй. Дархлаа, дархлааны эс гэж ер нь юу юм бэ?

-Дархлаа гэдэг бол маш том ойлголт. Дархлааны эсүүд бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. 

Хүүхэд төрөхдөө дархлааны эстэй төрдөг бөгөөд зургаан сар хүртлээ эхийн сүүнээс дархлаагаа авдаг. 

Зургаан сар хүрснээс хойш эхийн сүүнээс авах дархлаа нь багасдаг учраас өөрөө нийлэгжүүлж эхэлдэг. Тэгэхээр бага насны хүүхдэд өөрийн гэсэн дархлаа бүрэн тогтоогүй байдаг гэсэн үг. Аажим аажмаар үүсч эхэлдэг. Гаднаас ямар нэгэн өвчин үүсгэгч орж ирэхэд хариу урвал үзүүлэх чадвар нь бага байдаг учраас насанд хүрсэн хүнээс дархлаа нь сул байдаг. 

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хооллож, дархлааг нь дэмжих хэрэгтэй. Харин бор хоолонд орсноос нь хойш зөв хооллох, амьдарч буй орчин болоод хувцаслалтыг нь хэрхэн тохируулах нь дархлаанд шууд нөлөөлдөг. 

Хэвийн дархлааны эсүүдийн үүсч хөгжих процесс явагдаж буй эмзэг үед хүүхдийн хэвийн байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Хэт дааруулахгүй, өлсгөхгүй, тогтсон цагт унтуулах гэх мэт энгийн аргуудаар дархлааны эсүүдийн тогтвортой байдлыг хангаж болно. 

Төрснөөс хойш хүүхэддээ цаг тухайд нь товлолт вакцинуудыг хийлгэх нь эцэг, эхийн хариуцлага

-Зарим эцэг, эхчүүд вакцин хийлгэх нь зөв, буруу хэмээн талцах болж. Энэ талаар таны байр суурь?

-Вакцин нь олон төрлийн халдварт өвчнөөс хамгаалах чадвартай. Манай улсад зайлшгүй хийх, сайн дурын, бусад дархлаажуулалт гэх мэт гурван төрөл байдаг. Дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор сүрьеэ, гепатит B, халдварт саагийн вакцин хийдэг. Энэ нь тухайн хүүхдийг ирээдүйд сүрьеэ, саагаар өвчлөх магадлалыг бууруулж буй хэрэг. Эдгээр өвчлөлүүдээс вакцинаар сэргийлэх боломжтой учраас товлолт вакцинуудыг хүүхэддээ заавал хийлгэх шаардлагатай. Тэгэхээр төрснөөс хойш хүүхэддээ цаг тухайд нь вакцинуудыг хийлгэх нь эцэг, эхийн хариуцлага. 

Аль болох хоцроохгүй, хийх ёстой хугацаанд хийлгэх хэрэгтэй. Эмч тухайн хүүхэд ханиадтай, халуурсан гэх мэт шинж тэмдэг ажиглагдвал тухайн өвчнийг өнгөрөөсний дараа товлолт вакциныг хийнэ. 

-Монголчууд хөдөө шороон дээр хөл нүцгэн алхаж, хөдөө талд өссөн хүүхдүүдийг ханиад, томуунд барагтаа тусдаггүй, дархлаа сайтай байдаг гэж ярьдаг.  Төрөлхийн дархлаа султай хүүхэд гэж байдаг уу?

Төрөлхийн дархлааны дутмагшилтай хүүхэд гэж бий. Хөдөө өссөн хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөнтэй, микро-организмуудын эсрэг дархлаа нь хөгжсөн, байгальтайгаа илүү ойр байдаг учраас дархлаа сайтай байдаг.

Сүүлийн үеийн хүүхдүүд гадаа гарч, тоглох нь багассан. Дээрээс нь гар утас, телевизийн хамааралтай болж буй учраас хөдөлгөөний дутагдалд өртдөг. 

Хөдөө бууцан дээр тоглож, мал ахуйтайгаа ойр өссөн хүүхдүүд элдэв нян, бактеритай зүй ёсоор харьцаж дассан учраас дархлаа сайтай байдаг

-Хэт цэвэрч байх нь хүүхдийн дархлааг бууруулдаг гэж ярих юм билээ?

