A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 109 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 109 | |
|
“Сүүн замын сахиул” нь Чингис хааны тамгыг удам залгамжлан хамгаалдаг нууцлаг “сахиул”-уудын талаар өгүүлдэг адал явдалт action кино юм. Монгол төрийн тамгыг өөрийн болгох харийн дайсны явуулга эхлэхэд хэдэн зуун жилийн өмнө холбоо тасарсан “сахиул”-уудын үр сад хувь заяагаараа эргэн холбогдсоноор киноны үйл явдал өрнөдөг.
Киноны талаар ярихаас урьтаж киноны нэрийн хуудас болох сурталчилгааны зураг, түүнийг дагалдах тайлбар бичээсийг онцолмоор санагдлаа. Зарим монгол кино тайлбар дээрээ харамласан юм шиг хэдхэн үг “чулууддаг” бол “Сүүн замын сахиул” энэ дутагдлаас зайлсхийх гэж хичээхдээ хэт их зүйл нуршжээ. Бага ангийн хүүхдийн зохион бичлэг байхад ч ахдахаар сунжруу урт текст нь нүд эрээлжлүүлж, сонирхол төрөх нь битгий хэл гайхан төөрөх их үйл явдлыг өгүүлсэн байна.
Харин постер зургийн хувьд дундад зууны хувилбар нь цухас харахад “Бөгжний Эзэн”-ий “Хоббит” киноны одой дайчдыг санагдуулам бол орчин үеийн хувилбар нь “Рекитир”-ийн Саяан (жүжигчин Саят Исембаев)-ийг кинондоо байгааг бардам дэлгэжээ. Гэвч дэндүү түгээмэл улбар шар/цэнхэр өнгийг эсрэгцүүлэх дизайны шийдэл нь залхуу бөгөөд бүтээлч бус байв.
Товчхондоо киноны тайлбар нь үйл явдлыг хялбар ойлгуулж чадаагүй бол, сурталчилгааны зургууд нь нүдэнд онцлох зүйлгүй байлаа.
Монгол кинонд түгээмэл ажиглагддаг энэ дутагдал нь театрт ирээд хөлс хүчээ шавхан байж олсон мөнгөө аль кинонд өгөх вэ хэмээн гашилгаж байгаа үзэгчийн шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу.
За одоо кинондоо оръё.
Киноны эхэнд “Star Wars” маягийн тайлбар уйгаржин монгол бичгээр дэлгэц дүүрэн гарах боловч түүний дунд төрийн хасбуу тамга гэж юу вэ, сахиулууд яагаад 60 жил тутамд ганцхан уулздаг юм бэ, тамга хүний гарт яагаад орж болохгүй вэ зэрэг чухал мэдээлэл үгүйлэгдэж байв. Төрийн тамга бол монголчуудын тусгаар тогтнол, биеэ даасан бүрэн эрхэт байдлын билэг тэмдэг юм гэдгийг бид “автоматаар” гадарладаг. Гэвч тэр тамгыг хамгаалах яагаад тийм чухал юм бэ гэдгийг кино хангалттай таниулаагүй тул хасбуу тамга нь ямар нэг алтны уурхай, үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн бичиг, компанийн үнэт цаас, Жангумын ээжийн цууны нууц жор, “Ядуугийн зовлон”-гийн эрдэнэс байсан аль нь ч ялгаагүй хүмүүсийг өрсөлдүүлэн тэмцэлдүүлэх учиртай ердийн нэг зохиолын хэрэгсэл (plot device - MacGuffin) байсанд урам хугарав.
Зун нээлтээ хийсэн “7-р тусгай тасаг” кинон дээр ажиглагдсан бас нэг асуудал энд давтагдсан нь тулааны хэсэг байлаа. Хэдий хувцас хэрэглэл нь боломжийн хийцтэй, цөөнгүй тооны цэрэг ашигласан бэсрэгхэн байлдаантай хэсэг энд байсан боловч элдвийн реклам, кинонд “өвөө”-гийн дүрээр л харагддаг ахмад жүжигчид залуусын “дунд нь эргэх” нь дэндүү үнэмшилгүй байв. Action домог “Rambo”-ийн од Sylvester Stallone хүртэл алдарт боксчинтой цуврал “Rocky”-ийнхоо үргэлжлэл “Creed” кинонд хөгшин дасгалжуулагчийн дүрлүү шилжиж, нас намба, хашир туршлагадаа суурилсан “тоглолт” хийж байхад угийн action баатар гэдгээр нь мэдэхгүй ахмад жүжигчдэд зэвсэг атгуулан дайн тулаанд оролцуулах нь оновчгүй болов уу. Үүний зэрэгцээ өмнө дурдсанчлан хасбуу тамга болон түүнд хүргэх хүзүүний зүүлтийн ач холбогдлыг кино төдийлөн ойлгуулаагүй тул сахиулуудын цус нөж дүүрэн золиос сэтгэл хөдөлгөсөнгүй.
