A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |
|
Санаанд үлдсэн сонирхолтой эмэгтэй дүр сүүлийн үеийн монгол кинонд хэн байв хэмээн хэсэг бодов. Миний хувьд эр хүнд хувираад хөгшин дарга нарыг “мад”-ладаг сэргэлэн Дуламсүрэн (“Энэ Хүүхнүүд үү”, 1963), танихгүй нутагт хүмүүсийн төлөө хүндхэн даалгавартай ирсэн даруухан орос эмч бүсгүй (“Сэрэлт”, 1957), Монголын их хаадын дунд алдар гавьяагаараа цойлох Мандухай хатан (“Мандухай Сэцэн Хатан”, 1988) нарын хэмжээнд дөхөх эмэгтэй дүр санаанд орж ирсэнгүй.
Тэгвэл эерэг бөгөөд өнгөлөг рекламын зургаараа "эмэгтэйчүүдийн" тухай өгүүлэхээ тодотгон тунхагласан “Солонго Үүл” нэртэй монгол кино 2019 оны сүүлчийн өдрүүдэд нээлтээ хийжээ. Энэ кино ирэх жилүүдэд дурсамжид хадгалагдах хүчтэй эмэгтэйчүүдийг дүрсэлж чадсан болов уу?
“Солонго Үүл” нь Эрхүү хотод алга болсон хүүгээ хайн холын замд гарсан ээж, хүчирхийлэгч нөхрөөсөө оргох хөдөөний эхнэр хоёрын санаандгүй учрал, зовлон нэгтнүүдийн нөхөрлөл, адал явдлын талаар өгүүлдэг эмэгтэйчүүдийн тухай драм төрлийн кино юм. Гэвч хэрэг дээрээ уг кино нь “Хөдөө амрангаа телевизийн зохиомж/хошин шог хийчихээд ирье” гэж нэрлэмээр үзэл хандлагын Орост очсон хувилбар байлаа.
Аргагүй хамгаалалтаас хүний аминд хүрээд, цагдаагаас зугтаадаг хоёр эмэгтэйн талаар өгүүлдэг “Thelma & Louise” (1991) киног санаж байна уу? Хэнд ч тохиож болох амьдралын хүндхэн сонголт сорилтууд, гунигтай боловч гэгээн мэдрэмжийг сэтгэлд бэлэглэдэг (bittersweet) төгсгөлтэй тэр кино Үндэсний телевизээр хааяа гардаг байсныг тод санадаг юм. Харамсалтай нь "“Солонго Үүл” кино нь уг бүтээлийн маруухан Монгол хувилбар болжээ" гэж тодорхойлбол энэхүү бичвэр ойлгомжтой бөгөөд цаг хэмнэсэн сэтгэгдэл/review болох ажээ…
“Thelma & Louise”-ийн санаа (premise)-аас онцгойрон ялгарах зүйл “Солонго Үүл”-д хомс байсны дээр, орчин үеийн Монгол киноны суурь асуудал болсон сулбагар дүрүүд, үлбэгэр зөрчил, авцалдаагүй үйл явдал, хэтэрхий азтай (plot convenience) тохиолдлууд нь энэ кинонд агуулагдаж байв.
Киноны үйл явдлын дийлэнх хэсэг Орос улсад өрнөдөг. Танил биш Эрхүү хот, хараахан улиг болоогүй байгаа орос дүрүүдийг харах нь Монгол үзэгчийн хувьд содон бөгөөд таатай мэдрэмж байв. Гэвч кино өрнөж буй газар нь үйл явдалтайгаа төдийлөн хамааралтай, эсвэл зайлшгүй шаардлагатай санагдсангүй. “Хүүхдээ алс газраас хайх эмэгтэй” гэсэн энэ киноны үндсэн үйл явдлыг Ховдын хязгаар, Хөвсгөлийн гүн тайга, Гучин гурван говийн аль нэгэд оршин суудаг эмэгтэй Улаанбаатарт ирж байгаагаар үзүүлсэн ч киноны утга агууламжид төдийлөн их өөрчлөлт орохгүй мэт.
Өөрөөр хэлбэл киноны үйл явдал Орост өрнөснөөрөө киноны утга санаа (theme) хэрхэн тодорч, өгүүлэмж үйл явдал нь хэрхэн баяжиж байгаа нь харагдахгүй байв. Харь улсын танил бус хууль журмын хүрээнд ажиллах, хэлний ялгаатай уран бүтээлчидтэй түншлэх, кино багийг дагалдах бүх зүйлтэй нь хил давуулах гэдэг амаргүй л байж таарна. Гэвч энэ их хүч хөдөлмөр эцсийн дүндээ киноныхоо утга агууламжид үнэ цэнэ нэмсэн үү гэвэл эргэлзээтэй… 2019 онд үзсэн бусад Монгол киног эргэн санахад ч зураг авалтаа гадаад улсад хийвэл кино нь “автоматаар” сайжирдаг гэх төөрөгдөл уран бүтээлчдийн дунд байх шиг.
“Солонго Үүл”-ийн гол дүрүүд нь Эрхүү хотод сураг нь гарсан хүүгээ хайж яваа Гэрэл (жүжигчин Г.Нарансолонго), хүчирхийлэгч нөхрөөсөө зугтаах Жаргал (жүжигчин Б.Одончимэг) нар юм. Гэрэл дүрийн бүхэл бүтэн ертөнцийг “хүүхдээ хайж байгаа орос хэлтэй эмэгтэй” гэх ганцхан өгүүлбэрт багтааж болох бол Жаргалын гэрээсээ зугтахад хүрэх зовлон зүдгүүр нь “өнөө л” гэр бүлийн хүчирхийллийн учир шалтгаангүй, эрэл хайгуулгүй, гаргалгаагүй – нэг үгээр - ньюансгүй дүрслэл байв.
