A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |
|
Багадаа үзээд таашааж байсан шинэ үеийн монгол кинонууд дийлэнх нь хошин шогийнхонтой холбоотой байсан санагдана. Том хамтлагуудын тоглолт, шинэ жил/цагаан сарын нэвтрүүлэг, кинонуудыг нь бараг алгасалгүй үздэг байж билээ. Анхаарал сонирхлыг маань тэгтлээ их татдаг байсан хүмүүс орчин үеийн үзэгчдэд ямар уран бүтээл хүргэж байгааг олж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн цайны цагаа тааруулан киноны билет авав. Үзлэгийн танхимд ортол эрэгтэй хүн харагдсангүй… Харин хүүхдүүд, эмэгтэйчүүд, эсвэл хүүхэдтэй эмэгтэйчүүд цуглажээ. Би энд байх ёсгүй байсан юм болов уу?
“Хөөрхөн ээжтэй охин” нь ганц бие эмэгтэйчүүдийг луйвардаж амьдардаг жүжигчин эрийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр ээлжит байгаа болгосон ээж охин хоёрын нөлөөгөөр худал хуурмагийн замаа өөрчилж байгаа талаар гардаг романтик инээдмийн кино юм.
Миний хувьд найруулагч И.Одончимэгийн ажилласан “Солиот Эх” (драм, 2017), “Танхай Тээгч” (инээдэм, 2015), “Болсон Явдал” (романтик инээдэм, 2011) кинонуудыг үзжээ.
Хятад өгүүллэг дээр сэдэвлэсэн “Солиот Эх” нь хийц чанар сайн боловч түүнд дүрслэгдэх түмэн зовлонд сонирхолтой гаргалгаа үгүйлэгдсэн бол нөгөө хоёр инээдмийн киног заавал үз гэж бусдад санал болгохооргүй ч нэг удаа үзэхэд давгүй санагдаж билээ.
Тиймээс дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүн тогтмол үйлдвэрлэж буй найруулагчийн шинэ кино нь гэр бүл, найз нөхдөдөө санал болгохоор сонирхолтой бүтээл байх магадлалтай болов уу хэмээх найдварыг тээн киногоо эхлүүлэв.
Киноны эхэнд бид хүүхэн “тархидах”-даа гаршиж, хүн залилахдаа “цайсан” жүжигчин эр (жүжигчин Т.Бархүү), түүний ээлжит чинээлэг бай болох тансаг байртай өрх толгойлсон бүсгүй (жүжигчин Б.Ариунцэцэг), бүсгүйн адтай сэргэлэн охин (жүжигчин Б.Сүндари) гуравтай танилцана. “Хөөрхөн Ээжтэй Охин” нь манай нийгэмд нүүрлээд буй гэр бүл салалт, ганц бие бүсгүйчүүд, хагас өнчнөөс ялгаагүй өсч байгаа хөөрхий хүүхдүүдийн дүр зургийг сэдвээ болгосноороо онцлог бөгөөд эдгээр асуудлыг жүжигчин эр болон сэргэлэн охины хоорондох зөрчлөөр харуулахыг зорьжээ.
Харамсалтай нь өглөөний сэрүүлгээр гол дүрүүд сандран гүйлдэх улиг болсон эхлэл нь “Хөөрхөн ээжтэй охин”-ны ерөнхий “өнгийг” тодорхойлжээ гэхэд хилсдэхгүй. “Youtube” дээрх төсөвгүй шахам сонирхогчдын кино ч ашиглахаа больсон энэ мэт хуучирсан үзэгдлүүд киног дүүргэхээр чармайхын зэрэгцээ сургамж болох зүйл багатай салан задгай дүрүүд 100 гаруй минутын турш дэлгэцийг эзлэх учиртай байжээ.
Гэхдээ киноны энэхүү асуудал нь сул дүрүүдээс илүүтэй төвлөрсөн санаа, бүтэц гэх зүйлгүй зохиол, үйл явдалтай нь холбоотой байсан болов уу. Зөвхөн жүжигчин залуу л гэхэд өөрийнх нь ажиллаж буй сэтгэл ханамжгүй кино, хэд хэдээр нь сүлбэлдэх бүсгүйчүүд, хойноос нь мөшгих хохирогчид зэрэг хэд хэдэн “сүүлтэй” бол, гол дүрийн бүсгүй нь хайр халамжаар гачигдах амьдрал, дээрэлхүү хөрш, хэл амтай сайн найз гэх мэт “ачаа”-тай. Харин сэргэлэн охин бол нэг ангийн өрсөлдөгч хүү, төрсөн эцгийн эрэл, мөн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл зэрэг тус бүр хэтэрхий олон салаа дэд-үйл явдлуудтай байв.