-Хэт цэвэр, вакум орчинд өссөн хүүхэд харшилд өртөмтгий болдог гэх судалгаа бий. Өөрөөр хэлбэл багаасаа хэт цэвэр орчинд өссөн хүүхэд өөр орчинд очихоор дархлааны эс уг орчныг танихгүй учир харшил үүсдэг байна.

Энэ үед хамар битүүрэх, загатнах, харшил үүсэх, ханиад, томуу хүрэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Хөдөө бууцан дээр тоглож, мал ахуйтайгаа ойр өссөн хүүхдүүд элдэв нян, бактеритай зүй ёсоор харьцаж дассан учраас дархлаа сайтай байдаг. 

Тэгэхээр хэтэрхий цэвэр орчин үүсгэхийг эмч хүний хувьд өрөөсгөл ойлголт гэж боддог. 

-Харшил дархлаанд нөлөөлдөг гэсэн үг үү?

Тийм. Харшил бол дархлааны эсүүдийн хариу урвал. Эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол удамших магадлал 75-80 хувь байдаг.

-Дархлаа суларсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? 

-Хүн бүрт илрэх шинж тэмдгүүд харилцан адилгүй. Дийлэнх тохиолдолд ядарч сульдах, өвчлөмтгий, харшламтгай болох гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. 

Хүүхэд өдөрт багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай

-Тэгвэл хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?

-Хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байгаа учраас өрөө, тасалгааны агааржуулалт чухал. Хоёр цаг тутамд 5-10 минут агаарын сэлгэлцэл хийж хэвшээрэй. Эцэг, эхийнх нь аль нэг нь тамхи татдаг бол хүүхэд дам тамхидалтад өртөж, өвчлөмтгий болдог. 

Хуурайшилт их байх тусам агаарын хуйлрал ихэсдэг учраас нян, вирус үржих нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс тасалгааны чийгшлийг 50-60 хувьд байлгах хэрэгтэй. Мөн хэт их чийгтэй үед эсрэгээрээ мөөгөнцөртөх эрсдэлтэй. Тэгэхээр тэнцвэрийг нь ижил түвшинд хадгалах хэрэгтэй. 

Мөн шингэн зүйлийг ойр ойрхон уулгаж хэвшсэнээр залгиураар орж буй нян, вирус, бактерийг усаар чийглэж, гадагшлуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулдаг. Байнгын хөдөлгөөнтэй байж, хүний бие дэх дархлааны эсүүд сэргэдэг. 

Сүүлийн үед бага насны хүүхдүүд хөдөлгөөн хийхээс илүү гар утас, компьютерийн тоглоом тоглох болж. Хүүхэд өдөрт багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай.

Эцэг, эхчүүд хүүхдүүдээ тоглоомын аргаар идэвхтэй хөдөлгөөн хийлгэх боломжтой. Дээс тоглох нь хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хамгийн шалгарсан арга. 0-1 насны хүүхэд идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй учраас хүүхэддээ иллэг хийж, цусны эргэлтийг нь сайжруулаарай. 

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болсон гэж ярьдаг болж. Үүний улмаас хүүхэд стресст өртдөг үү?

-Хүүхэд нэг зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлж, тухайн зүйлээс хэт хамааралтай болоод ирэхээрээ бүх ачаалал тархинд очдог. 

Байнга нусаа татах, нүд анивчах гэх мэт шинж тэмдгүүд бол мэдрэлийн ядаргаанд орж буйн илрэл юм.

 Тэгэхээр хүүхдээ ийм эрсдэлд оруулахгүйн тулд гар утас, компьютерийн хэрэглээнээс ангид байлгаарай.

-Нойр дархлаанд нөлөөлдөг гэх яриа байдаг. Энэ талаар тодруулбал?

-Дархлааны эсүүдийг хэвийн үржиж, боловсрох үйл ажиллагааг тасалдуулдаг хүчин зүйл бол стресс. Манай хүүхэд эрт унтдаггүй. Бид нартай адил 01:00 цагт кино үзчихээд унтдаг.

Оройтож унтсан ч хангалттай нойр авч чаддаг гэж ярих хүмүүс цөөнгүй. Гэвч “Шөнийн нойрыг, маргааш өдрийн нойр нөхдөггүй” хэмээн ярьдаг нь үүнтэй холбоотой. 

Хүүхдийг тогтмол цагт унтуулж хэвших нь дархлааны эсийг идэвхжүүлэхэд тустай учраас нойрсох хугацаанаас гадна унтах цагийг нарийн баримтлах хэрэгтэй. 