Хоёр гол дүрд сэтгэл татах, сэтгэл хөдөлгөх чанар барагтай үгүй. Гэрэл хамар дороосоо хүүхдээ гээчихээд (бүр хулгайлах ч биш, зүгээр л хүүхдээ алга болгох!) арван хэдэн жил юугаа хийж урсгалаараа амьдарсан нь ойлгомжгүй. Энэ дүрээр хүүхэд нь алга болж элэг нь эмтэрсэн хөөрхий эцэг эхчүүдийн зовлон, туулж буй асуудал бэрхшээл, хэрэгцээтэй байгаа тусламж дэмжлэгийг дүрслэх алтан боломжийг “Солонго Үүл” ашигладаггүй нь хачирхалтай.
Харин хөдөлгөөнтэй бас сэргэлэн Жаргал шиг хүн чухам ямар шалтгаанаар сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийллийг хүлцэж, эрүүл бус харилцааг тэвчдэгийг “Солонго Үүл” тайлбарлахыг огтхон ч хичээгээгүй нь урам хугармаар. Түүний оронд киноны багагүй хугацааг Жаргалын нөхөр (жүжигчин С.Болд-Эрдэнэ)-ийг үзэн ядуулахад зарцуулжээ. Орилоон хашхираан, зодоон цохион, бэлгийн дарамттай эдгээр хэсэг нь Эрхүүг зорих учиртай үйл явдлаа саатуулахын зэрэгцээ, чадварлаг жүжигчнийг нэг хэмжээс дүрээр хязгаарласан үр өгөөжгүй өгүүлэмж мэт санагдав.
Эцэст нь машинтай хоёр бүсгүйн адал явдал аяны зам дээр гарах боловч бүсгүйчүүд яагаад хамт яваад байгаа, тэр хоёр яагаад хэлхэлдэх ёстойг кино үнэмшилтэйгээр тайлбарлаж чадсангүй. Бүтээлч байдлын энэхүү ноцтой дутагдал хоёр бүсгүй хилээр давах, цагдаа нараас зугтах, Эрхүүд очоод Гэрэлийн хүүхдийг хайхад ч цаг ямагт илэрсээр байв.
Монголд байхдаа л зохиолын авцалдаа хамаарал сул, дүрүүдийн мотиваци нь хангалттай сэтгэл хөдөлгөхгүй байсан “Солонго Үүл”-ийн үйл явдал 100 гаруй сая хүн амтай, дэлхийн хамгийн том газар нутагтай Орос улсад очоод гэнэтхэн үнэмшилтэй болж сайжрахгүй гэдгийг киноны зохиолыг анх бичсэн хүмүүс болон найруулагч урьдчилан харах хэрэгтэй байсан болов уу.
Дүгнэж хэлэхэд “Солонго Үүл” кино эмэгтэйчүүдийн зовлон жаргал, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийг дүрслэх үндсэн зорилгоо биелүүлж чадсангүй. Дэвшүүлсэн асуудалдаа эрэл хайгуул хийх, дүрүүдийнхээ дотоод ертөнцийг уудлах оролдлого хийгээд бүтээлч санаа энэ кинонд төдийлөн байсангүй. Энэ кино юуг хэлэх гэж бүтсэн, яагаад байх шаардлагатайг ч олж харсангүй.
Энэ нь зөвхөн “Солонго Үүл”-д харагдсан зүйл бус, орчин үеийн нийт Монгол кинонд нүүрлэж буй асуудал юм. Уран сайхан үйл явдал, бүтээлч санаа, эрэл хайгуулгүй хөндий хоосон киног бүтээхэд олон авьяаслаг уран бүтээлчдийн хүч хөдөлмөр хий үрэгдэж, хөрөнгө оруулагчдын мөнгө салхинд хийсч, Монгол үзэгчдийн итгэл унасаар.
Найруулагч Р.Эрхэмбүрэн-ий өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Өөр киног үзэж байгаагүй.
Киноны сурталчилгааны зураг ямар санагдсан бэ?
“Солонго Үүл”-ийн хамгийн таалагдсан зүйл нь рекламны зураг. Донжийг нь олсон чамин дизайнтай постер аргагүй нүд татдаг боловч загварын каталогийнх шиг мэргэжлийн зураг киног “зарж” чаддаг л юм байна. Харамсалтай нь кино өөрөө постерынхоо “амлалтад” хүрсэнгүй.
TL;DR/Хураангуй хувилбар:Эмэгтэйчүүдийн нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн талаар кино үзмээр байвал шууд “Thelma & Louise”-ээ үзсэн нь дээр. Нөгөө л замбараагүй үйл явдал, нус нулимсаар далайлгаж сэтгэл хөдлөл өдөөх гэж хүчилсэн драм, утга учиргүй гэр бүлийн хүчирхийлэл, уянгын хэт халилтай дүрүүд.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Тийм. Мөн чанар хийц шингэсэн мэт Монгол кино ийм үр дүнтэй байгаад урам хугарлаа.
+ Production value
+ Эмэгтэйчүүдийг онцолсон
- Утга санаагүй, гаргалгаагүй зохиол (thesis)
- Онцгой сул гол дүрүүд
- Хэрэгцээгүй туслах дүрүүд
- Киноны үйл явдлыг урагшлуулах нууц, хүчтэй сэдэл үгүй (motivation)
- Авцалдааг хүчилсэн, үнэмшилгүй үйл явдал
- Хэрэгцээгүй хэсгүүд үргэлжлээд л байх сунжруу байдал (pacing)
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|