Хасбуу тамга Монгол улсад яагаад хэрэгтэй талаар бодож суутал киноны оршил хэсэг өндөрлөж, үйл явдал орчин цагт ирэв. Дундад зууны хэсэг нь хийцийн хувьд (production design) үнэтэй харагдах боловч үзэгчид сэтгэл хөдлөл үүсгэх тал дээр маруухан байсан бол, орчин үеийн хэсэг нь гял цал зүйл багатай ч утга агуулгын хувьд илүү сайн байсан мэт санагдав. Сахиулууд нэр нөлөөгөө алдаж, мартагдан доройтсоноор үр сад нь ч энгийн жаргал зовлонтой жирийн хүмүүс болжээ. Гэвч өвгөдөөс үлдээсэн тэдний үүрэг, түүнийг дагах аюул ард хоцорсонгүй.
Киноны үйл явдал Монгол, Орос, Хятадад өрнөдөг. Монгол дахь үйл явдлын дийлэнх хэсэг дасал болсон Улаанбаатарт бус өөр хот сууринд өрнөсөн нь таалагдсан бол, хоёр хөршид болох үйл явдал гадны “гоё” газруудад зургаа авснаа гайхуулах бус киноны дотоод ертөнцийг нээх зориулалттай байсан нь сэтгэлд хүрэв. Мөн түүнчлэн танил жүжигчдээс гадна цөөнгүй гадны жүжигчид кинонд байсан нь “Сүүн Замын Сахиул”-ын адал явдлыг өргөн цар хүрээтэй, үнэмшилтэй мэт болгож байлаа.
Харамсалтай нь монгол кинонд төдийлөн ажиглагддаггүй өөрийн гэсэн сонирхолтой орчин (world building), бие даасан үлгэр домог (lore)-той “Сүүн Замын Сахиул” гэх нэгэн ертөнцөд түүний “тоосыг хөдөлгөх” хүчирхэг дүрүүд дутагджээ. Гэвч энэ нь жүжигчдийн чадвар гүйцэтгэл бус, тухайн дүрүүд хэрхэн дүрслэгдсэнтэй холбоотой болов уу.
Нийт дүрүүдийн мотиваци, боломж чадал, хүсэл мөрөөдөл хэт ойлгомжгүй байгаа нь сөрөг дүрүүдийн жишээнээс хамгийн тод харагдаж байв. Хятадад байх нууцлаг ноён (жүжигчин Ц.Төмөрхуяг) болон түүний монгол дахь төлөөлөгч (жүжигчин С.Болд-Эрдэнэ) нар нь гол дүрүүдийг загнан зандарч, сүрдүүлж, хахуульдаж, амь насанд хүрэхийг завдах боловч хүссэнээ авахаар улайран тэмцэхгүй, гартаа оруулаад ч юу хийх нь ойлгомжгүй, юунаас айж хэний зараалаар хөдлөх нь тодорхой бус байсан нь тэднийг сонирхолгүй болгож байлаа. Юуны төлөө амьдарч, хэний төлөө тэмцэж байгаа нь ойлгомжгүй байх ижил асуудал гол болон туслах дүрүүдэд ч их бага хэмжээгээр ажиглагдсан.
Миний бодлоор “Сүүн Замын Сахиул” кино өөрийн сонирхолтой үүдэл санаа (premise)-аа ашиглан зорилтот зах зээлээ “Hunger Games”, “Divergent”, “Maze Runner” гэх мэт киног сонирхдог залуучуудад (young-adult) чиглүүлсэн бол хэд хэдэн ангитай франчайз болох боломжтой байсан болов уу. Учир нь уг кинонд үлгэр домог, тодорхой хэмжээний “ертөнц” байсан боловч “action” жанрын бүтээл байхад хангалтгүй гүйцэтгэлтэй санагдсан юм.