Үдшийн 22:00-02:00 цагт хүний биеийн дархлааны эсүүд идэвхждэг бол 21:00 цагаас хойш өсөлтийн даавар ялгардаг. Энэ үед амарч, бат бөх нойрсож хэвших нь дархлааны эсүүдэд ч бас чухал нөлөөтэй.

Нярай хүүхэд хоногийн 22 цагт унтдаг бол насанд хүрсэн хүн 6-8 цаг зайлшгүй унтах шаардлагатай. Шөнийн нойроо авч чадахгүй байх нь био хэмнэл алдагдах гол хүчин зүйл болдог. Био хэмнэл алдагдах нь дархлааны эсүүдэд ч бас нөлөөлдөг. 

-Сүлжээний трансферфактор бүтээгдэхүүнийг дархлаа дэмждэг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Энэ хэр ортой вэ?

Хүн, хүнд нөлөөлөх нөлөө нь өөр өөр байдаг байж магадгүй. Тэгэхээр бүх хүнд нийтлэг адил үр дүнг үзүүлэхгүй байх магадлалтай. Бага насны хүүхэд өөрийн дархлааг тогтоох гэж байхад нь гаднаас механикаар дархлааны системийг оролдох бол буруу, гажуудал үүсгэнэ. 

Тэгэхээр аль болох сүлжээний бүтээгдэхүүн авахыг эмч хүний хувьд зөвлөдөггүй. Виферон буюу интерфероныг шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг. Тэгэхээр эмчийн заавраар ямар тохиолдолд ямар хэмжээгээр хэрэглэх заалт байдаг. Хүн бүрийн дархлааны систем өөр байдаг учраас үйлчлэх нөлөө нь ч харилцан адилгүй.

-Сармистай шөл, аарц чацаргана, аньс гэх мэт уламжлалт аргууд дархлааг дэмжихэд нөлөөлдөг үү?

-Дээрх жимс, жимсгэнэ агуулсан бүтээгдэхүүнүүд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Халуун, бүлээн шингэн зүйл уулгах ч бас нөлөөтэй. 

Мөн хооллолтын хувьд тогтмол цагт өдрийн гурван удаа хооллож хэвших хэрэгтэй. Витамин C-гээр баялаг учраас чацарганы шүүс уухыг зөвлөдөг бөгөөд үүнд антиоксидант, микро, макро элементүүд, төмөр, кальци, магни тодорхой хэмжээгээр агуулагддаг.

Адууны махтай, сармистай шөл сайн хэмээн ярьдаг нь онолынхоо хувьд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл бол одоогоор байхгүй. 

Ер нь бол халуун, бүлээн зүйл ууснаар хүний цусны эргэлт сайжирна. Сармисыг дархлаа дэмждэг гэж ярьдаг. Үүгээрээ зөв хооллох дэглэм, дээрээс нь халуун чанарын зүйлийг хэрэглэхийг зөвлөж байгаа хэрэг юм. 

-Чацарганыг шинэ коронавирусийг эмчлэхэд чухал үүрэгтэй гэх мэдээлэл цахим орчинд хөврөх болж. Энэ талаар та ямар бодолтой байна. Үнэхээр дархлаа дэмжих үү?

-Үүнтэй холбоотой судалгааны ажлыг бүрэн уншаагүй. Гэхдээ чацарганд маш олон давуу тал байдаг. Бид өдөр тутамдаа чацарганад агуулагддаг витамин C-г тогтмол ашиглаж байна. Тэгэхээр биеийн дархлааг ерөнхийдөө дэмждэг. 

Судалгааны ажлуудаас харахад шинж тэмдэг илрээгүй хүүхдээс шинжилгээ авахад коронавирус илэрсэн тохиолдол бий

-Хүүхэд шинэ коронавирусийн халдварын далд тээгч байдаг гэсэн мэдээлэл нэг хэсэг сошлаар нийтэд хүрсэн. Энэ хэр үнэний ортой вэ?

-Коронавирусийн халдвартай холбоотой шинэ судалгааны ажлууд өдөр бүр хийгдэж байгаа. Мөн хүүхэдтэй холбоотой судалгаа ч гарч буй. Гэхдээ өндөр настан буюу 65-аас дээш настай хүмүүсийн нас баралтын түвшин өндөр байгаа гэсэн судалгааны ажлууд их байна.