Эдгээр нэмэлт ачаа нь инээлгэх чадвар багатай хямд хошигнол, дахин харагдахгүй нэг удаагийн дүр, ямар нэгэн том утга санаагүй харилцан яриа, үр нөлөөгүй үйл явдлыг олноор үүсгэдэг. Улаанбаатарын хаврын шороонд тэнгэрт хөвөх гялгар уут мэт зорилго чиглэлгүй энэ байдлыг найруулагч, зохиолч нар ур чадвараа гарган цэгцлэх хэрэгтэй байжээ.
Дүрүүд, нэн ялангуяа “шийдчихсэн” нэг хэмжээст эмэгтэй дүрүүд нь энэ киноны онцлууштай бүтэлгүйтлийн нэг. “Дуртай хүүхэн”, “дарга хүүхэн”, “хэрүүлч хүүхэн” гэх мэт орчин үеийн монгол киноны уламжлал болсон тууштай “сайхан” дүрүүд ч энэ кинонд багтаж чаджээ. Ердийн монгол инээдмийн кинонд харьцангуй олон эмэгтэй дүр байгаа нь ховор бөгөөд магтууштай боловч хэлэх зүйлгүй, зогсох газаргүй сул дүрүүд нь эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийн үнэ цэнийг унагааж байгаа мэт санагдав.
Харин энэ киноны ямар ч эргэлзээгүй сайн зүйл нь зураг авалт болон монтаж байсныг хэлэхэд таатай байна. Зураг авалтын хувьд хавар нээлтээ хийсэн “Тэнгэрээс буусан од”, “Од ба Гэгээ”-тэй зүйрлэх хэмжээнд харах мэдрэхүйг өдөөм сонирхол татсан тавилттай биш боловч дэлгэц дотор үзэгдэх зүйлс хөдөлгөөнтэй, амьдралтай, баялаг бөгөөд хүмүүс ярьж байхад хоёр гуравхан өнцөг хооронд шилждэг уйтгартай шийдлээс зайлсхийсэн нь таалагдав.
Хэдий киноны агуулга үйл явдал туйлын учир дутагдалтай байсан боловч хичээл зүтгэл орсон зураг авалтыг хэмнэлтэй, мэдрэмжтэй, цэгцтэй монтаж дагасан нь “Хөөрхөн ээжтэй охин”-г энэ оны тун дажгүй техник гүйцэтгэлтэй кино болгосон байв.
Гэвч кино ердөө л сайн зураг авалт, монтажтай байгаад хангалтгүй. Эдгээр техникийн зүйлийн гол цөмд зохиол, найруулга, жүжиглэлт, утга санаа, онцлох ишлэл, жинхэнэ сэтгэл хөдлөл үүсгэх чадвар гээд олон хүчин зүйлд хичээл зүтгэл, бодол шингэсэн байж үзүүштэй кино бүтдэг болов уу. Энэ чухал чанар “Хөөрхөн ээжтэй охин”-нд үгүйлэгджээ.
TL;DR/Хураангуй хувилбар:
Тайзны хошин шогийн билетийг одоо болтол худалдан авдаг, видео сангаас монгол бичлэг хашралгүй түрээслэсээр байгаа бол энэ киног үзээд хэд хэд инээх л байх. Техникийн хувьд сайн гүйцэтгэлтэй ч утга санааны хувьд ядмаг, эмх замбараагүй үйл явдалтай ээлжит нэгэн “хошин шогийн” кино.Мөнгөө буцааж авмаар байна уу?
Миний хувьд энэ кинонд зарцуулсан цаг тийм ч үр бүтээлтэй байсангүй.
+ Дажгүй зураг авалт
+ Тун мэдрэмжтэй монтаж (editing)
+ Харьцангуй олон эмэгтэй дүр
- Долоон уулын цаанаас харагдах эргэлт, төгсгөл
- Хоорондоо учир зүйн хамаарал сул үйл явдал
- Хэзээ ч үнэмшил төрүүлдэггүй дүрүүд, тэдний хиймэл амьдрал
- Хэрүүл маазраанд суурилах харилцан яриа
- Санааг нь ойлгочихоод байхад үргэлжлээд л байдаг үзэгдлүүд (sequence, story beat)
- Чадвар туршлага суугаагүй бага насны жүжигчинд киноны хүндийг үүрүүлсэн
- Үе нь өнгөрсөн хошин шогийн жүжиглэлт
- Ухаанд нь ухна ишиг үхсэн мэт эмэгтэй дүрүүд
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|