A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 114 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 114 | |
|
Энэ жилээс нээлтээ хийж байгаа Монгол кинонуудыг зорьж үздэг болсноос хойш нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдэв. Тэр нь юу гэвэл нэг хэсэг зөвхөн романтик-инээдэм, инээдмийн жанрын кинонуудаар дагнаад байна уу гэмээр байсан монгол кино зах зээл нь түүхэн, адал явдалт, хөгжимт, залуучуудын сэдэвтэй кинонууд шинээр мэндэлдэг сонирхолтой талбар болжээ. Мэдээж “нөгөө л” арилжааны кинонууд оршин тогтносоор байгаа ч үүний хажуугаар сонирхолтой туршилт, янз бүрийн оролдлогууд гарсаар байгаа нь олзуурхууштай. Тиймээс хурц сэтгэл хөдлөл, догдлол, аюул түгшүүрийн мэдрэмжийг амладаг триллер төрлийн шинэ монгол киноноос урьдчилсан үзлэг (pre-screening)-ийн урилга ирэхэд уухайн тас хүлээж авлаа…
“Огтлолцол” нь триллер, аймшгийн сэдэвтэй цоморлог (anthology) кино юм. Харгис этгээдүүдээс зугтах зуслангийн жаалууд (Нисдэг хэрэг), сүнс шүгэлсэн байранд нүүж орсон золгүй гэр бүл (Гэрийн эзэн), 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеийн цаазын ял гүйцэтгэгч цэргүүд (Бугийг дарагч), шөнийн клубээс “чихэдсэн” хүүхэнтэйгээ ойд очоод “хүнд гар”-уудтай нүүр тулгарч байгаа залуу (Харих зам) зэрэг дөрвөн богино үйл явдал бүхий кино “Огтлолцол”-ыг бүрдүүлнэ.
Хэдхэн сарын өмнө аймшгийн өгүүллэгүүд дээр сэдэвлэн хийсэн “Орилоон 2” гэх нэгэн өөр цоморлог киног үзсэн юм. Бүтээлч байдал, шинэ санаа, хийц чанар дэндүү ядмаг уг киног үзээд зарим уран бүтээлчид “Бүрэн хэмжээний кино болохооргүй хэдэн дутуу дулимаг санаагаа хутгаад цоморлог кино гэж нэрлээд зарж болно” гэсэн бодолтой явдаг юм боловуу гэж бодсон. Тиймээс монгол уран бүтээлчдийн хямдруулсан “цоморлог” гэх тайлбараас үүдсэн доогуур хүлээлттэйгээр “Огтлолцол” киног эхлүүлэв.
Энэ кино нь хоорондоо хамааралгүй дөрвөн өөр бичил киноны нэгдэл тул тус бүр дээр нь бодлоо хуваалцья гэж бодлоо.
“Нисдэг хэрэг”
“Strangers Things”-ийн унадаг дугуйтай пацаанууд, сэтгэхүйн хувьд эрүүл биш Америк маягийн маниак, мөн л кинонд түгээмэл үзэгддэг цээжээ дэлдсэн том машинтай ширүүн залуусыг нэгтгэн хутгаснаар энэ киноны дүр болон үйл явдлууд гарсан болов уу.
Томчуултайгаа харьцуулахад хүүхдүүдийн жүжиглэлт догь байсан. Харин багачуудын харилцан ярианд хараалын үгс цухалзсан нь зарим үедээ инээдтэй ч эцэстээ залхмаар, дэндүү зохисгүй санагдсан.
Хамгийн онцгой дүр болох сэтгэхүйн доголдолтой алуурчин (дуучин Rokit Bay)-ийн жүжиглэлт харамсалтай нь тийм ч наалдацтай биш. Түүнийг клипүүд болон “Авьяаслаг Монголчууд”-ын рекламанд хальт харахад хэсэгтээ зугаатай байдаг ч кино бүтээлд жүжиглэлт нь илүү их ажиллагаа хэрэгтэй, баригдмал санагдсан.
