A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 115 | |
|
Гэмт хэргийн талаар кинонууд, нэн ялангуяа телевизийн цувралууд үзэхэд нэг л “панаалтай”. Мэдээж бүх зүйл зуун хувь амьдралтай бөгөөд бодитой байх шаардлагагүй л дээ. Хэрэгтэй болгоноо олж болдог төгс мэдээллийн сан, хууль журмаас гадуур ажилласан ч байгаа онодог супер мөрдөгчид, хорон санаат гэмт хэрэгтнүүд, бүх зүйл амар сайхандаа жаргадаг төгсгөлтэй “Hawaii Five-0” (2010-), “Criminal Minds” (2005-) зэрэг шоу бий. Тэдгээр нь ганцаараа хоол хийх, гэр цэвэрлэх зуураа үзэхэд гэрт дуу чимээ өгдөг хөнгөхөн бөгөөд зугаатай энтертаймент билээ.
Хэдий тийм боловч тэдгээр шоуны батлагдаж нотлогдоогүй “маапаатай” шинжлэх ухааны онол арга зүйн хэрэглээ, ажлаа хийх төгс материаллаг бааз, зөв буруу нь шууд тодорхой хэрэг кейсүүд, цаашдын үйл явдалдаа үр нөлөөгүй төгсгөл, өргөн утга санаа хомс өгүүлэмж нь тэднийг цагаа гарган тогтож суугаад, анхаарлаа бүрэн төвлөрүүлж үзэх түвшинд хэзээ ч хүрэхгүй бүтээл болгодог. Тэгвэл гэмт хэргийн сэдэвтэй мөртлөө “HBO”, “Netflix”, “Amazon”, “Disney” зэрэглэлийн “мөлжүүртэй” ямар цуврал байна вэ?
“Netflix”-ийн “Mindhunter” нь 1980-аад оны АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) гэмт хэргийн сэтгэл судлалаар мэргэшсэн Зан авирын шинжлэх ухааны албаны үүсэл, түүнийг байгуулсан анхны мэргэжилтнүүд, тэдний ололт амжилт, алдаа дутагдал, саад бэрхшээл болон зартай цуврал алуурчдын өөрийгөө тайлбарласан яриа, мөрдлөгийг өгүүлдэг гэмт хэргийн сэдэвтэй триллер, драм цуврал кино юм.
1970/80-аад оны АНУ-д цуврал алуурчид нь амжилттай бизнесмен, нэртэй улс төрчид, алдартай жүжигчидтэй дүйцэхүйц хэмжээнд олны анхаарлыг татдаг, айдас бишрэлийг хүлээдэг нэг ёсны “одууд” байжээ. Тэдний ээлжит аллага, баривчилгаа, шүүх үйл явц, цааз зэрэг нь хэвлэл мэдээллийг хуйлруулдаг томоохон сэдэв байсан аж.
Гэвч нийгмийг айдаст автуулдаг эдгээр хүн хэрхэн бий болсон, яагаад аллага үйлддэг, хэргээ хэрхэн төлөвлөдөг, хохирогчоо яаж сонгодог, ямар мэдрэмжийн хойноос тэд хөөцөлддөг талаар судалгаа шинжилгээ бүү хэл “Цуврал алуурчин” гэдэг нэр томьёо хүртэл хууль хяналтын байгууллагад байдаггүй байжээ. Энэхүү үзэгдэлд шинжлэх ухаанч байдлаар хандаж, онолын үндэс суурийг боловсруулж, цаашдын хэргийг шуурхай илрүүлэх арга барилыг бий болгох шаардлага цаг хугацааны явцад бий болжээ.
“Mindhunter” нь гэмт хэргийн сэтгэл судлалын яг л энэ нялх нярай үеийн энхэл донхолтой дардан бус замын талаар юм. Адал явдалд бидний хөтлөх гол дүрүүд нь авьяаслаг боловч хүмүүстэй харьцахдаа “хөлдүү” залуу агент Holden Ford (жүжигчин Jonathan Groff), туршлагатай түшигтэй боловч ар гэрийн асуудал ихтэй Bill Tench (жүжигчин Holt McCallany), хууль хүчнийхэн болон эрчүүдийн дунд бат зогсч, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хичээх сэтгэл судлалын профессор Wendy Carr (жүжигчин Anna Torv) нар юм.
Цуврал нь уг дүрүүдийн мэргэжлийн амьдралын зөрчил тэмцлийг харуулахын зэрэгцээ хүний амьдралд тохиодог амин хувийн томоохон сорилтуудыг чадварлагаар үзүүлдэг. Өөрөөр хэлбэл “Mindhunter” шинжлэх ухааны арга барил, онол зүйгээ хүндэтгэлтэйгээр дүрслэхийн зэрэгцээ үзэгчийг уйдаалгүй үйл явдалтай уях драмыг тэнцвэртэйгээр оруулжээ.
