• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Монгол кино уран бүтээлчид болоод манай зах зээлийг гадарлах зарим хүнээс сураглахад Монгол кино бүтэх төсөв багадаа хэдэн арван сая, ихдээ хэдхэн зуун сая хүрэх бөгөөд нэг тэрбум төгрөгөөс дээш зардалтай кино цөөн байдаг аж. Монгол төгрөгөөр даанч олон оронтой энэ тоог долларт шилжүүлэхэд манай хамгийн үнэтэй киноны төсөв ч сая доллар давах нь өдрийн од мэт ажээ. Гадны тодорхойлолтоор “Бичил” хэмээх ангилалд багтах зардалтайгаа харьцуулахад манай уран бүтээлчид дэлгэцийн гайхамшгийг бүтээдэг гэдэг нь энэ жилийн цөөнгүй киног үзэхэд тодорхой бөгөөд бахархууштай санагдана. Харамсалтай нь дийлэнх кино хангалттай орлого олдоггүй бөгөөд төд удалгүй театраас буудаг билээ.

Киноны онцлох зураг авалтууд эхний хэдэн минутад байв. Харамсалтай нь үйл явдлын дийлэнх хэсэг үзэхэд сонирхолгүй ганцхан байшингийн хүрээнд өрнөдөг

Тэгвэл өчүүхэн бага төсвөөр бүтдэг боловч “баталгаатай” ашигтай олдог нэгэн төрлийн кино нь “Аймшгийн” жанр юм. Ойд камертайгаа тэнүүчлэх оюутнуудын талаар “Blair Witch Project” (1999) “ердөө” 60 мянган ам.доллараар бүтсэн бол хяналтын камерын хэдэн бичлэг нийлүүлчихсэн мэт “Paranormal Activity” (2007) нь “инээд хүргэм” 10 мянган ам.долларыг гүйцэтгэлдээ ашиглажээ. Эдгээр нь хэдэн зуун сая долларыг олсон онцгой амжилттай кинонуудын жишээ боловч хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй өчүүхэн жижиг олон аймшгийн кино дэлхий даяар гарсаар байна.

Товчхондоо, бүтээлч байдлаар “зэвсэглэхэд” төсөв багатай гэх түгээмэл зовлонтой монгол кино уран бүтээлчид “аймшгийн” жанраас багагүй ашиг олох боломжтой мэт санагдана. Хачирхалтай нь манай уран бүтээлчдэд орлогын шинэ үүдийг нээж болох мэтуг жанрт харьцангуй цөөн оролдлого энэ онд гарчээ. Тэгвэл Монгол аймшгийн кино сул байсан энэ жилийг “Үр” аварч чадсан болов уу?

“Үр” нь буруу гараар олдсон мөнгөө шингээж чаддаггүй хүмүүс олдсон жаахан юмаа булаацалдан тэмцэлдэхийн зэрэгцээ сүнсэнд хөөгдөж байгаа талаар гардаг аймшгийн жанрын кино юм. Тус кино нь номоос сэдэвлэсэн “Орилоон 2”, өнгөлөг “cool” байхыг хичээсэн “Огтлолцол”-той нийлээд миний энэ онд сэтгэгдэл бичиж буй гурав дахь аймшгийн кино болжээ.

Ах дүү хоёр зан чанарын хувьд эрс ялгаатай боловч тэдний хооронд ямар ч зөрчил байдаггүй нь уйтгартай

“Үр” киноны нээлтийн хэдэн минут нь энэ жилийн бусад хоёр аймшгийн кинотой харьцуулахад сонирхолтой байв. Гол дүрийн айлын хөрөнгө чинээний муу ёрын эхлэл, дотно нэгний үхэл, алсран тасарсан ахан дүүсийн эргэн уулзалт нь ямар ч сайн аймшгийн кинонд шаардлагатай айдас түгшүүр, сэтгэл хөдлөл, дүрүүдээ амжилттай танилцуулсан юм.

Харамсалтай харьцангуй сонирхолтой байсан эхний 10 минутаас хойш киноны сэтгэл татам чанар унаж эхлэв. Үлдсэн 80 орчим минутад үзэгчдийн үзэх зүйл нь ганцхан байшингийн хэдхэн өрөөгөөр хязгаарлагдах ажээ. Хөрөнгө чинээний эхлэл болсон хөдөөний хүмүүсийн цээрлэдэг уурхай, өрхийн тэргүүн болон түүний гэр бүлийн харилцаа, ах дүү хоёрын ялгаа, зөрчил зэрэг зүйлс хаа нэгтээ замхран алдагдаж, адал явдал нь “Сүнстэй сууцны архидалт” гэж нэрийдвэл зохилтой боогдмол өрнөлтэй болов.

Хүмүүс идэж уух уйтгартай хэсгийг ч сонирхолтой мэт болгох нь найруулагчийн ажил болов уу. Гэвч "Үр" киноны шийдлүүд тийм ч өвөрмөц байсангүй

Ганцхан байшинд өрнөдөг гайхалтай кинонууд бий. Томоохон телевизийн цувралууд ч чухал ангиудад зориулан зардлаа хэмнэх үүднээс нэгэнт хайр татсан дүрүүдээ ашиглан хязгаарлагдсан орон зайд өрнөх “лонх”-ангиудыг ашигладаг. Гэмгүй хүнийг хүнд ялд унагах эсэхээ шийдэж ядах тангарагтны шүүгчидтэй “12 Angry Men”, “Breaking Bad” дээр Хайзенберг Жесси хоёрхар тамхины лабораторио ариун байлгахаар ялаа ангуучлах “Fly” зэрэг нь хурц харилцан яриа, дүрүүдийн ньюансаараа кино зохиолч, найруулагч, жүжигчид болоод кино багийн авьяас чадварын баталгаа болдог билээ.