“Гэрийн эзэн”
“Аймшиг” гэдгийг бид “Цочоох цочоох бас дахин цочоох” гэж ойлгоод байх шиг. “Хуурайгаар нь чихэх” гэдэг үг “Гэрийн эзэн”-ийг тодорхойлно. Хүлээлт (set-up) үүсгэлгүй өрнөж эхлэх үйл явдал, учир битүүлэг далдын хүч гэхээс илүүтэй сахилгагүй тэжээвэр муур шиг аашлах сүнс, 10 жилийн өмнөх компьютер тоглоом шиг харагдах графикийн чанар зэрэг нь энэ киноны хамгийн түрүүнд анзаарагдах асуудлууд.
Гэхдээ “Гэрийн эзэн”-ий төгсгөл энэ бичил киноныхоо хамгийн том бүтэлгүйтэл болов уу. Төгсгөлийн эргэлт тайлалыг киноны туршид ямар нэг түлхүүр сэжүүрүүдээр урьдчилан бэлдээгүй бөгөөд гэнэтийн. Хүний бодлыг сорьсон, ухааныг ажиллуулдаг “гэнэтийн” биш, харин “өө юу вэ” гэмээр утга өгөөж, сэтгэл ханамж үгүй “гэнэтийн”. “Гэрийн эзэн” айлгалтуудаа ч, төгсгөлөө ч “хуурайгаар нь чихдэг”.
Жинхнээсээ цочсон ганц нэг хэсэг байсан. Гэхдээ хий цочоолтууд уйтгартай. Бодолд үлдэх ямар нэг үзэл санаагүй хоосон зохиол нь жүжигчид, зураглаачид, гэрэлтүүлэг, дуу шум гээд уран бүтээл, инженер техникийн олон хүний хүч хөдөлмөрийг хөсөрдүүлж байгаа нь харамсалтай.
“Бугийг дарагч”
10 жилийн сургуульд Монголын Нууц Товчооны үеийг голчлон заахаас бус бага хаадын үе, хэлмэгдүүлэлтийн үе зэрэг манай түүхийн эмгэнэлтэй, сургамжтай, онц сонирхолтой хэсгүүдэд хангалттай ач холбогдол өгөөгүй юм шиг санагддаг. Тиймээс нэр дурдагдсан хүмүүсийг устгах тусгай нууц даалгавартай ногоон малгайтнуудын талаар сэдэв нь онц сонирхолтой байсан юм.
Цэргүүдийн харьцангуй сайн жүжиглэлтүүд, ерөнхийдөө бараан уур амьсгал нь энэ киноны талаар харьцангуй эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ асуудлууд бий.
Гол дүрүүд нь сэтгэл татам бус шинж чанартай, киноны үйл явдал ямар хугацааны туршид өрнөөд байгаа нь огт ойлгомжгүй, үйл явдал өрнөх газрууд хавчиг давчуугаас теле-зохиомж шиг мэдрэгддэг, мөн хангалтгүй компьютер графикт киноны хамгийн хүнд ачаануудыг үүрүүлсэн. Мөн туслах дүрүүдийн тааруухан жүжиглэлт, ямар нэгэн хязгаарлалт буюу логикгүй ид шид нь “Бугийг дарагч”-ийг хойш нь татаж байв.
Гэхдээ хэлмэгдүүлэлтийн үед цөөн кино өрнөдөг учир энэ сэдвийг хөндөн сонгосон нь таалагдсан. Кино сонирхогчийн хувьд ч, улсынхаа түүхийг ухаж мэдэх хүсэлтэй залуу Монгол хүний хувьд ч манай түүхийн чухал үеийн талаарх бүтээлүүд цөөн байна. “The Blair Witch Project”-тэй дэндүү адилхан “Улаан ой”, буриад хүмүүсийн талаар “Мойлхон” мөн буудуулахаас зугтааж, хээрийн сүнсэнд дурладаг эрийн талаар кино (нэрийг мартсан)-ноос өөрийг нэрлэж чадахгүй юм?
“Харих зам”
Амьтны ертөнцийн баримтат кино үзэхэд хэний талаас вэ гэдгээс хамааран “дэмждэг” амьтад ялгаатай байдаг билээ. Арслан барсын тухай үзэхдээ бид тэднийг хүнсээ барихыг хүсдэг бол, буга зээрний тухай кинонд тэднийг амьд мэнд зугтаан гарахыг эрмэлзэн дэмждэг шүү дээ. Яг энэ зарчим аюулд орж байгаа хүмүүсийн талаар кинонд ч үйлчлэх болов уу.