Түүгээр ч зогсохгүй гол дүрүүд АНУ даяар явж, жижиг боловч өнгөлөг туслах дүрүүдтэй тааралдахаас гадна түүхэнд нэрээ үлдээсэн зартай цуврал алуурчидтай уулзаж, тэдний дотоод ертөнцөд нэвтрэн судлахыг хичээдэг нь онц сонирхолтой. Аймшигт хэрэг үйлдсэн 1980-аад оны тэдгээр хүмүүсийн дүрслэн ярих зүйлс нь 40 жилийн дараа сонсоход ч огиудас төрүүлж, нуруугаар хүйт даалгамшинжийг агуулахын зэрэгцээ онц сонирхолтой бас сургамжтай ажээ.
Уг цуврал нь “Одоо юу болох бол?”, “Энэ нөхцөлд би яах байсан бэ?” гэдэг асуултыг алхам тутамдаа үзэгчид төрүүлдэг хурц үйл явдалтай,өгүүлж буй сэдэвтээ ул суурьтай ханддаг, үзэж байгаа хүнийхээ цагийг үрдэггүй тийм л сайн бүтээл. “Фантаазны” байдал нь хөх инээд хүргэм, эсвэл бүр санаа алдан сувгаа солиход хүргэдэг гэмт хэргийн сэдэвтэй киноноос уйдсан бол “Mindhunter”-г санал болгож байна.
TL;DR/Хураангуй хувилбар:
Гэмт хэрэг, сэтгэл судлалын шинжлэх ухааны үйл явц нь хувь хувьсгалын ямар олон саад бэрхшээлийг туулдгийг чадварлагаар харуулдаг. Мөн үзэгчийнхээ оюун ухааныг хүндэлж, үйл явдлаа ул суурьтай бөгөөд үнэмшилтэй өгүүлдэг. Түүхийн явдалд тулгуурласан маш сайн цуврал.
Найруулагч David Fincher-ийн фэнүүд заавал үзэх хэрэгтэй.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Netflix-ийн бүртгэлгүй. Гэхдээ цаг, мөнгөө өгөхөд харамсах зүйлгүй цуврал.
+ Сонирхолтой үүдэл санаа
+ Уйдаадаггүй үйл явдал (suspense)
+ Дэлгэцийг эзэгнэдэг үзүүштэй дүрүүд
+ Хөгжим хэрэглээ тун нь яг таарсан бөгөөд ховор
- Зарим ангиуд гэнэт дуусчихдаг (pacing)
- АНУ-ын 1980-аад оны амьдралын талаар төдийлөн мэдэхгүй үзэгчдэд ойлгоход амаргүй байж болох зарим агуулга (references)
Найруулагчийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Телевизийн цувралд нэгээс олон найруулагч ажилладгийн зэрэгцээ продюсерууд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс уг цувралын гүйцэтгэх продюсер болон цөөнгүй ангийн (одоогоор байгаа 19 ангийн 7-г) найруулагчаар ажилласан DavidFincher-ийг энэ хэсэгт онцолж байна. Тэрээр алдартай сайн кино олныг хийсэн боловч миний өөрийн яг тогтож суугаад, бүтнээр нь үзсэн бусад бүтээлээс дурсвал:
+ Fight Club (1999): Ямар ч маргаангүй бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг.
+ The Curious Case of Benjamin Button (2008): Миний хамгийн дуртай зөгнөлт кинонуудын нэг. Fincher-ийн маш сайн хийдэг гэмт хэрэг/триллер жанрын бүтээл биш боловч хүний өөрийгөө олох аялал, амьдралын төлөөх тэмцлийн талаар гайхамшигтай зөгнөлт кино. Эхний ухарч явдаг цагтай хэсэг, бас төгсгөлийн үйл явдалд нулимс мэлтэлзүүлэх гээд байдаг юм.
+ House of Cards (2013-2018): Найруулагч Fincher нэгдүгээр бүлгийн эхний хоёр ангийг нь найруулсан юм билээ. “Ямар зэвүүн юм бэ” гэсэн сэтгэгдэл хүчтэй төрсөн нь найруулагчийн жинхэнэ чадвар болов уу. Харамсалтай David Fincher цаашид оролцоогүй, цуврал ч яваандаа замаа алдсан.
? Gone Girl (2014): HBO-р гарч байхад нь нэг л удаа үзсэн. Ерөнхий хийц нь таалагдсан. Гэхдээ үйл явдал, дүрүүд нь миний сонирхлыг тийм ч их өдөөгөөгүй. Муу кино биш, зүгээр л миний төрлийн кино биш байв.
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|