Орчин үед өрнөдөг Монгол action кинонд их хэмжээний буудалцаан үнэмшилтэй байсан тохиолдол үгүй. “Сүүн Замын Сахиул”-д буудалцаан бага дүрслэгдэж, гол анхаарал нь зодоон, хөөцөлдөөнд чиглэсэн нь оновчтой сонголт байв. Хэт их чичирхийлсэн зураг авалт (shaky-cam), замбараагүй монтаж ховор байсан нь ч таалагдсан. Гэвч цөөн хүнтэй, богинохон хугацаатай тулаанууд нь Холливудын гэлтгүй Ази action кинонд 1990-ээд оноос хойш “нүдүүлсэн” үзэгчдийн цөсийг хөөргөхөд дэндүү хангалтгүй болов уу. Дээр нь нэмээд 90-ээд оны Mortal Kombat-аас шууд авчихсан мэт авцалдаагүй бөгөөд хэтрүүлэгтэй дууны эффектүүд тэдгээр хэсгийн үнэмшлийг эрс унагааж байлаа.
“Сүүн Замын Сахиул”-ийн үйл явдлын дараалал хэмнэлд ч цөөнгүй асуудал ажиглагдав. Киноны гуравны нэг хүртэл гол дүр нь хэн гэдэг нь ойлгомжгүй бөгөөд хасбуу тамганы төлөөх “аминд тулсан & яаралтай” адал явдал үе үе гэнэтхэн зогсоод, хэдэн долоо хоног, хэдэн сар жил юу ч болоогүй мэт өнгөрөх нь гайхалтай.
Дүгнэж хэлэхэд “Сүүн Замын Сахиул” кино нь Монголчуудын эв нэгдлийн үзэл санаа, үзэхэд сонирхолтой жүжигчид, өргөн цар хүрээг хамрахыг зорьсон адал явдал зэрэг давуу талтай боловч Монгол кинонд түгээмэл ажиглагдсаар буй сул дүрүүд, тэдний сэтгэл хөдлөл өдөөдөггүй зорилго тэмцэл зэрэг суурь асуудлуудыг давтжээ.
Найруулагч Т.Анарын өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Өөр бүтээлийг үзэж байгаагүй. “Google”-дэж үзэхэд найруулагчаар ажилласан анхны кино нь бололтой.
TL;DR/Хураангуй хувилбар:“Action” кино үзнэ гэж бодож орвол тулаан, хөөцөлдөө, буудалцаа нь үзэгчийг цатгаж чадахгүй. Түүх домог, дүрүүд, адал явдал, action зэрэг нь үр дүнтэй холбогдоогүй. Харин үүдэл санааг хэд хэдэн кинотой франчайз болгох боломжтой мэт санагдсан.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Үгүй. Гэхдээ цаг мөнгөө зарцуул гэж санал болгоход хүндрэлтэй. Энэ намар гарсан дөнгүүр киноны нэг боловч дутуу зүйл олон. Үзээд учиргүй уйдаж залхахгүй ч, өнжлөө гээд их юмнаас хоцрохгүй.
+ Өргөн том ертөнц бүтээх оролдлого (world-building)
+ Сонирхолтой байж болохоор амбицтай санаа (premise)
+ Хэтрүүлсэн, ядсан жүжиглэлт ховор
+ Ядсан хошигнол огт байхгүй
+ Панмонголизм
- Киноны зөрчлийг үүсгэж байгаа зүйлийн үүрэг хэрэгцээг хангалттай ойлгуулаагүй
- Олон сарнисан адал явдал нь аманд ч үгүй, хамарт ч үгүй сул эцсийн цэгтэй (pay-off)
- “Төөрсөөр төрөлдөө” хэт азтай учралууд
- Хангалттай мотивацигүй сул дүрүүд
- Тулааны дуу чимээ онцгой муу
- Уран сайхнаар бус хүчилсэн аргаар өгүүлэх мессеж
- Киноныхоо өгүүлэмжид юу ч нэмдэггүй цус нөж, хэрцгийлэл
- Урамгүй төгсгөл (underwhelming)
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|