Судалгааны ажлуудаас харахад шинж тэмдэг илрээгүй хүүхдээс шинжилгээ авахад коронавирус илэрсэн тохиолдол бий. Илэрч буй шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, халуурах гэх мэт насанд хүрэгчидтэй адил. Хүүхдэд нэг онцлог шинж тэмдэг илэрч буй нь шингэн баах. 

Хүүхдүүдийн хувьд зовиур илрэх нь бага учраас “PCR” гэх түргэвчилсэн сорилоор шинжилгээ хийж л вирус илэрсэн эсэхийг баталж байна. Тэгэхгүй бол бидний дунд ч гэсэн хэн тээгч болоод явж байгааг сайн мэдэхгүй шүү дээ. 

Хүүхдэд шинж тэмдэггүй тохиолдлын хөнгөн хэлбэр их бий. Судалгаанаас харахад шинж тэмдэг илэрч, амьсгалын дутмагшил болж буй тохиолдол цөөн байсан. Хөнгөн буюу хүндэвтэр хэлбэрүүд нь давамгай. Ерөнхийдөө бол коронавирусийн халдварын 80 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Иймээс яалт ч үгүй хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагатай. 

-Коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Таны бодлоор хөл хорио тогтоохын давуу болон сул тал ?

-Давуу тал маш их ажиглагдсан. Иргэд амны хаалтыг зөв зүүж сурч байгаа учраас ханиад хүрсэн ч бусдад халдаах нь эрс багассан. Нэг хүний халдвар цааш маш олон хүнд халдварлаж байдаг учраас амны хаалтыг зүүж хэвших нь олон төрлийн ач холбогдолтой. Мөн гараа тогтмол угааж , Эрүүл мэндийн яамны зөвлөгөөг сайтар дагаж байна.

Гараа савандаж угаах, амны хаалт тогтмол зүүх нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. 

-Хөл хорионы улмаас ихэнх хүүхэд өдрийг гэртээ өнгөрөөж буй. Энэ үед хүүхдийн хөдөлгөөн цэцэрлэг, сургуульд явж байсан үеийнхээсээ харьцангуй багасах хандлагатай байгаа нь таргалалтад нөлөөлөх үү ?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ тоглоомын аргаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөнтэй болгох хамгийн сайн арга бол дээс тоглох. Таргалалтын улмаас цусны эргэлт багасдаг учраас сахар, гульекоз агуулсан зүйлсийг хүүхдийн бие нэхэж эхэлдэг.  

-Хооллолтын хувьд? 

Дархлааны эсүүдийн 60-70 хувь нь бүдүүн гэдсэнд байдаг учраас хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Аминдэмийг болж өгвөл хоол хүнснээс авах хэрэгтэй. Хэт нэг талыг барьсан хооллолтоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Аминдэм, эрдэс бодис, уураг, ашигтай бактерийг өдөр тутмын хооллолтоосоо зохист хэмжээнд авах шаардлагатай гэсэн үг. Шинэ бүрсэн тарганд л гэхэд ашигтай бактери агуулагддаг.

Д витаминыг хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг багасгадаг гэх мэт эерэг судалгаанууд  гарсан

-Д витамин хүүхдэд ямар нөлөөтэй вэ?

Д витамин нь бидний арьсан дор нийлэгжиж байдаг. Өдөрт 400 нэгжийг хэрэглэх шаардлагатай. Далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах боломжтой ч манай орны хувьд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бага учраас хоол хүнсээр дамжуулан авч буй Д витамин хангалтгүй байдаг. 

Өвлийн улиралд гадаа хүүхдээ гаргах нь бага учраас нарны туяанаас нөхөх боломжгүй. Үүнээс үүдэн насанд хүрэгчид болон хүүхдүүд ч ялгаагүй Д витамины дутагдалд ордог. 

Тиймээс хүүхдэд насанд нь тохирсон тунгаар өгөх ёстой учраас эцэг, эхчүүд тунг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Сүүлд Д витаминыг хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг багасгадаг гэх мэт эерэг судалгаанууд  гарсан байна лээ. Тэгэхээр 3 нас хүртэл нь өдрийн зохист хэмжээгээр өгч хэвшээрэй. Дур мэдэж өндөр тунгаар өгч болохгүй.

-Ярилцсанд баярлалаа. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