Харамсалтай нь гол дүрийн залуу бүсгүй хоёр алуурчны гарт ороход хүрвэл тэдний амьд гарахыг дэмжих шалтгаан цөөн. Хүний амьдралд хээ хуар, зугаа цэнгэлийн хэрэгцээ байхыг үгүйсгэхгүй. Гэвч “Харих зам”-ын дүрүүдийн гол цөм нь хөндий хоосон. Дүрүүдэд ааш авир, стиль имиж гээд шинж чанар байсан боловч тэдэнд хэлэх зүйл, хүсэл тэмүүлэл, далдхан сул тал зэрэг мөн чанарт хамаарах зүйлс огт байсангүй.
Харин гол дүрийн бүсгүй (жүжигчин Очгэрэл) “секс-обьект” дүрслэлийнхээ хэвшмэл байдлыг эвдэж зоригтой, санаачлагатай, зальтай байсан нь өвөрмөц бөгөөд харьцангуй шинэлэг санагдсан. Гэвч богино киноны төгсгөл мөн л хошин шогийн “хүлээлтээс нь өөр байжээ” төгсгөл нь киноныхоо шинэ санаануудыг миний хувьд унагаав.
Харин кино бүхэлдээ ямар байв?
Төдийлөн монгол кино хийгдэхгүй байгаа триллер жанрт бүтээл хийж, засаж залруулах зүйлстэй байсан ч урьдчилсан үзвэрийг зохион байгуулсан нь манай зарим уран бүтээлчид шинэлэг өөр зүйл хийхийг оролдон эрэл хайгуул хийж байгаагийн баталгаа хэмээн харж байна.
Харин “Огтлолцол”-ын хувьд анхнаас нь цоморлог кино байдлаар бус, таван задгай хэдэн санааг хутгаж нэг кино болгосон юм шиг санагдсан. Дээр дурдсан дөрвөн киноны аль нэгийнх нь бүрэн хэмжээний хувилбарыг бүтээхэд суурь болох сонирхолтой дүрүүд, тэдний дотоод зөрчил, боломж бололцоо дүүрэн ертөнц зэрэг зүйлс хаана нь ч байсангүй. Цоморлог киног ерөнхийд нь найзуудын гал тойрсон яриа хэлбэрээр түүвэрлэсэн ч, тэр хүмүүс хэн болох, яагаад тэд ийм зүйл ярих ёстой гэдгийг тайлбарлах сонирхол татам зүйл алга байлаа.
TL;DR/Хураангуй хувилбар:
Хошин шогийнхны нэг хэсэг сайн “балбасан” инээдмийн, романтик-инээдмийн жанраас Монгол кино салаалан тэлж байна. Гэхдээ хошин шогийн хуучинсаг сэтгэлгээ нь киноны зохиол үйл явдалд халдварласан байна.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Урьдчилсан үзвэр (pre-screening)-ийн урилгаар үзсэн. “Огтлолцол” энэ жил үзсэн Монгол кинонуудтай харьцуулахад тийм ч муу байгаагүй ч нөгөө талдаа найзуудынхаа цагийг үрэхгүй гэж баталгаа гарган санал болгохоор сонирхолтой эсвэл онцгой байсангүй.
+ Ээлжит инээдмийн жанрын кино биш
+ Ганц нэг ишлэмээр “зэвүүн” үгс, мэр сэр инээдтэй харилцан яриа
+ Энэ жилийн Монгол киноны харьцангуй сонирхолтой эмэгтэй дүрүүдийн нэг (“Харих зам”)
+ Дажгүй зураг авалт
- Хангалттай боловсруулаагүй хавчигдмал зохиол
- Сэтгэл татах шинж чанаргүй, үхэж үрэгдсэн ч хэн ч тоохооргүй сул дүрүүд
- Мартагдам харилцан яриа
- Киног ойлгомжгүй бас үнэмшилгүй болгох үйл явдлын хурд (pacing)
- Хошин шогуудад улиг болсон үйл явдлын эргэлтүүд (plot twists)
- Цочоохоос биш айлгаж чаддаггүй аймшиг
- Авцалдааг нь хүчилсэн цоморлог кино (theme)
- Оновчгүй ашигласан компьютер график (CGI)
- Жигд биш жүжиглэлт
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
9
|
|
0
|
23
|
|
0
|
25
|
|
0
|
23
|
|
0
|
43
|
Daily poll
|