• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    105   |  
0

2019 онд 20 шинэ Монгол кино үзэж, түүний 18-д нь review бичсэн боловч сонирхолтой байж болох цөөнгүй хэдэн киног зэрэгцсэн нээлт, давхацсан ажлаас үүдэн үзэж амжаагүйдээ харамссан юм. Тиймээс 2020 онд илүү олон Монгол кино үзэх, сэтгэгдэл бичих зорилтыг өөртөө тавив. Тэгвэл Монгол кино урлагийн шинэ он, шинэхэн арваныг нээх хүндтэй үүргийг нэгдүгээр сарын нэгний өдөр нээлтээ хийж буй “Таарсан Хоёр” кино хүлээжээ.

Кино хайр татам эгдүүтэй гэр бүлээр эхэлдэг боловч Ононгоос бусад дүр үндсэндээ алга болдог

“Таарсан Хоёр” нь цайчихсан луйварчин, бүх юмаа тавиад туучихсан хохирогч хоёрын талаарх инээдмийн кино юм.

“Монгол кино”, “хошин урлаг”, “инээдмийн” гэх үгс нэг дороо байх нь тун эрсдэлтэй. Учир нь эдгээр үг "муу зохиол", "шинийг сэтгэхээ зогссон салбар", "сайн бүтээл барагтай гардаггүй жанр" зэргийг илэрхийлэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс миний хувьд “Таарсан Хоёр” киноны хүлээлт тийм ч өндөр байсангүй.

Хачирхалтай нь хамгийн доод цэгтээ тулсан гэж бодсон Монгол инээдмийн киноны хүлээлт сэтгэгдэл минь уг киног үзэж дууссаны дараа элгээрээ мөлхсөн байв. “Таарсан Хоёр” нь Монгол киноны нэр хүнд, хүлээлт, үзэгчдийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн "ялыг" үүрэлцэх ёстой ээлжит нэгэн муу кино болжээ.

Киноны эхэнд бид орох оронгүй болоод байгаа Онон (жүжигчин М.Баярмагнай) болон түүний эхнэр охидтой танилцана. Үзэгчид тэдний төлөө санаа тавьж, тэдний үйлдлийг ойлгон зөвтгөх ёстой боловч киноны дүрсэлж буй зүйлс яг эсрэг сэтгэл хөдлөлийг бий болгож байлаа.

Зураг авалтын зохиомж хааяа сонирхолтой харагддаг нь сайшаалтай. Гэхдээ хааяа л

Эхнэр нөхөр хоёр байрны урьдчилгаанд хангалттай хүрэх чамгүй хадгаламж, өвөр дээр нь үнэгүй унаад ирсэн хээнцэр аяллын машинаа (бүр тал үнээр нь шүү!) тансаг хаус зарж буй луйварчинд өгснөөр киноны адал явдал эхэлдэг.

Аливаа кинонд бүх зүйл үнэмшилтэй байх шаардлага үгүй. Учир нь кино бодит амьдрал биш билээ. Гэвч дүрүүдийн үйлдэл шийдвэр, зохиолын логик дараалал, үйл явдлын “амьдралтай” байдал хэт олон давтагдах эсвэл хэтэрхий том алдаа гаргаж эхлэхэд үзэгчдийн кинонд уусах итгэл үнэмших (suspension of disbelief) үгүй болдог. Яг энэ асуудал “Таарсан Хоёр” кинонд нүүрлэжээ.

Гол дүрийн эхнэр нөхөр хоёрын хоорондоо ярилцдаггүй хөндий харилцаа, гэр бүлийн санхүүгийн шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр толгой мэдэн гаргах хариуцлагагүй байдал, бодлого бэлтгэлгүй гэр бүл төлөвлөлт гэх мэт үйлдэл нь тэднийг эхний арван минутад л сайн сайхан амьдралд үнэмшилтэйгээр хүрч чадахгүй дорой дүрүүд болгож байв. Үүний дээр гол дүр болох Онон олон зовлон тоочих, хүмүүст өрөвдүүлэх замаар хүссэнээ авах, нэг худал хуурмагийг дараагийн худал хуурмагаар хаацайлдаг байдал үзэгчдийн тэвчээрийг барна.

Монгол битгий хэл дэлхий жижигхэн болсон цагт Улаанбаатараас хөдөлдөггүй луйварчин хэрхэн баригдалгүй яваад байгаа нь тун ойлгомжгүй

Харин киноны хоёр дахь гол хүн болох Цэцэ (жүжигчин Д.Баттөмөр)-гийн хувьд харц нь нэг газраа тогтолгүй гүйлгэнэж, инээх уйлах нь галзуу солиотой хүн шиг хором бүр хувирч, орилоон хашхичаан, гиншээ шивнээ, хиймэл инээдийг чих чилтэл бялхуулдаг тайзны хошин шогийн “өнөө л” улиг болсон дүр байв. Өөрөөр хэлбэл энэ киноны Цэцээгийн дүрийг жүжигчин Д.Баттөмөрийн бүтээдэг “Банш Батаа” хэлбэрийн бусад дүртэй байрыг нь солиход зөрүү гарахгүй.