Гэвч үзэгчээсээ давж сэтгэдэг онц сонирхолтой зохиол, алхам бүрт анхаарал сэдлийг алдалгүй барьдаг найруулга одоогийн Монгол кинонд ховор. Тийм үед ганцхан байршилд өрнөдөг кино хийх нь туйлын эрсдэлтэй үйлдэл болов уу. “Үр”-ийн хувьд үйл явдал нь сонирхолтой зүйлгүй хэдхэн өрөөнд өрнөх нь сунжруу бөгөөд уйтгартай байв.

Үйл явдлаас гадна “Үр” кинонд дүрүүдийн асуудал багагүй байлаа. Ууртай аав, “ширүүн” ах, “дуртай” охин, “суга” найз зэрэг нь Монгол кинонд улиг болсон дүрүүд билээ. Үзэгчийн хүлээлтийг эвдэж чадаагүй, хэвшмэл сэтгэлгээтэй уг дүрүүдийг сүнс мөшгиж эхлэхэд ёроолгүй ходоод, оройгүй шуналтай амьдралын зорилго чиглэлгүй хүмүүс хүртэх ёстойгоо л хүртэж буй мэт санагдаж байв.

Сүнсийг харахад нуруу хүйт даалгам далдын хүч гэхээс илүүтэй инээд хүргэм паркийн чимэглэл мэт сэтгэгдэл төрж байв

Олон үзэгчийн хувьд аймшгийн киноны хамгийн том нууц, хамгийн чухал асуулт нь “Сүнс нь ямар царайтай вэ” байх. “Alien”, “The Descent”, “Conjuring 2” зэрэг сүүлд үзсэн голчлон нэг орчинд өрнөх аймшгийн киног санахад мангас буюу сүнс нь компьютер графикийн хэрэглээ багатай бөгөөд гэрэл багатай орчинд ховорхон үзэгдэж байсан нь тэднийг айдас төрүүлэм, бие зарзайлгам болгож байжээ.

“Үр”-ийн сүнс нь нүүр хувиргалт ашигласан боловч, хэт их компьютер график хэрэглээ, онцлог шинжгүй уйтгартай дизайн, тохиромжгүй гэрэлтүүлэг нь түүнийг инээд хүргэм бас амархан мартагдам болгожээ. Энэ нь зөвхөн “Үр”-д тохиосон асуудал биш бөгөөд энэ оны “Орилоон 2”, “Огтлолцол” киноны сүнсүүд ч хэтэрхий ялгарч анзаарагддаг компьютер график, уйтгартай дизайны хохирогчид байв. Түүнийг шийдвэрлэх арга нь найруулагчийн зүгээс сүнсийг хэзээ “ашиглах”, дэлгэцийн голд хэр удаан харуулах, дизайныг хүний сэтгэлд үлдэх байдлаар сонгох зэрэг болов уу.

Дүгнэж хэлэхэд, 2019 он Монгол аймшгийн киноны хувьд урам хугалсан жил байлаа. “Орилоон 2” эх материалтай боловчинээдмийн гүйцэтгэлтэй, “Огтлолцол” эрч хүчтэй боловч санаанууд нь дутуу дулимаг, “Үр” хоёрын хооронд цоморлог кино байхаас зайлсхийсэн боловч үзэхэд уйтгартай санагдав. “Netflix”, “HBO”, “Disney”, “Amazon”-ийг даган одсон шинэ үеийн үзэгчдээ 2020 оны Монгол киноэргүүлэн татаж чадах болов уу?

Найруулагч Chen-ий өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Өөр бүтээлийг үзэж байгаагүй. “Найруулагч Chen” хэмээн “Google”-дэж үзэхэд хангалттай мэдээлэл олдсонгүй.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Миний хувьд “Энгийн Иргэн” энэ оны хамгийн муу инээдмийн кино байсан бол “Үр” энэ оны хамгийн муу аймшгийн кино байлаа.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Үзээд цагаа дэмий үрнэ. Шинэ жилийн сезон ороод байхад “Гэртээ ганцаараа”-гаа үзээд гэртээ хэвтэж байвал мөнгө цагаа байг гэхэд замын түгжрэл, гудамжны стрессээс нервээ хамгаална.

+ Сонирхолтой эхлэл (set-up)
+ Энэ оны бусад аймшгийн кинонууд дутуу гүйцэтгэлтэй цоморлог байх замыг сонгосон. “Үр” нэг үйл явдалдаа төвлөрөхөөр зориглосон нь магтууштай

- Аймшгийн кинонд хангалтгүй дууны чанар
- Онцгой содон гаргалгаагүй зохиол
- Бүтээлч шийдэлгүй уйтгартай үйл явдал
- Зардал хэмнэхээр аргацаасаннь хэтэрхий тодорхой харагдах хийц
- Айдас бус инээд хүргэх сүнсний дизайн
- Оновчгүй, хүчилсэн компьютер график
- Хөндий хоосон, үнэмшилгүй дүрүүд
- Сонирхолгүй зураг авалт
- Хангалтгүй жүжиглэлт

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