Гэвч энэ нь зөвхөн жүжигчин Д.Баттөмөрт ажиглагдаж буй зүйл биш юм. Олон Монгол жүжигчин хоорондоо ялгагдах зүйлгүй нэгэн хэвийн дүрээ бүх кинонд “copy-paste” хийдэг нь тэдгээр дүрийг, цаашлаад тэр киног санаанд үлдэх зүйлгүй болгодог билээ.

Манай жүжигчид үнэхээр хувирч өөрчлөгдөх чадваргүй байна уу, эсвэл продюсер найруулагчид нь авьяаслаг жүжигчдийг хүчээр нэг хэвэнд цутгаад байна уу, эсвэл кино зохиолчдод бүтээлч байдал, эрэл хайгуул дутагдаж байна уу? Ямартай ч энэ асуудал дан ганц жүжигчдийн шийдвэрлэх зүйл биш болов уу.

Хүмүүсийг гадна төрхөөр нь доромжилж, түүнийгээ хошигнол хэмээн эндүүрдэг явцуу сэтгэлгээ энд ч хэвээр

Цаашлаад сонирхолтой байж болох гэр бүлийн дүрүүд хөсөр хаягдсан, киноны төгсгөлд гэнэтийн илүүц дүрүүд нэмэгдсэн, гол дүрүүдийн хувирал өөрчлөлт (character arc) үнэмшилгүй хийгээд тууштай бус байсан гэх мэт дүрүүдийн талаар олон зүйлийг дурдаж болно. 

Харин киног үйл явдлын хувьд түүнийг сайшаах буюу сайжруулах талаар яриа дэлгэхийн тулд эхлээд кинонд өөрт нь зохиол гэдэг зүйл байх хэрэгтэй болов уу. Харамсалтай нь “Таарсан Хоёр”-т ямар нэг бодол санаа, эрэл хайгуул шингэсэн “кино зохиол” хэмээн нэрлэж болохоор зүйл огт байсангүй. Орчин үеийн Монгол киноны билэг тэмдэг болсон авцалдаагүй түмэн үйл явдал, ядсан хошигнол, хөдөлж өгдөггүй өрнөл, уялдаа холбоогүй зохиомжуудын хэлхээ нь уг киноны үйл явцыг бүрэн тодорхойлдог.

Энэ киноноос мэдэрсэн миний цухалдал кино баг эсвэл жүжигчдэд чиглэсэнгүй. Эцсийн дүндээ тэд найруулагчийн үгээр хөдөлж, зохиолын дагуу л ажиллаж байгаа хүмүүс. Гэвч зохиолч, найруулагчдын түвшинд үзэл хандлага, соёл боловсролын томоохон өөрчлөлт гарахгүй бол Монгол кино Netflix, HBO, Amazon, Disney-ийн эринд оршин тогтнох орон зайгүй болж байна.

Монгол үзэгчид дотоодын киногоо дэмжиж байж сайн бүтээл гардаг болох нь зүйн хэрэг. Гэвч ийм төрлийн кино мөнгө олсоор байвал хэзээ ч юу ч өөрчлөгдөхгүй билээ. Уран бүтээлчид маань хэлэх санаатай, үзүүлэх зүйлтэй болсон үедээ л чанартай кино хийгээсэй. 

Дотоод гадаадын шинэ хуучин олон сайн киног гэртээ суугаад дуртай цагтаа үзэх боломжтой болсон энэ үед чанар бүхнийг тодорхойлж байна.

Найруулагч М.Энхдалай-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Найруулагч М.Энхдалай-н найруулсан өөр киног үзэж байгаагүй.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Цэвэрхэн харагддаг гэхдээ сэтгэл хөдөлгөх зүйлгүй. Найруулагчийн өмнөх бүтээл болон саяхан нээлтээ хийсэн “Cool Аав”, намрын "Энгийн Иргэн" гээд инээдмийн киноны рекламын зургууд бүгд шар өнгөөр дагнадаг. Энэ зохиомжоос залхаж байна.

TL;DR/Хураангуй хувилбар:

“Facebook”-ээс утас, байр хожно гэж боддог төрлийн хүнд энэ кино таалагдаж магадгүй. 
Орчин үеийн Монгол үзэгч дотоодын кинонд итгэл алдсан бүх шалтгаан энэ кинонд цогцолжээ.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Мөнгө ч дүүрч. Монгол инээдмийн киноны итгэл найдвар маань хүнд шарх авлаа.

+ Зарим зураг авалтын зохиомж

- Энэ кино зохиолтой эсэх нь тун эргэлзээтэй (story, story structure)
- Хаашаа ч хөдөлдөггүй, юу ч болдоггүй өрнөл
- Хошин шогийн "өнөө л" хагас галзуу дүрүүд
- Эмх замбараагүй нэмэгдэж хасагддаг хэрэгцээгүй туслах дүрүүд
- Бүх дүрийн ухаанд нь ухна ишиг үхсэн мэт
- Утга санаагүй ядмаг хошигнолууд
- Гол дүрүүдийн үнэмшилгүй, гэнэтийн хувирал (character arc)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